| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2018/00446/и |
| Дугаар | 01826 |
| Огноо | 2018-09-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 01826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Энхтуяа, И.Амартөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д-д холбогдох
Албан томилолтын зардлын зөрүү 21.258.287 төгрөг 52 мөнгө, албан ажлын хэрэгцээнд ашиглаж байсан зөөврийн компьютерын үнэ 2.029.500 төгрөг, бүгд 23.287.787 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, Д.Э, хариуцагчийн төлөөлөгч Ё.Э, иргэдийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандшир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Удирдлагын асуудал эрхэлсэн замын орлогч даргаар ажиллаж байсан Л.Д нь Замын нэгдүгээр орлогч даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б-И-193 тушаалын дагуу 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 09-нийг хүртэл Итали Улсын Ром хотод томилолтоор ажилласан. 2017 оны 07 дугаар сарын 06-07-нд Итали Улсад болсон UIC-ийн хуралд оролцсон байрны зардал 2970 еврогийн /1 хүн/ тайлан өгөөгүй.
Замын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б-И-202 тушаалын дагуу 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ныг хүртэл БНХАУ-ын Эрээн, Бээжин, хотууд болон ОХУ-ын Москва хотод томилолтоор ажилласан. Эрээн, Бээжин, Москва хотуудад томилолтоор ажиллахад байр 560 ам.долларын /4 хоног/ тайланг ирүүлээгүй.
2016 оны 06 дугаар сарын 28-30-нд "Hoteles Melia" буудалд байрлаж 4151.14 евро төлсөн баримт болон 2016 оны 07 дугаар сарын 18-нд Замын даргын картнаас буудлын төлбөрт 815.47 евро төлсөн баримт зэргийг гаргаж өгөөгүй юм.
"УБТЗ" ХНН-ийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-87 тушаалын хоёрдугаар хавсралт, УБТЗ-ын ажилтнууд Гадаад улсад албан томилолтоор ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.8-д Гадаадад томилолтоор зорчигчид нь томилолтын зардлын зарцуулалтын тайланг эх орондоо буцаж ирснээс хойш ажлын 6 хоногт багтаан гаргаж, Захиргаа аж ахуйн хэлтсийн нягтлан бодогчоор хянуулж, үлдэгдлийг буцааж тушаана гэсэн заалтыг зөрчсөн. Иймд томилолтын зардлаас баримтаа бүрдүүлж гаргаж өгөөгүй зөрүүд 21 258 287.52 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн Л.Д нь Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар ажиллаж байхдаа /Dell-5737-l5/ маркийн 1417079022121201 кодтой 2029500 төгрөгийн үнэлгээтэй зөөврийн компьютерыг эд хөрөнгийн бүртгэлийн карт дээр хүлээн авч албан ажлын хэрэгцээнд ашиглаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Л.Дийн ажлыг хүлээлцэхэд дээрх зөөврийн компютерын бүртгэл дутсан ба хүлээлгэж өгөөгүй.
Иймд Л.Дээс 2014 оны 12 дугаар сарын 23-нд үйлдвэрлэгдсэн Dell- 5737-15/ маркийн 1417079022121201 кодтой зөөврийн компьютерийн үнэ болох 2.029.500 төгрөг, нийт 23.287.787 төгрөг 52 мөнгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн томилолтыг тухай үеийн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатартай хийж байсан. Нисэх өдөр нь Л.Пүрэвбаатарын Шенгений виз нь нээгдээгүй байсан учир Чингис хаан олон улсын нисэх буудал дээр билетүүдийг өөрчлөх шаардлагатай болсон. Энэ тухай УБТЗ-ын гадаад харилцааны ажилтан X. Алтанзул сайн мэдэж байгаа. Миний санаж байгаагаар бол онгоцны буудлаас шууд билет шинээр бичүүлсэн тул өмнөх билетны мөнгө нь УБТЗ-ын дансанд орсон байх ёстой.Тус томилолтоос ирээд миний бие захиргаа аж ахуйн няравт зөрүүг нь бэлнээр тушаасан.2016 оны 07 сарын 21-ны өдөр ОХУ-ын Москва хотод томилолтоор явахаар гарсан зардалд надаас 560 ам.доллар нэхэмжилж байх бөгөөд Замын орлогч даргаар ажиллаж байхдаа томилолтын тооцоог өөрөө хийдэггүй байсан.Энэ томилолтын тухайд Оросын төмөр замын дэд ерөнхийлөгч В.Павловский-тэй уулзсан. Энэ болсон уулзалтын талаар хойноос нь талархсан албан бичиг ирүүлж байсан. Би томилолтын зардлаас мөнгө аваагүй. Хариуцагчийн нэр дээр байсан албан хэрэгцээнд ашиглаж байсан компьютерийн үнэ 2.029.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мээс хариуцагч Л.Дээс 23.287.787 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Мээс хариуцагч Л.Дийг хөдөлмөрийн гэрээгээр Улаанбаатар Төмөр замын Удирдах газрын удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар ажиллаж байхдаа гадаад улсад томилолтоор явж ирээд албан томилолтын зардлын тооцоог хийж холбогдох баримтаа өгөөгүй гэж 21.258.287 төгрөг 52 мөнгө, албан ажлын хэрэгцээнд ашиглаж байсан зөөврийн компьютерыг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр үнэ 2.029.500 төгрөг, нийт 23.287.787 төгрөг 52 мөнгийг нэхэмжилсэн.
Хариуцагч Л.Д нэхэмжлэлийн шаардлагаас зөөврийн компьютерын үнэ 2.029.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх ба, албан томилолтын зөрүүд нэхэмжилсэн 21.258.287 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай шаардлагыг томилолтын зардлыг хувьдаа ашиглаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Л.Д нь 2017 оны 07 дугаар сарын 06-07-нд Итали Улсад болсон UIC-ийн хуралд оролцсон байрны зардал 2970 еврогийн /1 хүн/ тайлан түүнд холбогдох баримт,
2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ныг хүртэл БНХАУ-ын Эрээн, Бээжин, Москва хотуудад томилолтоор ажиллахдаа зарцуулсан байрны 560 ам.долларын /4 хоног/ тайлан холбогдох баримт,
2016 оны 06 дугаар сарын 28-30-нд "Hoteles Melia" буудалд байрлаж 4151.14 евро төлсөн баримт болон 2016 оны 07 дугаар сарын 18-нд Замын даргын картнаас буудлын төлбөрт 815.47 евро төлсөн баримт зэргийг гаргаж өгөөгүй болох нь зохигчийн тайлбар, Улаанбаатар төмөр замын даргын 2016.06.28-ны болон 2016.07.21-ний өдрийн томилолтоор ажиллуулах тухай тушаалууд, Улаанбаатар төмөр замын даргын 2012.04.25-ны өдрийн тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Улаанбаатар төмөр замын ажилтнууд гадаад улсад албан томилолтоор ажиллах журам”, ХХБ-ны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Дээр дурдсан “Улаанбаатар төмөр замын ажилтнууд гадаад улсад албан томилолтоор ажиллах журам”-ын 2.8-д “Гадаадад томилолтоор зорчигчид нь томилолтын зардлын зарцуулалтын тайланг эх орондоо буцаж ирснээс хойш ажлын 6 хоногт багтаан гаргаж, Захиргаа аж ахуйн хэлтсийн нягтлан бодогчоор хянуулж үлдэгдлийг буцааж тушаана”,
2.11-т “Гадаадад томилолтоор ажилласан ажилтан нь визийн хураамж төлсөн баримт, тухайн оронд зорчих, буцаж ирэхээр худалдан авсан унааны тийзийн хуулбарууд, онгоцонд суух талон, зочид буудалд байрласан тухай баримтыг санхүүд өгснөөр гадаад томилолтын удирдамжийн дагуу хийсэн ажлын тайланг Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст өгснөөр томилолтын зардлыг тооцох, хаах нөхцөл бүрдэнэ” гэжээ.
Хариуцагч Л.Д дээр дурдсан журмын дагуу холбогдох тайлан, баримтуудыг гаргаж өгсөн талаар нотлох баримтгүй байна.
Гэхдээ хариуцагч Л.Дийг нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын удирдах газарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа албан томилолтоор явсан зардалтай холбоотой зардлуудыг нэхэмжилж байх тул уг нэхэмжлэлийг ажил олгогч, ажилтан 2-ын хоорондын харилцааг тухайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэжээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтгүй байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэгчийн томилолтын зөрүүд 21.258.287 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Харин хариуцагч талаас зөөврийн компютерын үнэ 2.029.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг маргахгүй төлнө гэж зөвшөөрч байх тул уг шаардлагат холбогдох хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Л.Дд холбогдох 21.258.287 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч Мийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Мт зөөврийн компьютерын үнэ 2.029.500 төгрөгийг төлөх тухай хариуцагч Л.Дийн зөвшөөрлийг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэхэмжлэгч Мээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Дээс 47.422 төгрөг гаргуулж Мт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД И.АМАРТӨГС
Т.ЭНХТУЯА