Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022            10              26                                                 2022/ШЦТ/430

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Хохирогч М.Г ,

Иргэний нэхэмжлэгч М.Ө ,

Шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х-н А т холбогдох эрүүгийн 2234004850398 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х-н А , 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ____, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэргийг хэрэгсэхгүй болгосон,

2.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ...регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч Х.А нь согтуурсан үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянголын ам" гэх газарт 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Тоёота Карина маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 18.3 дахь заалтыг зөрчиж жолоочийн нүд гялбасан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас урдаас ирж явсан жолооч М.Ө ын жолоодож явсан Тоёота Карина маркийн .. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, М.Ө ын тээврийн хэрэгслийн зорчигч М.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234004850398 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч М.Г ийн өгсөн: “Би 2022 оны 6-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн төвд байхад манай нутгийн Өнөржаргал ах хамт хөдөө Баянгол гэх газар нутаглаж байгаа найзындаа очиж ямаа авах гэсэн юм хамт явчхаад ирье гэхээр нь зөвшөөрөөд Өнөржаргал ахын .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад Хунтай нуурын зүүн талд 1 хүн алхаж яваад гар өргөхөөр нь зогсоход уурхай орох гэсэн юм суучих уу гэхээр нь машины хойд талд суулгасан. Тэгээд дээшээ Баянголын ам руу сайжруулсан замаар өгсөж явахад бага зэрэг тойруу хэсэгт өөдөөс цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай ирж яваа харагдсан. Тэгсэн тэр бага зэрэг тойруу газарт чигээрээ ирээд миний сууж явсан машины зүүн урд талаас мөргөөд зогссон ба би машинаас буухад миний сууж явсан машиныг .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Миний зүүн талын мөр хэсгээр өвдөөд хөдөлгөж болохгүй байсан. Тэгээд тэнд байж байгаад замын унаанд суугаад Хайлааст 3-р багийн төвд эмнэлэгт ирж үзүүлсэн. Би тэр машины жолооч залуутай уулзаагүй ба ганцаараа явж байгаа харагдсан. Өнөржаргал ах хэлэхдээ тэр машины жолооч залууг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байна гэж байсан. Өнөржаргал ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Өөдөөс ирж явсан .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний сууж явсан .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийг мөргөж мөргөлдсөн. Би осол болох үед жолоочийн хажуу талд урд талын суудал дээр сууж явсан ба миний зүүн талын мөр мултраад ясандаа гэмтсэн байна гэсэн, зүүн талын гуя хөхөрсөн, зүүн талын чих орчим шалбарсан шарх учирсан өөр гэмтэл байхгүй ба одоо гипсдүүлсэн эмчилгээ хийлгэж байгаа, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өмнө хойно машин явж байгаа харагдаагүй ба зам тээврийн осол хэргийг харсан хүн байхгүй байх. Тухайн үед цаг агаарын нөхцөл салхи тогтуун, нартай, цэлмэг, халуун хэвийн байсан. Миний сууж явсан ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл алсуур өгсүүр газар явж байсан ба их хурдтай бол биш дундын л хурдтай явж байсан би км/цагийн заалтыг нь хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Бага зэрэг эргэлттэй газар өөдөөс .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл ирж яваа харагддаг. Тэгээд л миний сууж явсан машины зүүн урд талаас ирээд мөргөөд зогссон их хурдан хугацаанд болж өнгөрсөн ба их л хурдтай ирэх шиг болсон. Өнөржаргал ах бид хоёр замаасаа зам дагаад алхаж байсан. Уурхайн ажилтан гэх 1 хүнийг машиндаа суулгаад хойд талд суугаад явж байсан өөр хүн байгаагүй. Тээврийн хэрэгсэлд сууж яваад зам тээврийн осол хэрэгт орж бэртэж одоог хүртэл ажил төрөл хийж чадахгүй байгаадаа гомдолтой байна. Гэм буруутай этгээдээс эм тариа эмчилгээний болон нааш цааш явсан зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 25-26, 37-38/

Гэрч П.Батсүхийн өгсөн: “Би “Бүрдэл Майнинг” ХХК-нд Кат-772 механик ажилтай ба амраад ажилдаа орохоор 2022 оны 6-р сарын 22-ны өдөр ажилдаа орохоор Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Хунтай нуур гэх газар замын унаагаар ирж буусан ба хариуцсан дарга руугаа утсаар ярихад урдаас чинь машин явуулъя гэж хэлсэн. Тэгээд урагшаа уурхай руугаа чиглээд явж байхад .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл яг ирээд зогсоод дөхүүлээд өгье гэхээр нь хойд талд нь ганцаараа суусан урд талд нь 1 эрэгтэй хүн байсан. Тэгээд урагшаа амаа өгсөөд сайжруулсан замаар явж байхад жолооч ах энэ сайжруулсан зам нарийхан эргэлт ихтэй зам байгаа юм гээд яриад явж байхад бага зэрэг эргэлттэй газар өөдөөс цагаан өнгийн Т.Карина маркийн машин ирж яваа харагдсан ба жолооч ах энэ их хурдтай явж байна даа гэж хэлтэл тэр цагаан өнгийн Т.Карина маркийн машин хурдтай урсгал сөрж ирээд миний сууж явсан .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийг ирээд мөргөөд зогссон би хэсэг хугацаанд манарсан байгаад машинаас буугаад сууж явсан. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч хоёрын биеийг асуухад жолоочийн толгой нь хагарсан цус гарч байсан, урд талд сууж явсан зорчигч залуу зүүн талын гараа бариад байсан. Тэгээд би ирж мөргөсөн цагаан өнгийн Т.Карина машин дээр очиход жолооч нь ганцаараа байсан ба толгойны духны хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд 1 машин ирээд цагдаа, эмнэлэгт хэлье гээд явсан дараа нь байж байгаад 1 машин ирээд миний сууж явсан машины жолооч, зорчигч 2 эмнэлэг явлаа гээд суугаад явсан ба удалгүй манай ажлын намайг авахаар явуулсан машин хүрээд ирэхээр нь ирж мөргөсөн цагаан өнгийн Т.Карина машины жолоочийг явъя гэхэд явахгүй байсан тэгэхлээр нь би ажил дээрээ очоод даргад хэлчхээд буцаад ирье гээд ажлын машиндаа суугаад ажил руугаа явсан ажил дээрээ очиж даргатайгаа уулзчихаад буцаад хэргийн газар ирэхэд цагдаа, эмч нар ирсэн байсан юм. Миний сууж явсан .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийн жолооч ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба харин ирж мөргөж мөргөлдсөн цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой согтуу байсан өөрөөс нь чи архи уусан юм уу гэсэн тиймээ архи уусан гэж хэлж байсан. Би км/цагийн хурдны заалтыг нь хараагүй ба багцаагаар 40-50 орчим км/цагийн хурдтай явж байсан ер нь аажуухан явж байсан жолооч ах өөрөө энэ эргэлт ихтэй, нарийхан эвгүй зам гээд яриад явж байсан юм. Өөдөөс ирж явсан 70-26 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай орж ирсэн ба миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч энэ машин их хурдтай эвгүй ороод ирлээдээ гэж хэлээд ирээд мөргөсөн тэр цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл хурдтай урсгал сөрж орж ирээд миний машиныг мөргөж мөргөлдсөн. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй ба шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй хойд талд сууж явсан учраас зүгээр байна. Өмнө хойно машин явж байгаагүй ба зам тээврийн осол хэргийг харсан хүн байхгүй байх. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал салхи тогтуун, нартай, цэлмэг хэвийн байсан. Би замын унаанаас буухад 17 цаг 20 минут болж байсан тэгээд урагшаа алхаж байгаад тухайн машинд суугаад явж байсан гэхээр 17 цаг 40 минутын орчим уг зам тээврийн осол хэрэг гарсан байх. Би суугаад явж байхад ямар нэгэн дуу чимээ байхгүй бүрэн бүтэн байдал нь хэвийн байсан ба би суугаад явж байхдаа дуу чимээ багатай машин байна даа гэж бодож байсан бөгөөд би уг машинд суугаад 2 км орчим яваад зам тээврийн осол хэрэг болсон.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Иргэний нэхэмжлэгч М.Ө ын өгсөн: “Би 2022 оны 6-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Баянгол гэх газар нутаглаж байгаа найзындаа очиж ямаа авах гээд өөрийнхөө .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэлтэй хуурай дүү Ганзоригийн хамт явж байхад Хунтай нуурын зүүн талд 1 хүн алхаж яваад гар өргөхөөр нь зогсоход уурхай орох гэсэн юм суучих уу гэхээр нь суу суу гээд машины хойд талд суулгасан тэгээд дээшээ Баянголын амруу сайжруулсан замаар өгсөж явахад бага зэрэг тойруу хэсэг өөдөөс цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай ирж яваа харагдсан тэгсэн тэр бага зэрэг тойруу газар дараад зөрөөд гарахгүй чигээрээ давхиж ирээд миний машины зүүн урд талаас мөргөөд зогссон тухайн үед миний машины ослын дэр гараад би хэсэг хугацаанд юу болсон хаана явж байгаагаа мэдэхгүй манарч байгаад гайгүй болоод хажууд урд сууж явсан Ганзоригийг асуухад зүүн талын гараа бариад ёолоод байсан хойд талд сууж явсан замаас суусан танихгүй залуу зүгээр байсан, миний машиныг мөргөсөн .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийн жолооч танихгүй залуутай очиж уулзахад ганцаараа явж байсан ба яачхав аа гэхэд өөдөөс нар гялбаад юу ч харсангүй гэж хэлж байсан ба чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу гэхэд тиймээ би уучихсан гэж хэлж байсан. Тэгээд Ганзориг бид 2 замын унаанд суугаад Заамар сумын Хайлааст 3-р багийн төв рүү эмнэлэг рүү явж байхад замд цагдаа, эмч нар явж байхтай тааралдаад Ганзоригийг явуулаад би буцаад цагдаа, эмч нартай хамт хэргийн газар ирээд хэргийн газрын үзлэгт оролцсон юм. Би багцаагаар 40 орчим км/цагийн хурдтай л явж байсан. Миний өөдөөс ирж явсан .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийг мөргөж мөргөлдсөн. Миний толгой хагарсан 3 оёдол тавиулж боолт хийлгэсэн, шүүх эмнэлэгт үзүүлэх гэхээр явж чадахгүй болоод байна эндээ эмчид үзүүлээд тодорхойлолтоор дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Өмнө хойно машин явж байгаагүй ба зам тээврийн осол хэргийг харсан хүн байхгүй байх. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал салхи тогтуун, нартай, цэлмэг хэвийн байсан ба өөдөөс ирж мөргөлдсөн машины жолооч наранд гялбуулсан байх боломжтой юм. Тухайн үед 17 цаг өнгөрч байсан яг нарийн минутыг нь мэдэхгүй байна. Миний .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан ба уг тээврийн хэрэгслийг би 2 жилийн өмнө Отгонсүрэн гэж хүнээс 4 сая төгрөгөөр худалдаж авсан ба уг тээврийн хэрэгсэл Отгонсүрэнгийн төрсөн дүү Отгонбаяр гэж хүний нэр дээр байдаг юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч С.Батсайханы өгсөн: “Намайг 2022 оны 6-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвд хашаандаа хажуу айлын Буурай гэж хүний хамт том машинд засвар хийгээд байж байхад Заамар сумын танил А гэж залуу 70-26 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа Улаанбаатар хотоос ирлээ гээд ирсэн ба тэгээд 2.5 литрийн нийслэл пиво байна уух уу гэхээр нь тэгье гээд тэгээд тэр пивыг миний янзалж байсан том машины хажууд гадаа сууцгаагаад задлаад Буурай, А бид з хувааж уусан тухайн үед өдөр 13 цагийн орчим болж байсан ба уг пивыг уугаад 30 минут орчим болоод А уурхайгаас ажил нь дуудаад байна ажил руугаа явлаа гээд яваад өгсөн Буурай бид 2 машинаа засаж янзалж үлдсэн юм. Би өөрийнхөө Хово маркийн машиныг Х.А гэж залуугаар цалинжуулж жолоодуулдаг байсан юм тэгээд танина. Х.А нь манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба манайхаас явахдаа мөн адил согтсон зүйл байхгүй ажлаас дуудаад гээд яараад явсан юм. Х.А нь Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Баянгол гэх газар бичил уурхайд ажиллаж байгаа гэсэн ба ажлаас дуудаад байна гээд яараад машинаа унаад манай хашаанаас гараад явсан хаашаа явсныг нь хараагүй мэдэхгүй байна. Пивоноос уусан тэгэхдээ согтсон зүйл байхгүй зүгээр байсан ба өөрөө ч Улаанбаатар хотоос ирлээ ажил руугаа явлаа гээд яваад өгсөн юм. Х.Аийн унаж явсан .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч Д.Сүрэнжавын өгсөн: “Би 2022 оны 4-р сарын эхээр Төв аймгийн Заамар сумын төвд байдаг Баянмөнх гэж хүнээс .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан ба тэгээд унаж байгаад 2022 оны 05-р сарын 28-ны үеэр Заамар сумын Х.А гэж залууд 18 тооны ишигтэй ямаагаар зарсан юм, би Баянмөнх гэж хүнээс уг тээврийн хэрэгслийг худалдаж авахад Оргодол овогтой Өлзийбаяр гэж хүний нэр дээр байсан ба Баянмөнх нь тэр О.Өлзийбаяр гэж хүнээ таньдаг тул Улаанбаатар хот орохоороо нэрээ шилжүүлээд авчих гэж хэлж байсан тэгээд би нэрээ шилжүүлж амжаагүй унаж байгаад Х.Ат зарчихсан юм. О.Өлзийбаяр гэж хүн нь 89867004 дугаарын утастай Улаанбаатар хотод байдаг гэсэн. Би Баянмөнхөд тохиролцсон 2 800 000 төгрөгийг өгөөд машиныг аваад унаж байгаад Ат зарсан А нь надад тохиролцсон 18 тооны ишигтэй ямаагаа тоо толгойгоор нь өгсөн тул бид нарын хооронд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн өр төлбөр байхгүй юм. Х.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар мэдэхгүй байна урьд нь бас өөр Т.Карина маркийн тээврийн хэрэгсэлтэй тэр машинтайгаа яваад байдаг байсан ба тэр машинаа зарчихсан байж байгаад миний .. ... улсын дугаартай, цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм. Миний зарсан Х.Аийн унаж явсан .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн зүгээр байсан, ямар нэгэн асуудалтай зүйл байгаагүй. Үйлдвэрлэсэн болон Монгол улсад орж ирсэн он нь хөгшин удсан болохоор хямдхан зарагдаад байсан юм.” гэх мэдүүлэг /хх 42/,

Гэрч О.Өлзийбаярын өгсөн: “Би тухайн тээрийн хэрэгслийг анх 2021 оны 4 дүгээр сард 2 800 000 төгрөгөөр худалдаж аваад унаж байгаад 2022 оны 01-р сарын сүүлээр мөнгөний хэрэг болоод танихгүй хүнд 2 200 000 төгрөгөөр зарсан ба тухайн үед фейсбүүкэд зар оруулсан байсан чинь танихгүй хүн ирж үзээд худалдаж аваад мөнгөө бүрэн өгөөд нэрээ Улаанбаатар хотод ирэхдээ цагаан сарын дараа уулзаад шилжүүлье гээд таг болсон. Би дараа нь утас руу нь залгаад холбогдох боломжгүй гэдэг байсан бөгөөд уг машиныг аль аймаг суманд унахаа хэлээгүй, хот хөдөөгийн дунд унана гэж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн 2 200 000 төгрөгийг надад бүрэн төлж машиныг авч явсан ба надад уг машинтай холбоотой санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Нэр нь миний нэр дээр боловч миний машин биш.” гэх мэдүүлэг /хх 44-45/,

  Шүүгдэгч Х.Аийн өгсөн: “Би 2022 оны 6-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын төвд хуурай ах Батсайхан гэж ахын хашаанд очоод 2.5 литрийн савтай Нийслэл пивыг 94966566 дугаарын утастай Батсайхан ах болон хөрш Буурай гэж ах нарын хамт хувааж ууж дуусгаад өдөр цагийг санахгүй байна Батсайхан ахын хашаанаас шууд хөдөө Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Баянгол гэх газар үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхай руу ажил руугаа өөрийнхөө .. ... улсын дугаартай цагаан өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа явсан ба хойшоо даваад уруудаад явж байгаад Баянголын ам гэх газар сайжруулсан замаар явж байхад бага зэрэг эргэлттэй газар өөдөөс нар тусаад гялбаад байсан тэгсэн өөдөөс машин гараад ирэхээр нь сандарсандаа рүлээ баруун, зүүн тал руугаа даралгүй тоормосоо гишгэсээр байгаад чигээрээ очоод өөдөөс гарч ирсэн машиныг мөргөж ослын дэр гарч ирээд зогссон ба ослын дараа миний мөргөлдсөн .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслээс 3 хүн бууж ирээд байж байгаад жолооч, зорчигч хоёрыг нь замын унаанд суулгаад Заамар сумын Хайлааст 3-р багийн төв рүү замын унаанд суулгаад явуулсан ба цагдаа, эмнэлэгт мэдэгдье гээд явсан. Үлдсэн 1 хүн нь ажил руугаа явлаа гээд явсан. Би тэгээд 2 машинаа хараад хэргийн газраа байж байхад цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн. Би хурдныхаа заалтыг нарийн хараагүй ба 50-60 орчим км/цагийн хурдтай явж байсан. Миний өөдөөс нар гялбасан ба тэгсэн машин гараад ирэхээр нь сандарсандаа тоормосоо гишгэсэн чинь тэр чигээрээ яваад эсрэг урсгалдаа ороод өөдөөс ирж явсан .. ... улсын дугаартай хөх өнгийн Т.Карина маркийн тээврийн хэрэгслийг мөргөж мөргөлдсөн. Миний толгой хагарсан боолт хийлгэсэн, зүүн мөр хэсэгт их өвчтэй байна, миний буруугаас болж уг зам тээврийн осол хэрэг гарсан учир шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Өмнө хойно машин явж байгаагүй ба зам тээврийн осол хэргийг харсан хүн байхгүй байх. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал салхи тогтуун, нартай, цэлмэг хэвийн байсан. Миний 70-26 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Т.Карика маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан ба уг тээврийн хэрэгслийг би Заамар сумын таньдаг ах 99979160 утасны дугаартай Сүрэнжав гэж ахаас 18 ишигтэй ямаагаар буюу 3 сая төгрөгт бодож худалдаж авсан нэрээ шилжүүлээгүй байгаа ба дараа нь нэрээ шилжүүлье гэж тохирсон байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд халамцуу л байсан ба нээх их согтсон зүйл байгаагүй, ажил руугаа очиж ажлаа хийх шаардлагатай болоод тэгээд пиво уусан халамцуу үедээ тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан юм миний буруу. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй ба В ангилалтай. 2016 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаад тэгээд Емонголиа цахимаар үнэмлэх захиалсан боловч ирээгүй байгаа.

Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх М.Хэрлэнчимэгийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2234004850398 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 1990 онд айлын 2 дэх хүүхэд болж төрсөн бөгөөд дээрээ 1 ахтай, доороо 1 дүүтэй, эхээс 3-уулаа. Бага насаа Төв аймгийн Заамар суманд ээж, аавын хамт өссөн. 1999 онд Төв аймгийн Заамар суманд Ерөнхий боловсролын сургуульд орж 1 дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Би Төв аймгийн Заамар суманд 2005 онд эхнэр Цэндпагматай танилцаад 2007 онд гэр бүл болоод одоог хүртэл 5 хүүхэдтэй болсон. Би одоогоор Төв аймгийн Заамар сумын "Заамар хөгжил" төрийн өмчит компанид жолоочоор ажиллаж байна.” гэх мэдүүлэг /хх 31-32, 102/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9087 дугаартай шинжээчийн “1.М.Г ийн биед зүүн бугалганы дээд булууны их төвгөр дайрсан зөрүүтэй далд хугарал, зүүн мөрний үений мултрал, зүүн шанаанд зулгаралт, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 49/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3383 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.Шинжилгээнд ирүүлсэн “ХА 33/эр VI/22 гэж хаягласан цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн. 2.Цусанд илэрсэн 1,6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх /хх 56-57/,

             “ВЕНДО” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 25-ны дрийн №39964 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “... улсын дугаартай “Toyota carina маркийн тээврийн хэрэгсэлд 2 496 400 /хоёр сая дөрвөн зуун ерөн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан” гэх /хх 73-74/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 22/65 дугаартай дүгнэлт: “1.Toyota Carina маркийн .. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" мөн дүрмийн 18.3. "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Carina маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ө ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийн 1-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 3.Хавтаст хэргийн материалтай танилцахад Toyota Carina маркийн 70-26 УБУ улсын дугаартай, Toyota Carina маркийн .. ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4.Уг зам тээврийн осол, хэрэг гарахад замын болон бусад байдал нөлөөлөөгүй. 5.Энэхүү дүгнэлтийн 1-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 6.Нэмж тусгах санал үгүй.” гэх /хх 87-88/,

Хэргийн газрын үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/, .. ... улсын дугаартай Toyota Carina маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16/, ... улсын дугаартай Toyota Carina маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234004850398 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

  

         Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

           Иймд шүүгдэгч Х.Аийг согтуугаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." мөн дүрмийн 18.3. "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд 2 496 400 төгрөгийн хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

           Шүүгдэгч Х.Аийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

          Иймд шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн саналыг дэмжиж санал гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс уг ялын саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А нь иргэний нэхэмжлэгч М.Ө д учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа боловч хохирлыг хэрхэн яаж нөхөн төлөх тодорхойгүй, түүний хувийн байдалтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч М.Ө ын ... улсын дугаартай Toyota Carina маркийн тээврийн тээврийн хэрэгсэлд 2 496 400 төгрөгийг хохирол тус тус учирсан бөгөөд,

            Хохирогч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт 1 500 000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд нотлох баримтаар 587 150 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэнийг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлсөн,

            иргэний нэхэмжлэгч М.Ө ын тээврийн хэрэгсэлд учирсан 2 496 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэснийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.  

 

            Эрүүгийн 2234004850398 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                

1.Шүүгдэгч Х-н А ийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Заамар сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Х.Ат оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аээс 2 496 400 /хоёр сая дөрвөн зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж ___ тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч М.Ө  /РД:МИ76072611/-д олгосугай.

 

 8.Эрүүгийн 2234004850398 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

    9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ