Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2019/00009/И |
Дугаар | 134/ШШ2019/00035 |
Огноо | 2019-03-14 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2019/00035
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.М
Хариуцагч: БЦТ
анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэлх буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагчийн төлөөлөгч Ё.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, гэрч Б.О, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч БЦТ холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэлх буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЦТ Говьсүмбэр салбараас анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би БЦТ Говьсүмбэр салбарын даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гарган 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 134/ШШ2018/00170 дугаартай шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох шийдвэрийн дагуу 2018 оны 09 сарын 19-нийг хүртэлх цалин буюу 3 420 116 төгрөг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нөхөн олгож, 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар засварын монтёрын ажилд эгүүлэн томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэлх буюу 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Компанийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанаас хойш надтай огт холбогдоогүй байж байгаад 10 дугаар сарын 28-ны орой хүний нөөц Б.О мессеж бичихээр нь 29-ний өглөө очиж уулзаад 30-ны өдрөөс ажиллахаар болоод буцсан. Гэтэл маргааш өглөө нь тушаал гаргаагүй байсан ба өдөр бэлэн болохоор хүрээд ир гэж Б.О хэлсэн. Тэгээд гараад явж байтал араас утасдаад ирэх хэрэггүй давж заалдах шатны хурлын дараа ажилд авна гэсэн шүү гэж хэлсэн. Гэтэл араас 11 дүгээр сарын 07-нд мэдэгдэл ирүүлэхээр нь би хүлээж аваагүй, 10-ны үед шуудангаас аваад өмгөөлөгчтэйгээ ярьж байгаад 11 дүгээр сарын 19-нд хариу өргөдөл өгсөн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.М нь тус байгууллагад 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 18/23 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу засварын монтёр албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 05 сарын 23-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Ажилтан Т.М нь тухайн байгууллагын мэргэжлийн шалгалтад 3 удаа хангалтгүй дүн авсан учир ажил олгогчийн зүгээс Т.М байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан дүрэм, салбарын мэргэжлийн шалгалтын комиссын 3 удаагийн шийдвэр зэрэг холбогдох эрх зүйн актуудыг үндэслэл болгож шийдвэр гаргасан. Гэвч тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр Т.М-г 2 удаа тус шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн байна гэж дүгнэн, ажлаас халах тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс тус шийдвэрийг гаргахдаа ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг алдаатай тооцоолж, буруу дүгнэлт хийсэн байсан учир хариуцагчийн зүгээс тухайн алдааг залруулах зорилгоор давж заалдах нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн зүгээс анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг алдаатай тооцоолж, буруу дүгнэлт хийсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Харин ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй, тухайн өдрөөс ажилд нь авахад бэлэн байсан. Гэтэл Т.М нь ажилдаа ирэхгүй байсан учир тус байгууллагын хүний нөөц, сургалтын менежерээр холбоо бариулахад давж заалдах шатны хурал дууссаны дараа очно гэх байдлаар хариу хэлсээр байсан. Мөн компанийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд хүлээж аваагүй тул шуудангаар явуулсан. Ийнхүү Т.М нь өөрөө эрхээ эдэлж ажилдаа ирээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хувь хүний ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч БЦТ Говьсүмбэр салбарт холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэлх буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч талаас ...бид анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байхад тэрээр өөрөө ажилдаа орохоор ирээгүй, улмаар утсаар мэдэгдэж 10 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орохоор тохиролцсон, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,
мөн шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хүлээн авахаас татгалзаагүй, иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй хэмээн маргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн гэсэн хариуцагчийн тайлбарын хүрээнд дүгнэхэд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн дүнгээр илэрхийлээгүй боловч ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн тодорхой хугацаа зааж гаргасан, мөн уг нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаанд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл хэмээн шүүхээс “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гурван сарын дотор буюу хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Т.М-г БЦТ-н Говьсүмбэр салбарын засварын монтёрын үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоосон Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 134/ШШ2018/00170 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 216/МА2018/00020 дугаар магадлал нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байх бөгөөд уг шийдвэрүүдээр нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгосон байна.
Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу ажилтны зөрчигдсөн эрх болох ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримт тогтоогдсон, олговор авах эрх нь сэргээгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ажил олгогчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг үүссэний дагуу БЦТ-н Говьсүмбэр салбарын даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.М-г 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилжээ.
Иймд нэхэмжлэгч Т.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх хугацааны буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй.
Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон бол ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй. Цалин хөлс нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа аливаа этгээдэд олгогдох ёстой учраас дээрх тохиолдолд ажилтны ажиллах хугацаа тасрахгүй, улмаар ажилгүй байсан бүх хугацаанд олговор авах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарна.
Хэдийгээр хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч Т.М-г ажилд авахаа илэрхийлж байсан болох нь гэрч Ц.Э, Б.О нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан БЦТ Говьсүмбэр салбарын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 659 дугаар албан бичиг, Т.Мөнхөөгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл, өргөдөл гомдлын бүртгэл, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байх боловч албан ёсоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Ажилд авах тухай” тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, дагалдан суралцах программ 18/24, ажлын байрны тодорхойлолт зэргийг танилцуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулснаар эрхийн харилцаа үүсэх бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон албан ёсны тушаал шийдвэр гарснаар ажиллах нөхцөл бүрдэнэ.
Иймд хариуцагч нь дээрх үүргээ хуульд заасан журмын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр биелүүлсэн байх тул энэ хүртэлх цалинтай тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.
Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэснийг баримтлан давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалинг тооцож, 46 115 х 44 хоног = 2 029 060 төгрөгийг /2018.09.19-2018.11.21-ний өдөр хүртэлх ажлын 44 хоног/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар дээрх олговроос хуульд заасан хэмжээгээр шимтгэл тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БЦТ-н Говьсүмбэр салбарт даалгав.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учраас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 47 415 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч БЦТ-н Говьсүмбэр салбараас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 2 029 060 /хоёр сая хорин есөн мянга жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар дээрх олговроос хуульд заасан хэмжээгээр шимтгэл тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч БЦТ-н Говьсүмбэр салбарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47 415 /дөчин долоон мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ