Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/438

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Хохирогч Х.Э,

Гэрч С.Шинэбаяр, Х.Баярцэцэг,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч _________ холбогдох эрүүгийн _____________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, ээж, дүүгийн 2 хүүхдийн хамт ___

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвийн нийтийн байрны 2 давхрын шатны хажууд байрлах өрөөнөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдөр иргэн Х.Эын хадгалж байсан 62 ширхэг хурганы элдсэн арьс, 7 метр дээлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагааг явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 4 дүгээр сарын 4,5-ны өдөр С.Шинэбаяр манай гэрт орж ирсэн. Манай эхнэрийн шавь байсан. Багшаа, баагий ахаа сайн байна уу би заан н.Төрөөтэй жоохон уучихлаа энэ үүдний өрөөг би авсан миний өрөө сайн харж байгаарай гэж хэлж байсан. Эхнэр цайгаа уучихад ажилдаа явсан. С.Шинэбаяр бас гэрээс гараад яваад өгсөн би араас нь гартал шатны хажуу талын өрөөний цоож өрөөсөн цуургаас зүүгээтэй байсан. Заан н.Төрөө, С.Шинэбаяр хоёр архи ууж байгаа юм байна гэж бодод хаалганы онгойлгосон хэн ч байгаагүй. Өрөөний голд хөргөгч, цонхны тавцан дээр зурагт байсан. Хөргөгч дээр ногоон шуудайтай зүйл байхаар нь аваад онгойлгож үзэхдээ хэдэн хурганы арьс байсан. Хөргөгч нь дээр хоёр ширхэг дээл нь давуу байсныг авч хийгээд С.Шинэбаярын араас гараад машиныхаа ард хийгээд С.Шинэбаярын араас явсан. Гэрт нь очтол тэдний гэр эзгүй байсан. Өрөөг нь харж байгаарай гэж захисан учраас орхисон зүйлийн аваачиж өгөөд заан н.Төрөө, С.Шинэбаяр хоёрыг ууж байгаа бол жоохон архи олж уун гэж бодод явсан. Заан н.Төрөөгийнд очиж С.Шинэбаяр байгаа үгүйг асуутал бага насны охин гарч ирээд байхгүй байна гэж хэлсэн. Маргааш нь С.Шинэбаярын утас руу нь залгахдаа утас нь холбогдохгүй байсан. Манай говьд байдаг ахтай С.Шинэбаяр хамт ажилдаг учраас говь руу яваад утас нь холбогдохгүй байгаа юм байна гэж бодсон. Байрны гадаа миний машины суудалд нэлээн олон хоног хоносон 3,4 хоног, би сургууль дээр ширээ сандал янзалсан. Эхнэр бид хоёр сургууль компьютерын залгуур авахаар хотын захаар их явсан. Тухайн үед эхнэр машины багажид байгааг харж байсан. Энэ юу юм бэ чи ноолуураа тушаагаагүй юм уу гэхээр нь хүнийх гэдгийг хэлсэн гэв.

 

Хохирогч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр байранд арван айл амьдардаг. Мал төллөж айсан үе би хөдөө байсан. Эхний долоо хоног хүүхдээ очиж аваагүй. Дараагийн долоо хоног очиж хүүхдээ автал манай өрөө онгорхой байсан. Тэнд амьдардаг байсан бүх хүн намайг өрөөндөө эд зүйлээ хийдэг гэдгийг мэддэг байсан. Миний өрөө онгорхой байна яагаад онгорхой байгаа талаар н.Дариймаа багшаас асуутал өдөр эвдээд онгойлгосон гэж хэлсэн. Хэн онгойлгосон вэ гэхэд С.Шинэбаяр гэж хэлсэн. С.Шинэбаяр архи уучихсан байсан учраас би айгаад гэр лүүгээ орчихсон гэж хэлсэн. Манай байранд н.Бадамцэрэн гэх настай хөгшин байдаг тэрнээс асуутал, С.Шинэбаяр эвдсэн би яагаад энэ өрөөг эвдсэн вэ гэж асуутал энэ миний өрөө гэж надад хэлсэн гэсэн. Тэр өрөө бол С.Шинэбаярын өрөө биш тэр нэг казахын өрөө байсны манай байрныхан бүгд мэднэ. Тэр амьдарч байсан казах манай байранд засвар хийж байхад мөнгө өгөөгүй. Би яагаад мөнгө өгөхгүй байгаа талаар асуухад эгчээ би мөнгийн өгнө та манай байрыг хараад байж бай би Угтаал сум орохдоо таныд мөнгийн өгнө гэж хэлсэн. Тэр үед С.Шинэбаяр өрөөг аваагүй байсан. С.Шинэбаяр өрөөг авсан талаар хэрхэн мэдсэн гэхээр хулгай гарсны дараа мэдсэн. Тэр байранд мөнгө хурааж засвар хийсэн хүн нь би. Айл болгоноос 100.000 төгрөг хурааж засвар хийгээд тэр айл мөнгөө өгөөгүй байсан. Сүүлд утсаар яриад миний эд зүйл байсан алга болсон талаар хэлэхдээ би С.Шинэбаяр гэх хүн өгсөн талаар хэлсэн. С.Шинэбаяр тэр талаар надад хэлээгүй. Би н.Дариймаад эд зүйл алга болсон талаар хэлэхдээ н.Дариймаа эгчээ би орж харсан оёдлын машинаас өөр зүйл байгаагүй би оёдлын машиныг аваад гарсан, өөр алдах зүйл байна уу гэж хэлсэн байгаагүй гэж хэлсэн. Тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө дээлийн өнгө алдсанаа мэдээгүй байсан. Өглөө над руу утсаар залгаад хурганы арьсыг олчихлоо хүрээд ир гэсэн. Хурганы арьс дотор дээл нь өнгө байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Шинэбаяр мэдүүлэхдээ: Би өвөл нэг сард байрандаа очоод цоож нь таттал гараар онгойдог цоож байсан. Гараа татаад орчтол дотор нь нэг хөдлөгч, шороотой хивс байсан. Хэн нь эд зүйлээ орхисон юм бол гэж бодоод хаагаад орхисон. Би говьд ажилдаг байсан учраас говь руу явчихад хавар дахин нэг очоод гараар татаж онгойлгоод харахдаа өмнө байсан зүйлс хэвээндээ байсан. Ямар нэгэн шуудайтай зүйл байгааг анзаараагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Баярцэцэг мэдүүлэхдээ: Амралтын өндөр байсан. Би зурагтанд залгуур компьютерт цэнэглэгч авах шаардлага гарсан. Манай машин ардаа холбож асаадаг. Холбож асах гэтэл шуудаатай зүйл байсан. Чи ямааныхаа ноолуур тушаагаагүй юм уу гэхэд. Тушаасан гэж хэлсэн. Би энэ юу юм бэ гэж асуухад, хүнийх гэж хэлсэн гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03 тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл болон бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-22 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-59 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Хохирогч Х.Эын өгсөн: “Манайх Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг Баржин гэх газар өвөлжиж байгаа юмаа, сумын төвийн хуучин эмнэлгийн байр байсан нийтийн байранд, тэр байрны 2 давхарт зүүн жигүүрийн 4 дэх хаалганд төвийн гэр байдаг юмаа, би 2021 оны 11 сарын эхээр санагдаж байна тэр байрны шатны хажуу талд байдаг жижиг өрөөний эзэн гэх Хуанган гэдэг Казак залуутай утсаар ярьсан чинь та тэгвэл наад өрөөгөө цоожлоод эзэмшээд байж бай гэхээр нь би хөргөгч, зурагт, оёдлын машин, зэргийг хийж хадгалж байгаад 2022 оны 3 сарын 10-ны үеэр хөдөө гэрээсээ өнгөрсөн жилийн цуглуулсан өөрөө элдсэн 70 гаран ширхэг хурганы арьс, 2022 оны цагаан сарын өмнөхөн Нарантуул захаас нөхөртөө дээл хийх гэж авсан 1 метрийг 10.000 мянган төгрөгөөр худалдаж авсан бор хүрэн өнгийн 4 метр даавуу, би өөртөө дээл хийх гэж авсан 3 метр цэцгэн хээтэй хүрэн бор өнгийн даавуу 1 метрийг 25.000 мянган төгрөгөөр худалдаж аваад сумын төв орохдоо манай төвийн байрны үүдэнд байрлалтай өрөөнд авчирч хийгээд хадгалсан, за ингээд би 2022 оны 3 сарын 20-ны үеэр ирээд угаалгын маш авахад ороонд байсан хөргөгчийн дээр байсан ногоон өнгийн шуудайтай хурга арьс, хөргөгчийн дээд талын хөлдөөгчийн хэсэгт дээлийн өнгө намайг үзэхэд ба байсан, тэгээд би 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирээд юмаа хадгалсан өрөөг тэр өрөөний ягаан өнгөтэй цоожийг юмаар мулт цохисон байхаар ороод үзтэл хөргөгчийн дээд талд тавьсан зурагтын дээр байсан ногоон өнгийн шуудайнд хийсэн элдсэн хурганы арьснууд, мөн хөргөгчийн дээд тасалгаанд байсан  ширхэг дээлийн өнгө болох нийт 7 метр даавуу алга болсон байсан, тэгэхээр би 2 давхарт байдаг Даариймаа багшаас асуусан чинь 10 гаран хоногийн өмнө коридорт хүн юм балбаад байхаар нь харсан Мятахын Шинээ гэдэг халамцуу ирээд  танай тэр юмаа хадгалсан өрөөний хаалганы цоожийг эвдээд онгойлгоод ба  байсан. Тэгэхээр нь чи наад хуний юм эвдэж яаж байгаа юм бэ гэсэн чинь би өөрийнхөө өрөөнд орох гэж байна чамд ямар хамаатай юм гээд манай давхрын хөгшин Бадамсүрэн гуай гарч ирээд наад хулгай хийх айлын хүүхэд биш ээ гээд наад өрөө чинь эднийх гэхээр нь би гэр рүүгээ орсон. Тэгээд би нэлээн удаж байгаад гарч ирээд нөгөө онгойсон өрөөнд орж алга болох юм байх юм болов уу гэж бодоод ороод харсан чинь цонхны тавцан дээр оёдлын машин байхаар нь аваад гэртээ оруулж тавьсан гэж ярьсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юмаа. Би арьс болон даавуугаа 2022 оны 02 дугаар сарын сүүлээр гэж санаж байна би өөрөө сумын төв орохдоо аваачиж даавуу болон арьсаа хийсэн тэр өрөөнд хадгалсан юм, намайг тэр өрөөнд хадгалсныг надаас өөр хүн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Гэрч С.Шинэбаярын өгсөн: “Би Угтаалцайдам сумын төвд байдаг хуучин эмнэлгийн 2 давхар байр ертөнцийн зүгээр хойд талаас ордог орцны шатны дээд талын үүдний өрөөг 2021 оны намар 9 дүгээр сарын сүүлээр нутгийн иргэн М.Хуанган гэдэг хүн мөнгөний авлагад авсан байсан юм. Тэгээд би оны сүүлээр өрөөндөө орох уу гэж бодоод очсон чинь ямар өнгийн цоожтой байсныг санахгүй байна, онголгох гээд цоожийг таттал цоож нь онгойчихсон тэгэхээр нь ороод харахад баруун гар талын буланд хөргөгч байх шиг байсан, нэг хуучин хивс байх шиг байсан, өөр байсан сайн анзаараагүй, тэгээд би гараад буцаагаад нөгөө цоожоор цоожилчхоод явсан. Тэгээд би 2022 оны 4 дүгээр сарын эхээр гэж санаж байна 2 давхрын өрөөндөө орж хүн нь юмаа авсан эсэхийг харах гээд орсон чинь юмаа аваагүй болохоор нь буцаж гараад хажуу талд нь байдаг Атарбаяр ахын ороод энэ үүдний жижиг өрөө дүүгийнх нь өрөө байгаа юм хэнийх юмаа хийсэн бол хэлчихээд цай уучихаад тэднийхээс гараад өрөөндөө орох гээд өрөөний дотор хаалгыг хүчтэй түлхээд байж байтал 2 давхарт байдаг айлуудаас Бадамсүрэн гуай, Даариймаа гэдэг хоёр хүн гарч ирээд наадах чинь айл юмаа хийчихсэн байгаа яах гээд айлын хаалга онгойлгоод байгаа юм бэ гэхээр нь би өөрийнхөө өрөөндөө ороод явж байна, хэнийх юмаа хийсэн юм бэ, юмаа хийсэн эзэн нь хэн бэ гэсэн чинь хөдөө байдаг Атардээжийнх юмаа хийсэн байгаа гэхээр нь би буцаагаад цоожийг хийчихээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Гэрч С.Даариймаагийн өгсөн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуульд багш ажилтай, манай гэр сумын төвд байдаг хуучин эмнэлгийн 2 давхар нийтийн байранд хойд талаасаа ордог орцоор ороод 2 давхарт зүүн гар талын жигүүрийн 3 дахь хаалганд амьдардаг. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр гэж санаж байна хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна, үдээс хойш коридорт хүн юм балбаад байгаа чимээ гарахаар нь гараад хартал шатны хажуугийн үүдний өрөөний хаалгыг онгойлгочихсон байж байсан, тэгэхээр нь би хийчихсэн байгаа, яагаад цоожийг нь эвдэж байгаа юм бэ гэсэн чинь хэний байгаа юм бэ гэхээр нь Атардээж ахынх юмаа хийчихсэн байгаа гэсэн, тэгсэн хажуу хаалганы өндөр настан Бадамсүрэн гуай гарч ирээд Ингэж явах айлын хүүхэд биш гээд яриад зогсож байтал нөгөө залуу энэ өрөө Манай өрөө байгаа юм гэсэн тэгээд би гэр рүүгээ орсон. Тэгээд нилээн байж багцаагаар нэг цаг гарангын хугацаа өнгөрсөн байх, нөгөө залууг явсан бол уу хартал байхгүй, нөгөө үүдний өрөөний хаалга онгорхой байхаар нь, алга болохоор юм юу байна гэж бодоод өрөөнд орж харсан, цонхны тавцан дээр хоёр цаасан хайрцаг, оёдлын машин зэрэг юм байхаар нь оёдлын машиныг алга болох гэж бодоод гэртээ оруулаад тавьсан. Тэгээд байж байтал манай гэрийн өөдөөс харсан хаалганд байдаг Гэрлээ орж ирэхээр нь Атардээж ахын утас руу залгаад хаалганы цоожийг чинь хүн эвдчихлээ гээд хэлээдхээч гээд дугаарыг нь өгсөн чинь, Гэрлээ утсаар залгаад ярихдаа хаалга эвдээд гээд хүнтэй утсаараа яриад манайхаас гараад явсан, тэгэхээр нь би хэлчихсэн юм байх бодоод үлдсэн. Тэгээд сүүлд 4 дүгээр сарын 15-ны өдөр Атардээж ахын эхнэр Энхтуул эгч ирээд нөгөө үүдний өрөөнд орж үзээд хурганы арьс алга болсон байна гэхээр нь би оёдолын машиныг чинь би гэртээ хадгалж байгаа, үүдний хаалганы цоожийг нь Шинээ гэдэг залуу эвдсэн талаар хэлсэн, тухайн үед Бадамсүрэн гуай, Гэрлээ нар энэ талаар бас мэдэж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 05-06 үеэр өдөр манай эхнэр болох Х.Баярцэцэг цайгаа уух гээд сургуулиасаа ирсэн цайгаа ууж байсан чинь Үүдний өрөө миний өрөө шүү сайн харж байгаарай уучлаарай би Заан түрүүтэй гаднаас Шинэбаяр халамцуу орж ирээд манай эхнэрээс сайн байна уу? Багшаа уучлаа гээд Шинэбаяр гараад явсан дараа нь манай эхнэр ажилдаа гараад явсан. Тэгээд би араас нь 1-2 цагийн дараа гараад явж байсан чинь цоож нь гээд ортол хөргөгч дээр хуучны зурагт тавцан тэгээд ногоон шуудаатай байсан юмыг онгойлгоод харсан чинь хурганы арьс байсан. Тэгээд хөргөгчийг нь онгойлгосон чинь дотор нь 2ш даавуу байсан тэд нарыг шуудайнд хийгээд авч гараад машинд хийгээд Шинэбаярын араас явсан. Тэгээд Шинэбаярын гэрт очиход цоожтой байсан. Хамт архи ууж байсан Заан төрөөгийнд очсон чинь нэг жоохон охин гарж ирээд байхгүй байна гэсэн. Тэгээд гэрийнхээ гадаа авч очоод машинаа тавиад гэртэй орсон. Дараа аваачаад өгье гэж бодсон. Машин дотор 10 гаруй хоносон. Үгүй залгасан чинь утас нь болохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... С.Шинэбаяр бас гэрээс гараад яваад өгсөн би араас нь гартал шатны хажуу талын өрөөний цоож өрөөсөн цуургаас зүүгээтэй байсан. Заан н.Төрөө, С.Шинэбаяр хоёр архи ууж байгаа юм байна гэж бодод хаалганы онгойлгосон хэн ч байгаагүй. Өрөөний голд хөргөгч, цонхны тавцан дээр зурагт байсан. Хөргөгч дээр ногоон шуудайтай зүйл байхаар нь аваад онгойлгож үзэхдээ хэдэн хурганы арьс байсан. Хөргөгч нь дээр хоёр ширхэг дээл нь давуу байсныг авч хийгээд С.Шинэбаярын араас гараад машиныхаа ард хийгээд С.Шинэбаярын араас явсан...гэх, 

 

Хохирогч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... тэр өрөө бол С.Шинэбаярын өрөө биш тэр нэг казахын өрөө байсны манай байрныхан бүгд мэднэ..., энэ байр нь өмчлөх эрхийг гэрчилгээ гаргахгүй юм байна лээ гэх,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Шинэбаярын өгсөн...  хэн нь эд зүйлээ орхисон юм бол гэж бодоод хаагаад орхисон. Би говьд ажилдаг байсан учраас говь руу явчихад хавар дахин нэг очоод гараар татаж онгойлгоод харахдаа өмнө байсан зүйлс хэвээндээ байсан. Ямар нэгэн шуудайтай зүйл байгааг анзаараагүй гэх,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Баярцэцэг мэдүүлэхдээ: Амралтын өндөр байсан. Би зурагтанд залгуур компьютерт цэнэглэгч авах шаардлага гарсан. Манай машин ардаа холбож асаадаг. Холбож асах гэтэл шуудаатай зүйл байсан. Чи ямааныхаа ноолуур тушаагаагүй юм уу гэхэд. Тушаасан гэж хэлсэн. Би энэ юу юм бэ гэж асуухад, хүнийх гэж хэлсэн гэх мэдүүлж байх бөгөөд тухайн гэмт хэрэг гарсан гэх байр нь хэний өмчлөлийнх болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагааг явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусшайлан хамгаалсан байх, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно гэжээ.

Тухайн гэмт хэрэг гарсан орон байр нь хохирогч Х.Эын өмчлөлийнх болох нь хэрэгт ямар нэг нотлох баримт авагдаагүй, хохирогчийн мэдүүлэгээр “энэ байранд” өмчлөх эрхийг гэрчилгээ гарахгүй гэх мэдүүлгээр дээрх байрыг “хүн байнга амьдрах..., эзэмшигч, өмчлөгчийн орон байр....” гэж үзэх үндэслэлгүй байна.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

            Харин шүүгдэгч Б.Аын үйлдэл нь “бусдын эр хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эр хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдөр иргэн Х.Эын хадгалж байсан 62 ширхэг хурганы элдсэн арьс, 7 метр дээлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”. гэж,  

2 дах хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” Гэж тус тсу хуульчилсан байна.

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгмэд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.  

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.  

Шүүгдэгч Б.Аын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “ Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-үүдэд хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Аын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэж гэмт хэрэгт тооцохоор заасан.

Шүүгдэгч Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

   Шүүгдэгч Б.А нь 2.065.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх ба хохирогч Х.Э гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.  

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Б.А нь “бусдын эр хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.А нь малчин, Төв аймаг, Угтаалцайдам сум,Тасагт багийн Номгоны 130 тоотод ам бүл 5, эхнэр, ээж, 2 дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 43 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.14 дүгээр  зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Абусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Ат оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймаг болон Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 6 сарын хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.

 

  6. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шүүхийн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

  10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ат урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН