Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/443

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           11              02                                              2022/ШЦТ/443

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

   Шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овогт Б-н Г эд холбогдох эрүүгийн 2234000000405 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н овогт Б-н Г , 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс захчин, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ___ оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.Г  нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Хар чулуу” гэх газар 2022 оны 7 дугаар сарын 24-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б тай маргалдаж, эрх чөлөөнд халдаж аяны тогоогоор мөн гараараа, ташуураар ороолгох, хөлөөрөө өшиглөх зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000405 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.Б  өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 24-ний орой 21 цаг өнгөрч байхад би найз Ням-очрын хамт мотоциклынхоо амортизатор солих гээд хажуу айл Г  ахынд очтол Г  ах гэртээ байхгүй байсан. Би мотоциклынхоо амортизаторыг солиод дуустал Г  ах гэртээ архи уучихсан согтуу мотоциклтой ирээд 2 литр 500 граммын Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгтэл Г  ах хоол хийгээд бид нар юм ярингаа идэх гээд байж байтал Г  ах Ням-очир бид хоёр луу агсарч намайг Г  ах баруун гараараа миний баруун хацар хэсэг рүү 5 удаа цохисон. Ням-Очир салгах гэтэл Г  ах Ням-Очирыг ташуураар 4 удаа цохиж өшиглөсөн. Тэгээд Г  ах намайг ташуур миний нуруу, толгой хэсэг рүү 5-6 удаа цохиж намайг орон дээр унагаан дээр гарч хөлөөрөө 3 удаа дэвсэж гартаа бариултай тогоогоор миний толгой, нуруу, хэл хэсэг рүү 10 гаран цохисон. Ням-очир бид хоёр Г  ахыг унтуулах гээд аргадаад сууж байтал Г  ах хар иштэй хутга бариад явахын бол ална шүү, унтаж байхад чинь хоолойг чинь хэрчинэ гээд гэрээсээ гаргахгүй байсан. Тэгээд бид хоёр айгаад гэрээс нь гараагүй. Тэгтэл Г  дээл нь дотроосоо архи гаргаж ирээд цуг уухгүй бол ална гээд хутгаа далайгаад хадгах гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр цуг уулзсан.Г  ах согтоод Ням-очир гараараа хэд хэдэн цохиж үг дарамтлаад цохисон. Дараа нь над руу агсарч намайг гараараа 2-3 удаа цохиж дарамталж байгаад унтсан юм. Тэгээд бид хоёр гэр лүүгээ явж цагдаа дуудсан юм. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 6/,

Гэрч Ц.Ням-Очирын өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 24-ны орой 20-21 цагийн үед Баяржавхлантай хамт саахалт айл Г ийнд мотоциклийн амаржин солих гээд очсон. Тэгээд очтол Г  ах байхгүй байсан. Тэгээд амаржинаа солих гээд Г  ахын хуучин мотоциклоос амаржинийг нь тайлах гээд байж байтал Г  ах сумын төвөөс ирсэн байсан. Ирэхдээ Х нэртэй 0.5 литрийн архи нэг ширхэг, нэг ширхэг 2 литрийн Сэнгүр гэдэг пиво авчирсан. Тэгээд Ганаа ах ирээд байж байтал нэг танихгүй морьтой ах ирээд адуу сурагласан. Тэгээд гадаа амаржин сольж байхад Г  ах пиво задлаад нөгөө танихгүй морьтой хүнд нэг хийж өгөөд тэр нь нэг уучхаад яваад өгсөн. Тэгээд гэрийн гадаа амаржинаа сольж байсан. Баяржавхлан бид хоёрт хийж өгсөн. Тэгээд бид хоёр тус бүр пивоноос 2, 2 аягийг уусан. Тэгээд амаржин солиод дуусахад том пиво нь дууссан. Тэгээд явах гэтэл Г  ах бид хоёрыг хоол идчихээд яв гэсэн тэгээд бид хоёр хоол идэх гээд зүүн талын орон дээр сууж байсан. Ганаа ах уургын мод гэрийнхээ хоёр хананы хооронд өлгөсөн байсан, тэрийг нь Баяржавхлан хараад Ганаа ахад хандан дүүдээ өгчих гэсэн, тэгтэл Ганаа ах хэлэхдээ ах нь өгөхгүй гэсэн, тэгтэл Баяржавхлан Ганаа ах руу би танд архи авчирч өгье, тэгвэл модоо өгөх юм уу гэсэн, тэгж байгаад Баяржавхлан бид хоёр морь яриад байж байсан, бид хоёр нэг азаргын талаар ярьж байтал Г  ахад тэр азаргын төл нь байгаа гээд Баяржавхлан, Ганаа хоёр маргалдаад Ганаа ах уурлаж босож ирээд чи яагаад намайг өдөөд байгаа юм гээд Баяржавхлангийн толгой хэсэг рүү нь гараараа цохисон, тэгээд би салгах гээд Ганаа ахын гараас нь таттал Ганаа ах уурлаад зайл пизда минь гэсэн, тэгээд Ганаа ах Баяржавхланг нүдээд байсан, гараараа толгой элэг хэсэг рүү нь гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд Ганаа ах сэнжтэй аяны тогоо аваад Баяржавхлангийн толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон тэгээд бас Баяржавхлангийн бие рүү нь модон иштэй суран ташуураар 4-5 удаа ороолгосон. Тэгээд хутга бариад чамайг ална шүү гэсэн, тэгээд хутгаа хаяад намайг үүдэнд нь зогсож байхад хүрээд ир пизда минь хоёуланг чинь ална шүү гээд намайг гараараа 2 удаа цохисон, намайг цохиж байгаад Ганаа ах орны толгой цохиод тэгээд агсархаа больсон. Ганаа ах хоёр пизда минь зайл гээд бид хоёр гэрээс нь гараад явсан.” гэх мэдүүлэг /хх 8-9/,

Шүүгдэгч Б.Г ийн өгсөн: "Тухайн өдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 24-ны орой 19 цагийн үед би дэлгүүр орж 1 шил 0,5 граммын Еликс нэртэй архи нэгийг, 2,5 литрийн Нийслэл нэртэй аваад гэртэй иртэл манай сахалт айлын Баяржавхлан, Ням-Очир нар ирсэн мотоциклоо янзлаад сууж байсан. Тэгэхээр нь суугаад юм ярингаа авчирсан архи, пиво хоёроо уусан бид гурав. Би хоол хийгээд байж байтал Баяржавхлан морь яриад эхэлсэн. Мориноос болоод Баяржавхлан бид хоёр маргасан. Тэгтэл Баяржавхлан ах уургын модоо надад өгчих би оронд нь архи авчирч өгье гэхээр нь миний уур хүрээд чи яахаараа миний юмыг архиар авдаг юм гээд Баяржавхланг баруун гараараа нүүрэн хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгээд би ташуураар Баяржавхланг 2-3 удаа нуруу хэсэг рүү нь цохисон. Тэгээд би гэрийн зуухан дээр тогоо байхаар нь авч Баяржавхлангийн толгойны ар хэсэг рүү нь нэг удаа цохиж, хутга барьж айлгасан. Тэгээд би үгээр нилээн дарамталж байгаад тэр хоёрыг явуулсан. Тэгээд би унтсан юм. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг ойлгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 16, 23/, 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Б  биед тархи доргилт, дух, зүүн чамархай, дагз, зүүн тохойд зулгаралт, зүүн чамархай, дагз, зүүн чих, зүүн тохой, зүүн гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 11-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г  нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Хар чулуу” гэх газар 2022 оны 7 дугаар сарын 24-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б тай маргалдаж, улмаар аяны тогоо, гараараа цохиж, ташуураар ороолгож, хөлөөрөө өшиглөх зэргээр нь цохиж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан "тархи доргилт, дух, зүүн чамархай, дагз, зүүн тохойд зулгаралт, зүүн чамархай, дагз, зүүн чих, зүүн тохой, зүүн гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,   

 түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/-р тогтоогдсон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Б  нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн 2234000000405 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Н овогт Б-н Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Б.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г эд оногдуулсан 450 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000000405 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ