| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0179/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/470 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,
Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Мд холбогдох эрүүгийн 2134004320099 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сонор Харуул ХХК-ийн хэлтсийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн ___
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрдэл майнинг” ХХК-нд Сонор харуул ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажлыг хийж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz маркийн 9-мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар иргэн Ц.Ө руу буудлага хийж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэрэг болсон өдөр болох 2021 оны12 сарын 6-нд “Бүрдэл-майнинг уурхайн алт олборлох болон баяжуулах үйл ажиллагаа өглөөний 8 цагт зогсож, 9 цагт буулгах үйл ажиллагаа эхэлсэн. Уг үйл ажиллаагаатай холбоотойгоор нутгийн иргэд болон гараар олборлогчид уурхайн урд талд 50 орчим хүнтэй 20 орчим машин цувж ирсэн. Уг мэдээллийг Заамар сумын цагдаагийн ерөнхий газар мэдэгдсэн. Үүний дагуу 7-8 цагдаагийн албан хаагч 10:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн албан хаагч нарыг ирэх үед нутгийн иргэд улам их болж 100 гаран хүн, 50-60 машин ирсэн байсан. Харуул хамгаалалтын хүмүүс болон цагдаагийн албан хаагч нарын хамт нутгийн иргэдэд шаардлага тавьж, Уг бүсэд нэвтрэх боломжгүй тухай удаа дараа тайлбарлан хэлсэн. Тэгтэл орон нутгийн иргэд бүгд эсэргүүцэл үзүүлэн хэл амаар доромжилж, авах зүйлээ авна гэж хэлж байсан. 10:30 минутын үед 200-300 хүн, 70-80 машин ирсэн мөн тэнд байсан хүмүүс олуулаа болсон учир дайрна гээд сендвичин байрны таазыг цөмлөж байсан. Энэ үед бүгд дайраад 2-р үйлдвэр лүү орон тоног төхөөрөмж эвдэлж байсан. Бид нар тэр хүмүүст шаардлага тавихад ахлах ажилтан н.Болорсүхийн толгойг хагалж ухаан алдуулсан. Тухайн үеийн нөхцөл байдал хүний амь эрсдэж болох үе байсан тул анхааруулж дээшээ буудахад хүмүүс анхаарахгүй байхаар нь хажуу тийш буудсан. Тэр үед 2-3 хүмүүс нь анзаараад бид нар луу буудаж байна зугтаарай гэж байсан. Тухайн үед 2-3 ажилтан болон тэнд байсан ахлах ажилтнаа жижиг нүхээр гаргаж холдуулсан. Хүмүүс орж байгаа том онгорхой нүх рүү очоод та нар үйлдвэр лүү орж болохгүй гэж хэлэхэд тэнд байсан хүн чих рүү буудчихлаа гэж хэлж байсан. Хүмүүс над руу дайраад чулуу шидэж байсан. Тэгээд дээшээ хартал цагдаа нар бууж ирж байсан. Намайг тэндээс салгаж аваад дээшээ гарсан шатаар өгсөөд буцаад буусан. Тэр үед хүмүүс над руу дахиад чулуу шидээд байхаар нь би машин дотор байсан буугаа аваад дээшээ буудсан. Хүмүүс дахиад буу гаргаад ирлээ гээд надаас холдсон. Тухайн үед дахиад цагдаа нар ирээд наад хүмүүс чинь чамайг алах гээд байна авч явсан. Тэр өдөр үйлдвэр дотор 3-4 удаа буудсан, үлдсэн сумыг сануулга зорилгоор буудсан, нийт 8 сумыг бүгдийн дуусгасан. Орон нутгийн иргэд дайрах үед гар буугаа алдсан. Тэр үед үйлдвэрт их хэмжээний эвдрэл, хохирол гарсан байсан.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүрдэл майнинг” ХХК-нд Сонор харуул ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажлыг хийж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz маркийн 9-мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар иргэн Ц.Ө руу буудлага хийж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2134004320099 дугаартай хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 дугаар тал/,
Хохирогч Ц.Өы өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-10 дугаар тал/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13-22 дугаар тал/,
Хохирогч Ц.Өы өгсөн: “Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлыг бүгдийг нь ярисан байгаа. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянголын эх гэх газар үйл ажиллагаа явуулдаг Бүрдэл майнинг ХХК-ийн уурхайн усан буу нь бууж байгаа гээд хүмүүс яваад цуглаад байхаар нь дүү Тулгаа гэж залууг дагуулаад очсон юм. Тэгээд усан буу руу нь хүмүүс дайраад орсон. Би ямар нэгэн юм бариагүй Тулгаа металь хайгч барисан явж байсан ба хүмүүс шуудайтай ороод шороо хийж аваад байхаар нь би шуудай хэрэгтэй юм байна Тулгаад шуудай олж өгье гэж бодоод тэнд байсан хүмүүсээс шуудай асуугаад явж байхад буун дуу хоёр ч удаа гараад хүмүүс бужигнаад зарим нь хажуугаар гүйлдээд эхэлсэн тэгээд хаанаас буудаад байгаа юм юу болов гээд харахад бусад хамгаалагч нараасаа сондгой хар өнгийн хувцастай, өндөр биетэй хамгаалагч залуу гар буугаар надруу онилсон байгаа харагдсан тэгэхлээр нь арай ч намайг буудчихгүй байлгүйдээ гээд зүүн гарын тохойны дотор хэсгээрээ нүүрээ дараад эргээд харсан чинь миний араас буудаад зүүн бөөрний орчим оносон. Тэгээд би тухайн үед зүүн бөөр орчимоо гараараа тэмтэрхэд миний зүүн гарын долоовор хурууны өндөг хэсэг нь зүүн бөөрний орчим хонхойсон хэсэгт ороод тал хэсэгт нь цус шүүрч эхэлж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар тал/,
Гэрч Ц.Өы өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянголын амны Бүрдэл майнинг ХХК-ны усан буу бууж байна гэдэг сургаар очсон юм. Тэнд 100 орчим хүмүүс байсан. Би Тулгаа гэж дүүгийнхээ хамт болон өөр бас гар аргаар алт олборлогч хүмүүсийн хамт усан бууны ойролцоо хамт очсон Тулгаа гэж дүүд шуудай өгөх гээд байж байсан бөгөөд усан бууны гадна синдвичийг хагасыг нь буулгасан хагасыг нь буулгаагүй байж байсан. Уг усан бууны дээд талд нь шороон дээр уурхайн ажилчид, цагдаа нар, уг усан бууны эргэн тойронд гар аргаар алт олборлогч иргэд бөөнөөрөө цугласан тойрсон байж байсан. Тэгсэн чинь 2-3 удаа буун дуу гарахад усан бууны орчим байсан хүмүүс зугтаахаар нь би хаанаас ямар хүн буудаад байгаа юм гэж харахаар эргээд харсан чинь хамгаалалтын албаны хамгаалагч нар ногоон эрээн хувцастай байхад бусад хамгаалагч нараасаа сондгой хар өнгийн хувцастай, өндөр биетэй залуу гар буу барьсан байснаа над руу гар буу шагайж чиглүүлэхээр арай ч намайг буудчихгүй байлгүй дээ гэж бодоод зүүн гарын тохой, шуу хэсгээрээ нүүрээ дараад буцаад эргэтэл араас буудаж миний зүүн талын бөөр орчимд оносон юм. Тэгээд зүүн бөөр орчимдоо зүүн гарынхаа долоовор хуруугаар тэмтэрч үзсэн чинь миний зүүн гарын долоовор хурууны өндөг хэсэг нь ороод хонхойсон байсан тэгэхээр нь би хүмүүс дундуур яваад хамт очсон. Тулгаа гэж дүүгээ хайж байгаад жоохон холдоод зүүн бөөрний орчим хонхойсон хэсэгтээ дахиад зүүн гарын долоовор хуруугаараа дарж үзэхэд цус их гарахгүй тэг лээ жоохон цус шүүрсэн бололтой хурууны үзүүр цустай болж байсан. Би тэгээд тэнд байсан хүмүүст намайг буудчихлаа гэхэд ирж үзээд тийм байна буудсан байна гээд байсан. Би тэр харсан хүмүүс нь тухайн үед ямар хүмүүс байсан билээ санахгүй байна бас цагдаа нар байхад нь хар хувцастай, өндөр биетэй хамгаалагч нь намайг буудчихлаа гээд шархаа үзүүлэхэд тийм байна явж эмнэлэгт яаралтай үзүүл гэж хэлсэн тэгээд хамт очсон. Тулгаатай уулзаад байж байсны дараа нь бусад цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг одоо тар, хойшоо бай гээд тарсан уулзаад байж байхад дахиад 3-4 удаа байх буун дуу гарсан ба тэгэхлээр нь би явъя гэж бодоод машин руугаа алхаж явахад усан бууныхаа цаад талаар нь миний явж байгаа газрын урдуур намайг буудсан хар өнгийн хувцастай, өндөр биетэй хамгаалагч залууг цагдаа дагуулсан гарч ирээд тэгээд машинд суулгаад явуулчихсан юм тэр хар өнгийн хувцастай өндөр хамгаалагч залууг тэнд байсан гар аргаар алт олборлогч иргэд хөөгөөд байсан тэгээд би машин дээрээ очоод Заамар сумын Хайлааст 3-р баг руу эмнэлэгт үзүүлэхээр явсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар тал/,
Гэрч Г.Золжаргалын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянголын амны Бурдэл майнинг ХХК-ны уурхайд дуудагдаж очсон юм. Тэнд манай Сонор харуул хамгаалалтын албанаас тухайн уурхайг хамгаалдаг юм. Тэнд намайг очиход уулуудаар болон орон нутгийн замуудаар машинууд ирчихсэн хүмүүс цугларсан байдалтай байсан. Тэгээд 11 цагийн үед нөгөө хүмүүс нь олон болчихсон уулын хойд талын технологийн улаан бүсийг даваад ороод ирэхэд нь тэнд байсан цагдаагийн албан хаагч нарын хамтаар хориглоод зогсоогоод байсан. Тэгсэн чинь хэсэг залуус нь уулаар тойрч байгаад үйлдвэрийн хэсэг рүү дайраад орсон чинь цугларсан байсан иргэд үйлдвэрийн хэсэг рүү дайраад орсон юм. Бид хориглож дийлээгүй юм. Залгаа хоёр үйлдвэр байдаг бөгөөд нэг үйлдвэрийн хэсэг нь сэндвичин буугаад тоног төхөөрөмжүүдээ авчихсан байсан. Нөгөө үйлдвэр нь бууж тоног төхөөрөмжүүдээ авч амжаагүй байсан. Буугаагүй үйлдвэр нь барилгынхаа дээврийг хуулж аваад байж байсан. Тэнд орсон хүмүүс сэндвичин барилгад ороод доторх шороог нь аваад байсан. Араас нь хамгаалалтын албаны дарга Мөнхжаргал, ээлжийн ахлах Болорсүх болон хамгаалалтын өөр хоёр ажилтан бид хэд орсон чинь өөдөөс ойртвол ална шүү гээд осков төмрөөрөө далайгаад байсан. Тэгээд нөгөө нинжа нарыг гаргах гээд ноцолдож байгаад эргээд харсан чинь ээлжийн ахлах Болорсүх толгой руугаа цохиулаад муужирч унах гэж байхад нь үйлдвэрийн хэсгээс гаргасан. Тэгэхэд хүмүүс дайрч ороод дийлдэхгүй байхад хамгаалалтын албаны дарга Мөнхжаргал хар өнгийн хийн гар буугаар анхааруулга өгч дээш нь 2-3 удаа буудсан. Тэгэхэд ихэнх хүмүүс нь согтууруулах ундааны зүйлийг ууж хэрэглэсэн байсан юм. Зарим нь шороо авах гэж улайраад байсан. Тэгээд буусан үйлдвэрийн суурин дээр хүмүүс гарч ирээд чулуу шидээд байсан. Орилж чарлаад дайраад байсан. Бөөн үймээн болж байхад хамгаалалтын албаны дарга Мөнхжаргалыг салгаж авч кемп рүү авч явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 дүгээр тал/,
Гэрч А.Болорсүхийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр амарч байгаад тэгээд нэмэлтээр өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянголын амны бүрдэл майнинг ХХК-ийн уурхайд дуудагдаж очсон ба манай Сонор харуул хамгаалалтын албанаас тухайн уурхайг хамгаалдаг юм. Тэнд намайг очиход уулуудаар болон орон нутгийн замуудаар машинууд ирчихсэн хүмүүс цугларсан байдалтай байсан. Тэгээд 1 цаг орчим тэр хүмүүсийг усан бууны тоног төхөөрөмж, үйлдвэрийн хэсэг буулгаад аваадахъя гээд байлгасан. Тэгсэн чинь тэр 200 орчим хүнээс хэсэг бүлэг эмэгтэйчүүд нь дайрч оръё гээд уриалж байгаад бүгдээрээ дайраад усан буу, үйлдвэрийн хэсэг рүү дайраад орсон юм. Бид хориглож дийлээгүй ба тэр дайрсан хүмүүс үйлдвэрийн хэсэг рүү ороод сэндвичин барилга доторх шороог нь аваад байсан. Араас нь хамгаалалтын албаны дарга Мөнхжаргал, ээлжийн ахлах Золжаргал болон хамгаалалтын өөр хоёр ажилтан бид хэд орсон чинь өөдөөс ойртвол ална шүү гээд байсан ба төхөөрөмж дээр 1 нинжа гарсан байхаар нь наана чинь гарч болохгүй буу гээд гарнаас нь татсан чинь тухайн цацруулагчтай ажлын хувцастай царай зүсийг нь муухан санахад шар гэмээр царайтай махлагдуу залуу эргэж хараад гартаа барьсан осков төмрөөр миний толгойдоо өмссөн байсан каск малгай руу цохиж авсан чинь миний ухаан балартаад ухаан алдсан нэг мэдсэн чинь манай хамгаалалтын албаны ээлжийн ахлах Золжаргал намайг түшсэн үйлдвэрийн хэсгээс гаргаж байсан. Би тэгээд дээшээ гараад үйлдвэр байгаа 3-р постны пүүтэнд орж тэнд байсан хүйтэн хар цайгаар толгойгоо шавшаад тэр пүүтэгнээсээ айгаад гаралгүй тэндээ байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар тал/,
Гэрч Т.Төмөрсүхийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад Бүрдэл Майнинг ХХК-ийн ашиглалтын талбайд хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайраад үйл ажиллагаанд саад учруулаад байна гэсэн дуудлага гарсан тул дуудлаганд яв гэсний дагуу Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирээд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баасансүрэн, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч П.Төгсбилэгт, эргүүлийн цагдаа Б.Өлзийдаваа, д/а Б.Баярмагнай, д/а Д.Баасанжаргал, д/а П.Батцэнгэл, д/а Б.Мөнхсүлд нарын хамтаар албаны пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй дуудлагын дагуу явсан. Тухайн газарт очих уурхайн ард болон урд хэсэгт гар аргаар алт олборлогч, нинжа иргэд цугласан байсан. Хамгаалалтын албаны машинтай эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Баасанжаргалын хамт явж цугласан байсан тээврийн хэрэгслүүдийг бичиг баримт болон багаж тээшинд үзлэг хийж тухайн газраас явах шаардлага тавьж ажилласан. Өдар 13-14 цагийн үед уурхайн ард хэсэгт байрлах худгийн орчим хүмүүс цуглаж эхэлсэн. Тухайн газарт 200 орчим иргэд мөн 40 орчим тээврийн хэрэгсэл цугларсан байсан. Тээврийн хэрэгслүүдийн ихэнх хувь тоёота карина, субару Форестэр маркийн тээврийн хэрэгслүүд харагдаж байсан. Алба хаагч нар тухайн газарт цугларсан иргэдэд уурхайн бус болон бусдын объект руу дураараа орж болохгүй энд уурхайн ажил явагдаж байна гэж шаардлага тавь цугларсан иргэдийг орон нутгийн замын хойд талд гаргаж байсан. Иргэд хэлэхдээ бид багийн засаг дарга гэдэг хүнтэй ярьсан манай багийн засаг дарга Бүрдэл майнинг ХХК-ийн дарга удирдлагуудтай ярьж тохирсон тухайн уурхайн усан буугаа сугалж авч дууссаны дараа усан бууны уналтыг орон нутгийн иргэд бид авч болно бид багийн засаг даргаа дуудсан байгаа одоо ирж байгаа хэрвээ засаг дарга ирэхгүй удвал өөрсдөө яваад орчихно угаасаа ярилцсан байгаа юм чинь тэгэхгүй бол наад уурхай чинь хамаг шороогоо булдаг юм гэсэн. Тухайн үеэр орон нутгийн иргэд болон харуул хамгаалалтын ажилчид хоорондоо маргалдаж байсан та нарт ингэж дайрч орох эрх байхгүй, та нар одоо буц гэж харуул хамгаалалтын ажилчид хэлэхэд иргэд цагдаа нар байгаагүй бол та нар шиг 10 хамгаалагч бол лай л байна яваад орчино төрөө хүндэлж байна шүү гэх мэтээр маргалдаж байсан. Өглөө 09 цагаас өдрийн 15 цаг хүртэл тухайн гар аргаар алт олборлогч иргэдийг саатуулж хориглоод байж байсан. Манай алба хаагч нар хамгийн их хүн цугларсан хэсэгт ажиллаж байсан тэгэхэд нөгөө талын уулын бэлд 10 орчим тээврийн хэрэгсэлтэй 20 орчим иргэд шууд гүйгээд уурхайн үйлдвэрийн хэсэг рүү дайраад ороход бидний ажиллаж байсан хэсэгт байсан 2 хэсэг иргэд тэнд дайраад орчихлоо одоо бид нар яах юм бэ гээд бөөнөөрөө гүйлдээд явахад үлдсэн хэсэг иргэд тэр харж байна уу бид нар үлдэх гэж байна гээд бүгдээрээ дайрч орсон. Тухайн талбайд 200 орчим иргэд цугларсан байсан учир тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй уурхайн талбай, усан буу руу иргэд дайраад орсон. Тэгэхэд тухайн газрын үйлдвэрийн хэсэгт хоёр усан буу байсан бөгөөд нэг усан бууг нь уурхайн ажилчид буулгаад аваад явсан газрыг нь шороогоор булж янзалсан байсан тул нинжа нар уурлаж хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд хоёр дахь усан буу руу нь дайрч орсон. Уурхайн хамгаалалтын албаны дарга Мөнхжаргал гэдэг хар хувцастай залуу манай эзэмшлийн талбай руу дайрч орж болохгүй талбайгаас гарцгаа гэж хэлэхэд тэнд байсан иргэд чи дуугай бай баян Базараагийн бууны нохой минь гэж хэлж байсан. Мөнхжаргал нь хийн гар буу гаргаж ирээд дээш нь нэг удаа хий буудсан. Тэгээд хүмүүс гарахгүй байсан болохоор усан буу руу ороод шороо хамж байсан хүмүүс рүү хоёр удаа буудсан юм. Тэнд байсан хүмүүсийг үйлдвэрийн усан бууны хэсгээс нь гаргаад хүмүүсийг 10-15 алхмын зайтай холдуулсан юм. Тэгэхэд иргэд хун алах гэж байна гөлөг чинь муу баян Базараагийн бууны нохой чинь гээд уурлаад байсан. Тэнд байсан нэг залуу миний чих рүү буудсан юм шиг байна гэж нэгэндээ ярьж байсан. Очоод тэр залуугийн бор царайтай залуу миний нуруу орчим буудсан гэж хэлж байсан. Мөнхжаргал гэдэг залууг намхан залуу яасан их хүн бууддаг юм бэ гээд Мөнхжаргал руу очоод Мөнхжаргалын хөлнөөс нь барьж аваад ноцолдоод байж байхад бидний хориглож байсан иргэд бүгдээрээ Мөнхжаргалыг ална гээд дайрсан. Мөнхжаргал дээр бүгдээрээ овоорсон байхаар нь бид хэд очоод Мөнхжаргалыг болон иргэдийг салгасан юм. а/д Баасансүрэн Мөнхжаргалыг аваад явсан. Тэнд байсан иргэд усан бууны хоёр талаас нь дайрч орсон байх үед Мөнхжаргал хийн сумтай шотокон буу барьж гарч ирээд дээш нь хий хоёр удаа буудахад дэд ахлагч Б.Баярмагнай Мөнхжаргал дээр очоод Мөнхжаргалыг цааш нь аваад явсан. Тэгэхэд тэнд байсан иргэд яасан их хүн бууддаг пизда вэ ална гээд осков төмрөө бариад Мөнхжаргал руу дайрсан тэгэхэд цагдаа Баярмагнай Мөнхжаргалын хамтаар зугтааж Мөнхжаргалыг машинд суулгаад явуулсан. Тэнд байсан иргэд тэндээс шороогоо аваад удалгүй тараад явцгаасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар тал/,
Гэрч Б.Өлзийдаваагийн өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад бүрдэл Майнинг ХХК-ны ашиглалтын талбайд хууль “А” бус гар аргаар алт олборлогч иргэд дайраад үйл ажиллагаанд саад учруулаад байна гэсэн дуудлага гарсан тул дуудлаганд яв гэсний дагуу Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирээд, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баасансүрэн, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч П.Төгсбилэгт, эргүүлийн цагдаа д/а Т.Төмөрсүх, д/а Б.Баярмагнай, д/а Д.Баасанжаргал, д/а П.Батцэнгэл, д/а Б.Мөнхсүлд нарын хамтаар албаны пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй дуудлага гарсан газар луу явсан. Тухайн газарт очиход уурхайн ард болон урд хэсэгт гар аргаар алт олборлогч, нинжа иргэд цугласан байсан. Өдөр 13-14 цагийн үед уурхайн ард хэсэгт байрлах худгийн орчим хүмүүс цуглаж эхэлсэн. Тухайн газарт 200 орчим иргэд мөн 40 тээврийн хэрэгсэл цугларсан байсан. Тээврийн хэрэгслүүдийн ихэнх хувь хүний тоёота карина, субару Форестер маркийн тээврийн хэрэгслүүд харагдаж байх алба хаагч нар тухайн газарт цугларсан иргэдэд уурхайн бус болон бусдын обьект руу дураараа орж болохгүй энд уурхайн ажил явагдаж байна гэдэг шаардлага тавьж цугларсан иргэдийг орон нутгийн замын хойд талд гаргаж байсан. Иргэд хэлэхдээ бид багийн засаг дарга гэдэг хүнтэй ярьсан манай багийн засаг дарга Бүрдэл майнинг ХХК- ны дарга удирдлагуудтай ярьж тохирсон тухайн уурхайн усаа буугаа сугалж авч дууссаны дараа усан бууны уналтыг орон нутгийн иргэд бид а болно бид багийн засаг даргаа дуудсан байгаа одоо ирж байгаа хэрвээ засаг дарга ирэхгүй удвал өөрсдөө яваад орчино угаасаа ярилцсан байгаа юм чинь тэгэхгүй бол наад уурхай чинь хамаг шороогоо булдаг юм гэж байсан. Тухайн үеэр орон нутгийн иргэд болон харуул хамгаалалтын ажилчид хоорондоо маргалдах хэрэлдээд байсан. Өглөө 09 цагаас өдрийн 15 цаг хүртэл тухайн гар аргаар алт олборлогч иргэдийг саатуулж хориглоод байж байсан. Манай алба хаагч нар хамгийн их хун цугларсан хэсэгт ажиллаж байсан тэгэхэд нөгөө талын уулын бэлд 10 орчим тээврийн хэрэгсэлтэй 20 орчим иргэд шууд гүйгээд уурхайн үйлдвэрийн хэсэг рүү дайраад ороход бидний ажиллаж байсан хэсэгт байсан хоёр хэсэг иргэд тэнд дайраад орчихлоо одоо бид нар яах юм бэ гээд бөөнөөрөө гүйлдээд явахад үлдсэн хэсэг иргэд араас нь дайраад орсон. Тухайн талбайд 200 орчим иргэд цугларсан байсан учир тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй уурхайн талбай, усан буу руу иргэд дайраад орсон. Тэгэхэд тухайн газрын үйлдвэрийн хэсэгт хоёр усан буу байсан бөгөөд нэг усан буут нь уурхайн ажилчид буулгаад аваад явсан газрыг нь шороогоор булж янзалсан байсан тул нинжа нар уурлаж хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд 2 дахь усан буу руу нь дайрч орсон. Нинжа нар үйлдвэрийн хэсэг рүү дайраад орсон хойно үйлдвэрийн хэсэг дотор хоёр удаа буун дуу гарсан. Тэгэхээр нь буун дуу гарсан хэсэг рүү очиход хүмүүс рүү буудаад байна шүү дээ гэж хүмүүс орилоод байсан. Тэгээд үйлдвэрийн хэсэг рүү очоод хүмүүсийг үйлдвэрийн хэсгээс гаргаж байхад хамгаалагч гээд нэг хар хувцастай залуу үйлдвэрийн хэсгээс гараад ирсэн байсан. Тэгэхэд хажууд байсан залуу чи миний чихруу буудсан гээд нөгөө хар хувцастай Мөнхжаргал гэдэг хамгаалагч залуу руу дайрч маргалдаж байгаад ноцолдоод эхлэхэд бусад иргэд нөгөө залуу руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах гээд дундуур нь ороод салгаж байхад манай нэг цагдаа Мөнхжаргал гэдэг хар хувцастай залууг аваад явсан. Тэгээд үйлдвэрээс нь иргэдийг холдуулах гээд байж байтал удалгүй дахин үйлдвэрийн баруун талд буун дуу гарсан. Тэгэхээр нь буун дуу гарсан газарт очиход нөгөө хар хувцастай залуу том хар буугаар хүмүүс руу буудаад байсан. Тэгэхэд дэд ахлагч Баярмагнай очоод Мөнхжаргалын бууг булааж аваад цаашаа аваад явж байсан. Тэгэхэд нинжа нар Мөнхжаргалыг ална гээд чулуу, осков бариад дайраад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар тал/,
Гэрч П.Төгсбилэгтийн өгсөн:... “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад Бүрдэл Майнинг ХХК-ны ашиглалтын талбайд хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайраад уйл ажиллагаанд саад учруулаад байна гэсэн дуудлага гарсан тул дуудлаганд яв гэсний дагуу Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирээд, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баасансүрэн, эргүүлийн цагдаа д/а Т.Төмөрсүх, Б.Өлзийдаваа, д/а Б.Баярмагнай, д/а Д.Баасанжаргал, д/а П.Батцэнгэл, д/а Б.Мөнхсүлд нарын хамтаар албаны пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй дуудлагын дагуу явсан. Тухайн газарт очиход уурхайн ард болон урд хэсэгт гар аргаар алт олборлогч, нинжа иргэд цугласан байсан. Хамгаалалтын албаны машинтай эргүүлийн цагд цагдаагийн дэд ахлагч Д. Баасанжаргал, дэд ахлагч Т.Төмөрсүх нарыг явуу цугласан байсан тээврийн хэрэгслүүдийн бичиг баримт болон багаж тээш үзлэг хийж тухайн газраас явах шаардлага тавьж ажиллуулсан. Өдөр 13-14 үед уурхайн ард хэсэгт байрлах худгийн орчим хүмүүс цуглаж эхэлсэн. Тухай газарт 200 орчим иргэд ман 40 орчим тээврийн хэрэгсэл цугларсан байсан б тээврийн хэрэгслүүдийн ихэнх хувь нь тоёота карина, субару Форестер маркы тээврийн хэрэгсэл харагдаж байсан алба хаагч нар тухайн газарт цугларсан иргэдэд уурхайн бус болон бусдын объект руу та бүгд дураараа орж болохгүй уурхайн ажил явагдаж байна гэж шаардлага тавьж цугларсан иргэдийг орон нутгийн замын хойд талд гаргасан байсан ба иргэд хэлэхдээ бид багийн засаг дарга буюу Хандмаа гэдэг хүнтэй ярьсан манай багийн засаг дарга Бүрдэл майнинг ХХК-ийн дарга удирдлагуудтай ярьж тохирсон тухайн yypxaй усан буугаа сугалж авч дууссаны дараа усан бууны уналтыг орон нутгийн иргэд бид авч болно бид багийн засаг даргаа дуудсан байгаа одоо ирж байгаа хэрвээ засаг дарга ирэхгүй удвал өөрсдөө яваад орчино угаасаа ярилцсан байгаа юм чинь тэгэхгүй бол наа уурхай чинь хамаг шороогоо хамаад ачдаг юм гэсэн. Тухайн үеэр орон нутгийн иргэд болон харуул хамгаалалтын ажилчид хоорондоо маргалдаж байсан та нарт ингэж дайрч орох эрх байхгүй, та нар одоо буц гэж харуул хамгаалалтын ажилчид хэлэхэд иргэд цагдаа нар байгаагүй бол та нар шиг 10 хамгаалагч бол лай л байна яваад орчино төрөө хүндэлж байна шүү гэх мэтээр маргалдаж байсан. Манай алба хаагч нар хамгийн их хүн цугласан хэсэгт ажиллаж байсан тэгэхэд нөгөө талын уулын бэлд тээврийн хэрэгслүүдээ тавьсан 20 орчим иргэд шууд гүйгээд түрүүлээд гүйгээд уурхайн үйлдвэрийн хэсэг рүү дайраад ороход бидний ажиллаж байсан хэсэгт байсан 2 хэсэг иргэд тэнд дайраад орчихлоо одоо бид нар яах юм бэ гээд бөөнөөрөө гүйлдээд явахад үлдсэн хэсэг иргэд тэр харж байна уу бид нар Заамар сумын иргэд учраас Заамар суманд ажилладаг цагдаа нараа бодоод тэднээс айгаад ингээд ард нь үлдэж байгаа байхгүй юу энэ дайрч ордог хүмүүс дандаа гадны хүмүүс байдаг юм одоо орохгүй бол юм үлдэхгүй хоцорлоо гэж байсан бид нар ч уурхайн ашиглалтын талбай руу дайрч орсон иргэдийн араас явцгаасан. Тухайн талбайд 200 орчим иргэд цугларсан байсан учир тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй уурхайн талбай, усан буу руу иргэд дайраад орсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр тал/,
Гэрч Б.Баярмагнайн өгсөн:...“Багийн засаг дарга уурхайн удирдлагуудтай ярилцаж тохироод уурхайн талбай руу иргэдийг оруулна гэж байсан. тэгэхэд нөгөө хэсэг хүмүүс нь багийн засаг даргатай ярьж тохирсон гэж байна уурхайн талбай руу ор гэж байна гэж байсан Тэгээд 20-30 орчим минут тухайн хүмүүсийг байлгаж байтал тухайн нинжа нар з хэсэг газарт цуглаад байсан. Уулан дээр байсан хэсэг хүмүүс нь түрүүлээд дайраад уурхайн үйлдвэрийн хэсэг рүү дайраад ороход худгийн орчим байсан 2 хэсэг нинжа нар дайраад орсон. Тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй. 200 орчим иргэд цугларсан байсан. Уурхайн талбай руу иргэд дайраад орсон. Тэгэхэд тухайн газрын үйлдвэрийн хэсэгт 2 усан буу байсан бөгөөд нэг усан бууг нь уурхайн ажилчид буулгаад аваад явсан газрыг нь шороогоор булж янзалсан байсан тул нинжа нар уурлаж хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд 2 дахь усан буу руу нь дайрч орсон, тэгэхэд би усан бууны доор хууль бусаар алт олборлогч иргэдийг гаргах гэж байх хугацаанд хүн буудаад байна шүү дээ та нар тэр хүн буудаад байгаа хүнээ болиулаач гэхээр нь үйлдвэрийн хэсэг рүү ороход үйлдвэрийн хананы сэндвичийн дээрээс харуулын дарга болох Мөнхжаргал нь шоткон буугаар буудаж хууль бус аргаар алт олборлогч нар нь Мөнхжаргал руу бөөнөөрөө чулуу шидэж байсан. Тэгэхээр нь Мөнхжаргал руу гүйж очоод сэндвич даваад эргээд харахад Мөнхжаргал бид хоёрын араас чулуу шидэж байхаар нь Мөнхжаргалын хамт уурхайн дээд хэсэг рүү гарсан. Уурхайн дээд хэсэг дээр гараад Мөнхжаргалын хамт эргээд хартал 20-30 орчим залуус чулуу барьчихсан алнаа та нарыг гээд зогсоо зайгүй чулуу шидээд байхаар нь Мөнхжаргалыг цааш нь дагуулж гүйгээд цагаан өнгийн уурхайн “Прадо-120” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар тал/,
Гэрч С.Баттулгын өгсөн:... Өлзийсайхан ах бид хоёр дагаад гүйгээд би металь хайгч барьсан байсан тул мятал хайгчаараа шороон дээгүүр тавьж үзээд явсан миний хараа муутай нүдний шилтэй учир хамт явсан гаалийн нь хайгчаа ажиллуулаад байж байхад сендвинчин байшин хүмүүс орсон байгаа бололтой сэндвинчэн байран дотор хүмүүс хашхиралдаад байсан гээд буун дуу удаа гарсан тэгсэн сэндвинчин хамгаалалтын албаны хар хувцастай өндөр биетэй хамгаалагч гуйж гарч тэгээд бас барьсан байсан өнгийн гар буугаараа буудаж өгсөөд гүйгээд гарсан тэгсэн усан бууны шалам шороо шороо луу гардагын орчим хүмүүс бөөгнөрч цуглаад хүн буудуулсан гээд нь яваад очиход Өлзийсайхан ах байсан Өлзийсайхан ах хамгаалагчид буудуулчихлаа гэсэн шархыг харахад зүүн бөөрний орчим нь хэлбэртэй газар хонхойсон цус гарах гэж бололтой харагдаж байсан дээшээ гүйгээд гарсан буудаад байсан хар хувцастай хамгаалагч дээр байсан машинаасаа авсан харуулын пүүтэгнээсээ авсан урт хар буу барьж ирээд дахиад хоёр буудсан би буудсаныг хараагүй цагдаа очоод болиулсан ба тэгсэн тэнд байсан нинжа буюу гар аргаар олборлогч иргэд тэр хувцастай хамгаалагчийг яахаараа бууддаг юм зодно дайраад байсан тэр хар хувцастай хамгаалагчийг цагдаа зугтаагаад машинд суулгаад явуулчихсан тэгээд Өлзийсайхан ахын нуруу шарх өвдөөд байна гээд тэгээд бид машин дээрээ очоод Заамар Хайлааст 3-р багийн төв рүү эмнэлэг рүү яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай “1.2.Ц.Өы биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6.Нурууны ктг-д илэрсэн хуучин өөрчлөлтийг дүгнэлтэд дурдаагүй болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 69-70 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай “1. Шинжилгээнд 12 калибрын Турк улсад үйлдвэрлэсэн, гол төмөр 20Х0757, сангийн анги 20Х0757 гэсэн дугаартай, "Huglu ATROX" загварын иргэний спорт-ангийн зориулалттай дробинк буу, 9 мм-ийн /cal. 9mm P.A./ калибрын гол төмөр EG-20081831 гэсэн дугаартай, “EKOL Gediz Cal. 9mm P.A." загварын иргэний харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл /резинэн сумтай/ тусгай хэрэгслийг ирүүлсэн байна. 2.Дээрх шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгслийн 9 мм-ийн резинээ хошуутай сум /Cal. 9mm P.A/-ны цохилтын хүч нь 25-160 джоуль байдаг ба хүний биед гэмтэл учруулах боломжтой. 3. Олон улсад резинэн сумтай бууг эсрэг довтлогч этгээдээс 1-10 метр зайнд хэрэглэхийг зөвлөсөн байдаг ба улс орон болгон өөрсдийн хэрэглэх стандарт журмыг боловсруулан гаргаж мөрдөж ажилладаг. 4. Дээрх тусгай хэрэгслүүдийн хэрэглэх заавар журмыг “Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар" 2003 ОНЫ Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан дугаар 12/05 заавар батлах тухай тушаалыг үзнэ үү.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-76 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн өнгийн куртикэнд хатуу зүйлийн улмаас үүссэн шинэ цооролт, цагаан эрээн өнгийн майкнд эдэлгээ, хэрэглээний явцад гарсан хуучин цооролт, татаж чангаах үйлчлэлийн улмаас гарсан хуучин оёдол дагасан ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн, малгайтай цамц гэмтэлгүй байна. 2. Бор эрээн өнгийн курткинд гарсан цооролт нь хийн гар бууны резинэн сумын хошуугаар үүсгэгдэх боломжтой. 3. Ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 86-88 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 504 дугаартай “1. 2021.12.23-ны өдрийн №07 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн цамц 4х3мм дулаан илчээр үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт, бор эрээн цамц 12х6мм хэмжээтэй хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ цооролт, хар цамц 16х10мм, эрээн майк 7х4мм, 14х5мм, 17х5мм, 16x5mm, 11x20mm, 5x2mm, 10x3мм, 16х9мм, 7х5мм хэмжээтэй эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, эрээн майк 23мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзарсан гэмтлүүдтэй байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн цамцны ард талд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн 12х6мм хэмжээтэй шинэ цооролтыг хийн гар бууны резинэн сумаар үүсгэгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй. 5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 97-99 дүгээр тал/,
Яллагдагч Ж.Мын өгсөн: “Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 12-р сарын 06-ны өдөр манай хамгаалалтын албаны хамгаалдаг Бүрдэл майнинг ХХК-ийн Баянголын эх гэх газрын алт угаах 1,2-р үйлдвэрийн ажил зогсож тоног төхөөрөмжөө салгах ажил явагдах үед өглөө 10 цагийн орчмоос хууль бус гар аргаар алт олборлогч иргэд цуглаж эхэлсэн ба 20-30 орчим хүн 10 гаран машинтай цуглахаар нь заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгсөн тэрнээс хойш хууль бус гар аргаар алт олборлогч иргэд нэмэгдсээр байсан ба цагдаагийн хэлтсээс дуудлагын дагуу цагдаа нар ирсэн бөгөөд хүмүүс нэмэгдсээр байгаад 100 гаран хүмүүс цугласан байж байгаад өдөр 13-14 цагийн орчим бүгд дайраад 1.2-р үйлдвэр лүү орсон ба 1-р үйлдвэрээ буулгаж дууссан байсан тул 2-р үйлдвэр луу 20 гаран хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайрч ороод усан бууны ТОНОГ ТӨхөөрөмжийг төмрөөр хөшөөд завсраар нь дээр, доороос нь шороо авч эхэлсэн бусад хүмүүс нь үйлдвэрийн гадна эргэн тойронд шороо авч байсан тэгээд би 5 хамгаалагчийн хамт үйлдвэр лүү ороод дотор нь байсан хүмүүсийг тоног төхөөрөмжид халдаж ингэж шороо авч болохгүй гарцгаа гээд хамгаалагч нарыг тэр хүмүүсийг гаргах талаар хэлсэн тэгээд байж байхад миний хажууд байсан Болорсүх гэж хамгаалагч дээр гарсан байсан хүнийг буугаараа гэхэд тэр хүн нь гарт барьсан төмрөөрөө хамгаалагч Болорсүхийн толгойдоо өмссөн байсан каск малгайг цохиж хагалах үед надаас 3-4 орчим метрийн зайтай байсан хамгаалагч Болорсүх ухаан алдаад унахаар нь бусад хамгаалагч нарыг Болорсүхийг аваад гар гэж хэлээд би биедээ авч явсан хар өнгийн хийн гар бууг гаргаж ирээд үйлдвэр дотор байсан хүмүүсийг гарцгаа гээд хийн гар буугаараа дээшээ 2-3 удаа буудахад дотор байсан хүмүүс гарахгүй тоохгүй байхаар нь би хажуу тийшээ буюу хана руу хоёр удаа буудсан, дахиад буудахдаа хана байхгүй хэсэг рүү хоёр удаа буудсан тэгсэн тэнд байсан хүмүүс гараад гүйлдээд явсан тэгэхлээр нь каск малгай руугаа цохиулсан хамгаалагчаа гаргаад би нөгөө буусан 1-р үйлдвэрийн хэсэг рүү гүйж очиход буусан үйлдвэрийн суурь шорооноос хүмүүс аваад байж байсан тэгэхлээр нь тэр хүмүүсийг тараах тэрүүгээр 1-р үйлдвэр лүү орох хүмүүсийн хөдөлгөөнийг зогсоох зорилгоор үлдсэн хоёр сумаараа дээшээ буудсан тэгээд миний хийн гар буунд байсан 8 сум дууссан тул тэнд байж байхад дээрээс цагдаа нар бууж ирсэн мөн тэнд байсан иргэдээс 1 залуу нь миний бөөр лүү буудсан байна гээд хоорондоо ярилцаад байснаа 2-3 залуу намайг буудлаа нэг нь чихний хажуугаар буудсан нөгөө нь миний бөөр хэсэгт буудлаа гээд чулуу шидсэн бусад хүмүүс нь бас над руу шидэхээр нь би толгойгоо гараараа дараад газар хэвтэхэд дээрээс цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүс тараасан ба тэнд байсан 1 цагдаа нь намайг дээшээ гарч зугтаа гээд дагуулаад дээш гаргачхаад буцаад явсан тэгэхэд буугаагүй байсан 2-р үйлдвэр лүү хүмүүс орсон байхаар нь тэр хүмүүсийг нь гаргах гээд машинд байсан урт хар өнгийн Шоткон бууг гаргаж ирээд 2-р үйлдвэр дээр очоод дотор нь байсан хүмүүсийг гаргах зорилгоор дээшээ, хана руу нь 3 удаа буудсан тэгсэн тэнд дотор байсан болон гадаа нь байсан хүмүүс энэ буудаад байгааг нэг мөсөн алчихъя гээд над руу чулуу шидэцгээсэн тэгсэн дахиад нэг цагдаа намайг дагуулж зугтаагаад дээшээ гараад тэнд байсан уурхайн засварын машинд суугаад кэмп рүү явсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ж.М гэм буруу дээрээ маргадаг бөгөөд, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй.
Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Өы биед тогтоогдсон гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба тухайн шинэ гэмтлийг учруулсан шүүгдэгчийн санаатай үйлдлүүд нь хохирогчийн биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт ...өөрийн үйлдэл, эс үйлдэхйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг... ойлгоно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох гэж ойлгоно.
Улмаар шүүгдэгч Ж.Мын хохирогч Ц.Өы биед хийн буугаар буудаж, хөнгөн гэмтэл учруулж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг болох Арваннэгдүгээр бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн хохирол учруулсан гэсэн үндсэн шинжийг хангаж байна.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь шүүгдэгчийн хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, буудаж буй нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол, хор уршиг учирсан байх тул материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.
Тэрээр хүний эрүүл мэндэд халдаж, түүнийг зодож, цохиж буй энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хөнгөн, хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр байна.
Иймд шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Өы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Ж.М нь “Бүрдэл майнинг” ХХК-нд Сонор харуул ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажил эрхэлж, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 225 дугаар байранд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, одоо 35 настай баримт хэрэгт авагджээ.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч Ц.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг баримтаар гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн калибрын гол төмөр EG-20081831 дугаартай “EKOL Gediz Cal. 9mm P.A” загварын бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Бүрдэл майнинг” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2134004320099 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн калибрийн гол төмөр EG-20081831 дугаартай “EKOL Gediz Cal. 9mm P.A” загварын бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Бүрдэл майнинг” ХХК-нд буцаан олгосугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Мд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН