Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/465

 

 

 

 

 

 

 

 

 

  2022          11              14                                              2022/ШЦТ/465

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

  Шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Е Б-н Г д холбогдох эрүүгийн 2234000000459  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Е Б-н Г , 1988 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянжаргал суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ___ 5-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЕ88062662 регистрийн дугаартай

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Г  нь согтуугаар 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 2022 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Төв аймаг Баянжаргал сумын Эрдэнэ 3 дугаар багт оршин суух Г.Т ын гэрт А. Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар чихрийн таваг авч шидэн толгойн тус газар нь оносны улмаас А. Б гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000459  дугаартай хэрэгт авагдсан 

           

            Хохирогч А. Б гийн өгсөн: “Би Төв аймгийн Баянжаргалан суманд улсын бүтгэгч хийдэг байсан юм. 2022 оны 7 сараас хойш Төв аймгийн Алтанбулаг сум руу шилжиж ажилласан. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сум орж ажлаа хүлээлгэж, энд үлдсэн байсан гэрийн эд зүйлээ авч явахаар ирсэн. Тэгтэл манай найз Түмээ намайг ирсний хасан бололтой миний утас руу залгаад манайхаар ирэлгүй явлаа манайд хүрээд ир гээд байсан. Тэгэхээр нь тэднийд яваад ортол Г  гэж хүүхэн байсан. Тэгээд Түмээтэй юм яриад сууж байтал хажуугаас Г  орж ирээд хэрүүл өдөөд урдаас чихэр, чихрийн цаас шидээд байсан би больчих байх гэж бодоод сууж байтал ширээн дээр байсан чихрийн шилэн таваг шидээд миний толгой тус газар оносон. Тэгээд толгойноос цус гараад байхаар нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад өөр зүйл болоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Төв аймгийн Баянжаргалан сумын захиргааны ажилчид намайг гаргаж өгөөд би бол уусан байсан. Тэр Түмээ, Г  хоёр өмнө нь уусан байсан. Өмнө нь манай нөхөр Шинээг дагуулаад уугаад явсан байсан тэрнээс болоод маргасан. Би гомдолтой байна. Миний толгойноос зөндөө цус гарсан эмнэлэгт очоогүй бол юу ч болох байсан юм билээ сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 5/,

            Гэрч Б.Урангоогийн өгсөн: “Би Төв аймгийн Баянжаргалан сум Жаргалант 1 дүгээр багийн нутагт оршин суудаг юм. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай Засаг даргын тамгын газарт Улсын бүртгэгч хийдэг байсан Б  ирээд ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд би гаргаж өгнө гээд 0.5 литрийн цэнхэр шилтэй архи уусан байж байтал Б гийн утас дуугараад Түмээ хүрээд ир гэж байна орчоод гараад ирье гэсэн яваад ортол тэднийд Г  байсан. Түмээ бид 2 идээ авчирч өгтөл цаанаас нь Г  Байгал руу дайрсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргасан. Гэрлээ гэртээ барьж байсан архиа Байгалаагийн урдаас цацаад, чихэр авч шидээд хамгийн сүүлд чихрийн таваг шидтэл Байгалаагийн толгойн хэсэгт онож гэмтээсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед тэр хэд архи согтууруулах ундааны зүйл бүгд хэрэглэсэн байсан. Бүгд согтуу байсан. Б гийн нөхрөөс болж тэр хоёр хоорондоо муудалцсан. Би ярианаас нь ойлгосон. Би болсон үйл явдлыг маш сайн санаж байна. Архи уугаагүй хажууд нь хараад сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 7/,

            Гэрч Г.Т ын өгсөн: “Би Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн 5-4 тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай найз Б  ажлаа хүлээлгэж өгөх гээд Төв аймгийн Баянжаргалан суманд ирсэн байсан. Тэгэхээр нь найзыгаа яаж зүгээр явуулах уу гээд гэртээ урьсан юм. Тэгтэл манай найз Б  манай гэрт байсан Г тай муудсан. Тэгтэл Г  Б гийн урдаас уух гэж байсан аягатай архиа цацаад урдаа байсан тавагтай чихрнүүдээ шидээд байхаар нь би Г г хорих гэтэл чихрийн таваг аваад толгой хэсэг рүү нь шидтэл Б гийн толгойноос цус гараад унахаар би алчуураар дарж цусыг нь тогтоосон. Г , Б  хоёр Б гийн нөхрөөс болж маргалдсан. Би сайн ойлгоогүй.” гэх мэдүүлэг /хх 9/,

            Гэрч П.Наранчимэгийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай найз Б  ажлаа хүлээлгэж өгнө гээд ирсэн. Тэгээд орой нь бид хэд жоохон сууж байтал Б гийн найз Түмээ ирж цай уу манайхаар ороод гар гэсэн. Тэгээд тэднийхээр яваад ортол Түмээ, Г  хоёр байсан. Би идээнээс нь нэг амсчхаад хүүхэд уйлаад байхаар нь гараад явсан. Тухайн өдөр би ахмадуудаа хүлээж аваад уусан байсан. Намайг гэртээ ороод унтаж байхад шөнө Б  эмнэлэг ороод боолт хийлгээд ирлээ гээд орж ирээд манайд унтсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

            Шүүгдэгч Б.Г гийн өгсөн: “Би Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 5-4 тоотод 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэр эгч Түмээгийнд байж байтал гаднаас Б  орж ирсэн. Тэгээд надаас хэрүүл гуйгаад хэрүүл өдөөд байхаар нь би гартаа барьж байсан аягатай архиа урдаас нь цацаад урдаа байсан тавагтай чихэрнээс атгаж аваад шидсэн. Тэгээд уур хүргээд байхаар нь чихрийн таваг авч шидтэл толгойн хэсэгт нь оносон байсан. Би чихрийн таваг шидчихээд шууд гэрээс гараад явсан. Намайг нөхөртэйгөө хардаад байсан. Би нэг удаа нөхөртэй нь цуг архи уусан юм. Тэрнээс болж намайг хардсан байх.

            Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уурлаад Б гийн нүүр хэсэг рүү аягатай байсан архи цацаад ширээн дээр байсан чихэртэй тавгийн чихрийг нь гараараа базаж авсан Б  руу шидээд ахин уур хүргээд байхаар нь чихрийн таваг аван Б  руу шидсэн. Би Б г оночъё гэж шидээгүй над руу хэрүүл хийгээд байхаар нь уурласандаа авч шидсэн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх 28/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 561 дугаартай: “1.А. Б гийн биед толгойд шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 15-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Г г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Г д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

           

            Шүүгдэгч хохирогч А. Б д 1 сая төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн 2234000000459  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Е Б-н Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Б.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000000459  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ