Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/351

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хын Лт холбогдох эрүүгийн 2238000000643 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Л нь эхнэр А.************ын цагдаагийн газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө өөрт нь холбогдуулан “нөхөр гэртээ архидан согтуурч, танхайрч байна” гэсэн дуудлагын дагуу хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа Г.Пын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан түүний өмсөж явсан албаны савхин куртикийг урсан, цагдаагийн хэсгийн байрны цонхыг хагалж, бүргэд хаалга, хана, хөшиг зэргийг эвдэж хүч хэрэглэсэн, энэ гэмт хэргийг хууль сахиулагчийн үйл ажиллагаа явуулдаг байр, орон сууцад халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хууль сахиулагчийг эсэргүүцэх явдаа эд хөрөнгийг гэмтээсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000643 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө эхнэр А.************ыг цагдаагийн газарт “нөхөр гэртээ архидан согтуурч, танхайрч байна” гэсэн дуудлага өгсний дагуу Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа Г.Пын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэхдээ түүний савхин куртикийг урж, хууль сахиулах албаны барилга, байгууламж буюу цагдаагийн хэсгийн байрны цонхыг хагалж, бүргэд хаалга, ханыг эвдэлж, хөшгийг урьж эд зүйлийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 568.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Лын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...Хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Пын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Бүрэнтогтох сумын төв 4 дүгээр багт оршин суух иргэн ************ гэдэг хүн манай цагдаагийн албаны байр кабоны үүдэнд өөрийн жолоодож явсан 42-09 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд манай нөхөр Л согтуу гэртээ агсам тавиад байна гэж хэлээд манай гэрийн гадаа зогсож байхад нь араас нь нөхөр нь болох Л согтуугаар мотоцикль жолоодсоор ирсэн. Тэгээд Л гэдэг хүн “та хоёр ингэж явдаг юм байна л даа” гээд орилоод над руу ирэхээр нь би “чи өөрөө гэртээ согтуу агсам тавьж танхайраад байгаа юм биш үү эхнэр хүүхэд чинь надад ирж дуудлага өгч байна” гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй намайг цохих гээд над руу дайраад бид хоёр хоорондоо барилцаж аваад би газарт унагааж хэсэг хугацаанд дарж байж байгаад болсон асуудлын талаар тайлбарлаж хэлэхэд за ойлголоо гэж хэлэхээр нь би Лыг тавиад өөрөө босоход Л газраас чулуу аваад босож ирсэн. Энэ үед эхнэр ************ нь манай гэрийн үүднээс машинаа асаагаад явах гэхэд машин нь асахгүй болохоор манай гэр рүү гүйгээд орсон. Би нөхөрт нь чи наанаа байж бай би эхнэр ************ыг чинь гаргаад ирье гэж хэлээд гэрт орсон. Тэгэхэд нөхөр Л нь хөөё гэж орилж хашгирч байгаад миний амьдардаг өрөөний цонхыг чулуугаар цохиж хагалсан. Миний амьдардаг байрны цонхыг Л гэдэг хүн хагалах үед Засаг даргын тамгын газрын жижүүр ажилтай ************ гэдэг хүн ирж таараад Лыг “чи болио” гээд бариад авах шиг болсон. Тэгээд би гэрээсээ гараад “чи одоо яаж байгаа юм бэ” гээд Л дээр очиход надтай дахиад барилцаж аваад салсан. Тэгэхэд гэрийн хаалга онгорхой байхад дахин чулуу шидэж гэрийн хойморийн хана цом цохисон. Мөн гэрийн төмөр бүргэд хаалганы бариулнаас татаж хаалганы нугасыг нь тахийлгаж хаалга хаагдахгүй болгож эвдсэн...Тухайн үед надад дуудлага өсгөн иргэн ************ мөн Засаг даргын тамгын газрын жижүүр ************ мөн гадаа хашааны хажуу талд ************ гэдэг хүн байсан.. Миний амьдардаг байрны цонхыг хагалж, гэрийн үүдний төмөр бүргэд хаалгыг эвдэж хойморийн өрөөний хана цөм цохиж цонхны хөшиг эвдэж, миний өөрийн өмсөж байсан хар өнгийн савхин куртикийг урьсан байгаа. Эдэлгээний хувьд албан байр нь 2022 оны 06 дугаар сард ашиглалтад орсон шинэ байр тул эвдсэн эд зүйлс нь бүгд шинэ байгаа. Миний өөрийн өмсөж байсан хар өнгийн савхин куртик нь цагдаагийн албаны дүрэмт хувцас бөгөөд 2022 оны 04 дүгээр сард албанаас хангалтаар тавьж олгосон хувцас байгаа... Би гомдолтой байна учир нь энэ ************ гэдэг хүн 2022 оны 04 дүгээр сард дуудлага өгөөд нөхөр согтуу агсам тавьж танхайраад байна гэхээр нь уг дуудлагаар очиход нөхөр болох Л нь надаас зугатаагаад тухайн үед миний амьдарч байсан тус сумын соёлын төвийн өрөөний цонхыг мөн чулуугаар хагалж цагдаагийн байгууллагад шалгагдаж арга хэмжээ авагдаж байсан. Л нь 2022 оны 09 дүгээр сарын 27-28 шилжих шөнө эхнэр нь дуудлага өгөхөд мөн миний амьдарч байгаа Цагдаагийн албаны байрны цонх болон бусад эд зүйлсийг эвдэж танхайрсанд маш их гомдолтой байна. Тиймээс Лын эвдсэн хагалсан устгасан эд зүйлсийг өөрөөр нь төлүүлж байгууллага болон хувь хүн миний хохирлыг барагдуулмаар байна... Тухайн үйл явдлын дараа Л нь 400.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр нь цагдаагийн хэсгийн байрны эвдэрсэн эд зүйлсийг зассан... Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 20-22, 24 тал/,

Гэрч Б.************ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн орчим тус сумын цагдаагийн байрны цонхыг Л гэдэг хүн хагалсан нь үнэн. Би тухайн үед найз ************ гэдэг хүний эвдэрсэн мотоциклийг янзлах гээд явж байхад цагдаагийн байрны үүдэнд Л согтуу орилоод цонхыг нь гараарай нүдэж байгаад хагалсан. Би хажууд нь байж байгаад Лыг барьж авсан. Тэгэхгүй бол өшөө олон цонх хагалах гээд чулуу барьж аваад байхад нь би барьж аваад болиулсан байгаа...Тухайн үед Л түүний эхнэр ************, сумын цагдаа П, надтай хамт явсан ************ гэдэг хүмүүс л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч А.************ын өгсөн: “..Би тухайн үед Бүрэнтогтох сумын хэсгийн цагдаа П гэдэг хүнд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 02 цаг 40 минутын орчим манай нөхөр гэртээ согтуугаар ирж танхайраад байна гэж дуудлага өгсөн нь үнэн. Гэхдээ би болсон асуудлын талаар өөрийн гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм байна. Тиймээс би энэ эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Гэрч Б.************гийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө тус сумын цагдаагийн хэсгийн кабон дээр найз ************той ирсэн. Тэгэхэд цагдаагийн кабоны цонх хагарсан, цонхны хөшиг нь гадаа газарт хэвтэж байсан. Тэгээд би энэ цонх яагаад хагарсан юм гэхэд Лыг цонх хагалсан гэж ************ хэлсэн. Би Л гэдэг хүнийг цонх хагалж байгааг би нүдээрээ хараагүй. Намайг уг байрны гадаа очиход Л гадаа ганцаараа сууж байхаар нь би хоёулаа танайх рүү явж унтах уу гээд дагуулаад гэрт нь ирж амарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-922/4669 дугаартай: “...Эд зүйлсийн хохирлын нийт бодит үнэ цэнийг 568.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 46-48 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 тал/,

Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Лын яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин надад нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Зарим зүйлээ мэдээд заримыг нь санахгүй байна. Би одоогоор цагдаагийн байрны цонхыг нь төлсөн байгаа. Удахгүй хэрэг шийдэгдэхээс өмнө бүгдийг нь би төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Пын мэдүүлэг, гэрч Б.************, А.************, Б.************ нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-922/4669 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Х.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө эхнэр А.************ыг цагдаагийн газарт “нөхөр гэртээ архидан согтуурч, танхайрч байна” гэсэн дуудлага өгсний дагуу Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа Г.Пын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэхдээ түүний савхин куртикийг урж, хууль сахиулах албаны барилга, байгууламж буюу цагдаагийн хэсгийн байрны цонхыг хагалж, бүргэд хаалга, ханыг эвдэлж, хөшгийг урьж эд зүйлийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 568.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Бүрэнтогтох сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.П нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Х.Л, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, түүний хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж түүний савхин куртикийг урж, албаны барилга байгууламжид халдсан, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, идэвхтэй үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч Х.Лын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, хохирогч Г.П нь шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 48/2-4035 дугаартай: “568.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул цаашид ямар нэгэн хохирол нөхөн төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх албан тоот ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Лыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдсан, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Х.Лын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 64-67 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2020 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.Л нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Х.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Х.Лын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Х.Лыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Хын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдаж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Хын Лыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Лт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лт мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Лт тайлбарсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Л нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН