Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2024/0784/З |
Дугаар | 221/МА2024/0655 |
Огноо | 2024-10-09 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0655
М.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын М.Л-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, М.Л-ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 763 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0784/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Л-аас “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын М.Л-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, М.Л-ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 763 дугаар шийдвэрээр: Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Л-аас Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын М.Л-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, М.Л-ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1308 дугаар албан бичгийн няцаалт үндэслэлтэй, мөн нэхэмжлэгч М.Л нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөрөө төлсөн хэдий ч санал авах өдрөөс 25-аас дээш буюу 2 хоног хэтрүүлэн төлсөн учир маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй гэж үзжээ.Ийнхүү дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс “татварын илүү төлөлттэй байсан”, энэхүү илүү төлөлтийг суутган тооцуулж татварын өр төлбөргүй болох боломжтой ба хариуцагч үүнийг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргадаг. Гэтэл анхан шатын шүүх нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д татвар төлөгч “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах...” эрхтэй гэж заасан. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо шийдвэр гаргах ажиллагааны явцад нийт нэр дэвшигчдийн талаарх лавлагааг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс гаргуулахад нэхэмжлэгч М.Л нь “татварын өр төлбөртэй” гэсэн мэдээлэл ирсэн гэх боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн татварын албаны тодорхойлолтод М.Л нь 1 917 771 төгрөгийн илүү төлөлттэй харагддаг. Илүү төлөлтийг татвар төлөгч суутган тооцуулах эрхтэй байхад үүнийг хариуцагч тал огт анхаараагүй бөгөөд шууд өр төлбөртэй гэх мэдээллийг үндэслэсэн нь шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй гэж үзэхээр байна. Нөгөө талаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн илүү төлөлт эсхүл хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан гэж үзэж байгаа бол үүнийг татварын өр төлбөрт суутган тооцох боломжтой эсэхэд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч татварын өр төлбөртэй бөгөөд илүү төлөлттэй байгаа тохиолдолд татвар төлөгч илүү төлөлтийг суутган тооцуулах эрхтэй учир тухайн мэдээллийг шууд үндэслэж шийдвэр гаргах бус, мэдээллийг тодруулах, дүн шинжилгээ хийх замаар шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Ийм учраас хариуцагч болон анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн албан бичгүүдийг шууд үндэслэж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтэд гаргасан зөрчлийг арилгах 25 хоногийн хугацааг хэтрүүлэн татварын өр төлбөрөө төлсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тохиолдолд дээрх үндэслэлээс үл хамаарах захиргааны актыг хүчингүй болгох боломжтой. Ийм учраас анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг огт үндэслэлгүй шалтгаанаар зөвтгөж дүгнэсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч М.Л-аас Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын М.Л-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, М.Л-ийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн нэр бүхий нэр дэвшигчдийг Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2.5, 32 дугаар зүйлийн 32.1.2-т тус тус заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.2. Тодруулбал, Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна”, 28.3.2-т “татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 31.2.5-д “энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар зохицуулжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч М.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Хувь хүний орлогын албан татварын төрлөөр 20 000 төгрөг, Зам ашигласны төлбөрийн төрлөөр 60 000 төгрөг, нийт 80 000 төгрөгийн татварын өртэй байсан байх бөгөөд уг татварын өрийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн нь тогтоогдох боловч энэ нь Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно” гэж заасанд нийцэхгүй.
2.4. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө хугацаа хэтэрсэн татварын өр төлбөрөө төлж, зөрчлийг арилгах талаар хуульд заасан байхад нэхэмжлэгчээс уг хугацааг хэтрүүлэн төлөлт хийсэн байх ба Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын үндэслэлд дурдсан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөрөө төлсөн хэдий ч санал авах өдрөөс 25-аас дээш буюу 2 хоног хэтрүүлэн зөрчлийг арилгасан байх тул шүүх хуулиар тогтоосон хугацааг зөрчин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгох боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
2.5. Мөн түүнчлэн татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасны дагуу татварыг илүү төлсөн тохиолдолд илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй хэдий ч энэ нь гагцхүү мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д ““албан татвар” гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” гэж заасан албан татварт хамаарах юм.
2.6. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...1 917 771 төгрөгийн илүү төлөлттэй, илүү төлөлтийг татвар төлөгч суутган тооцуулах эрхтэй байхад үүнийг хариуцагч тал огт анхаараагүй, шууд өр төлбөртэй гэх мэдээллийг үндэслэсэн...” гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн дээр дурдаж буй 1 917 771.05 төгрөг нь илүү төлсөн татвар бус харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ” гэж заасан татварын хөнгөлөлт болох нь тогтоогдож байна.
2.7. Нэгэнт дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Л нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хандах үедээ хугацаа хэтэрсэн татварын өр төлбөртэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 31 дүгээр зүйлийн 31.2.5, 32 дугаар зүйлийн 32.1.2-т тус тус заасанд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН