Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2019/00029

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ю.Э-д холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Ю.Э, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 онд Ю.Э-тэй танилцан бид 2013 оноос хамт амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 15-нд том хүү Э.А, 2015 оны 09 дүгээр сарын 23-нд бага хүү Э.Б нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хамт амьдрах хугацаанд надтай болон хүүхдүүдтэйгээ хүйтэн хөндий, сэтгэлгүй, үл хайхарсан байдлаар харьцаж ирсэн. Байнга тэнэж, гэр орондоо байдаггүй байсан. Хүүхдүүдээ ч тоодоггүй, 2 хүүхдээ төрөхөд аль алинд нь байгаагүй, дуудуулж байж ирдэг байсан. Би ганцаараа хоёр хүүхэд авч явахад хүндрэлтэй асуудлууд зөндөө байсан. Хүүхэд өвдөж, нэг хэсэг эмнэлгийн үүд сахисан, өөрөө өвдөн 2 удаа хагалгаанд ойрхон орсон энэ үед бид гуравтай нэг ч удаа холбогдож байгаагүй. Бид гуравыг хүнд хэцүү байх үед  орхиж явсан. Хүүхдүүдээ асууж бай гэхэд уурлаж ундууцдаг. Миний хувьд гэр бүлийн амьдралаа ганцаараа авч явдаг байсан. Ю.Э-ыг ажилгүй тэнээд явахад нь хүртэл зээлийн хоцрогдлыг нь өөрийнхөө нэр дээр зээл аван байж 1 жил гаран төлж ирсэн. Санхүү мөнгөний хувьд өөрийнхөө олсон мөнгийг өөртөө зарцуулдаг байсан. Ийм таарамжгүй харилцаанаасаа болж бид хоёр 2016 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн. Иймээс Э.А, Э.Б нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ю.Э миний бие хүү Э.А, Э.Б нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн Б.Х-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би урлагийн хүн, дуучин хүн учраас ийш, тийш явах хэрэг гардаг. Би хүүхдүүдээ харж, үзэхгүй, тусалж дэмжихгүй байна гэж байхгүй, тусдаа амьдарх хугацаандаа хүүхдийн тоглоом, хувцас өгдөг байсан. Б.Х-тэй цаашид хамтран амьдрах боломжгүй тул хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгоно гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Ю.Э-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Ю.Э, Б.Х нар нь гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Э.А, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү Э.Б нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний 0000911524-305, 4201000248 дугаартай гэрчилгээний хуулбар, “Энхтусдэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хүү Э.А, Э.Б нар нь эцэг Ю.Э-р овоглож, гэрчилгээ авсан байх ба хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн талаар маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуульд заасан журмын дагуу эцэг Ю.Э-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. Тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан журмын дагуу амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн насны байдлыг харгалзан тогтоосон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 1 жилд төлөгдөх тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 62,984 төгрөг төлсөн тул үүнийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагчаас 62,984 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Э.А, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ю.Э-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,984 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Э-с 62,984 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.НАРАНЧИМЭГ