| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2020/0795/З |
| Дугаар | 128/ШШ2021/0648 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2021/0648
128/ШШ2021/0648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.А
Хариуцагч: СХДЗД
Хариуцагч: СХДГЗБА
Нэхэмжлэлийн шаардлага: О.А-ийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан “ЦА”ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн *** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, О.А-ийн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу,О.А-д газар эзэмших гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа, нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.А, гуравдагч этгээд “НТФ” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээд “ЦА”ХХК-ийн төлөөлөгч Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.А нь СХД-ийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 09 сарын 12-ны өдөр “ЦА”ХХК-ийн эзэмшилд байгаа СХД-ийн 1-р хорооны Баянголын аманд байрлах, нэгж талбарын ******** дугаар бүхий 10.300 м.кв газрын газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасан байдаг, газар зохион байгуулалтын албанаас О.А уг газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас битүүмжлэгдээгүй, улсын бүртгэлд барьцаалагдсан ямар нэг асуудал байхгүй газрын эрх шилжүүлэхэд харшлах зүйл байхгүй байна, иймээс таны нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэхэд бүрэн боломжтой, та газар эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай 16 баримтыг бүрдүүлээд ир гэсэн тул, О.А нь дээрх баримтыг бүрдүүлэн 3 хоногийн дараа дахин газар зохион байгуулалтын албанд очиход газар зохион байгуулалтын албанаас таны шилжүүлэн авах гэж байгаа газар, газрын төлбөр 5,253,000 төгрөг төлөгдөөгүй, мөн давхцал байгаа тул та дээрхи төлбөрийг төлөөд, давхцал байгаа газрыг тухайн газраасаа хасуулж газрын доголдлыг арилгаж, уг газрын дээрхи зөрчлийг арилгасантай холбоотой газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбоотой гэрээний биелэлтийг хангуулсан захирамж гаргуулах хүсэлтийн хамт газрын эрх шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон бусад баримтаа бүрдүүлэн өг гэсний дагуу О.А 2019 оны 10 сарын 17-нд газар зохион байгуулалтын албанаас шаардсан газрын төлбөр 5,253,000 төгрөгийг өөрөөсөө төлж, уг газраас давхцаж байгаа гэх 400 м.кв газрыг уг газраас шууд хасуулж, үүнтэй холбоотой шинээр кадастрын зураг гаргуулж, уг газартай холбоотой газрын бүх зөрчлийг арилгаж, дээрхи зөрчлийг арилгасан тул уг газрыг “ЦА”ХХК-д гэрээний биелэлтийг хангасантай холбоотой хүсэлтийн хамт газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг өгсөн байдаг.
О.А газрын албанд хүсэлт өгснөөс хоёр сар, зургаа хоногийн дараа буюу 2019 оны 12 сарын 23-нд СХД-ийн газар зохион байгуулалтын албанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц******* констракшн-ны эзэмшилд газар байгаа эсэх, хэрвээ байгаа бол захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай лавлагаа ирсэн байдаг. Энэ хугацаанд газар зохион байгуулалтын алба цаг хугацаанд нь газар эзэмших эрх О.А-ийн нэр дээр шилжүүлэх захирамж гаргуулах бэлтгэл ажиллагааг цаг тухайд нь хийгээгүйн улмаас О.А-д уг газрын эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, О.Ад газар зохион байгуулалтын албанаас уг газар таны нэр дээр шилжих бүрэн боломжтой, бид хүсэлтийг чинь аваад хуулийн хугацаанд нь шилжүүлээд өгнө гэсэн тул О.А, Ц******* констракшн-д газрын эрх шилжүүлэн авсны төлбөр төлөх болон уг газар дээр бүтээн байгуулалтын ажил хийж, газрын суурь төлбөрийг төлсөн байдаг \нийтдээ 145 сая төгрөг зарцуулсан байдаг.
Иймээс газар зохион байгуулалтын алба цаг хугацаанд нь газар эзэмшүүлэх эрх О.А-ийн нэр дээр шилжүүлэх бэлтгэл ажиллагааг хуулинд заасан цаг хугацаанд нь хийгээгүй СХД-ийн Газар зохион байгуулалтын энэ эс үйлдэл хууль бус болохыг тогтоож өгнө үү.
2. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 17/246 дугаартай “ЦА”ХХК-ийн
газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн захиргааны акт гарсан байдаг, энэ акт нь Захиргааны хуулийн 37-р зүйлийн 37.1 заасан захиргааны акт шинжийг агуулсан боловч уг акт нь Газрын тухай хууль-ийн 23.4 зүйлд заасан дүүргийн газрын албаны эрх хэмжээ олгогдоогүй тодруулбал хуулиар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүн, хуулийн этгээдийн эзэмшлийн газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх эрх олгогдоогүй байхад хуулинд байхгүй эрхийг хэрэгжүүлж байгаагаараа хууль бус акт болох нь тогтоогддог, мөн энэ акт нь О.А-ийн “ЦА”ХХК-ийн эрх шилжүүлэн авах эрхийг хөндөж байгаа тул 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны *** дугаартай актын хууль хүчингүй болгож өгнө үү.
3. О.А нь 2019 оны 10 сарын 17-ны өдөр СХД-ийн Газар зохион байгуулалтын албанд Ц ХХК-ийн эзэмшилд байгаа СХД-ийн **-р хорооны Баянголын аманд байрлах, нэгж талбарын ********* дугаар бүхий 10.300 м.кв газрын газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргахдаа Газрын тухай хууль-ийн 31, 32 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, газар зохион байгуулалтын албаны өөрсдийнх нь шаардсан бүрдүүлбэр хангасан баримт бүрдүүлж өгсөн боловч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны цаг тухайд нь газрын эрх шилжүүлэх бэлтгэл ажлыг хийгээгүй эс үйлдлийн улмаас О.А нь газар эзэмших эрхээ өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байх тул О.А-ийн газрын эрх өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу О.А-д СХД-ийн **-р хорооны Баянголын аманд байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 10.300 м.кв газрын газар эзэмших эрхийг О.А-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн О.А-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3-д албан татвар, хураамж төлсөн тухай баримт. 38.2.4. татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт. 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:, 38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2. Шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэж тус тус зааснаар хүсэлт гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаагүй байж захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Ц ХХК-ны газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн *** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах хоёрдугаар шаардлагын тухайд:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4\29824 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дугаар захирамжаар Ц******* ХХК-аас 62,208,355 төгрөгийг гаргуулж, “НК”ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц ХХК /РД:*****/-ийн эзэмшилд газар бүртгэлтэй эсэхийг тодруулж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хариу ирүүлнэ үү гэснийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын нэгдсэн Лэнд менежер программд Ц ХХК-ны нэр дээрх *** нэгж талбарын дугаар бүхий нэгж талбарын газрын захиран зарцуулах эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн гэж бүртгэл хийсэн бөгөөд хариуг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр **** дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг болно.
Тус 17/246 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана., 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:, 40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх, 40.2.2-т захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл:, 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах:, 40.2.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах:, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 40.3-д Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана., 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй бөгөөд Газар зохион байгуулалтын албанаас хуульд заасан захиргааны акт гаргаагүй болно.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу гаргаагүй нь газар зохион байгуулалтын албанаас шүүхэд гаргаж өгсөн баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.
Дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан зүйлгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн О.А-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт. 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт. 38.3.Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2.Шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зааснаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй болно.
Газар эзэмшигч Ц ХХК газар эзэмших эрхийн хугацааны төлбөр төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, газрын кадастрын эргэлтийн цэг бусдын үл хөдлөх обьектыг дайран өнгөрсөн зэрэг зөрчилтэй байсан.
Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаагүй байж захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Ц ХХК-ны газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 17/246 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах хоёрдугаар шаардлагын тухайд:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4/29824 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар **** ХХК-иас 62,208,355 төгрөгийг гаргуулж “НК”ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц ХХК-ний эзэмшилд газар бүртгэлтэй эсэхийг тодруулж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү гэсний дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын нэгдсэн Лэнд менежер программд Ц ХХК-ны нэр дээрх *** нэгж талбарын дугаар бүхий нэгж талбарын захиран зарцуулах эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн гэж бүртгэл хийсэн бөгөөд хариуг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг болно.
Тус 17/246 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана., 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараахь шаардлагыг хангасан байна:, 40.2.1-д захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;, 40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл; 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.2.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах;, 40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах. 40.3.Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана. 40.4.Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй бөгөөд Газар зохион байгуулалтын албанаас хуульд заасан захиргааны акт гаргаагүй болно.
Дүүргийн Засаг дарга дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан зүйлгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр нэмэгдүүлэн тодруулахдаа:
1. О.А Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
2. 2020 оны 01 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан Ц ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн *** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, 3. О.А-ийн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу, О.А газар эзэмших гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд 1, 3 дугаар нэхэмжлэлийн шаардлага нь дүүргийн Засаг даргад холбогдох, 2 дугаар нэхэмжлэлийн шаардлага нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэж нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчаа тодорхойлсон болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
О.А-ийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох болон 2020 оны 01 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан Ц ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн *** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Ц ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 14 тоот захирамжаар тус дүүргийн 34-р хороо /хуучнаар 1-р хороо/, Баянголын аманд 10,255 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
О.А нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ц ХХК-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын аманд байрлах 10,300 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:, 38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;, 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй эсэх, талуудын гаргасан хүсэлт хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хүсэлтдээ хавсаргавал зохих баримтуудыг гүйцэт бүрдүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг шалгаж тодруулах нь Засаг даргын эрх хэмжээний асуудал байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлдээ 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, газраа өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл дүүргийн Газрын албанаас уг газар нь өмнөх кадастрын зураг давхцал үүссэн зөрүүтэй байгаа тул газрын давхцалыг гарга гэсний дагуу газрын хэмжээг 9,857 м.кв болгон багасгасан, ... “ЦА”ХХК-ийн газрын хэмжээний өөрчлөлтийн Засаг даргын захирамж гарсны дараа таны нэр дээр шилжиж хөдөлгөөн хийх бүрэн боломжтой гэж хариу өгсөн гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсаныг судлан, материалын бүрдлийг хангуулах, газар эзэмшигч Ц ХХК нь эргэлтийн цэгийн дагуу хашаа бариагүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зураг хажуу талын газар эзэмшигчийн газар дээгүүр давхацсан байдалтай, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон зэрэг зөрчлүүдийг шийдвэрлүүлсний дараагаар газар эзэмших гэрчилгээг боломжтой талаар мэдэгдсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
“ЦА”ХХК нь газрын талбайн хэмжээг 9857 м.кв талбай болгож өөрчлүүлэх хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх “ЦА”ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/679 дүгээр захирамж гарч тус компанийн газрын талбайн хэмжээ 9857 м.кв болж өөрчлөгдсөн байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/29824 тоот Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан албан бичигт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар “ЦА”ХХК-аас 62.208.355 төгрөгийг гаргуулж “НК”ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “ЦА”ХХК /РД:***/-ийн эзэмшилд газар бүртгэлтэй эсэхийг тодруулж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү... гэсэн байна.
Энэхүү Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот албан бичгийн хариуг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар албан бичгээр өгсөн байх ба уг албан бичигт Сонгинохайрхан дүүргийн кадастрын зургийн Ланд менежер программын нэгдсэн мэдээллийн санд тус дүүргийн 34 дүгээр хороо Баянголын аманд байрлах “ЦА”ХХК /РД:*****/-ийн *** нэгж талбар бүхий, 10,398 м.кв газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэв гэсэн байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.А-д газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээс өмнө газар эзэмшигч “ЦА”ХХК-д газар эзэмшүүлэх гэрээний буюу гэрчилгээний хугацаа дууссан, мөн эргэлтийн цэгийн дагуу хашаа бариагүй, бусад этгээдийн газартай тодорхой хэмжээгээр давхацсан зэрэг зөрчлүүдийг арилгаж, “ЦА”ХХК-ийн газрын талбайн хэмжээг багасгах асуудлыг шийдвэрлэсний дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.
Мөн “ЦА”ХХК-ийн хүсэлтээр газрын давхцалыг буюу газрын хэмжээг багасгах асуудлыг хянан шийдвэрлэх явцад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн **** тоот албан бичгийг ирүүлж, уг албан бичгийн дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаар албан бичиг гарч маргаан бүхий газрын захиран зарцуулах эрхийг мэдээллийн санд түдгэлзүүлэн бүртгэсэн талаар мэдэгдсэн зэрэг үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээр тайлбарласан нөхцөл байдал, үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг хариуцагч гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээр тайлбарласан тодорхой шалтгаануудын улмаас газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх асуудлыг хариуцагч тухайн үед шийдвэрлээгүй байх тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч О.А нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, тухайн үедээ газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг бичгээр гаргасан гэж тайлбарладаг боловч уг хүсэлтийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, “ЦА”ХХК-ийн газрын хувийн хэрэг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж хийсэн шүүхийн бичиг баримтын үзлэг /тус үзлэгээр 2019 оны өргөдөл бүртгэлийн дэвтэр, өргөдөл, гомдлын цахим системд үзлэг хийхэд 2019 онд О.А-аас гаргасан өргөдөл, хүсэлт бүртгэгдээгүй, байхгүй байсан ба харин түүний 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт бүртгэгдэж хадгалагдсан байв/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд О.А 2019 онд газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг бичгээр гаргаж байсан болох нь нотлогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, ... гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч О.А нь 2019 онд газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг бичгээр гаргаж байсан болох нь нотлогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд ... гэж заасан хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байна.
Мөн дээрх үйл баримтуудаас үзэхэд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/29824 тоот албан бичиг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирсний дагуу уг албан бичигт үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17/246 дугаар албан бичиг гарсан байх тул тус 17/246 дугаар албан бичгийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр О.А-ийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох болон 2020 оны 01 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан “ЦА”ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн *** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
О.А-ийн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу, О.А- д газар эзэмших гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх нэхэмжлэлийн 1, 2 дугаар шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул мөн О.А-ийн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу, О.А-д газар эзэмших гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар
сарын 23-ны өдрийн **** тоот албан бичиг ирснээс шалтгаалан маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх асуудлыг хариуцагч шийдвэрлэх боломжгүй болсон байх тул 3 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1, 38.3.2-т заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан О.А-ийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан “ЦА”ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн *** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, О.А-ийн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийн дагуу, А-д газар эзэмших гэрчилгээ гаргахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ