| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0000/Э |
| Дугаар | 013 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 013
Х.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЗ/146 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Х.М нарт холбогдох эрүүгийн 1913001290095 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, прокурор М.Фарида нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, С.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1989 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл-2, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөсөн, хэрэг хариуцах чадвартай, Х.М
Шүүгдэгч Х., С.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.А-ний хашаанд байсан “Daewoo” маркийн ачааны автомашинаас 165 амперийн аккумляторыг, мөн өдрийн 22 цагийн орчимд 120 амперийн аккумляторыг тус тус хулгайлан авч бусдад зарж борлуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЗ/146 дугаар үүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Х.М нарт холбогдох эрүүгийн 1913001290095 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаасугай.” гэж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэлд: “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Аймгийн Прокурорын газраас Х.М, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” хэргүүдийн ангилалд хамруулсан байгаа. Уг журмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргаж шийдвэрлэхийг тусгаж өгөөгүй. Мөн хавтаст хэргийн 19-23 дугаар хуудаст байгаа хохирогч Х.А-ын “цаашид хулгай хийсэн гэх 2 залууд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогчоос гаргаж өгсөн “санал, гомдол хүсэлт байхгүй” гэх баримт, яллагдагч Х.М, С.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хохирлоо бүрэн барагдуулж өгсөн болон ямар нэгэн гомдол саналгүй болохыг илэрхийлсэн байдаг. Хохирол төлөгдсөн байдал болон ямар нэгэн гомдол саналгүй болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэж байна. Хэрэв шүүгч гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирлыг төлсөн эсэхэд эргэлзэж байвал шүүх хуралдааны үеэр нөхөн гүйцэтгэх боломжтой байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч нар хүсэлтээсээ татгалзаагүй талаар мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүгдийг нь хангасан талаар мэдүүлсэн байхад хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан гэж дүгнэж байна.
Харин яллагдагч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Энэ гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн” эсэхийг шалгах үндэслэл нь шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед хэргийг буцаах үндэслэлд байхгүй зөвхөн хохирогчийн баталгаанд хоорондоо эвлэрсэн гэх үг оруулаагүй, шүүгдэгчийн хүсэлтийг хэрэгтэй танилцах тэмдэглэлээс гадна бичгийн цаасанд тусдаа бичүүлээгүй байна гэх үндэслэлээр буцаасан байсан боловч уг үндэслэлийг хэргийг буцаах захирамжид нэмж тусгаж ирүүлсэн байна.
Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад тусгасан хуулийн зүйл заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь: “ Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах үндэслэл болгож заасныг шүүгч буруугаар ойлгож хялбаршуулсан журмаар явуулсан хэргийг буцаах үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд С.Б, Х.М нарт холбогдох Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЗ/146 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Х.М, С.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух иргэн Х.А-ын хашаанд байсан “Daewoo” маркийн ачааны автомашинаас 165 амперийн аккумляторыг, мөн өдрийн 22 цагийн орчимд 120 амперийн аккумляторыг тус тус хулгайлан авч бусдад зарж борлуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос яллагдагч Х.М, С.Б нарт холбогдох хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 80 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5/47 дугаартай прокурорын тогтоолоор “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай”, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5/48 дугаартай прокурорын саналаар “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Прокурор нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 80 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр /хавтаст хэргийн материал танилцуулах тухай тэмдэглэл дээр/ гаргасан байхад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” санал болон яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсоныг хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхээр хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгч нарын саналыг 20 хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 27, 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн зарим хэсэг нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Х.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.
Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.М, С.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь тохироогүй байна. Учир нь яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байх боловч шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай шалгаж тогтоосны дараа шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна.
Яллагдагч С.Бы 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэгт “2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз болох М бид хоёр түүний танил болох А-ны хашаанаас автомашин гаргаж авахаар очсон. Тэгэхэд уг хашаанд том оврын ачааны тээврийн хэрэгсэл байсан ба уг машинд 2 ширхэг аккумлятор байсан. Тэгээд М бид хоёр хашаанаас автомашин гаргаж аваад явсан.
Ингээд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг өнгөрч байхад М бид хоёр уулзаж А-ны хашаанд байсан том оврын автомашинаас аккумлятор авахаар ярилцаж, хоёулаа 16 цагийн үед А-ны хашаанд байсан автомашинаас 1 ширхэг аккумлятор аваад, ... тус өдөр орой 23 цаг болж байхад тэдний хашаанд байсан үлдсэн нэг ширхэг аккумляторыг авсан. ... Мын ах болох Уатханы “Ехсел” маркийн машинаар явж байсан” гэж мэдүүлсэн байна.
Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийн материалтай танилцуулах үед яллагдагч, өмгөөлөгч нараас “хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү” хэмээн дурдсаныг үндэслэн прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт нь алдаатай болжээ.
Хавтаст хэргийн 108 дугаар хуудаст яллагдагч С.Б, Х.М нарт хавтаст хэргийн материалыг танилцуулах шатанд “хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргаж болно” гэсэн заалттай нийцэж байна.
Прокурорын эсэргүүцлийн “хохирол төлөгдсөн байдал болон ямар нэгэн гомдол, саналгүй болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэж байна.” гэсэн нь үндэслэл бүхий байна.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан байх, ингэхдээ хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргах хэдий ч энэхүү байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тодруулах бүрэн боломжтой байжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЗ/146 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/07 дугаартай прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ