Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан

         Иргэний нэхэмжлэгч Т.Ө

         Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох 2216000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ... ХХК захирал, малын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... сумын төвд амьдардаг, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, ялаас чөлөөлж шийдвэрлэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, Т овогтой Ц.Б гэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Улцангийн даваа гэх газарт ... ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан Б.Нд үнхэлцэг хальсны урагдал, зүрхний хатгагдсан шарх гэмтэл учирч улмаар зүрх чихэлдэж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

             Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 18-19 цагийн үед Говь-Алтай аймгийн Бигэр сумын Улцангийн даваа гэх газарт иргэний нэхэмжлэгч Т.Өын ... ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,6 промилли зэргийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар машинд зорчиж явсан Б.Нд үнхэлцэг хальсны урагдал, зүрхний зүүн ховдол руу хатгагдсан шарх гэмтэл учирч  зүрх чихэлдэж Б.Н нь нас барсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримт нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохирсон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.Бы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...08 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэ сум руу мал угаалгын ажлаар талийгаач Нэргүй, өөрийн хүү Мягмаржав хоёртой хамт явсан. Даваа өгсөж байгаад машины дугуй руу сул шороо ороод зогссон. Тэр үед Бигэр сумаас хүний гуйлганд явж байгаа гээд 6 залуу ирээд миний машиныг түрж шорооноос гаргаж өгсөн. Цаашаа даваа даваад уруудаж яваад машин гэнэт тоормозгүй болоод гүйчихсэн. Би рультай ноцолдоод байсан. Замаа онож явах гэж байгаад нэг юман дээр шидэгдсэн. Тэгээд ухаангүй болоод эмнэлэгт ирж эмчилгээ хийлгээд сэргэсэн. Миний буруугаас ийм зүйл болсон. Найзыгаа алдсандаа харамсаж байна. Хохирогчтой байнга холбоотой уулзаж байгаа. Эхлээд зан үйлийн зардал 3 сая төгрөг гарсан. 10 сая төгрөг өгчих гэж бид хоёр ярилцсан. Талийгчийн ах дүүс Эрдэнэ сумаас яриад 15  сая төгрөг гэж ярьсан. Би мал эмнэлгийн ажлаар амьдралаа авч явдаг. 6 сая төгрөгийг барагдуулсан. Шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлж барагдуулна Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. ...Миний унаж явсан машин иргэний нэхэмжлэгч Т.Өын 54-21 ГАҮ дугаартай портер машин байсан. Би мал эмнэлгийн зөөврийн хашаа ачих гээд авч явсан гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

 

Хохирогч Б.Цгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Би талийгчийг 08 дугаар сарын 09-нд Тайшир сумд хүргэж өгөөд 10-нд энэ хоёр Эрдэнэ сум руу мал угаалгын ажлаар явна гэж хэлээд явсан. 08 дугаар сарын 10-ны өглөө 12 цагийн үед залгахад бид хоёр гарах гэж байна. Мөнгөний боломж байна уу, дугуй муудаад байна гэсэн. Бид хоёр бас нэг хүнээс мөнгө авах байсан тэр хүн рүү залгаад хэдэн төгрөг хийлгээдэх гэж ярьсан. Тэгээд тэр хүн рүү залгахад утас нь холбогдохгүй байхаар нь наана чинь манай таньдаг дугуй засварчин байгаа. Тэрнээс дугуйгаа аваад явчих эртхэн гар гэж хэлсэн. Талийгч гэрээс гарахдаа Бигэр сумаар явна гэж хэлээгүй. Дэлгэрээр явна гэж хэлсэн. Өдөр 2 цагийн үед ярихад архи уугаагүй байсан. Тэгээд 3 цагийн үед гарлаа гэж ярьсан. Орой 7 цагийн үед хүргэн залгаад аав тэр хэд аваарт орсон гэж байна. Хонгор толгой дээр ирээд хүлээгээд байж бай, нэлээн хүнд байх шиг байна. Гэхдээ дуудлага дуудсан өөр тодорхой хариу өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд би өөрийнх нь эхнэр рүү залгахад Ц.Б ухаангүй байна гээд уйлаад байхаар нь талийгчийг гайгүй байх гэж бодсон. Ямар замаар явуулсан юм бэ, мэдэхгүй замаар явуулсан байна гэхэд би ч мэдээгүй гэж хэлсэн. Эргээд утсаар залгахад та хэд “Хонгор толгой” дээр хүлээж бай эргээд залгая гэж Ц.Бы эхнэр хэлсэн. Би “Хонгор толгой” дээр ирээд хүлээгээд утсаа байнгын сүлжээнд байлгаад хүлээгээд байсан. Шөнийн 2 цаг болоод ирсэн ч мэдэгдэхгүй, ирээгүй нь ч мэдэгдэхгүй байсан. Манай охин Бигэр сумд эмч хийдэг. Тэгээд залгаад эмчээс нь асуухад тэр хүн чинь бараг өнгөрсөн гэж хэлсэн гэсэн. Тэгээд  би аймгаас буцаж байгаа машинд дайгдаад охинтойгоо аваар болсон газар шөнө 3 цагийн үед очсон. Бид нарын дугаарыг цагдаа нарт өгөөгүй байсан. Цагдаа нь ямар хүн юм бэ гэж асуугаад байсан. Тэгээд манай хүн тарган бор хүн байгаа гэхэд тэр хүн чинь бурхан болсон. Бид нар хамгаалалтад авсан. Ойртож болохгүй гэсэн. Тэгээд хээр байгаад байх хэцүү Бигэр сум ороод бензин шатахуун аваад ирэхэд талийгчийн шарилыг аваад явсан байсан. Тэгээд бид хэд холбоо барих гэхэд сандарч байгаад утсаа үлдээсэн байсан. Манай ах дүүс нар аймгийн төв дээр байсан. Тэгэхэд эдний гэр бүлийнхэн нь утасны дугаар өгөөд яриулаагүй. Манай талийгаач ямар ч ах дүүсгүй хүн шиг үлдээгээд явсан байсан. Задлан шинжилгээ хийх гэхэд холбоо барих хүн байхгүй байсан гэсэн. Миний тухайд нэлээн гомдож байсан. Энэ хүн ухаангүй байж болно ар гэрийнхэн утасны дугаар өгөөд үр хүүхдүүдэд нь хэлж яагаад болоогүй юм. Манай хүүхэд гэмтэл дээр очиход Ц.Бы ар гэрийнхэн байсан гэсэн. Тэгэхэд араас ирж байгаа гэж хэлсэн байсан. Би Мягмаржавт гомдож байгаа. Машин уруудаад явж байхад яагаад унтаж байна гэж, бартаатай газар техникийн бүрэн бүтэн байдал хангасан тээврийн хэрэгсэл уруудна шүү гээд анхааруулаад самбар тавьсан байхад тэрийг нэг удаа ч гэсэн хараад явж болоогүй юм. Миний тухайд би тэжээгчээ алдсан. Надад хэцүү байна. Тэгэхэд энэ хүмүүс надтай холбоогүй байсан. Би 49 хоног болтол өчнөөн хүлээсэн. 49 хоногоор гуйж байж ирүүлсэн. Надад хэцүү байна. Бид нар найз нөхөд явсан. Чамайг ойлгож байна гэхээр нь би мэдүүлгийн ард гомдолгүй гэж бичсэн. Нэгэнт энэ хүн босоод ирэхгүйгээс хойш гомдолгүй гэж бичсэн. Тэжээгчээ алдаад хүнд байсан. Бидний амьдрал ийм байсан юм байлгүй гэж бодоод 15 сая төгрөг нэхэмжилсэн. Дараа нь барагдуулъя гэж хэлээд явж байна. Би үр хүүхэдтэй, ах дүүтэй. Миний хадмууд чи хүний газар очиж миний дүүг ийм асуудалд оруулсан гэж надад асуудал ярьж байгаа. Миний хохирлыг барагдуулаад би хол газар явсан. Талийгчийн шарилыг Эрдэнэ сумд авч очиж хөдөөлүүлсэн. Би тухайн үед баримтаа цуглуулсан бол өчнөөн зардал гарах байсан. Би ах дүүсээс, хадмуудаасаа айсан. Үр хүүхэд нь ч гэсэн ирээд яагаад хэлээгүй юм, би тухайн үедээ гомдож байсан. Сайхан сэтгэл гараад 10-д жил найзаллаа, босоод ирэхгүйгээс хойш гэж 15 сая төгрөг нэхэмжлээд хохирлыг барагдуулчих гэж хэлсэн. Өмнөх хурлаар ороход 5 сая төгрөг өгсөн байхад гэдэг зүйлийг ярьж байсан. Би ингэж шүүх цагдаагаар явж үзээгүй. Өмгөөлөгч нь хүртэл танд 5 сая төгрөг өгсөн байхад гэдэг асуудал ярьж байсан. Би хүний амийг 15 сая төгрөгөөр нэхэмжлээгүй. Би ядарсан эмэгтэй хүн, хүний газар амьдарч байгаа. Миний ах дүүс 30, 40 сая төгрөг нэхэмжил гэхээр нь найз нөхөд хүмүүс байсан гэж хэлэхэд 15 сая төгрөг нэхэмжлээд хохирлоо барагдуулбал гээд хүний сайхан сэтгэлээр ийм асуудал ярьсан. Би ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Би гомдолгүй гэдэг зүйлийг хэлж чадна. Миний хань сайхан чанартай байсан. Өөрийн ажлаар явж байсан бол яах вэ гэж бодно. Гэтэл өөрийн биш хүний ажлаар явж байгаад ийм байдалд хүрсэн. Мөнгө төгрөг олдохгүй байна, хэцүү байна гээд надад зовлон яриад байх юм. 15 сая төгрөг өгч чадахгүй тэр хүнээ эдэлдэг ялыг нь эдлүүлээд, явдаг газар нь явуулахгүй юу гэдэг асуудлыг удаа дараа ярьдаг.  Ингээд явж байхад энэ хүмүүс яагаад миний байдлыг ойлгож болдоггүй юм. Ах дүүс нь баримтгүй байж юм олж идэхгүй гэдэг асуудлаар надад хандаж байгаа учраас аргаа бараад өмгөөлөгч авч байгаа. Би гомдолгүй гэдгийг гэртээ сууж байгаад бичээд өгч чадна гэж хэлсэн. Өмгөөлөгч нь хүртэл гомдолгүй гээд бичээд өгчих дараа нь хохирлыг барагдуулъя гэж төөрөгдүүлж байхад миний охин байж байгаад би эцгийнхээ амь насыг алдаад сууж байхад ийм асуудал яриад явж байдаг. Шүүхэд ороод асуудал болоод гараад ирдэг. Энэ хүмүүс надад  ирээд зовлон яриад байх юм. Надад зовлон яриад яах юм. Надад ч гэсэн хүнд хэцүү байна. Энэ хүмүүс яагаад миний байдлыг ойлгож болдоггүй юм. Сэтгэл гаргаад хэдэн төгрөг өгөөд хохирлыг барагдуулаад өгөөч. Өөр хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Т.Өын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Би портер машинаа зарах зар тавьсан. Унаа тэргээ сайжруулах журмаар зарна гэсэн. Болдоо бид хоёр нэг нэгнийгээ сайн танина. Бид хоёр тохиролцсон. Хотод ангийн уулзалтад явсан араар ийм асуудал гарсан байсан. Бид хоёр уулзаж учраад өгч авах талаар тохироод одоо гомдол саналгүй байгаа. Машиныг 5 сая төгрөгөөр тохирсон. Ц.Баас 1 сая төгрөг авсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад миний гар утас руу манай хүргэн Баяртогтох нь 96168878 дугаараас залгаад аав аваарт орчихлоо. Та нар наашаа яаралтай гарах хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд Тайшир сумын Хуримт багийн нутагт байх Хүрэн харгана гэх нэртэй

 

 газраас хүргэн Батбаатарын хамт тухай осол болсон гэх газар руу гарсан. Би Ц.Бы эхнэр рүү залгаад юу болсон бэ гэж асуухад эхнэр нь Ц.Б ухаангүй байна, ямар газраар явуулчхав аа, манай нөхрийн мэдэхгүй газар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь манай хүн юу болсон бэ, хаана байна гэхэд эхнэр нь мэдэхгүй гээд утсаа тасалсан. Дахин залгахад Ц.Бы эхнэр нь бид нар 103-н эмчийг аваад гарлаа гэж хэлсэн. Бид нар тухайн осол болсон гэх газарт шөнийн 02 цагийн орчимд очсон. Тухайн үед цагдаа хэргийн газрын хамгаалалт авсан, ойртох боломжгүй гэж хэлсэн. Би тэгээд Бигэрийн дуудлагын машинтай сум руу яваад өглөө 07 цагийн үед осол болсон гэх газарт ирэхэд талийгаачийг тээвэрлээд аваад явсан байсан ба осол болсон гэх газарт машин нь байсан. Бид нар шууд аймгийн төв дээр орж ирсэн. Тэгээд шинжилгээнд орсон. ...Харин талийгаачийн оршуулгын зардалд гарсан зардлыг нэхэмжилнэ. Мөн буян ном хурах, энд тэндээс ирсэн ах, дүүс, хүүхдүүдийн зардлыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32/,

 

 

          Гэрч Б.Мн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш 17 цагийн үед талийгаач Нэргүй ах, манай аав бид 3 Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум руу мал угаалгын ажлаар явсан. Явахдаа 54-21 ГАҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр явсан. Манай аав Ц.Б жолоо барьж байсан. Би голд нь суугаад талийгаач миний баруун талд суугаад явж байсан. Тэгээд замдаа явж байгаад Хан-Алтайн даваа өгсөж байтал машин хүч алдаад зогссон, удалгүй араас жиптэй хэдэн залуучууд ирээд манай манай машиныг гаргаж өгсөн. гаргаж өгөөд тэр залуучууд 2 литрийн савлагаатай том пиво гаргаж ирсэн. Манай аав болон талийгаачид пивонаасаа хийж өгсөн. Тэр 2 амсаж байгаа харагдсан. Тэгээд бид нар цааш хөдлөөд даваа даваад доошоо уруудаад явж байтал манай аав машин тоормозгүй болчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед унтаж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин унаад өнхөрсөн байдалтай байж байсан. Би сэрээд талийгаачийн хүргэн рүү ярьсан. Тэр хүн “Хан-Алтай” руу дуудлага өгөөд “Хан-Алтай”-н эмч нар ирсэн. Машиныг манай аав Ц.Б жолоодож явсан. Би унтаж байсан болохоор км-ын заалтыг хараагүй. Тухайн өдөр бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин нөгөө залуучуудын задалж өгсөн пивонаас амсаж байгаа харагдсан. Миний толгойн зүүн талаараа бага зэрэг хагарсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Аймгийн төв дээр ирээд эмчид үзүүлсэн, гайгүй байна гэхээр нь тоолгүй орхисон. Эмч нь нүдээрээ хараад гайгүй юм байна гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36/,

 

        Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-н 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №91 дугаартай “...Ц.Бы цусанд шүүх химийн шинжилгээгээр 1,6 промилли спирт илэрлээ. Дээрх спиртийн зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 59-60/,

 

        Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №33 дугаартай “...Талийгаач нь үнхэлцэг хальсны урагдал, зүрхний хатгагдсан шарх гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас барсан байна. Талийгаачийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үед дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /ХХ-ийн 76-78/,

 

        2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-13/,

 

        2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 54-21 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 17-19/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээс дүгнэхэд талууд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал болон яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэл дээр маргахгүй  байна. Харин талууд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг дээр маргалдаж байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ц нь шүүгдэгч Ц.Баас  баримтаар 17.396.000 төгрөг болон өмгөөллийн хөлс 420.000 төгрөгийг нийт 17816000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүхээс дээрх хохирлын нотлох баримтуудыг үнэлж зарим нэхэмжлэлийг буюу тодруулбал: “Шинэ-Алтай” захын “Өргөө нутаг хоршоо”-с зан үйлтэй холбоотой арц, хадаг, номын хөнжил  зэрэг бүтээгдэхүүн авсан 3.006.500  баримт, “Шинэ-Алтай” захын бөөний төвөөс сүү, сахар, будаа, гоймон зэрэг эд зүйл авсан 390.000 төгрөг, шатахууны 20.000, 30.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, “Монгол Гоёл” дэлгүүрээс зан үйлтэй холбоотой торго, ямбуу, атлас зэргийг авсан 480.000 төгрөгийн баримт, иргэн Л.Ц-р хөшөө өлгий хийлгэсэн 3.000.000 төгрөг, нийт 6.926.500 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж хангаж шийдвэрлэлээ.

Харин 10.469.500 төгрөгийн баримтыг нэмэлт нотлох баримт шаардлагатай тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь “Органик хүнс” дэлгүүрээс авсан зарлагын баримтад Говь-Алтай аймгийн морин спорт уяачдын холбооны тамга дарагдсан, мөн бөөний үнээр авсан учир Е баримт өгөөгүй гэх боловч  “Сүндэр-Алтай”, “Их Наран” бөөний төв, “Цаглашгүй буянт”, “Утга-Уул” зэрэг дэлгүүрээс авсан зарлагын баримт дээр бичигдсэн үнэ нь өргөн хэрэглээний барааны зах зээл дээр жижиглэнгээр зарагддаг үнээс дээгүүр бичигдсэн байна. Тухайлбал өндөг 150 ширхэгийг авахад 700 төгрөгөөр буюу ширхэгийн үнээс дээгүүр үнэтэй бичигдсэн байх тул НӨАТ-ын баримттай байж нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогч Б.Ц нь өмгөөллийн хөлс 420.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь насанд хүрээгүй хохирогчийн өмгөөллийн хөлс биш байх тул  420.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний нэхэмжлэгчийн тухайд 1 сая төгрөгийг шүүгдэгч Ц.Баас авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Өөрсдөө хоорондоо тохирсон гэж байгаа учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэж байна.

Иймд шүүгдэгчээс 6.926.500 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэйгээс шүүх хуралдаанаас өмнө 5 сая төгрөгийг нэг удаа, 1 сая төгрөгийг нэг удаа, нийт 6 сая төгрөг төлсөн, шүүх хуралдаанаас завсарлага авч 930.000 төгрөг, нийт 6.930.000 төгрөгийг  хохирогч Б.Цэдмаад төлсөн учир нотлох баримтаар тогтоогдсон хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Цд нотлох баримтаар тогтоогдсон хохиролд 6.930.000 төгрөгийг төлсөн хэдий ч хохирогчийн гаргаж өгсөн зарим нотлох баримтуудыг шүүх хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн мөн  бусдын амь хохирсон байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Энэ хүний болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д  зааснаар ялыг оногдуулж ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

  Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Цд 6,930,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Өт 1,000,000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн 54-21 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Бд буцаан олгож, жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т овогт Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

5. Шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгч өөрчилж, цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ  өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.Цгийн нэхэмжилсэн 17,396,000 төгрөгийн нэхэмжлэлээс 6,926,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,469,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн хөлс болох 420,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

    7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Цд 6,930,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Өт 1,000,000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн 54-21 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Бд буцаан олгож, жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА