Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1792

 

 

 

 

 

 

 

 

  2022       12          09                                  2022/ШЦТ/1792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б  даргалж,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б ад холбогдох эрүүгийн 2206 01251 2959 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б ыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын эцэст байх “... ” төв дотор хохирогч Б.С ын хаан банкны данснаас мөнгө авахуулах зорилгоор өгсөн картыг ашиглан АТМ-с 2.240.000 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

шүүгдэгч С.Б  нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын эцэст байх “... ” төв дотор хохирогч Б.С ын данснаас 2.240.000 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/,

БЗДЦХ-2 Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 12/,

 

Хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хажууд байрлах хүнсний дэлгүүрт АТМ-ээр үйлчлүүлэх гэж орсон юм. Тухайн дэлгүүрт хаан банкны АТМ байрладаг. Би өөрөө мөнгө авч чаддаггүй тул миний урд үйлчлүүлж байсан 35-40 орчим насны улаан цамцтай залууд хандан надад туслахыг гуйсан юм. Би тэр залууд хаан банкны виза картаа өгөөд кодыг нь хэлсэн. Тэгэхэд тэр залуу их удаад байсан. Тэгснээ миний картыг буцааж өгөөд гараад явсан. Тухайн үед миний картнаас 2.240.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Б.С ын хаан банкны 5064472418 дугаартай дансны хуулга /хх-ийн 25-27, 30/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг нээхэд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “... ” дэлгүүрийн хаан банкны АТМ-ын дээрээс харсан хяналтын камерын бичлэг байна. Бичлэгний 01 минут 03 секундэд С.Б  нь улбан өнгийн куртик, цайвар өнгийн малгай, куртикны дотуур цэнхэр өнгийн хувцас, цэнхэр жинсэн өмдтэй хүрч ирэн гартаа бор өнгийн хэтэвч бариад зогсож байна. Бичлэгний 01 минут 33 секундэд С.Б ын өмнөх хүн АТМ-ээр үйлчлүүлж дуудсаад түрийвчнээсээ ногоон өнгийн карт гаргаж ирэн АТМ-ын төхөөрөмжинд хийн үйлчлүүлж эхлэв. С.Б ыг үйлчлүүлж байхад бичлэгний 03 минут 47 секундэд Б.С  хөр өнгийн малгай, цэнхэр амны хаалт, бараан өнгийн урт куртик, годон гуталтай хүрч ирэн С.Б тай яриа өгүүлэмж хийв. Бичлэгний 04 минут 4 секундэд С  нь Б ад түрийвчнээсээ ногоон өнгийн карт гаргаж ирэн өгөхөд Б  нь АТМ төхөөрөмж рүү картыг хийв... Бичлэгний 01 минут 42 секундэд Б  нь биеээр С ыг хааж байгаад баруун гартаа ногоон өнгийн карт барин зүүн гараараа АТМ төхөөрөмжөөс их хэмжээний 20.000, 10.000 төгрөгийн дэвсгэрт аван С ын эсрэг зүгт барин картыг буцаан хийж байна... Бичлэгний 03 минут 10 секундэд Б  нь зүүн гараа нааш гаргахад гарт нь мөнгө байгаа нь харагдах ба хажуу тийшээ харж юм ярингаа үүрч байсан жижиг хар цүнхээ урдаа байрлуулж байгаад барьж байсан мөнгөө зүүн халаасандаа хийж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 38-44/,  

 

Шүүгдэгч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хаан банкны картнаас мөнгө авахаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “... ” нэртэй АТМ дээр очсон. Ингээд эхлээд өөрийн хаан банкны картнаас мөнгө аваад явах гэтэл үл таних 70-80 орчим настай эрэгтэй хүн ирээд өөрөө АТМ-ээс мөнгө авч чадахгүй тул намайг өөрийнх нь картнаас мөнгө авч өгч туслахыг гуйсан. Ингээд би тухайн хүний хаан банкны картыг аваад АТМ-д хийгээд надад нууц кодоо хэлж өгсөн тул нууц кодыг нь хийсэн. Үүний дараа тухайн хүний дансан дахь үлдэгдлийг шалгасан чинь их хэмжээний мөнгөтэй байсан тул тухайн үл таних настай хүнд мэдэгдэхгүйгээр нууцаар 2.240.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр АТМ-с бэлнээр авсан. Тэгээд дараа нь тухайн мөнгийг өөрийн халаасанд хийгээд нөгөө үл таних хүнд мөнгө гарахгүй байна гэж хэлээд картыг нь буцаагаад өгсөн. Би тухайн хүн намайг данснаас нь 2.240.000 төгрөгийг хулгайлсан гэдгийг мэдэхээс нь өмнө зугтаагаад явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх надруу хаан банкнаас залгаад намайг хулгай хийснийг мэдсэн байсан тул 1.140.000 төгрөгийг хаан банкнаас өгсөн данс руу хийсэн. Би хохирлыг өөрийн бололцоогоор даруй барагдуулна. Түүнээс уучлалт гуйж эвлэрэх болно..” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс С.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 57/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 60/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч С.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч С.Б  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч С.Б ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Б.С  нь 2.240.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд С.Б  нь баримтаар 2.090.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч С.Б аас 150.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С т олгох нь зүйтэй байна

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч С.Б ын хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон гэх нөхцөл байдал шүүгдэгч С.Б ын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч С.Б  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б ад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, С , Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б аас 150.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С-т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ