Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0718

 

“А т х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Т х г” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/1240 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын сонгон шалгаруулах НХААГ/20240101205 дугаартай тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 796 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0709/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 22024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 796 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 26.7.1, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан “А т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

“... “Т х г” ХХК нь хуулийн шаардлагыг хангахгүй, материал тендерт санал болгосон “Ерөнхий инженерээр санал болгосон Ж**** П***** нь 2000-2004 онд Хөх хотын Барилгын их сургуулийг барилгын инженер мэргэжлээр суралцсан боловч ТШЗ 19.2-ийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарын орчуулгыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ” гэх шаардлагыг хангаагүй, Ажил гүйцэтгэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүрээнд санал болгосон үйлчилгээний машин болон автокран нь шаардсан хүчин чадалд хүрэхгүй байгаа тул ТШЗ 19.1-ийн 2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй” захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй үйлчилгээний машин автокран санал болгосон үүнийг хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д шүүх “ТШЗ-ийн 19.2-ийн 1-т “хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарын орчуулгыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ”, ТШЗ-ийн 19.2-т “үйлчилгээний автомашин 1.5 тн болон түүнээс дээш, автокран 5 тн болон түүнээс дээш даацтай” гэж заасан байх бөгөөд “Т х г” ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзвэл 16** У** улсын дугаартай автомашины даац 1 тн, 12** У** улсын дугаартай автокраны даац 4.9 тн, мөн тус компанийн ерөнхий инженер Ж.П нь дипломын хуулбарыг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж шүүх үзсэн атлаа шүүх захиалагчийн шийдвэрийг зөвтгөсөнд гомдолтой байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар сарын 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.3-д “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороо нь “Нийтийн тээврийн үйлчилгээний үйлчилгээний зогсоол шинээр барих шинэчлэх ажлын” тендерийг зохион байгуулахдаа тендер шалгаруулалтын зааварчилгаанд заасан шаардлага хангаагүй “Т х г” ХХК-ийг тендер хянан үзэх шатнаас хасалгүйгээр, үнэлгээний шатанд оруулж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Иймээс тендерт хянан үзэх шатанд гуравдагч этгээд хасагдах байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан тул шаардлагад нийцсэн тендерийг үнэлгээний шатанд оруулах зарчимтай, энэ тохиолдолд гуравдагч этгээд “Т х г” ХХК нь шаардлага хангаагүй тул үнэлгээний шатанд оруулахгүй, татгалзах байсан.

Гэтэл хариуцагч байгууллага хууль болон тендер шалгаруулалтын зааварчилгааг хууль бусаар гуйвуулан илтэд давуу байдлыг “Т х г” ХХК-д үүсгэсэн. Эдгээр нөхцөл байдал нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан байдаг.

“... Гэрээ хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан нөхцөл байдал тогтоогдсон боловч уг гэрээг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, гэрээ нэгэнт дуусгавар болсон, хэрэгжсэн байх тул нэхэмжлэлд сэргэх эрх ашиг байхгүй” гэсэн дүгнэлтийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан. Нэгэнт гэрээ байгуулагдсан хэрэгжээд явж байгаа гэдэг үндэслэлээр хууль зөрчсөн үйлдлийг шүүх өөхшүүлэх үндэслэлгүй юм. Мөн энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерт оролцох эрхтэй учир Үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “А т х” ХХК-иас “нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Т х г” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/1240 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НХААГ/20240101205 дугаартай тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Т х г” ХХК-ийн ерөнхий инженерээр санал болгосон Ж.П нь 2000-2004 онд Хөх хотын Барилгын их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн боловч тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2.1 дэх хэсэгт заасан “хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарын орчуулахыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн ажил гүйцэтгэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүрээнд санал болгосон үйлчилгээний машин болон авто кран шаардлагын хүчин чадалд хүрэхгүй байгаа нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1.2 дахь хэсгийн шаардлагыг хангахгүй” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Ерөнхий инженер нь мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш ажилласан туршлагатай үндсэн ажилтан байхыг шаардсан байх ба ТШЗ 19.2-т “Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ” гэсэн байх бөгөөд гуравдагч этгээд “Т х г” ХХК-ийн ерөнхий инженерээр санал болгосон Ж.П нь 2000-2004 онд БНХАУ-ын Хөх хотын Барилын их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн байна.

2.3. Хэдийгээр ТШЗ 19.2-т сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй гэж заасан байх боловч санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн тохиолдолд дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд тусгайлан заасан байна. Гэтэл анхан шүүхээс “... ерөнхий инженер Ж.П нь дипломын хуулбарыг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа “... мэргэжил заагаагүй тул мэргэжлийн диплом шаардахгүй гэж үзэхээр байх бөгөөд тендерт ирүүлсэн баримтаар ерөнхий инженер Ж.П-ын захирлын тушаалаар томилж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудаар санал болгосон ерөнхий инженер нь ТШЗ-д заасан шаардлага хангасан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

2.4. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/4992 дугаар гомдол хянасан тухай албан бичигт “... Ж.П-ын мэдээлэлд 2000-2004 онд БНХАУ-ын Хөх хотын Барилгын их сургуулийг барилгын инженер мэргэжлээр суралцаж төгссөн боловч дипломын хуулбарыг тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” талаар нэгэнт дүгнэсэн байхад дахин шаардлагад нийцсэн гэж үзэж “Т х г” ХХК-иас ирүүлсэн тендерийг дахин “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.5. Мөн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн 2-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж техник хэрэгслийн шаардлагад “автокран 5 тн болон түнээс дээш хүчин чадалтай өөрийн эзэмшлийн”, “үйлчилгээний машин 1.5 тн болон түүнээс дээш хүчин чадалтай өөрийн эзэмшлийн” байхыг тус тус шаардсан байхад уг шаардлагад нийцээгүй буюу “автокран 4.9 тн, үйлчилгээний машин 1 тн” хүчин чадалтай техник хэрэгсэл гуравдагч этгээдээс санал болгосныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Захиалагч тендерийг энэ хуулийн 26.4.2, 26.4.3-т зааснаар хянан үзэхэд дараах зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзан үзнэ:”, 26.7.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж үзэж шалгаруулсан нь хууль бус болжээ.

2.6. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээс ирүүлсэн тендер нь Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд тавигдсан шаардлагад нийцэхгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасанд нийцэхгүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Т х г” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/1240 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.7. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НХААГ/20240101205 дугаартай тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.8. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д ““худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг” ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 24.2-т “Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

2.9. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тендерийн баримт бичгийг хэн, хэрхэн үнэлэх, гэрээ байгуулах зөвлөмжийг хэн нь хэнд өгөх, гэрээг хэн байгуулах, юуг үндэслэж гэрээ байгуулах зэргийг тодорхой журамлан зохицуулсан тул шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжид халдаж тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, цаашлаад нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар шүүх нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэдэг.

2.10. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх санаачилгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиалагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой” гэх агуулгаар гомдсоныг хүлээн авах боломжгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.

Гэтэл энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө хүчингүй болгуулахыг хүсэж байсан захиргааны акт тодорхой шалтгааны улмаас хүчингүй болсон, цуцлагдсан эсхүл хэрэгжээд дууссан тохиолдолд гаргадаг онцлогтой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг санаачилгаараа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 796 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.1, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А т х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Т х г” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэр болон нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/1240 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажлын сонгон шалгаруулах НХААГ/20240101205 дугаартай тендерийн материал шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

                                   ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

                                   ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН