Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/483

 

 

      

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Д.О,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ц.Х, М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Б холбогдох эрүүгийн ___ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт ____  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ____ регистрийн дугаартай, З.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 20-28-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга 4-р багийн Элсний өвөр гэх газраас 520 боодол өвс хулгайлан авч хохирогч Ч.Эад 5.200.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 9 сарын дундуур өвс хадаж хуваана авна гэж тохирсон. Тэгээд тэрнээсээ би 520 боодол ачсан. Үлдсэнийг нь өөрт нь хүлээлгэж өгсөн. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Ч.Эын Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /хх-02 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-08 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /09-11 тал/, үнэлгээний тайлан /хх-ийн 53-59 тал/, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ /хх-ийн 60-64 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 75 тал/, Депозит дансны хуулга /хх-ийн 78-8 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 тал/, тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-102 тал/ хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 103-105 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-62-68 тал/,

Хохирогч Ч.Эын өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 13-ны үед Хүүлэйхааны хишиг ХХК-ны захирал Төгсбаатар гэх залуутай өөрийн биеэр ганцаараа очиж уулзаад түүний хадланг хийж өгөөд оронд нь 2 хадууртай тракторыг нь авч ажил хийе гэхэд надад зөвшөөрсөн юм. Ингээд би нэг трактороо унаад нөгөө тракторыг нь Батсайхан унаад Төгсбаатарын хадланг хадаж өгч дууссан. Батсайханы Төгсбаатарын хадлан дээр ажилласан тооцоо болох 4 сая гаран төгрөгийг Төгсбаатар өөрөө Батсайханы эхнэр Гурвантамирын данс руу хийсэн байсан. Батсайхан бол Төгсбаатарын хадланг хадахад өөрөө тусдаа Төгсбаатартай үнэ хөлсөө тохироод ажилласан байсан. Ингээд би өөрийнхөө ажлыг хийх гэтэл нэг тракторыг жолоодох хүн байхгүй болохоор нь би Батсайханд танд цалинг өгье та миний өвсийг хадалцаад өгөөч гэж гуйгаад зөвшөөрөөд нэг тракторыг жолоодож өвс хадалцаж өгсөн. Ингээд би өвсөө хадаж дуусаад Батсайханд ажлын хөлс 800.000 төгрөг эхнэр Гурвантамирын дансаар нь өгсөн. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын дунд үеэр Батсайхан манай талбай дээр очоод яваа сураг надад сонсогдсон. Тэгээд түүний дараа очоод өвсөө бүртгэтэл 950 боодол өвс дутсан байсныг мэдээд ирж уулзахад байхгүй гээд хэсэг хугацаа өгч харсан боловч ирэхгүй тоохгүй болохоор нь би цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15 дугаар тал/,

Гэрч Д.Даваадоржийн өгсөн: “2020 оны 10 дугаар сард манай энэ компаний ажилчин байсан Батсайхан, Гурвантамир гэх 2 хүн Цээл сумын төвд явж байсан чинь өвс ачих уу гээд тэгье гээд тэгсэн чинь тэр 2 дээр жолооч Зоригоо, Аюурзана бид 5 Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга 4-р багийн бага элсний өвөр гээд газарт очоод Зоригоогийн машинд өвс ачиж өгсөн. Би тухайн үед энэ компанид ажилд ороогүй байсан. Нийт хэдэн тооны өвс ачсаныг мэдэхгүй, машин толгой дээр дүүртэл ачаад чиргүүлийг нь тал өвс ачсан. Өвсийг нь ачиж өгөөд Аюурзана ах бид 2 хадлан руугаа явсан. Тухайн үед ачиж өгсөн мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/,

Гэрч Ш.Төгсбаатарын өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын сүүлээр надаас Эрдэнэбат техникээ өгч байгаа ч өөрийнхөө хадланг хийе гэж хэлсэн. Тэгээд 2 хадууртай трактор өгч явуулсан. Нэг тракторыг нь Батсайхан нөгөөхийг нь Эрдэнэбат унадаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний хавьцаа трактороо буцааж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар тал/,

Гэрч Б.Батзоригийн өгсөн: “2020 оны намар орой байсан яг хэдэн сарыг нь санахгүй байна. Би өвс авна гээд зар тавьчихсан байсан. Батсайхан, Гурвантамир гээд хоёр хүн над руу залгаад Сүүлбуга 4-р багийн Бага элсний чанх урд газраас 410 орчим боодол авч ачуулсан. Батсайхан гэдэг хүн нь банкны мөнгөтэй, энэ газраас хадлан хийгээд өөрөө боосон гээд надад зарсан. Тухайн үед яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байснаа санахгүй байна. Тухайн үед мөнгийг нь 5 билүү, 6 хоногийн дараа зарж дуусаад мөнгийг нь шилжүүлсэн. Шилжүүлдэг өдөр ярихад ах нь самранд явчаад ирж байна гэж байсан. Гурвантамир гэдэг хүний данс руу мөнгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар тал/,

Гэрч Д.Цэрэнлхамын өгсөн: “2020 оны намар манай дэлгүүрт 200 гаруй мянган төгрөгийн өртэй байсан Батсайхан гэх залуу, сүүлд өрөндөө 40 боодол өвс өгөөд өрөө даруулаад явсан.”.., “

Би тухайн үед андуурч хэлсэн байна лээ. Батсайханаас авах мөнгөө тооцоолж тухайн үед худалдаж авсан өвсний үнээ тооцоолж үзэхэд 210.000 төгрөгт 1 боодлыг 7000 төгрөгөөр тооцоход 30 боодол өвс болж байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36, /2-р хх-ийн 17 дугаар тал/,

Гэрч Ж.Аюурзанын өгсөн: “2020 оны намар эрт, сар өдрийг нь мэдэхгүй байна. Цээл сумын төв дээр Батсайхан гээд ах таараад өвс ачилцаад өг гэхээр нь маргааш өглөө нь Бага элсний урд Зоригоо гээд жолооч, Даваадорж, Батсайхан ах эхнэр Гурвантамиртай хамт явж ачсан. Зоригоогийн машин дээр ачаад тэгээд Даваадорж бид 2 хадлан руугаа явсан. Явах үед Зоригоо, Батсайхан ах эхнэртэйгээ одоо ингээд хөдөллөө гээд үлдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр тал/,

Гэрч З.Бы өгсөн: “Төв аймгийн Цээл сумын урд Отгоноо гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, Чулуунбатын хүүхэдтэй хамт өвс хадсан нийт 2000 гаруй өвс хадсан. Тэгээд Отгоноо гэх залуу бид 2 тавин хувилж хувааж авна гэж ярьсан. Тэгсэн өгч авдаг дээр нь болсон чинь сонин юм яриад өгөхгүй байхаар нь 500 боодол өвсийг нь би ачиж явна гэдгээ өөрт нь хэлээд ачуулсныхаа дараа үлдсэнийг хүлээлгэж өгөөд ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 дугаар тал/,

Гэрч Ө.Гурвантамирын өгсөн: “Би нөхөр Батсайхантай цуг Төв аймгийн Цээл сумын нутагт Төгсөө гэх хүнээс цалин авч ажилладаг, би тогоочийг нь хийгээд манай нөхөр Батсайхан трактор унадаг байсан. Би өдрийн 40.000 төгрөгөөр бодож ажилладаг, манай нөхөр хийснээрээ цалингаа тохироод авдаг. Манай хүүхдийн хурим болоод Төгсөө 4.000.000 төгрөг өгсөн. Тус 4.000.000 төгрөг нь Батсайхан бид хоёрын цугтаа ажилласан хөлс байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр тал/,

Яллагдагчаар З.Бы өгсөн: “Би нутгийн танил Эрдэнэбат гэх хүнтэй 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр нийлж хадлан хадаад гарсан өвсөө тэнцүү хувааж авъя гэж тохиролцоод хадлан хадаж дуусаад нийт 3000 орчим боодол өвс хадсан. Ингээд түүнээс би 500 боодол өвс ачсан. Үлдэгдэл 1600 орчим боодол өвс үлдээгээд явсан. Би Эрдэнэбатад гарсан зардлаа наадахаа зарж борлуулаад өөрөө нөхөөд аваарай гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 дүгээр тал/,

Гэрч Ч.Лхагвахишигийн өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Батсайхан манай ээж Цэрэнлхамын дэлгүүрт 210 000 төгрөгийн өртэй байгаад тухайн үед мөнгөнийхөө оронд өвс өгөхөөр болоод ээж намайг очоод өвс ачаад аваадах гэж хэлээд би портер машинаар очиж Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх поолины хажууд хураалттай байсан өвснөөс 30 боодол өвс ачиж авсан. 1 боодол өвсийг 700 төгрөгөөр бодож 210.000 төгрөгийнхөө оронд авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16 дугаар тал/,

Гэрч Ө.Гурвантамирын дахин өгсөн: “Манай нөхөр Батсайхан, Эрдэнэбат хоёр нийлж өвс хадахаасаа өмнө хадсан өвсөө тэнцүү хувааж авна гэж миний хажууд аман тохиролцоо хийж байсан юм тэгээд Эрдэнэбат нөхөр бид хоёрыг Улаанбаатар хотод хүүхдийн хуримд оролцоод явж байхад над руу утсаар залгаад зарсан өвсний мөнгө ороод ирлээ та хоёрын данс руу талыг нь хийнэ гэж хэлээд миний ХААН банкны данс руу 800.000 төгрөгийг цалин гэсэн утгатай хийхээр нь нөхөр бид хоёр яагаад цалин гэсэн утгатай Хийж байгаа юм бол доо гээд инээж байсан. Тухайн Батзоригт зарсан 512 боодол өвсийг зарахаас өмнө хурааж байхад Эрдэнэбат өөрөө ирээд нуруу тавьж өгөөд хоорондоо ярилцаж байхад бид хоёрт хандаж ах эгч хоёр өвсөө өвөл зарвал үнэд хүрнэ дээ гэхээр нь бид хоёр хүүхдийн хурим найр болох гээд хүнээс мөнгө төгрөг авчихсан маргаашаас өвсөө ачуулна гэж Эрдэнэбатад өөрт нь ярьж байсан.Ингээд маргааш өдөр нь Батзоригт 512 боодол өвсөө зарж ачуулаад Эрдэнэбатыг хОЙД поолинд өвс хамаад явж байхаар нь хүрч очоод ах эгч хоёр нь өвсөө ачуулчихлаа чи үлдэгдэл өвсөө тоолоод ав гэж хэлээд талбайд байсан өвсийг нь бөөгнүүлж өгөөд Эрдэнэбат дээр очиж машиндаа суулгаж авч ирээд өвсийг нь цуг тоолж 526 боодол өвс хүлээлгэж өгөөд нуруулдаж хураалцаж өгөх үү гэхэд яахын бэ би өөрөө ТМС-ийн хүүхдүүдээр хураалгачихна та хоёр явж ажлаа бод гэсэн. 4.090.000 гэж би өмнө мэдүүлэгтээ буруу хэлсэн билээ 4.096.000 төгрөг байгаа энэ мөнгө Батзоригт зарсан 512 боодол өвсний мөнгө байгаа юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20 дугаар тал/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 24-30 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр иргэн Ч.Эын 30 боодол өвсийг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Батзоригт 512 боодлыг тус тус нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаа авч бусдад 5.420.000 төгрөгийн хохирол   учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ч.Эын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч З.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч З.Б нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хэн нэгэнд хүч хэрэглэлгүй, өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, өвсийг хулгайлж, бусдад худалдан борлуулж бусдад хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч З.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч З.Баас 5.420.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Эад олгох нь зүйтэй байна.

   Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэм буруу дээр маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцож байна гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байна.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч З.Б нь “бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

  Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Бы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Э нь шүүгдэгчээс 5.420.000 төгрөгийг нэхэмжилсэн, хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ____ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ______Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч З.Быг Төв аймаг болон Цээл сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баас 5.420.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ____ солгосугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Бл урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН