Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 014

 

 Т.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Е-д холбогдох эрүүгийн 1913001310122 дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогч нар, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, прокурор Б.Ботакөз, шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч С.Алтай, хохирогч М.Х, Е.М, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1976 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын  дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, нь байнга архидан согтуурч, харгис хэрцгийгээр догшин авирлаж, охин Е.М болон эхнэр М.Х-г жирэмсэн байхад нь удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/96  дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, яллах дүгнэлтийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Е-ыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Ялтан Е би шүүхээр миний үйлдсэн хэргийн төлөө гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрнө. Намайг буруутгаж шалгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтын талаар маргахгүй. Өөрөө хийсэн гэм буруугаа үнэн сэтгэлээрээ хүлээн мэдүүлж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би өөрийн хүмүүжилгүй дураараа байсан муу ааш зангаасаа болж гэр орондоо хэд хэдэн удаа архи уусан үедээ агсарч эхнэр болох М.Х, охин Е.М нарын эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байгаагаа хориход эргэлтээр ирсэн ах дүү төрөл садангийн хүмүүс, эхнэр болон хүүхдүүдээ хэлж дахин ийм муухай зан гаргахгүй тухайгаа хэлж байгаа. Анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлэх үедээ өөрийгөө хэт их буруутган, хорих ялаар шийтгэгдэхээр хандсанаас болж олон сараар хоригдохоор боллоо. Би хоригдох ял авсандаа огт харамсахгүй. Харин ар гэртээ маш их санаа зовж, гэр бүлийн хүмүүс болох эхнэр хүүхдүүд маань энэ хугацаанд яаж амьдрах бол гэсэн талаар харамсан гашуудаж байна. Эхнэр М.Х дөнгөж төрсөн ба нялх хүү минь 2 сартай. Эхнэр М.Х нь төрөхийн хүндрэлээр төрсөн, одоо бие нь маш сул, тэнхэрч чадахгүй гэрт хүүхдүүдийн асрамжид зарим ах дүүс төрөл садангийн хүмүүсийн болон багийн эмчийн хараа хяналтад байгаа. Гэр бүлийн амьдралын эх үүсвэр, өрхийн орлого болж буй 25 тооны бог, 2 адуу, 3 үнээ бөгөөд тэд болон төл мал хариулга маллагаагүйгээс 1 морь маань алдагдсан байна гэсэн ба сааль сүүгээ авч чадахгүй болжээ. Булган суманд надад болон эхнэрт маань ойрын хамаатан садан байхгүй бөгөөд ганц ах маань Өлгийд амьдардаг тул манай өрх гэрт мал маллах, өвлийн түлш, түлээ бэлдэх хашаа, байр завсарлах зэрэг хүнд хүчир ажлыг хийж туслах хүнгүйгээс ар гэр хүнд хэцүү байдалд орох боллоо. Миний гэм буруутай байдлаас болж ял шийтгэгдсэн минь ар гэр орон, эхнэр, хүүхдүүдэд хүнд туссанаас тэд маань давхар хэлмэгдэн хохирч, сэтгэл санаа, өвчин, гачигдалд орж асар их дарамтад орох нөхцөлтэй болж байна. Шүүх болон хуулийн байгууллагуудад ямар ч гомдолгүй боловч надаас болж гэр орны хүмүүс хохирч байгаа нь харамсалтай байна. Иймд дээрх үндэслэлүүдээр миний ар гэр, эхнэр хүүхдүүдийн амьдралыг энэрэн харж үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж тэнсэн харгалзаж өгнө үү.” гэжээ.

Хохирогч нарын давж заалдах гомдолд: “Нөхөр Т.Е-ыг шүүх гэм буруутайд тооцож хариуцлага тооцсонд эхнэр хүүхдүүд болох хохирогчид бид маргах, эс зөвшөөрсөн зүйл байхгүй билээ. Т.Е-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх, тэнсэн харгалзаж өгөөч гэж энэхүү гомдол хүсэлтээ гаргаж байна. Т.Е нь манай өрх гэр, гэр бүлийн гишүүдийн түшиг тулгуур болсон хүн болохоор бидний гэр бүлийн амьдрал хэцүүдэж ар гэр, гэр бүл бид давхар хохирч зовлон амсаж байна. М.Х би 4 дүгээр сарын сүүлчээр төрөхийн хүндрэлээр төрсөн би минь огт сайжрахгүй, энэ хугацаанд хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн, гэр зуур эмч болон хүүхдүүд, ойр хөрш хүмүүсийн хяналт асрамжид байгаа. Төрүүлсэн нялх хүүхэд маань ч гэсэн заримдаа өвдчихдөг, асаргаа их шаардаж байна. Хүүхдүүд бүгд нялх бага бөгөөд ганц охин Е.М л гал түлж гэрийн ажил хийх гэж зүтгэдэг ба одоо 16 настай. Хэдэн малаа хянах, саах хариулах боломжгүй болсон. Нэг адуу алдагдсан. Одоо өвс хадах, өвлийн хашаа байшинг засах, түлш түлээг бэлдэх очиж буулгах, өвөлжөөнд нүүх гэх мэт гэр орны маань хүнд, хүчир ажил эхлэх гэж байна. Эдгээр ажлыг хэн ч хийж өгч туслахгүй. Гэр орон, өрхөд орох орлогогүй гурил, мах буудайгаас авахуулаад дууссан зэрэг өрх гэр маань нөхрийн буюу Т.Е-ы байхгүй байгаагаас болж гачигдсан хэцүү хүнд амьдралтай боллоо. Цаашдаа улам хүндэрнэ. Т.Е нь ч гэсэн дахиж хэрэг зөрчил гаргахгүй , архи уухгүй зэрэг амлалтаа одоо өгч байгаа ба гэмшсэн байна. Иймд Т.Е-д оногдуулсан ялыг тэнсэж, хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч М.Х, Е.М, шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч С.Алтай нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Т.Е нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг ба 2014 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл охин Е.М, эхнэр М.Х нарыг байнга зодож гэрээс хөөж байсан, өвлийн хүйтэнд хөл нүцгэн, гадуур хувцасгүй гэрээс хөөж гаргадаг, охин Е.М-г унтаж байхад үснээс нь татаж босгож ирээд хамраас нь цус гартал нь зодож, ам руу нь өшиглөснөөс болж уруул нь гэмтэж байсан зэргээр харгис хэрцгийгээр догшин авирладаг, охин Е.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-нд 18 нас хүрсэн ба 18 нас хүрсний дараа болон өмнө нь зодож байсан, хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө охин Е.М-г гэмтэл учруулахгүйгээр зодсон, эхнэр М.Х-г жирэмсэн байхад нь зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Т.Е, хохирогч М.Х нар нь 2000 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсон бөгөөд шүүгдэгч Т.Е нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, охин Е.М-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Е.М, М.Х, насанд хүрээгүй гэрч Е.Е, Е.Ма, гэрч Х.Ж, Т.Е, Х.К, Д.З, М.К, М.Б, Х.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 226, 227 дугаартай дүгнэлт, хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

           

Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 93 тоот яллах дүгнэлтээр яллагдагч Т.Е-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьсан, догшин авирласан, тарчлаасан, мөн хүүхэд, жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийн 2.1.-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгчийг нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулсан бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжүүдээрээ нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах“ нь зүйтэй гэж дүгнэж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Е нь эхнэр М.Х-г удаа дараа буюу 2018 оны 10 дугаар сард 2 удаа, 11 сард 2 удаа, 12 дугаар сард 2 удаа, 2019 оны 01 дүгээр сард 1 удаа тус тус гэр бүлдээ агсам тавьж зодож хөөснөөс болж айлуудад хонож байсан, охин Е.М-г байнга зоддог бөгөөд шинжээчийн дүгнэлтүүдээр шинэ сорви М.Х-н биед 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор зүүн талын бугалганы арьс хөхөрсөн гэмтэл тогтоогдсон, охин Е.М-гийн биед дээд уруулын зүүн талд өөхөн сорвитой хуучин гэмтэл тогтоогдсон байдал нь хохирогч нарын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон зэргийг харгалзан шүүгдэгч Т.Е-д 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгт нь тохирчээ.

 

Анхан шатны шүүх Монгол улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хуулиар хамгаалагдсан хүүхдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, халдашгүй чөлөөтэй байх, эрхүүдийг зөрчин үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэний журамт үүргээ үл биелүүлэн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж “хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулсан”, “эхнэрийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг” зөрчиж гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн, мөн хохирогч нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч С.Алтай, хохирогч М.Х, Е.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ