Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/460

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          11              09                                              2022/ШЦТ/460

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч Ю.М , Б.Б , тэдгээрийн өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлтэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н Б , Х Ю-н М  нарт холбогдох эрүүгийн 2034005610689 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б овогт Б-н Б , 1982 оны 7 дугаар сарын 09ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ашиглалтын технологич мэргэжилтэй, “Минторес” ХХК-д инженер геологич ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 23-р байрны 81 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Х Ю-н М , 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 110-11 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.М , Б.Б  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.Б , Ю.М  нар нь бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах “Монполимент” ХХК-ны Драг 2-оос 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 6 ширхэг шинэ нэг бүрийн үнэ 1 445 692 төгрөг, 12 ширхэг хуучин нэг бүрийн үнэ 22 700 төгрөгийн пальцыг нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 8 946 152 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2034005610689 дугаартай хэрэгт авагдсан 

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бидэрьяагийн өгсөн: “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт үйл ажиллагаа явуулах “Монполимент” ХХК-ийн Тосон уурхай дээр 2020 оны 8 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд “Вагнер ази” ХХК-аас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээн дээр компанийн удирдлагууд “Тосон уурхай дээр очихдоо 2019 оны 9 дүгээр сад болсон драгнаас сэлбэг хулгайлсан талаар мэдээлэл цаасаар өгсөн байсан. Мэдээллийг шалгуулахаар Төв аймгийн Цагдаагийн газарт хандсан. Драгийн пальц гэх зүйл нь шанаганы сэлбэг байгаа. Тухайн пальцийг жилд 1 удаа ОХУ-аас 1 ширхгийг нь 2.500.000 төгрөгөөр авдаг. Манайд ирсэн мэдээллийн дагуу хулгайлсан нь 30 ширхэг гэж байгаа боловч 100 ширхэг пальц хүлээж авсан ба тухай 100 ширхэг пальцийг Драгийн сэлбэгт хэрэглэсэн гэсэн акт үйлдэгдээгүй байгаа ба тухайн 100 ширхэг сэлбэж хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа. Манай аудитын мэдээ гарахаар нийт хичнээн ширхэг пальц дутсан нь гарч ирнэ. Тухайн хэргийг гол зохион байгуулагч нь Б , М  нар гэж байгаа. Өөрөөр мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үеийн нягтлан, няравууд актыг бүх газраас жигд авсан байх ёстой Драг-2-ын 100 ширхэг пальцийг хэрэглэсэн актыг хүлээж аваагүй байгаа нь хамтарсан байж болзошгүй. 30 ширхэг пальц “Монполимент” ХХК-ийн Драг 2-оос алдсан гэж өргөдөл өгсөн боловч манай аудит шалгалтаар 100 ширхэг пальц хүлээж авсан баримт байгаа боловч акт нь байхгүй учир 100 ширхэг алдагдсан гэж үзэж байна.

            Манай компани анх 30 ширхэг пальц алдагдсан гэж ажилтын өгсөн мэдээллийн дагуу өргөдөл гаргасан. Тэгээд аудит оруулж шалгахад Драг 2-оос 100 ширхэг пальц буюу 2019 онд шинээр худалдаж авсан пальцийг Драг 2-оос албан ёсоор хүлээж аваад зарцуулсан актыг огт үйлдээгүй дүгнэлт гарсан. Тухай актыг Драг 2-ын аргаар ажиллаж байсан Б  нь баримтыг үйлдээгүй байгаа нь санаатай эсвэл санамсаргүй үйлдлийг тогтоох боломжгүй байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон тоо ширхэгийг ажиллагааны үед тогтоогдсон тоо ширхэгээр хохирлыг тооцож хохирлоо нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 хх 8, 39, 124/,

            Гэрч Д.Сайханбаярын өгсөн: “Манай уурхайн Драг-2 угаагч залуу Эрхэмбаяр гээд хүн тус хулгай болоод байгаа талаар надад мэдэгдсэн ба 2019 оны 09 дүгээр сарын 02- ны шөнө 22 цагийн үед Драг-2 шанаганы пальц болох гуч орчим ширхгийг Драгийн гадна талаас ээлжийн Зил-131 маркийн машинаар тухайн үед ээлжинд ажиллаж байсан Д.Отгонболд, Б.Бат-очир, Д.Мөнхзул нар Драгийн гаднаас ачиж өгөөд үлдсэн, тухайн үед бас ачилсан хүмүүс нь 6-45,2 маркийн экскаваторын машинист Б.Мөнхбат, Драг-2-ын дарга Б.Б , машинч Г.Өнөржаргал, надад мэдээлэл өгсөн угаагч Т.Эрхэмбаяр нар ачсан Д.Отгонболд, Б.Бат-очир, Д.Мөнхзул нар Драг-2 дээр ээлжтэй байсан учир тэндээ үлдээд нөгөө хэд нь пальцуудаа ачаад явсан. Тухайн пальцуудыг Драг-2 дээрээс өмнө өдөр нь өдрийн ээлжинд ажиллаж байсан хүмүүс хойд машинч Б.Одмарал, Д.Нарангэрэл нар гадаа талбайд гаргасан байсан. Тухайн ачиж явсан пальцуудаа Драг-2 дээрээс урд зүгт 4 километрийн орчим зайтай Туул гол дээгүүр тавьсан явган хүн гардаг гүүрэн дээр очоод гүүрэн дээгүүр нөгөө пальцуудаа Б.Мөнхбат Драг-2-ын дарга Б.Б , машинч Г.Өнөржаргал, надад мэдээлэл өгсөн угаагч Т.Эрхэмбаяр нар зөөж голын нөгөө талд гаргахад голын нөгөө талаас цахилгааны инженер Ю.М , цахилгаанчин ажилтай Бат-оргил нар манай компанийн үйлчилгээнд явдаг Ланд круйзэр 80 маркийн 3635 улсын дугаартай тээврийн хэрэгслээр, ойрхон газарт 5-аас 6 удаа явж зөөсөн, ойрхон газар гэдэг нь шөнө байсан болохоор аль зүгт хаашаа явсныг нь анзаараагүй. Тухайн үйл явдал болсон 22 цагийн үед бүх хэсгүүдийн тог тасарсан байдаг, тог тасарсан нь цаанаасаа юу эсвэл цахилгаанчид тасалсан эсэхийг мэдэхгүй байна. Мөн Драг-2-ын дарга Б гийн хувийн хашаанд 20 тонны контейнер байдаг ба тэр дотор нь Драгтай холбоотой сэлбэгүүд байхыг нь харсан талаар цахилгаанчин Энхтүвшин гэх залуу харсан талаараа ярьсан. Манайд хяналтын камертай байсан боловч тухай хээг үйлдэгдэх үед тог тасарч камерт бичлэг үлдэгдээгүй баг хэрэг үйлдэгдсэн мэдээллийг 2020 оны 6 дугаар сард авсан. Пальц нь Драгийн шанагатай гинжний холбоос эд анги байгаа. 1 пальц нь ойролцоогоор 100 кг орчим жинтэй, 1 метр орчим урттай, 15 см-ийн голчтой, цилиндр хэлбэртэй цул төмөр байгаа. 1 Драгт 80-аас 84 орчим ширхэг пальц байдаг. Пальц байхгүйгээр Драг ажиллах боломжтой. Яагаад гэвэл элэгдсэнийг нь авч солиод, хуучин нь байж байдаг. 2019 оны 8 дугаар сарын 16-ны орой өдөр уурхайн складнаас 80 ширхэг пальц гаргаад Драг 2-ын хэсэг дээр аваачсан байсан. Тухайн шинэ аваачсан пальцнаас 30 орчим ширхгийг гаргасан гэж ярьсан. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө 9 цагийн үед Драгер Болорчулуун гэх залуу пальц алга болсныг мэдээд Драгийн дарга Б тэй муудалцсан байхыг ажилчид харсан байдаг.” гэх мэдүүлэг /1 хх 10-11/,

            Гэрч Б.Мөнхбатын өгсөн: “Тухайн өдөр би ажлаасаа буучихсан кемп дээр амарч байсан тэгсэн чинь 2 дугаар хэсэг дээр цахилгааны гэмтэл гараад кемп тоггүй болчихсон, тэгээд энэ цахилгааны инженер М , Б  нар хойд станц руу явчхаад ирье гэсэн. Тэгээд станц дээр байж байгаад, хаана гэмтэл гарсныг нь олоод, Б  урд гүүрэн дээр хэдүүлээ нэг юм зөөгөөдөхье гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай юу юм гэсэн чинь хэдэн ширхэг хуучин пальц байгаа юм. Тэрийг өдөр зөөгөөд дуусгаагүй, дуусгаад гаргаад өгөөч гэсэн. Тэгээд тэрийг нь очиж гаргалцаж өгсөн. Тухайн гаргалцаж өгөх үед Өнөржаргал, Бат-Оргил, Эрхэмбаяр, Б , М  бид хэд байсан. Маргааш нь би хот руу чөлөөгөөр явсан. Нийт тоог нь сайн мэдээгүй. 20 орчим пальц л байсан байх. Гаадангийн гүүрээр гараараа зөөж голын нөгөө талд гаргасан. Зөөж дуусгаад М , Бат-Оргил, Өнөржаргал, Эрхэмбаяр бид хэд кемп рүү хүргүүлээд өрөө, өрөө рүүгээ орцгоосон. Тухайн пальцийг зарж байгаа талаар би мэдээгүй.” гэх мэдүүлэг /1 хх 14-15/,

            Гэрч Г.Өнөржаргалын өгсөн: “Драгийн дарга Б  шөнө над руу залгаад юм зөөгөөдөх гэж дуудсан. Тэгээд Гаадан гуйан гүүрэн дээр очсон чинь пальцнууд байхаар нь гүүрээр гаргаж зөөлцөж өгсөн, өгөх үед Бат-Оргил, Мөнхбат, Б , М , Эрхэмбаяр нар байсан. Тэр газар нь зөөлцөж өгчхөөд Бат-Оргил шугам янзална гээд яваад өгсөн. Бат- Оргилыг эргээд ирэхээр нь Эрхэмбаяр, Мөнхбат, Бат-Оргил бид 4 кемп рүү явж амарсан. Тухайн газар М , Б  нар үлдсэн. Б  ах юм зөөлцөөд өг гэхээр нь зөөлцсөн. Тухайн газарт нийт хичнээн пальц байсныг тоолж үзээгүй болохоор мэдэхгүй байна, ойролцоогоор арван хэд орчим л байсан.” гэх мэдүүлэг /1 хх 17/,

            Гэрч Г.Бат-Оргилын өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн үед "Монполимет” ХХК-ны Тосон уурхайн кемп дээр чөлөөнөөсөө ирчхээд байж байсан. Намайг ирэх үед тоггүй байсан. Тэгээд цахилгаанчин М  чи хувцсаа өмсөөд байж бай, станц дээр гэмтэл гарчихсан гэж хэлж байсан. Тэгээд 30 минут орчим болоод намайг ирж аваад буцаад тосон хойд станц дээр очоод гэмтэл янзалж хүчдэл өгөөд, эрдэс гээд урд станц дээр очоод шугам дээр гэмтэл гарсныг тогтоогоод шугамаа дагаж алхаад машинаа унаад яваад байсан. Тэгээд Гаадайн гүүрэн дээр очсон чинь тэр гүүрэн дээр Өнөржаргал, Эрхэмбаяр, Б , Мөнхбат 4 байж байсан. Тэгээд Б  нь нэг тийм 100 орчим кг жинтэй хүнд төмрүүд байсан тэрийг зөөлцөөд өгөөч гээд гуйсан. Тэгээд зөөлцөж өгөөд би цаашаа яваад ганцаараа шугамаа үзсэн. Тухайн үед 30 минут орчим шалгаж явсан эргээд ирэхэд Өнөржаргал, Эрхэмбаяр хоёртой цуг, М  ах байж байсан. Тэгээд тэндээ Өнөржаргал, Эрхэмбаяр хоёр үлдээд М  ах бид хоёр станц орж хүчдэл өгчхөөд, замаараа Өнөржаргал, Эрхэмбаяр хоёрыг аваад кемп орсон. Тухайн төмөр юу болох талаар асуугаагүй аймар хүнд төмөр байсан.” гэх мэдүүлэг /1 хх 19/,

            Гэрч Б.Бат-Очирын өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед Отгонболд ах Мөнхзул бид 2-ыг 4 билүү 5 ширхэг пальц эрэг рүү гаргана гээд зөөлцсөн. Тухайн үед Драг-2 оос пальц гаргаад завин дээр ачаад эрэг рүү зөөсөн чинь эрэг дээр хэдэн ширхэг пальц байсан. хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан бид нарын авчирснаас их байсан. Пальцаа эрэг дээр буулгачхаад байж байсан чинь Зил-131 машин ирээд, машин дотроос Б , Мөнхбат, Өнөржаргал, Эрхэмбаяр нар байсан. Зил-131 дээр Мөнхзул бид хоёр тэр машинтай ирсэн хүмүүсийн хамт пальцуудыг бүгдийг нь ачиж өгөөд Мөнхзул, Отгонболд бид 3 Драг руугаа буцаад завиар явсан. Ямар учраас пальц зөөсөн эсэхийг мэдэхгүй байна, Отгонболд ах зөө гэсэн, Отгонболд ах ахлах машинч учир хэлснийг нь хийх ёстой, Драг-1 рүү зөөж байгаа байх гэж дотроо бодож байсан.” гэх мэдүүлэг /1 хх 23/,

            Гэрч Д.Мөнхзулын өгсөн: “Яг 9 дүгээр сарын 02-ны өдрийг нь сайн санахгүй байна, тэр хавьцаа оройны 22 цагийн орчимд Драгаас Отгонболд, Бат-Очир нарын хамт Драгаас завин дээр 5 орчим гэж санаж байна, пальц зөөгөөд Драгаас нэлээн зайтай явсан. Тэгээд эрэг дээр пальцаа гаргаж зөөсөн, зөөх үед хэн аваачиж тавьсан нь мэдэгдэхгүй 10 гаруй пальц байсан. Тухайн пальцуудыг зөөгөөд зил 131 гэдэг машин ирээд машин дээр бүгдийг нь ачсан, машинаас жолооч Мөнхөө, Драгийн дарга Б  ирсэн, Өнөржаргал, Эрхэмбаяр нар ирсэн. Пальцаа ачиж аваад тэр хэд яваад Бат-Очир, Отгонболд бид гурав завиар буцаад явсан. Ямар учраас пальц зөөсөнг нь мэдэхгүй байна. Отгонболд ах энийг завин дээр тавь гээд хэлсэн тэгээд зөөж тавьсан. Дээд албан тушаалтан хэлсэн болохоор гүйцэтгэсэн.” гэх мэдүүлэг /1 хх 25/,

            Гэрч Д.Отгонболдын өгсөн: “Тэр өдөр би Драг-2 дээр оройн ээлжинд гараад ажилласан, Драгийн дарга Б  над руу залгаад 5 ширхэг пальц завиар зөөгөөд хойшоо эрэг дээр гаргаадах гэж хэлсэн. Тэгэхээр нь 5 ширхэг Пальцийг Бат-Очир, Мөнхзул нарын хамт завиар зөөгөөд, Драгаас хойшоо 30 орчим метр яваад эрэг дээр гаргаж өгсөн. Эрэг дээр гаргаж өгөөд Б , Өнөржаргал, Эрхэмбаяр, жолооч Мөнхбат гээд залуу байсан, Бат- Очир, Мөнхзул нар 2-ыг ачилцаж өгөөд буцаад Драг руугаа буцсан. Ямар учраас пальц зөөсөнг нь мэдэхгүй байна. Драгийн дарга таван пальц байгаа тэрийг гаргаатах гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 хх 27/,

            Гэрч Б.Одмаралын өгсөн: “Би яг 2019 оны хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, тэгэхдээ тэр хавьцаа Драгийн дарга Б  нь Нарангэрэл бид хоёрыг арван тооны пальц Драгаас гаргаад эрэг рүү ногоон завиар гарга гээд тэгээд бид хоёр зөөсөн. Тухайн өдөр өдрийн ээлжинд гарч байхдаа зөөсөн. Тэр учрыг нь сайн мэдэхгүй байна, энэ пальцнуудыг гаргаарай гэж ажиллаж байхад драг зогсохоор эд нарыг гаргаарай гэж хэлж байсан. 10 ширхэг пальцийг завиар зөөсөн. Тухайн үед драг ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж байсан. Тэгээд драгаас ертөнцийн зүгээр зүүн талын эрэг дээр пальцийг гаргаж тавьсан. Хэн тухайн пальцийг ирж авах, юунд ашиглах гэж байгаа талаар надад огт яриагүй.” гэх мэдүүлэг /1 хх 29/,

            Гэрч Ц.Болорчулууны өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг нь сайн мэдэхгүй байна, би ажил үүргийн дагуу Драгерын өрөөнд ажиллаж байсан, тэгээд тэр өдөр ээлжээсээ буусан, тухайн драг дээр засвар хийх болсон болохоор 2 ээлж цуг ажилласан, Драгийн дарга Б  чиглэл өгөөд тодорхой хэмжээний хүмүүсийг драгны шанага рам хэсэгт ажилла гэсэн. Тэгээд би ажлаа хийгээд дууссан. Тэгсэн маргааш өглөө нь Ням- Осор гээд драгероос ээлж хүлээж аваад байж байсан чинь, Ням-Осор өчигдөр драгаас пальц гарсан юм шиг байна, хүн амьтан пальц зөөсөн гээд яриад байна чи мэдсэн үү гэж асуусан тэгэхээр нь би мэдээгүй, яагаад тэгдэг байна аа л гэж ярьсан. Дараа нь Драгийн бүх ажилчид пальц зөөсөн талаар бүгд ярьж байсан.” гэх мэдүүлэг /1 хх 33/,

            Гэрч Х.Ууганжаргалын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн "Шижир алт" ХХК-д бараа материалын няраваар ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сар орчимд тооцооны нягтлан бодогч болсон. Одоо тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байна. Хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сараас хойш 12 дугаар сарыг дуустал солиогүй байгаа. Манай компанийн механикууд сайн мэднэ, тэрнээс өөрөөр мэдэхгүй. ОХУ-аас 2018 онд их хэмжээгээр ирсэн ба хэдэн ширхэг ирсэн талаар бүртгэлээс харж байж мэднэ.” гэх мэдүүлэг /1 хх 41/,

            Гэрч Д.Нарангэрэлийн өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сараас эхлэн “Монполимет” ХХК-ны шугам 1 дээр ковшийн оператор хийж байгаа. Өмнө нь “Монполимет” ХХК-ны уулын 2 дугаар хэсэг Драг 2-т дээд машинч хийдэг байсан. Өглөө эрт ажилдаа гараад, ээлж солигддог өдөр байсан. Тэгээд Б  дарга, Одмарал бид хоёрыг драгаас хичнээн пальц гарга гэсэн ойролцоогоор 20 орчим пальц драгаас зөөгөөд хойно эрэг дээр завиар зөөсөн.  Тухайн пальцийг ямар учраас зөөлгөж байгаа талаар асуугаагүй. Драгийн дарга гарга гэсэн болохоор би гаргах үүрэгтэй.” гэх мэдүүлэг /1 хх 43/,

            Гэрч Г.Баянжаргалын өгсөн: “Би Баянгол Эко Заамар ХХК-ны захирал хийдэг. Манай компани Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Баянголын ам гэх газарт Драг ажиллуулдаг. 2019 оны 08 дугаар сар орчимд байх, тэр үед цагаан форд маркийн тээврийн хэрэгсэл унасан хүн ирж уулзсан. Уулзахдаа танайх драгийн пальц худалдаж авах уу? Оросын холбооны улсаас сэлбэг материал нийлүүлдэг байгаа, драгийн ямар ч хамаагүй сэлбэг манайд байгаа та хямд үнээр авч болно гэсэн. Тухайн үед запас сэлбэг, пальц бэлэн байгаа гэж хэлэхээр нь аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би уурхай дээрээс явчихсан, тэгсэн чинь 10 орчим хоногийн дараа уурхай дээр нөгөө хүмүүс 18 ширхэг пальц буулгасан байсан, пальц ирж буусан гэхээр нь би 7 хоног орчмын дараа өөрөө үзтэл 12 билүү пальц нь гологдолтой, 6 ширхэг пальц нь шинэ байсан. Гологдолтой пальц байсан болохоор би мөнгийг нь өгөхгүй, 11 сар орчимд 15 сая төгрөг шилжүүлсэн. Тийм үйл явдал болсон. Тээврийн хэрэгслийн дугаарыг нь мэдэхгүй байна, цагаан пикап машинтай явж байсан ба 1 хүн ирсэн. Тухайн хүний нэрийг нь мэдээгүй, хаана юу хийдэг талаар нь ч мэдээгүй бай өөрийгөө ОХУ-аас сэлбэг оруулж ирдэг хүн л гэсэн. Сүүлд тэр хүнийг асууж сураг тавих үед нэрийг нь Б  гэж байсан гэж санаж байна, хаана юу хийдэг талаар нь мэдэж амжаагүй. 2019 оны 11 дүгээр сарын дунд үед шилжүүлсэн дансны хуулганд шилжүүлсэн данс нь байгаа. Драг оруулж ирдэг гэхээр нь олон шат дамжлага хийхгүйгээр шууд оруулж ирж байгаа хүнээс нь авбал ажилд амар гэж бодсон.” гэх мэдүүлэг /1 хх 47/,

            Гэрч Х.Туулын өгсөн: “Би "Монполимет" ХХК-д диспитчер хийдэг би тус компанид одоо 4 дэх жилдээ 4 ажиллаж байна. Би Б  гэх хүнийг танина. Манай ажил дээр байдаг, чөлөөгөөр явахдаа цуг явдаг, манай гэр, тэдний гэр хоёулаа Дарханд байдаг. Өөрөөр ямар нэгэн холбоо байхгүй. Би 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байсан, яг юу хийж байснаа санахгүй байна. Би 2020 оны 8 дугаар сард шалгалт ирээд явах үед мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй байсан.” гэх мэдүүлэг /1 хх 49/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхтунгалагийн өгсөн: “Би Монполимент ХХК-д 2018 оноос хойш ажиллаж байгаа ба хуулийн ажилтан хийж байгаа. Ер нь бол гэрч болон манай талын зүгээс нийт 18 ширхэг пальц алдагдсан гэж үзэж байгаа үүнээс яг хэдэн ширхэг нь шинэ болон хэдэн ширхэг нь хуучин талаар мэдэхгүй байна. Манай зүгээс үнэлгээний дүгнэлтийн дагуу хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа. Өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 хх 250/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхсоёлын өгсөн: “Миний бие “Монполимет” ХХК-ны уулын 1 дүгээр хэсгийн Драг номер 1 баяжуулах үйлдвэрийн дарга ажилтай бөгөөд ямар учраас эрүүгийн 2034005610689 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа гэдгээ ойлгож байна. Би компаниа төлөөлж, олгосон итгэмжлэлийн дагуу хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би дээрх асуудлыг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Одоогоор хөрөнгийн үнэлгээ эцэслэн гараагүй байна. Манай компани зүгээс нийт 30 ширхэг пальц алдсан гэж үзэж байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь тухайн үедээ худалдаж авснаар 1 437 410 төгрөг гэсэн санхүүгийн баримт байна. Тиймээс цаашид нийтдээ 43 122 300 төгрөгийг компани нэхэмжилж байгаа болно. Гэхдээ анх яг хэдэн ширхэг пальц хулгайд алдсаныг би бол мэдэхгүй. Дээрх тоо бол намайг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаатай холбогдуулж компаниас гаргаж өгч байгаа тоо, баримт юм.

            Б.Б , Ю.М  нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх .. улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл нь актлагдаж зарагдах гээд Улаанбаатар хот руу явсан. .. улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь энд кемпийн хашаанд харин завь нь Драг дээр байгаа болно. Манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй .. Ланд-80 нь 1995 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2008 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад орж ирсэн. .. улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл нь 1975 онд ОХУ-д үйлдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 11-нд Монгол улсад орж ирсэн. Харин Драгын завь нь лист төмрөөр хийсэн гар хийцийн төмөр завь байгаа юм.” гэх мэдүүлэг /2 хх 84, 168/,

            Шүүгдэгч Б.Б гийн өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын эхэн үед Драгийн сэлбэг болох пальц гэх зүйлийг хамгийн эхэлж дээд, хойд машинч нараар гаргуулж Драгийн гадна талд байрлуулаад, тэрийгээ тухайн шөнө нь М , Мөнхбат, Өнөржаргал, Бат-Оргил нарын хамт зөөж Гаадангийн гүүрээр гараар зөөгөөд төмрийн ченжид зарж борлуулсан. Тухайн үед гаргахад шинэ хуучин нийлсэн 18 пальц байсан, нэг пальцийг нь 500,000 төгрөгөөр бодоод зарсан, мөнгө нь 2 хоногийн дараа миний хаан банкны дансанд орж ирсэн, нийт 9,000,000 төгрөг болсон, тэрнээс 4,000,000 төгрөгийг нь М -т өгсөн. Тухайн ченжийг сайн танихгүй, төмөр авна гэсэн хүнтэй тухайн холбогдоод л зарчихсан. Яг ямар хүн байсныг нь сайн мэдэхгүй байна. Надад Дархан-Уул аймагт өөрийн эзэмшлийн контейнер байхгүй. Драгаас пальц гаргах санааг би гаргасан. Санхүүгийн бэрхшээл гарсан байсан учраас тийм санаа гаргаад хийчихсэн. Би яг тухай газруудынх нь нэрийг сайн мэдэхгүй болохоор нэрлэж мэдэхгүй байна.

            Би ажиллах хугацаандаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажил ажилладаг байсан найз М ын хамт уурхайгаас шинэ 6 ширхэг хуучин, 12 ширхэг пальц гаргаж зарсан юм. Тэгээд тухайн пальцнуудаа Баянжаргал гэдэг хүнд зарж борлуулсан. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байна. Гэхдээ би компанид учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Би 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болох 30 хоногийн 3 500 000 төгрөг, 2020 оны амралтын мөнгө 1 500 000 төгрөг нийтдээ 5.000.000 төгрөгийг хохирлоосоо хасуулж бодуулах хүсэлтэй байна. Би урд нь хэн нэгэн хүнтэй нийлж болон ганцаараа компаниасаа ямар нэгэн эд зүйл хулгайлж байгаагүй болно. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 12-13, 2 хх 90/,

            Шүүгдэгч Ю.М ын өгсөн: “Тухайн өдөр бороотой байсан ба цахилгааны гэмтэл хойд станц, бас урд станц дээр гарсан, тэгээд эхлээд хойд станцыг ганцаараа янзлаад, урагшаа явахдаа Бат-Оргил гээд цахилгаанчнаа замаас нь аваад урд станц дээр очоод үзлэгээ хийсэн, тэгээд үзлэгээ хийгээд шугам дагаж явахаар болоод, шугам дагаж явахад Гаадайн гүүрээр гардаг, тэр гүүрээр гарч явсан чинь Б , Мөнхбат, Өнөржаргал гурав цуг байж байгаад Гаадайн гүүрээр пальц зөөгөөд гүүрнээс ертөнцийн зүгээр урд зүгт 500 метр орчим газарт Бат-Оргил бид хоёрын унаж явсан Ланд-80 маркийн машинаар нийт 18 пальц зөөж өгөөд Б гээс сүүлд өөрийнхөө 5598042294 дансаараа дамжуулан 4,000,000 төгрөг авсан. Тэгээд тэр мөнгөөрөө Ломбарднаас юмаа авсан. Тухайн пальц одоо хаана байгааг мэдэхгүй. Тухайн үедээ сайн танихгүй төмрийн ченж буюу төмөр авна гэсэн хүнд тухайн зөөсөн газартаа буулгасан. Сүүлд нь ачиж авсан юм шиг байна лээ. Би цалингаа бүтэн нэг жилийн турш хасуулсан учир мөнгөний хэрэг байсан, тэгээд пальц гаргая гээд тэгээд зөвшөөрсөн.”

            Тухайн хэрэг болох өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд явж байтал Б тэй таарсан. Тухайн үед Б  энэ пальцуудыг гүүрээр гаргалцаад өг гэхээр нь туслаад гаргаж өгсөн. Харин сүүлд нь Б  надад дансаар 4 000 000 төгрөг өгсөн. Мөн сүүлд ажилласан 8 сарын цалин болох 2.300.000 төгрөгөө болон амралтын мөнгө 3.100.000 төгрөгөө авчих юм бол хохиролдоо тооцуулмаар байна.

            2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажил ажилладаг байсан найз Драг-2-ийн дарга Б.Б тэй нийлж уурхайгаас Драгын шанаганы холбогч 6 ширхэг шинэ, 12 ширхэг хуучин пальц гаргаж зарсан юм. Тэгээд тухайн пальцнуудаа Баянжаргал гэдэг хүнд зарж борлуулсан. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн барагдуулаагүй байна. Гэхдээ би компанид учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Би 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 сарын 24-ний өдрийн хүртэлх хугацааны цалин болох 23 хоногийн 2 300 000 төгрөг, 2020 оны амралтын мөнгө 1 500 000 төгрөг нийтдээ 3 800 000 төгрөгийг хохирлоосоо хасуулж бодуулах хүсэлтэй байна. Би урд нь хэн нэгэн хүнтэй нийлж болон ганцаараа компаниасаа ямар нэгэн эд зүйл хулгайлж байгаагүй болно. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэх мэдүүлэг /1 хх 21, 234, 2 хх 87/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №07/53 дугаартай “ “Монполимент” ХХК-ны өмчлөлийн Драгны шинэ палецны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 9 дүгээр сарын 02-ны байдлаар 1 445 692 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг, хуучин палецны зах зээлийн үнэ цэнэ нь 22 700 /хорин хоёр мянга долоон зуу/ төгрөг болно.” гэх тайлан /2 хх 95-104/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №07/222 дугаартай “ “Монполимент” ХХК-ны өмчлөлийн .. улсын дугаартай Land Criuser-80 маркийн тээврийн хэрэгсэл, .. улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, гар хийцийн завь болох 3 төрлийн эд хөрөнгүүдийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болон 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 18 738 100 /арван найман сая долоон зуун гучин найман мянга нэг зуун/ төгрөг болно.” гэх тайлан /2 хх 185-195/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч Б.Б , Ю.М  нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдэл эс үйлдэхүйгээр нэгдэж Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах “Монполимент” ХХК-ны Драг 2-оос 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 6 ширхэг шинэ нэг бүрийн үнэ 1 445 692 төгрөг, 12 ширхэг хуучин нэг бүрийн үнэ 22 700 төгрөгийн пальцыг нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 8 946 152 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.Б , Ю.М  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй  маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

   Шүүгдэгч Б.Б , Ю.М  нарын өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүэлгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү гэх санал тус тус гаргав.  

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б , Ю.М  нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан тул,

 

 Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч тал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

 

  мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн зохицуулалтын дагуу тэдний тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

Гэмт хэргийн улмаас “Монполимент” ХХК-нд 8 946 152 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б , Ю.М  нар нь мөрдөн шалгах ажиллагаанд нөхөн төлсөн, хохирогч тал шүүгдэгч нарт гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Монполимент” ХХК-ний эзэмшлийн .. улсын дугаартай Land Criuser-80 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13 316 600 төгрөг, .. улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4 950 000 төгрөг, гар хийцийн завь 471 500 төгрөг нийт 18 738 100 /арван найман сая долоон зуун гучин найман мянга нэг зуу/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн 2034005610689 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

          

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х Ю-н М , Б овогт Б-н Б  нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М , Б.Б  нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ю.М , Б.Б  нарын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М , Б.Б  нар нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.   

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185.2, 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Б гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б , Ю.М  нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .. улсын дугаартай Land Criuser-80 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13 316 600 төгрөг, .. улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4 950 000 төгрөг, гар хийцийн завь 471 500 төгрөг нийт 18 738 100 /арван найман сая долоон зуун гучин найман мянга нэг зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б гээс 9 369 050 /есөн сая гурван зуун жаран есөн мянга тавь/ төгрөг, шүүгдэгч Ю.М аас 9 369 050 /есөн сая гурван зуун жаран есөн мянга тавь/ төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

7.Эрүүгийн 2034005610689 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.М , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.М , Б.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ