Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Б.Алтансүх

Улсын яллагч                                                     С.Болорчулуун

Шүүгдэгч                                                            Д.Гэндэнжамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мандал овогт Дугарсүрэнгийн Гэндэнжамцад холбогдох эрүүгийн 201610010235 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 1-2 оршин суух, гавъяа шагналгүй, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сум дундын 13 дугаар шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хорих ялыг 1 жил хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Мандал овогт Дугарсүрэнгийн Гэндэнжамц /РД:ИО94103115/

Яллагдагчаар татах тогтоолоор: Шүүгдэгч Д.Гэндэнжамц нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг гэр хорооллын гудамжинд Д.Гомботой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Гэндэнжамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би Д.Гомбо ахын гэрийг нь түрээслэдэг байсан юм. Цахилгааны төлбөр болох 10000 төгрөг дээрээс болж маргалдсан. Д.Гомбо ахын биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж, уучлалт гуйж эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү … гэв.

Хохирогч Д.Гомбо хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд би худгаас ус авахаар явж байхад манай гэрийг түрээсэлж байсан Гэндэнжамж надтай тааралдсан. Тэр үед нь түрээсэлж сууж байхдаа гаргасан цахилгааны төлбөр болох 10000 төгрөгөө өгөөч гэхэд өгнө шүү дээ юун сүртэй юм гээд гүйгээд гудмаар ороод алга болчихсон юм. Би усаа авч гэртээ хүргэчихээд буцаж 10 минутын дараа дахин ус авахаар худаг руу явж байхад Гэндэнжамц ахынхаа хамт явж байсан /би ахынх нь нэрийг сайн мэдэхгүй байна/ Цахилгааны төлбөрөө өгөөч гэхэд өгнө шүү дээ гэж надтай маргалдсан. Тэр үед нь би одоо өг гэж түүнээс шаардсан. Гэтэл тэр миний өмсөж явсан куртикний захнаас бариж зууралдахаар нь би түүний өмсөж явсан куртикний захнаас барьж бид хоёр зууралдсан. Тэр үед хамт явсан ах нь бид хоёрыг салгаж холдуулсан. Гэтэл дүү нь цаашаа явчихсан. Тэр үед нь би хойноос гүйж очиж Гэндэнжамцын куртикнээс нь зуурч барьж авч хөлний шилбэний булчин хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл ах нь миний хойноос барьж салгасан. Гэтэл дүү нь миний төмсөг орчимд нэг удаа өшиглөсөн би газар сөхөрч суусан. Тэгээд тэр хоёрт хандаж төмсөг гэмтчихлээ гэхэд чиний наад төмсөг чинь яадаг юм явах газраараа яваарай гээд цаашаа яваад өгчихсөн юм. Энэ талаар би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний төмсөг орчимд тэр өшиглөсний улмаас бага зэрэг цус гарсан ба төмсөг чинэрч өвдөж байгаа юм. Өөр ямар нэг гэмтэл гэх зүйл байхгүй. Д.Гомбо миний бие нь Д.Гэндэнжамцад холбогдох эрүүгийн хэргийн хохирогч бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Д.Гэндэнжамц бид хоёр сайн дураараа эвлэрсэн бөгөөд одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй болно. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гэрч Д.Очирбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд намайг дүү Гэндэнжамцын хамт Замын-Үүд сумын 2-р багт байрлах гэр байрны орчимд явж байхад Гомбо гэх зүс таних залуу бид хоёртой тааралдаж манай дүүгээс тогны мөнгөө хэзээ өгөх гэж байна асууж байсан би тэр хоёрын дэргэд нь зогсож байсан юм. Манай дүү надад болон ахад одоо мөнгө алга байна хүнтэй уулзаад мөнгө аваад болохгүй бол гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Гэтэл тэр ах уурлаж манай дүүг цохих гээд одоо өг гээд хашигчаад байсан. Тэгээд тэр 2 бие биенийхээ хувцаснаас зуурч барьж ноцолдсон.  Тэр үед би дундуур нь орж салгаад би дүүг дагуулан түүнээс холдож явахад Гомбо хойноос хүрч ирж гараараа дүүгийн толгойн хэсэгт нь цохих шиг санагдсан.  Манай дүү хойшоо газар унасан. Тэгээд дүү босч ирээд түүний салтаа орчим нь нэг удаа өшиглөсөн. Би тэр 2-ыг салгаж холдуулан дүүгээ дагуулан явсан юм. Өөр ямар нэг зодоон цохион болсон зүйл байхгүй гэжээ.

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 451 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15 тал/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 тал/

- 2014 оны 12  дугаар сарын 18-ны өдрийн Сум дундын 13 дугаар шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29-30 тал/

- Хохирол төлбөр барагдуулсан талаарх баримт /хх-ийн 35-36 тал/

- Шүүгдэгч Д.Гэндэнжамцын хүсэлт /хх-ийн 53 тал/

- Хохирогч Д.Гомбын шүүхэд гаргасан хүсэлт / хх-ийн 54 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Гэндэнжамц нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг гэр хорооллын гудамжинд Д.Гомботой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цохиж бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Гэндэнжамцыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Гэндэнжамц нь Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хорих ялыг 1 жил хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан ба ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтайд тооцох хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гэндэнжамц хохирогч Д.Гомбо нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т “Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Гэндэнжамцад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мандал овогт Дугарсүрэнгийн Гэндэнжамцыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Д.Гэндэнжамцад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Гэндэнжамц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гэндэнжамцад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Д.Гэндэнжамц, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт Зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ