Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2019/00027

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Д

 Хариуцагч: Ц.Б нарт холбогдох 

Үндсэн зээлийн төлбөрт 8,885,512 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,123,948 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 328,952 төгрөг, нийт 13,338,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, хариуцагч Г.Д, Ц.Б, түүний өмгөөлөгч Э.С, нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Тус банкнаас иргэн Г.Д, Ц.Бнар нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 9,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй авсан ба 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөх ёстой хугацаанаас өнөөдрийн байдлаар 791 хоног хугацаа хэтэрсэн. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусах ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Банкны зүгээс гэрээг цуцлаагүй боловч зээлдэгч нар зээлийн төлбөрөө удаа дараа төлөөгүй тул банкинд шаардах эрх үүссэн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Г.Д нь Говьсүмбэр аймгийн мал эмнэлэгт жолооч ажилтай. Хамтран зээлдэгч нь Говьсүмбэр аймгийн Монголын цахилгаан холбоонд нярав, бичиг хэргийн ажилтай, зээлдэгчтэй зээл төлүүлэхээр утасдахад орон сууцны зээлээ сардаа багтаж төлнө цалингийн зээлээ төлж чадахгүй. Ц.Б-с давхар нэхээч гэсэн тайлбарыг байнга өгдөг. Зээлийн төлбөрийг тэд юунд зарцуулсан нь хамаагүй, зээлийн төлбөрөө эргүүлэн төлөх үүрэгтэй. Зээлдэгч Г.Д, Ц.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараагийн шаардлага тавихад биелүүлэхгүй байгаа тул зээлийг хариуцагч нараар тэнцүү хэмжээгээр төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү. Г.Д, Ц.Б нартай байгуулсан гэрээг цуцлаагүй бөгөөд 2020 он хүртэл зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Зээлдэгч нар зээлээ төлөөгүй тул үндсэн зээлийн төлбөр 8,885,512 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,123,948 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 328,952 төгрөг, нийт 13,338,412 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Д нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зээлийн үндсэн төлбөр төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн хүүг төлөх боломж байхгүй. Орон сууцны зээлтэй, ам бүл 1, цалин хүрэлцдэггүй тул цалингийн зээлийг хамтран зээлдэгчтэйгээ хувааж төлөх хүсэлтэй байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа цалингийн зээл авч, өөрсдийн хэрэглээндээ зарцуулсан. Анх зээл аваад удаагүй би ажлаасаа халагдсан тул зээлийг эргүүлж төлж чадаагүй. Банкны тавьж байгаа шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь Г.Д-тэй 2012 оноос хойш хугацаанд хамтран амьдарч байсан бөгөөд Г.Д-тэй гэрлэлтээ албан ёсоор батлуулсан зүйл байхгүй. Г.Д-тэй хамтран амьдарч байх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 15-2-30 тоотод байрлах, 2 өрөө байрыг банкны зээлээр худалдан авсан. Уг байр нь ямар ч засваргүй байсныг бид дундаасаа хамтран засвар хийж амьдрах орчноо бүрдүүлж хамтран амьдарч байх хугацаанд Г.Д нь ажилгүй, байрны зээлийг нь би өөрийн боломж бололцоогоор төлж байсан. Г.Даваадорж нь байрны зээлээ 8 хувийн зээлд хамруулахаар 10 хувийн урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг төлөхөөр урьд нь авсан цалингийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж нийт 9,000,000 төгрөг болгож 3,000,000 төгрөгийн цалингийн зээл гаргуулахад би хамтран амьдарч байсны хувьд хамтран эзэмшигчээр гарын үсэг зурж байсан. Энэ хүний цалингийн зээл надад хамааралгүй. Өөрийнхөө амьдарч буй орон сууцанд зарцуулагдсан болно.

2015 оны Г.Д нь гэрээсээ хөөж зодсоноор би дүүгийнхээ хашаанд ахынхаа гэрийг барьж 2 хүүхэдтэйгээ амьдрах болсон. Хамт байх хугацаандаа хувь хүнээс зээлсэн өр төлбөр болон банкны зээлийг нь төлж байсан. Энэ хүнээс болж би банкнаас зээл авах ч эрхгүй, хаан банкны данс хаалттай хохирч байна. 2013 онд жирэмсний амралттай байгаад Г.Д ажилдаа хурдан орж зээл авмаар байна гэж ятгаснаар би ажилдаа орон 6,000,000 төгрөгийг цалингийн зээл авсан. Уг зээлээр  автомашин худалдаж авсан. Г.Д нь тухайн үед миний авсан машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр авсан. Би өөрийнхөө нэр дээр машины бичиг баримтыг шилжүүлэх тухайгаа Авто тээврийн үндэсний төвд мэдэгдэж байсан. Г.Д нь машины бичиг баримтыг өөрийн биеэр ирж шилжүүлэх тухайгаа бичиж өгч байсан боловч тухайн үед нь Г.Д-ийн гуйлтаар машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байтал Г.Д нь ажилгүй өр зээл төлж чадахгүй боллоо би хотод очиж ажил хийе гээд машиныг унаад яваад авчирж өгөөгүй. Надад мөн нэг ч төгрөг өгөөгүй. Г.Д нь мөнгө олсонгүй өр ширийг дарсангүй гэх байдлаар намайг дарамталж гэрээсээ байнга хөөж зоддог  байсан. Энэ байдал нь даамжирахаар би гэрээсээ зугтаахаар дүү Ц.Д-д очдог байсан.

Иймд би энэ хүний авсан зээлийг төлөх боломжгүй, өөрөө цалингийн зээлтэй 2 хүүхдээ тэжээх гэж ажиллаж амьдарч байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэсний дагуу миний дансруу 9,000,000 төгрөгийн зээл ороогүй тул би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Г.Д нь миний таньдаг ломбарднаас 1,500,000 төгрөг зээлүүлж аваад одоог хүртэл огт төлөөгүй. Би тэр өрийг нь мөн өнөөдрийн байдлаар төлсөөр байна. Энэ бүх байдлыг хэлж хүн шиг авсанаа хүнд өгч бай гэж хэлэхэд баримтгүй чи надаас юу ч олж долоохгүй, би аваагүй гэдэг Г.Д-д гомдолтой байна. Би Г.Д-с хүүхдийн тэтгэмж болон байр бусад зээлэнд нь төлсөн мөнгөө нэхэмжилсэн удаагүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх ба Ц.Б-н дансанд мөнгө шилжүүлээгүй тул зээлийн гэрээний Ц.Б-т холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Хаан банкнаас нэхэмжилсэн Г.Д-н цалингийн зээлийн төлбөрийг би хувьдаа авч ашиглаагүй бөгөөд дээрх үндэслэлээр төлөх боломжгүйг харгалзан үзэж надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийг төлөөлж Х ХХК-ийн Г салбар нь хариуцагч Г.Д, Ц.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 8,885,512 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,123,948 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 328,952 төгрөг, нийт 13,338,412 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х-г банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл олгосон бөгөөд үүний дагуу Говьсүмбэр салбарын захирал Ц.Э-т банкийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг олгосноор Х ХХК-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч Г.Д нь зээлийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Ц.Б-тэй тэнцүү хэмжээгээр төлнө гэж тайлбарлаж,  

харин хариуцагч Ц.Б нь өөрийн дансаар мөнгө шилжиж орж ирээгүй, зээлийн гэрээгээр ямар нэгэн эрх олгогдоогүй тул зээлийн гэрээний өөрт холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.  

Шүүх Барьцаат зээлийн гэрээний хариуцагч Ц.Б-т холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Г.Д, Ц.Б нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ201642802155 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээнд зааснаар Г.Д-г зээлдэгч гэж, харин Ц.Б-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж нэрлэсэн байна.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т “зээлдэгчийн Х дахь 5990316645 тоот дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлсэнээр олгосонд тооцно” гэж талууд тохирсон байх бөгөөд уг дансанд 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Х ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Энэхүү гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Б гарын үсэг зуржээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Хэрэгт авагдсан Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг заасан байх ба банк хариуцагч Г.Д, Ц.Б нарт зээл олгосон байх тул хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэхгүй.

Иймд талууд харилцан тохиролцож, 9,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байх тул хариуцагч Ц.Б-н дансанд мөнгө шилжиж ороогүй гэх үндэслэлээр Барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагч Ц.Б-н тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.

Хэдийгээр хариуцагч Г.Д нь шүүх хуралдааны явцад “банк шүүхэд хандахаас өмнө намайг дуудаж, төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцална гэж хэлсэн” гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч хариуцагч Ц.Б нь гэрээ цуцалсан эсэхийг мэдээгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нь гэрээг цуцлаагүй гэж зөрүүтэй тайлбарласан.

Х ХХК нь гэрээ цуцалсан талаар нөгөө тал буюу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарт мэдэгдсэн эсэх талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул гэрээ цуцлагдсан, гэрээнээс аль нэг тал татгалзсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр, гэрээ дуусгавар болоогүй байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэсний дагуу гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ цуцлагдаагүй, гэрээнээс аль нэг тал татгалзаагүй байхад нэхэмжлэгчид хугацаа болоогүй үүргийг шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх тул хугацаа болсон үүргийн гүйцэтгэлийг тооцоход 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 4,521,598.86 төгрөг, хүүгийн төлбөрт 3,888,446.14 төгрөг төлөх үүргийг зээлдэгч хүлээхээр байна.

Хариуцагч Ц.Б нь Барьцаат зээлийн гэрээний дагуу өөрт нь эрх, үүрэг үүсээгүй гэх боловч тэрээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн 4.1.1 буюу “зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсоноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах”, 4.1.4 буюу “барьцааны зүйлийн худалдан борлуулсан болон даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулсаны дараа илүү гарсан хэсгийг олгохыг шаардах” гэснээс бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ, 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг тэнцүү хэмжээгээр гаргуулна гэж тайлбарласан ба дээрх заалтууд болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч Г.Д, Ц.Б нар нь үүргийн гүйцэтгэлийг тэнцүү хариуцах үүрэгтэй. Иймд үндсэн зээлд 4,521,598.86 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,888,446.14 төгрөгийг хариуцагч нар Хаан банк ХХК-д төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, №ЗГ201642802155 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү зээлийн гэрээний 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж тус тус заасан. Хариуцагч Г.Д, Ц.Б нар нь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ гүйцэтгээгүй байх тул хууль болон гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно. Г.Д-н зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй байх тул энэ хугацаанаас нэмэгдүүлсэн хүү тооцож, нэхэмжлэх эрх Х ХХК-д үүссэн гэж үзнэ. Иймд нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын хавсралт, Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлалын 4-т зааснаар /нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ=эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүн*зарласан хүүгийн хувь*нэмэгдүүлсэн хүүгийн хувь*хугацаа хэтэрсэн хоног/365/ тооцов.

Хариуцагч нар Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар бүрийн 02-ны өдрийн дотор зээлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байсан байна.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн үүргийн гүйцэтгэлд 290,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй 29 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсний дагуу  нэмэгдүүлсэн хүүг тооцоход:

 -2017 оны 01 дүгээр сард 120,050.40 (гүйцэтгэх ёстой үндсэн зээл) х22,8% ( зарласан хүүгийн хувь) х 20% (нэмэгдүүлсэн хүүгийн хувь) х 29(хугацаа хэтэрсэн хоног) /365=434.8 төгрөг,

-2017 оны 02 дугаар сард (120,020.40+122,344.53)х22,8%х20%х28/365=848.9

-2017 оны 03 дугаар сард (242,688.53+140,709.11)х22,8%х20%х31/365=1,484.85

-2017 оны 04 дүгээр сард (383,397.64+127,438.40) х22,8%х20%х30/365=1,914

-2017 оны 05 дугаар сард (510,836.04+135,070.48) х22,8%х20%х31/365= 2501.5

-2017 оны 06 дугаар сард (645,906.52+132,521.72) х22,8%х20%х30/365=2,917

-2017 оны 07 дугаар сард (778,428.24+140,085.09) х22,8%х20%х31/365=3,557

-2017 оны 08 дугаар сард (918,513.33+137,800.58) х22,8%х20%х31/365=4,090

-2017 оны 09 дүгээр сард (1,056,313.91+140,469.01) х22,8%х20%х30/365=4,485.4

-2017 оны 10 дугаар сард (1,196,782.92+147,924.94) х22,8%х20%х31/365=4,485.4

-2017 оны 11дүгээр сард (1,344,707.86+146,053.58) х22,8%х20%х30/365=5,587.29

-2017оны 12 дугаар сард (1,490,761.44+153,434.01) х22,8%х20%х31/365=6,367.76

-2018 оны 01 дүгээр сард (1,644,195.41+151,852.97) х22,8%х20%х31/365=6,955.87

-2018 оны 02 дугаар сард (1,796,048.38+154,793.51) х22,8%х20%х28/365=6,824.2

-2018 оны 03 дугаар сард (1,950,841.89+170,585.41) х22,8%х20%х31/365=8,216

-2018 оны 04 дүгээр сард (2,121,427.3+161,094.27) х22,8%х20%х30/365=8,554

-2018 оны 05 дугаар сард(2,282,521.57+168,271.38) х22,8%х20%х31/365=9,491.6

-2018 оны 06 дугаар сард (2,450,792.95+167,472.23) х22,8%х20%х30/365=9,813.1

-2018 оны 07 сард (2,618,265.18+174,563.13)х22,8%х20%х31/365=10,467.36

-2018 оны 08 сард (2,792,828.31+174,095.54) х22,8%х20%х31/365=11,490.5

-2018 оны 09 сард (2,966,923.85+177,466.79) х22,8%х20%х30/365=11,785

-2018 оны 10 сард (3,144,390.64+184,422.57) х22,8%х20%х31/365=12,892

-2018 оны 11 сард (3,328,813.21+184,474.56) х22,8%х20%х30/365=13,167.61

-2018 оны 12 сард (3,513,287.77+191,335.60) х22,8%х20%х31/365=14,347.5

-2019 оны 01 сард (3,704,623.37+191,751.89) х22,8%х20%х31/365=15,090.1

-2019 оны 02 сард (3,896,375.26+195,465.04) х22,8%х20%х28/365=14,313.59

-2019 оны 03 сард (4,091,840.3+208,032.35) х22,8%х20%х31/365=16,652.87

Нийт 434.8 + 848.9 + 1,484.85 + 1,914 + 2,501.5 + 2,917 + 3,557 + 4,090 + 4,485.4 + 5,207.8 + 5,587.29 + 6,367.76 + 6,955.87 + 6.824.2 + 8,216 + 8,554 + 9,491.6 + 9.813.1 + 10,467.36 + 11,490.5 + 11,785 + 12,892 + 13,167.61 + 14,347.5 + 15,090.1 + 14,313.59 + 16,652.87 = 209,457.6 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хариуцагч нарт үүсчээ.

Иймд хариуцагч Г.Д, Ц.Б нараас үндсэн зээлийн төлбөрт 4,521,598.86 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,888,446.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 209,457.6 төгрөг, нийт 8,619,502.6 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,718,909.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,642 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 152,862 төгрөгийг хариуцагч Г.Д, Ц.Б нараас гаргуулж, Хаан банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Д, Ц.Б нараас үндсэн зээлийн төлбөрт 4,521,598.86 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,888,446.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 209,457.6 төгрөг, нийт 8,619,502.6 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,718,909.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,642 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 152,862 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ