Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2019/00030

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХК-д холбогдох 

 

Гэрээний үлдэгдэл 12,540,000 төгрөг, алданги 3,135,000 төгрөг, нийт 15,675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон компанийн гүйцэтгэх захирал Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК нь Ш ХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан болно. Уг гэрээгээр гэрээний нөхцлийн дагуу гэрээний хавсралт №1-д заасан 3 төрлийн бараа буюу распределитель, винтель, ток кольц гэх барааг худалдан авагчийн буюу Ш ХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Ш ХК нь барааг хүлээн авч уг гэрээний 4.2-т заасан хугацаанд төлбөр хийх үүрэг хүлээсэн. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд заасан бараанаас 2-ыг нь нийлүүлж, 1-ийнх нь техникийн тодорхойлолт зөрсөн тул өөр барааг Ш ХК-д хүлээлгэн өгсөн. Нийт үнийн дүн 38,940,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 26,400,000 төгрөгийн бараа материалыг буцаасан тул нийлүүлэгдсэн бараа материалын үнэ 12,540,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гэрээ дүгнэгдсэн. Энэ дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бөгөөд манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага юм.

Ш ХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацааг хэтрүүлж өдийг хүргэж байгаа нь шүүхэд хандах үндэслэл болж байна. Бид төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдэж, нэхэмжилж байснаас гадна үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгч байсан.

Хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа бөгөөд би гэрээ байгуулах үед томилолтоор явсан байсан тул компанийн гүйцэтгэх захирлын хувьд гэрээ байгуулах эрхийг 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Б-д утсаар өгсөн байсан. Иймд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Одоо гэрээний төлбөр 12,540,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутам алданги тооцож, 3,135,000 төгрөг, нийт 15,675,000 төгрөгийг Ш ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлд С ХХК нь Ш ХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан хэмээн дурдаж иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байна. Гэвч дээрх гэрээ нь Ш ХК-ийн гэрээний бүртгэлд бүртгэгдээгүй, архивын сан хөмрөг болон баримт бичигт авагдаагүй гэрээ байгаа болно. Гэрээний нөхцөлөөс үзэхэд С ХХК нь гэрээний хавсралт №1-д заасан барааг гэрээ байгуулсанаас хойш ажлын 14 хоногийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэтэл бараа гэх зүйл нь 2017 оны 08 дугаар сарын 23-нд ирсэн байна.

Гэрээний хавсралт №1-д дурдсан барааны жагсаалтаас харахад 12,540,000 төгрөгийн үнэ бүхий бараа байхгүй байгаа ба манай компанийн гаргаж өгсөн орлогын баримтаар нийт 11,400,002 төгрөгийн үнэ бүхий бараа байна. Энэ дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй байх ба С ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн гэрээгээр нийлүүлсэн гэх барааны үнийг Ш ХК-иас шаардахгүй байгаа байдал хэт удаан хугацаанд гэрээ үргэлжилсэн байдлаар нэхэмжлэлд дурдсан нь гэрээний хүчин төгөлдөр эсэх байдалд эргэлзээ үүсгэж байна. Учир нь Компанийн тухай хуульд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага компанийг төлөөлөх эрхтэй. Талуудын хооронд 2016 онд гэрээ байгуулагдсан. Э.С тухайн үед компанийн захирал байсан эсэх нь тодорхойгүй, гэрээнд захирал А.Б гэх хүн гарын үсэг зурсан байгаа нь гэрээний хүчин төгөлдөр байдалд эргэлзээ төрүүлж байна. Хэрэв Э.С захирал байсан бол компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Иймд хэрэгт авагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Ш ХК-ийн орлогын баримтаар 11,400,002 төгрөгийн үнэ бүхий барааг манай компани хүлээн авсан тул уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үндэслэлгүй гэв.  

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч С ХХК хариуцагч Ш ХК-иас гэрээний үлдэгдэл 12,540,000 төгрөг, алданги 3,135,000 төгрөг, нийт 15,675,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч тал гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4, 56.1.8-д зааснаар хууль зөрчиж хийсэн, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох А.Б гэх хүн гэрээнд гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Ш ХК нь 11,400,002 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээн авсан тул үүнийг төлж, харин нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул үлдсэн төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 11,400,002 төгрөгийг гаргуулах хэсгийг хангаж, 4,274,998 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.С-г шүүхэд тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар маргасан.

Хэргийн 3 дугаар хуудаст авагдсан С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн хэсэгт Э.С-ыг Гүйцэтгэх захирлаар томилсныг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, мөн хуулийн 83.8-д “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч С ХХК-ийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Э.С байна. Иймд тэрээр шүүхэд компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

2.Хариуцагч тал нь Ш ХК, С ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг /хх-4/ зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу С ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй, хуулийн этгээдийн өмнөөс итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулах эрхгүй этгээд байгуулсан, хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч тал тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Б-д утсаар зөвшөөрөл өгсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

А.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байх ба 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Э.С тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэх Худалдах, худалдан авах гэрээ нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан байгаагаас дүгнэхэд А.Б нь компанийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх үзлээ.

3. Хариуцагч Ш ХК нь 2 ширхэг, 1,290,910 төгрөгийн үнэтэй, распределитель буюу хий хувиарлагч, 4 ширхэг, 1,381,820 төгрөгийн үнэтэй, цахилгаан винтель, 2 ширхэг, 8,727,272 төгрөгийн үнэтэй, вал ведуший гэх нийт 11,400,002 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан, С ХХК хүлээлэгж өгсөн гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй. Үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй ба энэ нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ш ХК-ийн гэх 251 дугаартай Орлогын баримт, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байна /хх 26-27/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй болно.

4. Хариуцагч тал нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүн буюу 11,400,002 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Харин нэхэмжлэгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу С ХХК нь НӨАТ төлөгч учраас үүнийг нэмж суутган авна гэж маргасан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр"-ийг хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг хэлнэ гэж тодорхойлсон.   

Мөн хуулийн 5.2.-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж, 6.1.-д “Энэ хуулийн 4.1.19-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж, 4.1.19.-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг хэлнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт нэхэмжлэгч талаас Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 0052238 дугаартай гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гэрчилгээг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр С ХХК-д олгосон байна.

Гэтэл С ХХК нь дээрх бараа бүтээгдэхүүнийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ш ХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, 251 дугаартай орлогын баримтаар /хх-27/ тогтоогдож байгаагаас дүгнэхэд С ХХК нь бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй буюу нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсээгүй байсан гэж үзэхээр байна.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авах үүрэг С ХХК-д үүсээгүй байсан байх тул Ш ХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвар 1,139,998 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүн болох 11,400,002 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

5.Нэхэмжлэгч С ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутам алданги тооцож, 3,135,000 төгрөг гаргуулна гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн хуулийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

Шүүх талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн учраас талуудын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ш ХК-иас алдангид 3,135,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

6. Дээрхийг дүгнэж, Ш ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,400,002 төгрөг гаргуулж, СХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,274,998 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,325 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХК-иас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 197,350 төгрөг гаргуулж, С ХХК-д олгох үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ш ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,400,002 төгрөг гаргуулж, С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,274,998 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,325 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 197,350 төгрөг гаргуулж, С ХХК-д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ