Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/466

 

 

 

 

 

 

  2022          11              14                                              2022/ШЦТ/466

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

  Улсын яллагчаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар,

  Шүүгдэгч Ж.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Ж-н Х д холбогдох эрүүгийн 2202000000399  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овогт Ж-н Х , 1982 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Швед улсад рестораны бэлтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 3, охин, эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УС82091201 регистрийн дугаартай

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.Х  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ж.Х  нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан олон улсын агаарын замын боомтоор 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай нислэгээр Монгол Улсад зорчин ирэхдээ Монгол Улсын иргэн Г.О ийн 123456дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2202000000399  дугаартай хэрэгт авагдсан 

            Шүүгдэгч Ж.Х ын өгсөн: Би Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцаж, ойлгосон. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би 2018 оны сарын үед хөдөлмөрийн гэрээгээр Бүгд Найрамдах Чех улс руу амьдралын шаардлагаар ажил хийхээр явж байсан. Би Чех улсад очоод "Страж" хотод "Cheska lipa" гэх нэртэй авто машины суудлын бүрээсний үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан. Тэнд 2019 оны 8 сар хүртэл ажилласан. Тэгээд Швед улс руу 2019 оны 8 сард ажиллахаар явсан. Швед улсад ажлын хөлс Чех улсаас өндөр болохоор Швед улс руу явсан Швед улсын нийслэл "Ctocholm" хотод 2 жил айл цэвэрлэдэг цэвэрлэгээний ажил хийсэн. Тус ажлыг 2021 оны 9 сар хүртэл хийсэн 2021 оны 9 сараас би "Ctocholm" хотоос "Soderhamn" гэх хот руу явсан "Soderhamn" гэх хотод очоод "Esa" гэх нэртэй ресторанд ажилладаг болсон. Би тус ресторанд 2022 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. Намайг Швед улсад байхад 2022 оны 9 дүгээр сарын үед миний ээж "О.Долгорсүрэн"-гийн бие нь өвдөж эхэлсэн. Миний ээж элэгний хатууралтай бөгөөд эмчийн хяналтад байдаг. Миний ээж миний охин "Х.Гэрэлчимэг"-ийг хардаг байсан. Миний охин одоо 6 настай бөгөөд энэ жил 9 сарын 1-нд 1 дүгээр ангид элсэн орсон. Миний ээж охиныг минь сургуульд нь зөөдөг байсан. Гэтэл миний ээжийн бие нь өвдөөд охиныг минь сургуульд зөөж чадахгүй болсон. Ийм учраас Монгол Улс руу хурдан ирэх шаардлагатай болсон. Тухайн үед би Швед улсад байхдаа буюу 2021 онд захиалж авч байсан гадаад паспортоо алдчихсан байсан. Би 2022 оны 8 сарын сүүлээр Швед улсад байхдаа Швед улс дахь Монгол улсын элчин сайдын яам руу залгаж паспортоо хэрхэн шинээр захиалах талаар асууж байсан. Монгол улсын элчин сайдын яамнаас намайг Швед улсын цагдаагийн газраас гадаад паспортоо хаясан гэдгийг батлах бичиг авч ир гэж хэлсэн. Тэр бичгийг авч ирсэн бол Монгол улсын элчин сайдын яамнаас түр зорчих паспорт олгож болно гэж хэлсэн. Тухайн үед би ажлаасаа гарсан байсан бөгөөд би Швед улсад хараар амьдардаг байсан. Би хараар амьдардаг байсан болохоор Швед улсын цагаачийн албанаас намайг Чех улс руу буцаана гэж айгаад цагдаагаас бичиг авч чадахгүй байсан. Тэгээд Чех улс руу буцаах юм бол Чех улсад намайг хорьж байгаад Монгол руу буцаана гэж бодсон. Хэрвээ Чех улсад хоригдоод албадан буцаагдсан бол хугацаа их орох байсан. Тэр үед надад яаралтай буцах шаардлага байсан. Тухайн үед би "Швед дахь Монголчуудын зарын групп" гэх нэртэй группэд Гансүхийн О  хүн өөрийнхөө оронд Шведээс Монгол улс руу буцаана гэж нийтлэл оруулсан байхыг харсан Тэгээд Гансүхийн О тэй утсаар холбогдсон. Гансүхийн О ээс би хүний паспортоор буцах боломжтой талаар асуусан Гансүхийн О  надад Хүмүүс болдог гэсэн. Ямар нэгэн асуудал гарахгүй гайгүй байх аа" гэж хэлсэн. Би Гансүхийн О тэй утсаар ярихдаа 10 дугаар сарын 02-ны өдөр Швед улсын "Ctocholm" хотын "ARLANDA" онгоцны буудал дээр 16 цагийн үед уулзъя гэж тохирсон. Би уулзахаар тохиролцож байх үедээ Г.О ээс "Яагаад онгоцны: буудал дээр уулзаж байгаа юм бэ?, тэрнээс өмнө нь уулзаж болохгүй юм уу" гэж асуухад О  надад "Би Швед улсын цагаачийн албанд цагаачаар амьдрах хүсэлт өгсөн. Тэгээд миний хүсэлтийг цагаачдын алба хүлээж авахгүй Монгол улс pyy буц гэсэн. Би цагаачдын албанд тус хүсэлтийг өгөхдөө гадаад паспортоо өгсөн. Одоо тэнд хадгалагдаж байгаа. Намайг Монгол руу буцаахаас 1 хоногийн өмнө онгоцны тасалбар болон паспортыг минь буцааж өгнө. Ийм учраас нисэх буудал дээр шууд уулзъя." гэж надад хэлсэн. Би Г.О тэй 10 дугаар сарын 02-ны өдөр уулзахад Г.О  нялх 3-4 сартай хүүхэдтэй ирсэн. Тэгээд надад өөрийнхөө гадаад паспортыг, онгоцны тасалбартайгаа хамт өгчхөөд яваад өгсөн. Бид 2 ямар нэгэн зүйл ярилцаагүй шууд салаад явсан. Би 18 цаг 10 минут хүртэл "Ctocholm" хотоос "Истанбул" орох нислэгээ хүлээн "ARLANDA" гэх нэртэй онгоцны буудал дээр суусан. Тэгээд 18 цаг 10 минутад Турк улсын Истанбул хот руу ниссэн. Нислэг 4 цагийн турш үргэлжлээд 22 цаг 50 минутад би Истанбул хотод буусан. Истанбул хотод 24 цаг "Истанбул-Улаанбаатар" чиглэлийн нислэгийг хүлээн суусан. 2022 оны 10 сарын 03-ны өдөр тус онгоцонд суугаад 10 сарын 04-ний өглөө 7 цаг 10 минутад буусан. Миний суусан онгоц том онгоц байсан. Ойролцоогоор 200 хүн зорчиж байсан. Надтай хамт буусан хүмүүс хил, гаалийн шалгалтаар орж эхэлсэн. Би 7 цаг 20 минутын үед Монгол улсын хилийн шалган нэвтрэх дээр очсон. Намайг очоод хилийн шалган нэвтрүүлэгчид паспортоо өгөхөд угаасаа миний паспорт биш байсан учраас шалган нэвтрүүлэгч намайг өөр хүний паспортоор орж ирж байгааг шууд мэдсэн. Тэгээд өөрийнхөө компьютероор миний паспортыг шалгаад надаас "Та хамгийн сүүлд Монгол улсаас аль улс руу зорчсон бэ?" гэж асуусан. Би тэгэхэд нь "Би Чех улс руу явсан" гэж хариулсан. Шалган нэвтрүүлэгч надад "Энэ та биш л байна даа" гэж хэлэхэд би "Энэ миний гадаад паспорт биш ээ. Энэ өөр хүний гадаад паспорт" гэж хэлсэн. Шалган нэвтрүүлэгч миний хилээр нэвтэрсэн Г.О ийн паспортыг хурааж аваад үлдсэн. Харин намайг хилийн цэргүүд нэг өрөө руу оруулаад тайлбар авсан. Би Г.О ийн гадаад паспортоор Монгол улс руу нэвтэрсэн. Би энэ зүйлийг ийм том асуудал гэж бодоогүй. Яараад гаргасан шийдвэртээ маш их харамсаж байна. Намайг Швед улсад байхад орондоо буцаана гэсэн зар интернэтэд зөндөө зар байдаг байсан. Хүмүүс ч орондоо зөндөө л буцаачихдаг шүү дээ, болно шүү дээ гэж ярьдаг байсан. Би ч болдог юм байна даа гэж бодоод хүний паспортоор хүрээд ирсэн. Маш их харамсалтай байна. Би гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /хх 71-72, 97-98/,     

            Гэрч Б.Өнөрбаярын өгсөн: “Би "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хилийн цэргийн 0218 дугаар ангид ахлах шалгагч хийдэг. Ахлах шалгагч нь тус онгоцны буудлаар нисэж ирж буй болон явж буй хүмүүсийн баримт бичгийг шалгадаг. Би тус ажлаа 2010 оноос хойш 12 жилийн турш хийж байна. Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 8 цагаас 10 дугаар сарын 04-ний өдрийн 8 цаг хүртэл "Чингис хаан" олон улсын нисэх буудалд үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдөр надтай хамт гадаадаас ирж байгаа чиглэлийг шалгах манай албанаас 20 гаруй алба хаагч ажиллаж байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 7 цагийн үед Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц "Чингис хаан" олон нисэх буудал дээр газардсан. Тус өдрийн 7 цаг 20 минутын үед тус чиглэлийн онгоцны зорчигчид онгоцноосоо буугаад орж ирсэн. Тус нислэгт 240

гаруй хүмүүс байсан. Би 7 цаг 20 минутын үед тус хүмүүсийг шалгаж эхэлсэн. Тэгээд 10 гаруй хүн шалгаад байж байтал 35-40 насны, шардуу царайтай, зуувин хэлбэрийн нүүртэй нэг эмэгтэй орж ирээд паспортоо шалгуулахаар өгсөн. Паспортоо надад өгөхдөө тэр эмэгтэй ямар нэгэн зүйл хэлээгүй. Би паспортыг нь шалгасан. Би паспортыг нь иргэний бүртгэлийн сангаас шалгаж үзэхэд тэр хүний гадаад паспорт дээрх зураг өөрийнх нь царайтай нь таарахгүй байсан. Тэр үед надад нэг л өөр юм шиг харагдсан. Тэгээд нарийвчилсан шалгалтыг эхлүүлж тэр эмэгтэйгээс хэзээ хамгийн сүүлд Монгол улсаас гарч явсныг нь болон аль боомтоор хаагуур дамжиж Швед улс руу явсан талаар асуусан. Намайг тэгж асуухад тэр эмэгтэй эргэлзээд хариулж чадахгүй 10-аас 15 секунд бодлогширсоны эцэст надад "эгчийнх нь авч явсан паспорт хугацаа нь дууссан учраас Монгол улсын Элчин сайдын яамнаас ямар улсад байрлах элчин сайдын яамнаас захиалсан талаар сайн мэдэхгүй байна/ өөрийн паспортыг шинээр захиалсан. Шинэ паспортоо хүлээн аваад Монгол улс руу ирэхээсээ өмнө алга болгосон" гэж хэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйгээс “Та өөр хуний паспортоор орж ирж байгаа юм уу" гэж асуухад тэр эмэгтэй “тийм ээ" гэж хариулсан. Ингээд тус эмэгтэйг бусдын баримт бичиг ашиглан орж буйг мэдээд тус ээлжний манаа ахлагч ахмад Бямбадоржид хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгснөөс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Хүлээлгэж өгсний дараа манааны ахлагч тус иргэний жинхэнэ регистрийн дугаарыг надад өгч санд тус эмэгтэй хил нэвтрэлтийг бүртгүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 74/,

            Гэрч Ж.Түвшинжаргалын өгсөн: “Би айлаас 3-уулаа. Х  бол манай гэрийн хамгийн том эгч. Би айлын бага бөгөөд дээрээ Буянхишиг гэдэг эгчтэй. Манай гэрийнхэн Өвөрхангай аймгаас 1996 онд Улаанбаатар хотод нүүж ирээд 3-р хороололд амьдардаг болсон, Тэндээ 11 гаруй жил амьдарсан. Бид нарыг хороолол амьдардаг байхад 2007 билүү 2008 оны үед аав Жаргалсайхан нас барсан. Бид 3 бүгдээрээ Хорооллын 28 дугаар дунд сургуулийг төгссөн. Бид 3 ээжтэйгээ хамт 2011 он хүртэл амьдарсан 2011 оноос би Солонгос улс руу явсан. Би Солонгост 2 жил ажиллаж байгаад 2013 онд Эх орондоо буцаж ирсэн. 2013 оноос хойш Монголд ажиллаж, амьдарч байна. Манай эгч Эдийн засаг бизнесийн дээд сургууль төгссөн. Эгчийн хувьд янз янзын ажил хийдэг байсан. Эгч Х  2015 онд хүүхэдтэй болоод 2018 оны үед Чех улс руу явсан. Манай эгч 2018 оныг хүртэл ээжтэй, болон өөрийнхөө охины хамт амьдардаг байсан. Манай эгч хүүхдээ гэртээ хараад 2 жил болсон. Тухайн үед Монголд ажил олдохгүй байсан учраас Чех улс руу явсан. Чех улс руу явсан цагаас хойш хааяа нэг утсаар ярьдаг байсан. Тухтай яриад юу хийж байна, яаж байна гээд ярилцах боломж олддоггүй байсан. Миний эгч дөлгөөн даруу зантай, хүнтэй эвээр харьцдаг, хүүхдэд их хайртай хүн. Х  эгчийн охин энэ жил 6 нас хүрээд сургуульд явж эхэлсэн. Манай ээж Х  эгчийн охиныг хардаг байсан. Ээжийн бие муу бөгөөд элэгний хатууралтай гэдэг оноштой байсан. Сүүлийн үед Х  эгчийн хүүхдийг нь сургуульд нь зөөгөөд ээжийн бие нь их ядрах болсон. Хүүхдийг нь сургуульд зөөх бараг боломжгүй болсон. Би ч өөрөө өөрийнхөө хүүхдийг зөөгөөд Х  эгчийн хүүхдийг зөөж чадахгүй байсан. Ээжийн бие сүүлийн үед их муу байгаа бөгөөд эмнэлэг их орох болсон. Х  эгч ээж болон охиндоо санаа нь зовж байсан учраас яаралтай ирье гэж бодсон байх. Нэг л өдөр манай ээж надад "Эгч чинь ирэхээр болчихлоо миний хүү тосоорой" гэж хэлсэн. Тэгээд би эхнэр, хүүхэд, ээжийн хамт "Чингис хаан" онгоцны буудал дээр 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тосох гээд очсон. Бид нарыг тосох гээд очиход гарч ирээгүй удсан. Тэгээд хэсэг байж байснаа 2 хүн манай эгчийг дагуулаад явсан. Бид нар сайн уулзаж чадаагүй. Тэгээд Х  эгчийг манай дунд эгч Тагнуулын ерөнхий газраас тосож авсан.” гэх мэдүүлэг /хх 77-78/,

            Гэрч С.Батсүхийн өгсөн: “Би 1964 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Одоо 59 настай. Би Улаанбаатар хотод 48 дугаар сургуулийг 8 дугаар анги хүртлээ сурч төгссөн. Дараа нь барилгын 2 дугаар техникийн их сургуулийг төгссөн. Би 20 настайдаа өөрийн анхны нөхөр болох Гансүхтэй танилцаад 3 хүүхэдтэй болсон. Миний том хүүхдийг Г.О  дунд хүүхдийг Г.Буяннэмэх 2017 онд нас барсан./ бага хүүхдийг Г.Гантулга гэдэг. Миний нөхөр Гансүх гэдэг хүн 2001 онд нас барсан. Дараа нь Нацагдорж гэдэг хүнтэй суугаад Нарангарав, Наранбаяр гэх хүүхдүүдтэй болсон. Дараа нь Нацагдорж гэдэг хүнтэй хамтран амьдрахаа больсон. Хамтран амьдрахаа болиод 4 гаруй жил болж байна. Миний охин О  1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Бага насандаа Улаанбаатар хотод Биокомбинатад амьдардаг байсан. Тэгээд 10 дугаар сургуульд 10 дугаар ангиа дүүргэсэн. Би хэдэн онд төгссөнийг бол сайн санахгүй байна. Ойролцоогоор 2001, 2002 онд сургуулиа төгссөн гэж санаж байна. Дунд сургуулиа төгсөөд О  Их засаг дээд сургуульд орсон. Их засагт 2 дугаар курст сурч байхдаа аавынх нь бие муудаад төлбөрөө төлж чадахгүйн улмаас Их засаг сургуулиас 2 дугаар курсээсээ гарсан. Тэгээд "Монос фарм" гэх нэртэй эмийн үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээд өөрийн нөхөр Баярболдтойгоо танилцаад хүүхэдтэй болсон. Хүүхдийг нь Билгүүн гэдэг. Одоо 9 дүгээр ангид сурдаг. Миний охин О  2011 оны үед Израйл улс руу ажиллахаар явсан. Израйл улсад 2 жил гаруй амьдарч байгаад Монголд ирсэн. Израйл улсаас Монголд ирээд дахин хүүхэдтэй болсон. 2 дахь хүүхдийг нь Цэлмэг/охин/ гэдэг. Би хэдэн настайг сайн мэдэхгүй байна. Цэлмэгийг харж хэсэг хугацаанд Монголд байсан. Тэгээд өөрийн төрсөн дүү Буяннэмэхийг нас барсны дараа 2017 онд миний охин О  Швед улс руу ажиллахаар явсан. Би Швед улс руу явахаас өмнө нь харьцаж байсан. Тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй. Интернэтээр ч харьцдаггүй. Швед улс руу явснаас хойш надтай бол утсаар яриагүй. Миний охин О  Швед улсад очоод хүнтэй суугаад хүүхэд гаргасан гэж би өөрийн охин Нарангараваас сонссон. Миний охин О  даруу төлөв зантай. Өөрийн эцэг Гансүхийг өнгөрснөөс хойш өөрийгөө бие даан авч явж байгаа. Миний охин О  ах дүү нартайгаа бараг харьцдаггүй болохоор би түүний талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 80-81/,

            Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0218 дугаар ангийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/261 дугаартай "Чингис хаан олон улсын агаарын замын боомтоор Монгол Улсын иргэн Ж.Х  нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаарын аяллаар зорчин ирэхдээ Гансүхийн Отгонцэцэгийн 123456дугаарын энгийн гадаад паспортыг ашиглан улсын хил зөрчсөн" гэх албан бичиг /хх-8/,

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-68/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2850 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн 123456дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь биет байдлаар ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 123456дугаартай үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ. 3.Дээрх энгийн гадаад паспортын "32" гэсэн дугаартай нүүрний зүүн доод хэсэгт дарагдсан тэмдгийн дардас нь бараар дарагдсан байна. Харьцуулах загвар ирүүлээгүй тул жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-90/,

            Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 2-4в/4584 дугаартай Ж.Х , Г.О  нарын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-30/,

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/8700 дугаартай Ж.Х , Г.О  нарын гадаад паспортын мэдүүлгийн хуулбарууд /хх-35-44/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчийн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан олон улсын агаарын замын боомтоор 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай нислэгээр Монгол Улсад зорчин ирэхдээ Монгол Улсын иргэн Г.О ийн 123456дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Ж.Х ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Ж.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Х  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ж.Х д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Ж.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 2 000 000 төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

            Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эрүүгийн 2202000000399  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нь Гансүхийн О ийн 123456дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Д овогт Ж-н Х ыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х ыг 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х д оногдуулсан 2 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Эрүүгийн 2202000000399  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нь Гансүхийн О ийн 123456дугаартай үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Самбууд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ