Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1536

 

 

 

 

 

 

 

 

   2022         10           24                                      2022/ШЦТ/1536

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Х.Санжидмаа, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч М.Отгонжаргал,

иргэдийн төлөөлөгч Ц.Нарангэрэл,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мягмарцэцэг,

шүүгдэгч Э.Д  түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Д ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2410 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ....  тоотод оршин суух гэртээ бага насны хохирогч буюу өөрийн төрсөн охин 11 нас, 4 сартай Д.М ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, түүнийг хоол аягалаж өгсөнгүй гэх шалтгаанаар биед нь халдаж хэвлийн хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.     

             

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх доорх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Д д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа болон насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Д  нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ....  тоот гэртээ өөрийн төрсөн охин 11 нас, 4 сартай Д.М ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоол аягалаж өгсөнгүй гэх шалтгаанаар хэвлийн хэсэгт нь хөлөөрөө өшиглөж “дэлүүний няцрал, ходоодны их махиа, нойр булчирхай, бүдүүн гэдсэнд няцрал, хэвлийн хөндий дэх цус бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Насанд хүрээгүй хохирогч Д.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Өглөө намайг унтаж байхад аав Д  хоол хийцэн намайг аягалаад өг гэж хэлсэн. Тухайн үед би нойрмог байсан тул үгэнд орохгүй унтаад байсан. Гэнэт намайг татаж газарт унагаагаад хөлөөрөө миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгтэл ээж Б  аав намайг өшиглөснийг мэдээд над дээр ирээд эмнэлэгт очиж үзүүлнэ гэхэд нь би жоохон унтаадхая гээд унтсан. Унтаад сэрсэн чинь миний бие өвдөөд байхаар нь аавын төрсөн дүү болох Э.Н тай цуг эмнэлэг рүү явсан. Миний биеийн байдал одоо сайн байгаа. Би эмнэлгээс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Миний биед өвдөж зовиурлаж байгаа газар байхгүй... Би аавдаа гомдоогүй ээ. Миний эцэг Э.Д  намайг эмнэлэгт байхад байнга хажууд байсан ба надаас уучлалт гуйгаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч Н.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Манай нөхөр Д  4 хүүхдийн хамт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Рашаантаас гэртээ ирээд орой нь 2 найзын хамт гэрийн гадаа архи уугаад өглөө 07:00 цагт согтуу орж ирсэн. Өглөө хоол идэх гэж байхдаа М ийг аав нь “чи надад хоол аягалж өг” гэхэд нь М  нойрмоглож “үгүй” гэхэд “чи аавийнхаа үгэнд орсонгүй” гээд охиндоо хандаж хэлээд “чи нааш ир” гэхэд нь очихгүй байхад нь би дундуур нь орж нөхөрт хэдэн үг хэлэхэд “чи хүүхдээ өмөөрсөн би эцэг нь юм чинь хэдэн үг хэлэх эрхгүй юу” гэсэн. Тэгээд гар хүрээгүй байхад уйлсан гээд М ийг гараараа ганц хоёр удаа цохиж байх шиг байсан. Тухайн үед би цаад өрөөнд хувцсаа өмсөж байсан. Яг хаана нь цохисныг нь хараагүй тэгээд хүүхэд уйлахад нь “чи хүүхэд цохиод байгаа юм уу” гэж хэлэхэд “би яагаачгүй цохиогүй өөрөөс нь асуу” гэж хэлсэн. Гэнэт охин уйлаад гэдэс өвдөөд байна гээд байсан. Тэгээд аав нь “М ээ чи яагаад маяглаад байгаа юм бэ? Би чамайг яагаачгүй биз дээ” гээд аав нь өөрөө түргэн дуудсан. Тэгэхэд би нөхрийг гэрээс хөөж гаргасан. Нөхрийн дүү болох Нямжаргал орж ирээд түргэн дуудахад 103-н эмч гэмтэл рүү өөрсдөө яваад оч гэхэд 2022 оны 06 дугаар сарын 26-ны 15 цагийн орчимд гэмтэл орж хэвлий цээжний тасагт үзүүлэхэд “дэлүүний уут нь хагарсан байна” гээд хагалгаанд орсон... Урьд нь ганц хоёр удаа цохиж байсан. Гар хүрч зодох үед согтуу байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Гэрч Э.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би ...  тоотод төрсөн ах Э.Д , түүний эхнэр Б , дөрвөн хүүхдийнх нь хамт амьдардаг юм. 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөөний 09 цаг өнгөрч байхад төрсөн дүү Оюунжаргалын хүүхэд нь эмнэлэгт хэвтэж байсан тул би хоол цай хийгээд гэрээс гараад хүргэж өгөөд эргээд гэртээ 11 цагийн үед ирэхэд төрсөн ах Д  нь төрсөн охин М ийн гэдэс рүү өшиглөсөн гэснийг Б  эгчээс сонссон. 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед М  надад хандан миний гэдэс өвдөөд байна гэж хэлэхээд нь би дагуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод үзүүлсэн... Э.Д  ах төрсөн охиндоо өмнө гар хүрч байсныг би харж байгаагүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3/,

Насанд хүрээгүй хохирогч Д.М ийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 32-33/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 42-45/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 46-51/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 9351 дугаартай:

Д.М ийн биед дэлүүний няцрал, ходоодны их махиа, нойр булчирхай, бүдүүн гэдсэнд няцрал, хэвлийн хөндий дэх цус гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30 хувиар тогтонги алдагдуулна гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,

 

Шүүгдэгч Э.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Миний охин М ийн биеийн байдал сайн байгаа. 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дэлүүний хагалгаанд орсон. Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд цуйван хийгээ дууссаны дараа охин Д.М ийг унтаж байхад сэрээгээд “хоол аягалаад хийгээд өг” гэж хэлэхэд тоомжирохгүй зан гаргаад байхаар нь орноос нь татаж буулгаад газарт унагаагаад баруун хөлөөрөө охин Д.М ийн хэвлийн хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би хөл нүцгэн оймстойгоо байсан. Би тухайн үед согтолттой байсан ба тэр үед миний уур хүрээд охиноо өшиглөсөн үйлдэлдээ маш их харамсаж байна. Охиныхоо эмчилгээ зардлыг эхнэр бид 2 өөрсдөө гаргаж  сайн эмчилгээ хийлгэсэн. Одоо охины биеийн байдал сайн байгаа...” /хх-ийн 68/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.Д ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 83-84/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 85/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 86/ зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн асуудлаар:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хамгийн хүнд гэмт хэрэг юм.

 

Иргэний эрүүл мэндэд халдаж, аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаанд аюул учруулж байгаа нийгэмд аюултай үйлдэл учраас эрүүгийн хууль тогтоомжоор хариуцлагажуулсан байна.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Э.Д  нь өөрийн төрсөн охин болох Д.М ийн бие махбодид халдаж хэвлийд нь өшиглөснөөр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм. 

 

Шүүгдэгчийн насанд хүрээгүй хохирогч руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулж хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч насанд хүрээгүй хохирогчийн биед гуталтай хөлөөр өшиглөсөн тохиолдолд гэмтэл учирч болох аюултай шинж чанарыг өөрөө ухамсарлаж байсан ч хүсэж үйлдэснээрээ уг хохиролд хүргэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг шууд заасан байх бөгөөд шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр амь насанд аюултай хүнд гэмтэл болох нь тогтоогдсон байх учир гэмт хэргийн шинж бүрэн хангагдажээ.

 

Хүнд зэргийн гэмтэл гэж гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх амь насанд аюултай гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэлийг хэлнэ.

Амь насанд аюултай гэмтэл нь цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэн бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан битүү гэмтэл хамаардаг.

 

Уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

Тус зүйлийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” бол гэж хуульчилсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.

 

Хэрэг үйлдэгдсэн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хохирогч Д.М  нь 11 нас 4 сар 26 хоногтой байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 32-33/-ээр тогтоогдож байна.

 

Биеэ хамгаалж чадахгүй, биеэ хамгаалах чадваргүй хүн гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахааргүй, бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй хүнийг ойлгодог.

Биеэ хамгаалж чадахгүй, бие хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж гэж бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

 

“Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг,

Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгох бол тэдгээрийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид нь гэр бүлийн өөр гишүүн халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэг.

 

Шүүгдэгч Э.Д-ийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дүгнэхэд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан болох нь тогтоогдож, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдэлийн буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

 

Шүүгдэгч Э.Д  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Д ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй болохоо илэрхийлж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд эмчилгээг бүрэн хийж дуусгасан гэж байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Э.Д ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдалууд тогтоогдсон болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалууд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөөгүй байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Д  нь хэргийн учир шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан байх тул түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Д ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д ыг гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д ын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Э.Д  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ

 

                                                     ШҮҮГЧИД                              Х.САНЖИДМАА

 

                                                                                                      Б.БЭЭЖИН