Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0660

 

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0660

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч ажиллаж ирсэн ба 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 247 дугаар тогтоолоор дүрмийн сангийн хэмжээ журамд заасан хэмжээнд хүрээгүй гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь түдгэлзүүлээд байсныг шинэ хувьцаа эзэмшигч Д.Б миний бие худалдан аваач, дүрмийн санг зохих хэмжээнд нь хүргэж, үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангасан юм. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн билээ. Ингээд миний бие хөрөнгө мөнгөний хүрэлцээ муутай байдлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулж хараахан эхлээгүй байж байтал 2019 оны 12 сарын 14-ний өдөр над руу Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хяналт шалгалтын газрын ажилтан гэж өөрийгөө танилцуулсан нэг хүн Би СЗХ-ны ажилтан байна танайх тайлангаа яагаад ирүүлэхгүй байна. гэж нэг удаа ярьсан. Миний бие хөдөө орон нутагт ажиллаж байна, хотод ирээд уулзъя гэж хэлсэн болно.

Удалгүй хөндөөнөөс ирээд Санхүүгийн Зохицуулах хороон дээр очиж тодруулга авахад аль хэдийн хуралдаанд манай тусгай зөвшөөрлийг цуцалсан, манай байгууллага ямар зөрчил гаргасан талаар тодруулга хүссэн боловч ажил хариуцсан хүн нь ямар ч тоймтой юм хэлэлгүй зугтаж алга болсон.

Иймд миний бие энэхүү сөрөг нөлөөлөл бүхий актыг гаргахдаа хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн дараах заалтуудыг зөрчиж гаргасан гэж үзэж байна.

Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно., 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.4 -т Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна., 27.4.1-т сонсгол зохион байгуулах, 27.4.2-т саналыг бичгээр авах, 27.4.3-д биечлэн уулзах, 40 дүгээр зүйлийн 40.2 -т заасан Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал , хууль зүйн үндэслэлийг заах;, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 40.4 - т заасан Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тодорхой зааж ямар ч хүн ойлгогдохоор хуульчилсан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тогтоол гаргахдаа миний эрх ашгийг ноцтой зөрчиж, хуульд заасан эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулаагүйд харамсаж байна.

Мөн Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэсэн хамгийн хатуу арга хэмжээг хэрэглэж, хариуцлага тооцсонд туйлаас гомдолтой байна.

Хууль тогтоогчоос хариуцлага тооцох механизмыг хөнгөнөөс хүнд рүү нь шилжүүлэх замаар 4 төрлийн арга хэмжээг хуульчлан тогтоосон атал хүчингүй болгох хариуцлага тооцсон явдал нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй , сонсох ажиллагааг хийгээгүй явдалтай салшгүй холбоотой хууль зөрчсөн явдал гэж үзэж байна.

Миний бие энэхүү 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд анх хандахад хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урьдчилан шийдвэрлэх боломжтой, манай хяналтын зөвлөлд гомдол гарга " гэж зөвлөсний  дагуу гомдол гаргасан юм.

Гэтэл миний гомдлыг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөл гэх байгууллагын дарга нь өөрийн байгууллагаа хамгаалсан шийдвэр гаргаснаар энэхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон билээ

Үүний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин хандахад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангах талаар заалт, чиглэл өгсөн тул шүүхийн шийдвэрийн заалтыг хангаж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны  өдрийн 395 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Д ХХК-д Хорооны 2016 оны 3 дугаар сарын 23- ны өдрийн 83 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон.

Д ХХК нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг  хангаагүй тул банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хорооны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн  247 дугаар тогтоолоор 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн.

Түдгэлзүүлэх болсон үндэслэл нь:

1 . 2017 онд цахимаар мэдэгдэл хүргүүлсний дагуу 2016 оны 1-4 дүгээр улирлын тайланг 2017 оны 4 дүгээр сард ирүүлсэн, 2017 оны 4 дүгээр улиралд тайлангийн хариугаар тайланд гарсан алдаа дутагдлын талаар үүрэг даалгавар  өгсөн ба 2018 оны 1 дүгээр улиралд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг ирүүлээгүй, 2. Хорооноос хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд хүсэлтээ Хороонд ирүүлээгүй зэрэг шалтгаан байдаг.

Д  ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж , хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтийг Хороонд ирүүлсэн ба Хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 656 тоот тушаалаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж 80,000,000 /наян сая/ төгрөгт, 2019 оны 4 дүгээр сарын 16 -ны өдрийн 282 дугаар тушаалаар 110,000,000 / нэг зуун арван сая / төгрөгт тус тус хүргэсэн тул Хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09 - ний өдрийн 5 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловч тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойших хугацаанд дараах зөрчлүүдийг гаргасан.

1.    2019 оны 1-3 дугаар улиралд хороонд ирүүлбэл зохих тайлан мэдээг ирүүлээгүй,

2.    2019 онд төвлөрүүлбэл зохих зохицуулалт үйлчилгээний хөлс болох нийт 500,000 / таван зуун мянга / төгрөгийг төвлөрүүлээгүй.

3.    Хорооны 2019 оны 01 дүгээр сарын 02-ны 5 дугаар тогтоолын 2-т тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэхдээ дахин зөрчил дутагдал гаргасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгосныг тус тус биелүүлээгүй.

Иймд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна, 19.2.4-т тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэж заасны дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар , санал гаргах боломж олгох үүднээс Д ХХК ийн гүйцэтгэх захирал Д.Б-ийн  дугаарын утсаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 30 минутад холбогдон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хуралдаанд танилцуулах гэж байгаа талаар мэдэгдэж, мөн Д ХХК-ийн СЗХ-нд бүртгэлтэй [email protected] цахим хаягаар Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг давхар хүргүүлэн захиргааны акт гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан захиргааны акт гэж үзэж байх тул Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Д ХХК-нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Д  ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай 83 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Д ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай 247 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Д ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээгүй тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Д ХХК-д анхааруулсан байна.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай 05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Д ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн сэргээсэн байна.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 395 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Д ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба энэхүү 395 дугаар тогтоолыг гаргахдаа Д ХХК-ийн тусгай зөвшөөрлийг урьд нь сэргээж байсан тус хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолын 2 дахь заалтыг үндэслэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай 05 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ дахин зөрчил дутагдал гаргасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг Д  ХХК-д үүрэг болгосон байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар тогтоолыг дахин зөрчил дутагдал гаргасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулсан байтал дахин хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 тогтоолын үндэслэл нь тодорхойгүй, ямар шалтгаанаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа үндэслэлээ уг 395 дугаар тогтоолд заагаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно., 14 дүгээр зүйлийн 14.1-д Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:, 14.1.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж заасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих; гэж Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээг хуульчилсан байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна:, 19.2.4тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох. гэж тус тус заасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 7.7-д Хороо дараах үндэслэлээр ББСБ-ын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Үүнд:, 7.7.5-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;, 7.7.7-д ирүүлбэл зохих санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь удаа дараалан ирүүлээгүй, хяналт, шалгалт хийх боломжгүй болгож, тайланг 4 улирал дараалан Хороонд ирүүлээгүй; гэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй буюу Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох тайлан мэдээгээ хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй байна.

Д ХХК-нь 2019 оны 1-3 дугаар улиралд Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлбэл зохих тайлан, мэдээг ирүүлээгүй зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд 2019 оны 1-3 дугаар улирлын тайлан мэдээг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээгүй асуудалтай нэхэмжлэгч тал маргаагүй болно.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай 05 дугаар тогтоолын 2 дахь заалтаар дахин зөрчил дутагдал гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг нэхэмжлэгчид үүрэг болгож байсан байна.

Иймд дээр тайлбарласан үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Д ХХК-нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй ба Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 тогтоолыг гаргасан байх тул тус 395 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан арга хэмжээнүүдээс хамгийн хүнд төрлийн арга хэмжээг авсан нь үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй хүндэдсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байсан, мөн тус хорооны 2019 оны 5 дугаар тогтоолоор дахин зөрчил дутагдал гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Д ХХК-ийн захирал болон өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлаж байх боловч сонсох ажиллагаа хийсэнтэй холбоотой нэхэмжлэгч компанийн захирал Б.Бат-Эрдэнэтэй и-мэйл буюу цахим шуудангаар харилцсан баримтууд /хэргийн 73-81 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч талын энэ тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д заасныг тус тус  баримтлан Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ