Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 01696

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-д холбогдох

      Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хан уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 дугаартай захирамжаар ажлаасаа халагдсан. Намайг ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг 3 шатны шүүхээр тогтоосон бөгөөд Нас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/148 дугаар захирамжаар намайг өмнөх ажилд маань эгүүлэн томилсон шийдвэрийг гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр гарснаас хойш 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Чыг Хан уул дүүргийн 18 дугаар сургуулийн  захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 001/ХТ2018/00060 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд  эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг  хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын  харъяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Иймд нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Шүүх   хуралдаанаар  хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Чын ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Х.Ч, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/80 дугаартай захирамжаар Хан уул дүүргийн 18 дугаар сургуулийн  захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2013 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны  иргэний хэргийн  шүүх хуралдааны  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00060 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ.

Дээрх байдал нь зохигчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2013 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны  иргэний хэргийн  шүүх хуралдааны  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00060 дугаар тогтоол зэргээр нотлогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 11.2-т  “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ”,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн  тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч Нас нэхэмжлэгч Х.Чыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  захирамж гаргаж Хан уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирлын ажилд томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус захирамж зэргээр тогтоогдож байх ба, одоогийн байдлаар ажилдаа ороогүй,  ажлаа хүлээж аваагүй, маргаашнаас ажил хүлээлцэнэ гэсэн гэж нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарласан.

Хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэх Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан байх боловч хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Х.Чыг ажилд нь эгүүлэн аваагүй байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон  2017.07.25-ны өдөр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш Нийслэлийн засаг даргын ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргасан 2018.08.29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Х.Чын  2017.07.25-ны өдрөөс 2018.08.29-ний өдрийг хүртэлх 286 хоногийг, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг  өдрийн дундаж цалин 42.987 төгрөгөөр тооцож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт урьд авч  байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу 12.294.282 төгрөгийг хариуцагч Нас гаргуулж олгохоор шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

Дээрх олговроос нэхэмжлэгч Х.Чын заавал даатгах даатгалуудыг тооцон суутгаж, нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих бичилтийг хийх нь хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүрэг тул шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдааны товтой танилцаж гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Нас ажилгүй байсан хугацааны олговорт 12.294.282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Чад олгосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Х.Чын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Нд үүрэг болгосугай.

           

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ууганбаяр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 140.186 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Нас 211.658 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ