Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/457

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          11              08                                                 2022/ШЦТ/457

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

  Хохирогч Ц.А /онлайн/,

  Шүүгдэгч Б.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт Б-н У т холбогдох эрүүгийн 2234005330463 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С овогт Б-н У , 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ___ регистрийн дугаартай

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.У  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.У  нь Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2-р баг Өгөөжийн овоо гэх газарт 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ц.А тай “өвөлжөө рүү мал орууллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ц.А ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234005330463 дугаартай хэрэгт авагдсан 

           

            Хохирогч Ц.А ын өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мал хайж яваад Төв аймгийн Сүмбэр сум Жавхлант 2 дугаар баг Өгөөжийн овоо гэх газарт Эрдэнэсүх гэх айлд очсон. Намайг очиход Эрдэнэсүх, Ариунбуян, Ариунбуянгийн эхнэр Заяа гурав 2.5 литрийн пиво уугаад сууж байсан. Тэгээд бид нар байж байтал гаднаас У , Мөнхжаргал нар орж ирсэн. Тэгээд Эрдэнэсүх сумын төвөөс 1 шил 0.75 грамм архи, 2.5 литрийн пиво авч ирээд бид нар хувааж уусан. Архи уугаад сууж байхад У  манай өвөлжөө рүү адуугаа орууллаа гэсэн тэгэхээр нь би бүх л хүний мал орж байгаа биз дээ ганцхан манай мал ороо юу гэж хэлсэн. Тэгээд бид маргалдсан Эрдэнэсүхийн гэрийн гадна гарч ирээд У  намайг барьж аваад миний уруул руу нэг удаа, толгойн орой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний уруул, толгойноос цус гараад байхаар нь би Эрдэнэсүхийн гэрийн гадна байсан эмээлтэй морийг нь унаад зугтсан. Бид хоёрыг маргалдаж муудалцах үед Мөнхжаргал, Заяа нар байсан. Өөр хүн байгаагүй. Эрдэнэсүх, Ариунбуян хоёр унтчихсан байсан. Би У ыг цохиж зодоогүй. Хохирлын баримтыг нэхэмжилнэ. Би гомдолтой байна.

            У  миний толгой руу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэр үед миний толгой хагарч, толгойноос цус гарсан. Миний толгой руу У ыг өшиглөхийг өөр хүн харсан эсэхийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 9-10, 12/,

            Гэрч Г.Мөнхжаргалын өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Сүмбэр сумын төвөөс У ын хамт мотоциклтой У ын гэрт очихоор явж байгаад замдаа Эрдэнэсүх ахынхаар орсон. Бид хоёрыг очиход Эрдэнэсүх, А , Ариунбуян мөн Ариунбуянгийн эхнэр заяа нар хамт байж байсан. Тэд нар 2.5 литрийн пиво ууж байсан. У  бид хоёр тэр пивоноос нь уулцсан. А  нэг шил 0.5 грамм хараа архи гаргаж ирээд надад өгсөн бид нар тэр архийг нь хувааж уусан. Тэгээд байж байтал Эрдэнэсүхийн төрсөн дүү Бямбасүх ирээд А , Бямбасүх бид гурав Сүмбэр сумын төв рүү архинд яваад дэлгүүрээс 0.75 грамм хараа архи, 2.5 литрийн пиво аваад буцаж Эрдэнэсүхийн гэрт ирэхэд Ариунбуян ах унтчихсан байсан Эрдэнэсүх, У  хоёр байж байсан. Бямбасүх 2.5 литрийн пивыг нь би ууна та хэд архиа уу гээд яваад өгсөн. Эрдэнэсүх, А , У  бид дөрөв архиа хувааж уугаад сууж байтал Заяа гаднаас орж ирсэн. Удалгүй У , гарцгаа гэсэн тэгээд Эрдэнэсүхийн гэрийн гадна гарч ирээд У , А  нар барьцалдаж аваад газар унаад дээр доороо ороод байсан би У , А  хоёрыг салгасан. Тэгээд байж байтал У  А ыг 2 удаа цохисон. А ын хамраас нь цус гараад байсан. Тэгээд А  тэр хавиар агсарч орилж байгаад морь унаад яваад өгсөн. А , У  нар юунаас болж маргалдсан талаар би сайн санахгүй байна. Би тухай үед нэлээд согтуу байсан. Миний мэдэхийн А ыг хоёр удаа гараараа цохисон. Нэг цохилт нь хамар луу нь цохисон хамраас нь цус гарсан өөр цохиж зодоогүй. У ыг өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна. Гараараа цохиж л харагдсан. А  У аас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. А  толгой хагарсан эсэхийг мэдэхгүй байна. Цус гарч байгаа зүйл мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг /хх 14-15/,

            Гэрч Г.Эрдэнэсүхийн өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сум Жавхлант 2 дугаар баг Өгөөжийн овоо гэх газарт гэртээ Ариунбуян, Аззаяа нарын хамт 2.5 литрийн пиво уугаад сууж байтал А  ирсэн. Түүний араас У , Мөнхжаргал нар мотоциклтой ирсэн. Тэгээд бид нар манай гэрт ганц нэг шил архи уугаад байж байтал А , У  хоёр хоорондоо өвөлжөө малын бэлчээр яриад маргалдаад байсан. Нэг мэдэхэд гэрийн гадна хэрэлдээд зодолдоод байх шиг байсан. Тухай үед би согтуу байсан болохоор хэн нь хэнтэйгээ зодолдсон талаар мэдэхгүй байна. А , У  хоёр зодолдох үед би гэртээ байж байгаад гэрч ирсэн. Намайг гарч ирэх үед У , А  хоёр маргалдаад байсан. Дээр доороо ороод зодолдоод байсан. Би хөл гар муутай учраас ойртоогүй. Тухайн үед гадаа харанхуй болж байсан. А ын нүүр цус болчихсон байсан. Өөр зүйл мэдээгүй” гэх мэдүүлэг /хх 17-18/,

            Гэрч С.Аззаяагийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар баг Өгөөжийн овоо гэх газарт нөхөр Ариунбуянгийн хамт Эрдэнэсүх гэх айлд хурга хяргах гэж очсон юм. Орой нь Эрдэнэсүх ах нэг шил архи, нэг 2.5 литрийн пиво гаргаж өгсөн. Тэр архи, пивыг уугаад сууж байтал А , У , Мөнхжаргал гурав ирсэн. Тэгээд тэд нар архи уугаад байсан. У , А  хоёр хоорондоо өвөлжөөний өвс адуугаар идүүллээ гээд маргалдаад байсан. Тэгээд би гараад яваад өгсөн. Удалгүй зодолдсон байсан би зодоон болох үед байгаагүй. Тэр хоёр бага зэргийн согтолтой байсан. Тэр хоёрыг маргалдаж зодолдох үед Ариунбуян Эрдэнэсүх ахын жижиг гэрт унтаж байсан.” гэх мэдүүлэг /хх 21-22/,

            Шүүгдэгч Б.У ын өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 19-ны 15 цагийн үед Мөнхжаргалын хамт сумын төвөөс гараад гэртээ харих замдаа Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багийн нутаг Өгөөжийн овоо гэх газарт Эрдэнэсүх ахынхаар очсон юм. Намайг очиход Эрдэнэсүх, А , Ариунбуян, Аззаяа нар 2.5 литрийн пиво уугаад сууж байсан. А  0.5 грамм хараа архи гаргаж ирээд задлаад бид нар хувааж уусан би согтоод байхаар унтаж байгаад сэрхэд Мөнхжаргал, А  хоёр төв ороод ирлээ гээд нэг шил 0.75 грамм хараа архи задалчихсан сууж байсан. Тэгээд Эрдэнэсүх, Мөнхжаргал, А  бид 4 тэр архийг хувааж уугаад байж байтал А  Мөнхжаргалтай барилдана гээд гэрээс гарсан би Эрдэнэсүх ахтай архиа уугаад сууж байсан. А  гаднаас орж ирээд бүгдийг чинь ална гээд орилоод байсан. Би боль ахын дүү гэсэн чинь намайг цамцны цахаар боогоод нүүр лүү нулимсан. Чи яаж байгаа юм бэ гээд би А ыг бариад авсан чинь Заяа эгч айлын гэрт маргалдлаа гар гэсэн. Гэрийн гадна гараад А  бид хоёр хоёр гэрийн гадна зодолдсон А  намайг боочхоод тавихгүй болохоор нь би баруун гараараа А ын нүүр лүү нэг удаа цохисон. А ын хамраас нь цус гараад нүүр цус болчихсон байсан. Мөнхжаргал гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Түүнээс хойш агсам тавиад хүн хүн рүү дайраад байхаар нь боль гэж хэлсэн чинь намайг тонгороод унагачихсан тэгэхээр нь би А ыг дахиад нэг удаа эрүүнд нь гараараа цохисон тэгээд А  морь унаад явчихсан. А  манай өвөлжөөний бэлчээрийг адуугаараа идүүлээд байдаг юм. Энэ талаар би А т урд өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. А  бид хоёр малын бэлчээрээс болж маргалдсан. Урд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Би А ыг 2 удаа гараараа нүүрэнд нь буюу эрүү, хамар хэсэгт нь цохисон. Миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би А ыг өшиглөөгүй. Гараараа 2 удаа цохисон. А ын толгой хагарсан талаар мэдэхгүй байна. Би А ын толгойг хагалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би А ын толгойг хагалаагүй.

            Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би А аас уучлалт гуйгаад эвлэрсэн, надаас эмчилгээний зардал мөнгө нэхэмжлээгүй. Хэрвээ эмчилгээний зардал нэхэмжилсэн гэж нэхэмжилбэл төлнө.” гэх мэдүүлэг /хх 25-26, 40/

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №406 дугаартай шинжээчийн: “1.Ц.А ын биед зулайд шарх, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн мөр, баруун, зүүн дал, нуруу, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, үрэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 28-29/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.У ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.У  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.У т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд,  хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж зааснаар,

            Шүүгдэгч Б.У ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч үүний улмаас хохирогч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул үүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн 2234005330463 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч С овогт Б-н У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Хохирогч Ц.А нь 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6.Эрүүгийн 2234005330463 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ