Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/432

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           10                31                                                2022/ШЦТ/432

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

  Шүүгдэгч О.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт О-н Б д холбогдох эрүүгийн 2134001090397 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт О-н Б , 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ...оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

2.Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт 2 жил 10 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон,

3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч О.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч О.Б  нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Төв аймгийн Сэргэлэн сум Авдар 5 дугаар багийн нутаг “Зараа” гэх газар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Мөнхбүрэнд “...мал зарна...” гэж худал хэлж, “Хаан” банкны ... дугаарын дансаар 1 000 000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2034001930412 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Л.Мөнхбүрэнгийн өгсөн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5-р багийн Зараагийн энгэр гэх газар отроор нутаглаж байгаа юм. Манайх мал авах гээд 2021 оны 4 сарын 20-ны өдөр “Малын зар” гэсэн фейсбүүк групп дээр хонь ямаа олноор авна гэсэн зарын “Мягмар дөлгөөн” гэх фейсбүүк хаягаас байршуулсан юм. 2021 оны 5 сарын 03-ны өдрийн 16 цагийн үед ... дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад зарын дагуу ярьж байна 60 хургатай хонь 35 ишигтэй ямаа, 50 төлөг өгье гэхээр нь малаа хэдэн төгрөгөөр үнэлж байгаа юм бэ гэсэн чинь хургатай хонио тус бүрийг нь 110.000 төгрөгөөр, ишигтэй ямаагаа тус бүрийг нь 65.000 төгрөгөөр, төлөгөө тус бүрийг нь 60.000 төгрөгөөр үнэлж байна гэхээр нь за тэгье хаанаас очиж авах юм гэсэн чинь  Багануур дүүргээс 15 км зайд байгаа гэхээр нь яаж очих вэ? зам хаалттай байгаа гэсэн чинь манай эгч Багануурын постон дээр гардаг юм тосоод авчихъя гэхээр нь наад талд нь Багахангай дүүргийн пост байгаа тэрийг яаж гарах юм бэ гэсэн чинь за тэгүүл би Багахангайн постон дээр яваад очъё гэхээр за тэгүүл би Сэргэлэн сумаас гарлаа шүү гэсэн чинь за тэг гээд утсаа салгасан.Тэгээд би шууд Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5-р багийн нутаг "Зараагийн энгэр" гэх газраас нөхөр М.Шижирбаатарын хамт 18 цагийн үед өөрийн эзэмшлийн 35-36 УНР улсын дугаартай, Приус 20 маркийн машинтай Багахангай дүүрэг дээр очоод ... дугаарын утас руу залгаад би Багахангай дүүрэг дээр ирчихлээ гэсэн чинь би очиж байна гээд утсаа салгасан. Багахангай дөхөөд явж байтал ... дугаарын утаснаас ээж сэхээнд байгаа сандаргаад байна гэнээ та урьдчилгаа 1.000.000 төгрөг ... Б  гэсэн "Хаан" банкны данс руу шилжүүлээд өгчих гэснээ за наад данс руугаа хийж яах юм ... Энхзаяа гэсэн "Хаан" банкны данс руу хийчих гэхээр нь за нээрээ мөнгө хэрэгтэй байгаа юм байна гэж бодоод өөрийн эзэмшлийн 5737130797 тоот "Хаан" банкны данснаасаа 1.000.000 төгрөгийг ... тоот Энхзаяа гэсэн данс руу шилжүүлсэн. Би сүүлдээ угаасаа худлаа яриад байна гэж бодоод 2-3 хоног яриагүй байж байгаад мессеж бичтэл та дансаа өгчих мөнгийг чинь буцаагаад хийе гээд өдий хүрж байна. 2022 оны 09 дүгээр арын 08-ны өдөр залилсан мөнгөний тал болох 500,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /хх 10-11/,

      Гэрч Э.Энхзаяагийн өгсөн: " Би энэ ... дансыг анх 2015 онд нээлгэж эзэмшиж байгаад 2019 оноос хойш өөрөө ашиглаагүй. Тухaйн үед манай ажлын Солонго гэх эгч надаас түр авч ашиглаад өгнө гэж хэлээд тэр чигтээ аваад алга болчихсон юм. Одоо тэр Солонго эгчийг харвал танина түүнээс хаана байдаг эсэхийг нь мэдэхгүй. Тухайн үеэс хойш би Хаан банкны данс ашиглахаа байсан гүйлгээний хуулга зэрэг нь ч миний утсанд ирэхээ байсан. Энэ 2021 оны 5-р сарын 03-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим 1.000.000 төгрөг орлогоор шилжүүлж орсон гүйлгээний талаар би юу ч мэдэхгүй. Энэ гүйлгээний асуудлаас өөр бол би энэ 2021 оны 3, 4-р сарын үед уг миний дансанд орсон гэх мөнгөтэй холбоотой асуудлаас болж Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс дээр гэрчийн мэдүүлэг өгч. Тухайн үед уг Хаан банкны ... тоот дансаа хаалгаж байсан. Одоо уг данс хаалгасан ашиглах боломжгүй байгаа." гэх мэдүүлэг /хх 15/,   

      Шүүгдэгч О.Б гийн өгсөн: “Би 2021 оны 5-р сарын 03-ны өдөр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд тухайн үед байх гэртээ байж байхдаа утсаараа фейсбүүк харж байхдаа "Малын зар" гэсэн групп дээр "Мягмар дөлгөөн" гэх фейсбүүк хаягтай хүн хонь мал их хэмжээгээр авна гэсэн зар тавьсан байсны дагуу ... гэх зар дээр тавьсан дугаар луу нь ярьж холбогдсон. Нэг үл таних эмэгтэй хүнтэй яриад би -" 60 хургатай хонь, 35 ишигтэй ямаа, 50 төлөг зарна авах уу гэж асуусан Тухайн үед би тэр хүнтэй малын наймаагаа ярьж тохиролцоод одоо бол яг сайн санахгүй байна миний заасан газарт та нар яваад ир, би наанаасаа зарах малаа туугаад очно гэж худлаа хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой тэр ... дугаарын утастай хүнтэйгээ утсаар ярилцаж байгаад урьдчилгаа мөнгөө өгчих гэж байгаад Э.Энхзаяа гэх хүний "Хаан" банкны ... тоот дансанд тэр хүнээр 1.000.000 төгрөг хийлгэсэн. Мөнгөө хийлгэсэн хойноо би тэр мал зарна гэж мөнгө авсан хүндээ утсаараа аргалаад дандаа худлаа мессеж бичсэн. Маргааш нөгөөдрөөс нь би утсаа ч авахгүй блоклоод хаачихсан юм. Би тухайн үед фейсбүүкээр онлайн покер их тоглоод их хэмжээний мөнгө алдчихсан байсан юм. Алдсан мөнгөө буцааж олж авахын тулд иймэрхүү фейсбүүкээр залилах маягаар хэд хэдэн хүнээс мөнгө авчихсан байсан чинь яг тэр 2021 оны 05 сарын эхээр Дорнод аймаг дахь цагдаагийн газартаа баригдаад шалгагдаад эхэлчихсэн миний утас данс зэргийг хаачихсан байсан юм. Би тэр Э.Энхзаяа гэх хүнийг огт танихгүй Харин миний тухайн тоглодог байсан фейсбүүк онлайн покерын мөнгө бооцоо хураадаг админ нь бололтой байгаа юм. Дансанд нь мөнгө хийж байршуулж тоглодог байсан юм. Би тэр ... дугаарын утастай Л.М гэх хүнээс шууд уг данс руу нь 1.000 000 төгрөг хийлгээд тэр мөнгөөр нь өөрийнхөө тоглоомын дансыг цэнэглүүлээд тоглочихсон юм. Би тухайн үед Хаан банкны ... дугаарын данс эзэмшдэг байсан. Уг Л.М гэх хүнд би уг нь өөрийнхөө дансыг утсаар ярихдаа мессеж бичихдээ хэлчихсэн юм. Тэгснээ тэр ... тоот дансанд 1.000.000 төгрөг хийлгэсэн.  Би тэр Л.М гэх хүнд одоогоор өгсөн хонь мал гэх юм юу ч байхгүй. Тухайн үед Л.М гэх хүнд худлаа хэлж мал зарна гэж урьдчилгаа мөнгө авсан Би онлайн покер тоглоомдоо хожчихвол мөнгийг нь буцаагаад өгчихье гэж бодож байсан юм. ... . ... дугаарын утаснууд нь над дээр би ашигладаг байсан юм. ...  нь манай хадам эгч Д.Дэжидмаа гэх хүний нэр дээр бүртгэлтэй, ... нь Д.Одбаяр гэх манай хадам дүүгийн нэр дээр бүртгэлтэй дугаар өөрийнхөө нэр дээр надад авч өгсөн дугаар юм. Би тухайн үед Дорнод аймгийн Хэрлэн суманд байхдаа 2021 оны 02 сард анх бусдаас фейсбүүк онлайнаар 8 удаагийн үйлдлээр 26 сая төгрөг залилж авсан гэмт хэрэгт холбогдож 2021 оны 08 сарын 19-ны өдөр Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 1 жил хорих ял авч хоригдож байсан. Би уг Улаанбаатар хотын хаяг дээрээ тогтмол байгаа Дорнод аймгаасаа нэг мөсөн нүүгээд ирсэн. Яг өөр дээрээ холбоо барих утасгүй цуг байдаг ах, эгч нарын утсаар холбогдож болно. Ар гэрийн зүгээс намайг дахин онлайн покер тоглоом тоглочихвий гээд утас бариулахгүй байгаа юм. Би Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11-сард шүүх хурлаар орж 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн юм. Гэхдээ 2022 оны 03 сарын 28-ны өдөр би нярайлж бага хүүгээ төрүүлсэн. Одоо хүү маань 4 сартай дээр нь 2 настай Д.Дүүрэнбаяр 7 настай Д.Гэгээлэн гэх бага насны хүүхдүүдтэй учир шүүхээс миний ялыг 1 жилээр хойшлуулсан байгаа юм. Би уг нь энэ Төв аймгийн энэ үйлдэлдээ хохирогч Л.М гэх хүнээ олж уулзаад хохирлыг нь барагдуулах гэсэн боловч тухайн үед миний утас зэргийг хураагаад авчихсан, дээр нь цагдан хоригдчихсон байсан зэрэг байдлаасаа болоод амжаагүй юм. Миний хувьд Л.М гэх хүнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах боломжтой учир миний үйлдсэн уг хэрэг бүртгэлтийн ... дугаарын хэргийг хааж шийдвэрлэж өгнө үү. Учир нь би одоо 2022 оны 08 сарын сүүлээр Улаанбаатар хотод БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шуух хурлаар орох хурлын товтой байгаа одоогоор бол гадуур батлан даалтад байгаа урьд үйлдсэн хэргүүдийнхээ хохирогч нарын хохирлыг барагдуулж байгаа учраас шүүх хурлаас өмнө хэргээ шийдүүлэх хүсэлтэй.

      Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би 3 хүүхэдтэй хамгийн бага хүүхэд маань 4 сартай хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх 23-24, 26/,

      Хохирогч Л.Мөнхбүрэнгийн гар утсанд ирсэн мессежний гэрэл зургийн үзүүлэлт /хх 32-35/, хохирогч Л.Мөнхбүрэнгийн Хаан банкны 5737130797 тоот данснаас 2021.5.03-нд 1 сая төгрөг ... тоот дансанд гарсан талаарх хуулга /хх 30/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

      Залилан мэхлэх гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

 

      Залилан мэхлэх гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.   

 

      Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

      Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч О.Б гийн цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Төв аймгийн Сэргэлэн сум Авдар 5 дугаар багийн нутаг “Зараа” гэх газар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Мөнхбүрэнд “мал зарна” гэж худал хэлж, “Хаан” банкны ... дугаарын дансаар 1 000 000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж,  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

      Эрүүгийн хариуцлагын талаар:

 

                Улсын яллагчаас шүүгдэгч О.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 650  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

      Шүүгдэгч улсын яллагчийг гаргасан саналд тусгайлан санал гаргаагүй болно.

     

      Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Б  нь

1.Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

2.Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт 2 жил 10 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон,

3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Дорнод аймгийн хяналтын прокурорын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор ялтан О.Б г “8 сартай жирэмсэн” гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн талаарх баримт,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 62-81/, бага насны 2 хүүхэдтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р багийн 6-36 тоотод байнга оршин суудаг талаарх бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү ял оногдуулсан нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно." заасныг баримтлан шүүгдэгч О.Б д энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр сүүлд буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүгдийг нэмж нэгтгэн 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Л.М "нэг сая төгрөгийн хохирлоо авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй." талаар шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234004350447  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт О-н Б г цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж,  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч О.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 640 /зургаан зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б гийн эдэлбэл зохих 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч О.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7.Эрүүгийн 2134001090397 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ