Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/441

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Гд холбогдох эрүүгийн___________  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо Нарны хороолол 15 дугаар байр ,,,,______ регистрийн дугаартай, М.Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Далайн гол гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 169/103 дахь километрийн шонгийн ойролцоо 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 20-73 УБҮ улсын дугаартай Ниссан Нөтэ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч аюул,  хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээ голлож явна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Э.Оюунчулууны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үэнэ үөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч М.Г нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Далайн гол гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 169/103 дахь километрийн шонгийн ойролцоо 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 20-73 УБҮ улсын дугаартай Ниссан Нөтэ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3  Замын хөдөлгөөнд оролцогч аюул,  хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээ голлож явна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Э.Оюунчулууны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн ____ дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Э.Оюунчулууны өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хадам эгч Гаригмаагийн автомашинтай, нөхөр Гантөгс, хүүхэд Төгсбаяр, Билгүүнтөгс нарын хамт ниссан нөтэ маркийн 20-73 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймаг руу Улаанбаатар хотоос 15-16 цагийн хооронд гарсан. Замдаа хөл гарынхаа чилээг гаргах гээд 1 удаа зогсоод цааш хөдлөөд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байх үед буюу гаднах орчин гэгээтэй байхад автомашин найгах шиг замын хажуу руу онхолдчихсон. Осол юунаас болж гарсан, яагаад онхолдсон гэдгийг мэдэхгүй байна. 20-73 УБҮ улсын дугаартай автомашиныг Гаригмаа эгч жолоодоод явж байсан. Жолооч Гаригмаа, жолоочийн хажуу талын суудал дээр нөхөр Гантөгс сууж явсан бөгөөд Гаригмаа, Гантөгс хоёр суудлын бүс хэрэглэсэн байсан. Автомашины арын суудалд Төгсбаяр, Билгүүнтөгс бид гурав сууж явсан бөгөөд суудлын бүс хэрэглээгүй. Жолооч Гаригмаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Миний баруун гар хугарсан, манай хүү Төгсбаярын эрүү цуурсан. Ослоос болж өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогч О.Төгсбаярын өгсөн: “...Би ослын талаар хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан осол гэгээтэй байхад л гарсан. Би ослын дараа эмнэлэгт үзүүлэхэд эрүүний яс цуурсан байна гэж хэлсэн. Надад гомдол, санал  нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлмээргүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

Гэрч Г.Бямбацогтын өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатараас Өмнөговь аймгийн Ёлын ам гэх газар луу 4 машинтай ах дүүсээрээ явж байсан юм. Би жолооч бариад охин Амин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, хүү Ган-Эрдэнэ, ах Баянбатын охин Энхжин бид 5 явж байсан. Харин эхнэр Гаригмаа нь миний ард дүү Гантөгс болон түүний эхнэр Оюунчулуун, хүү Төгсбаяр, хүү Билгүүнтөгс бид 5 нэг машинд сууж байсан. Тэр машины урд ах Баянбат, түүний машинд хадам ах Отгонтөгс, түүний эхнэр Будцэрэн, охин Ариун-Эрдэнэ, Ариун-Эрдэнийн найз хүүхэд нар явж байсан. Тэгээд Төв аймгийн Баян-Өнжүүл сум Барат 1-р баг гэх газраар явж байсан. Тэгээд би толиндоо миний ард яваа эхнэрийнхээ машиныг хартал гэнэт баруун тийшээ эхнэрийн машин тоос татуулаад замаас гарч осол болсон. Тэгээд би харангуутаа машинаа эргүүлээд осол болсон газар очиход машиныхаа хажууд Гантөгс, Оюунчулуун нар машиныхаа хажууд зогсож байсан. Харин манай эхнэр Гаригмаа нь Төгсбаярыг тэврээд миний машинд суулгахаар нь би зөрж яваад Билгүүнтөгсийг аваад машиндаа суулгаад Дундговь аймгийн наад талд Эрдэнэдэлгэр сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Гэрч Ц.Баянбатын өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ах дүү хамаатан саднаараа нийлээд Өмнөговь аймаг руу газар үзнэ гэж 4 машинтай яваад Улаанбаатар хотоос үдээс хойш 15 цагийн үед гарсан. Хотоос 100 гаран километр явж байтал толиндоо хараад хойно шороо бужигнаад машин уначлаа гэж бодоод манай машины нэг нь байх тэгээд очтол дүү Гаригмаагийн жолоодож явсан машин байсан. Очиход машин нь дээш харсан байсан, Гантөгс түүний эхнэр хоёр нь машиных нь гадна талд байсан. Хүүхдүүдийг нь урд нь явж байсан машин аваад эмнэлэг орсон гэсэн. Ямар зайнд явж байснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан толиндоо хараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

Гэрч Б.Гантөгсийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15-16 цагийн хооронд Улаанбаатар хотоос төрсөн эгч Гаригмаагийн машинтай өөрийн эхнэр Э.Оюунчулуун, 12 настай эрэгтэй О.Төгсбаяр, Г.Билгүүнтөгс 7 настай эрэгтэй хоёр хүүхдийн хамт нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Осол болох үед би утсаараа тоглоод явж байсан. Тэгтэл явж байгаад гэнэт замын хажуу тал руу гараад том чулуу мөргөөд холбироод өнхрөөд яваад өгсөн, осол болоод 2 хүүхэд цонхоор шидэгдсэн байсан. Эхнэр, эгч, бид гурав машин дотроос гарсан. Хоёр хүүхэд 3-4 метрийн зайтай шидэгдсэн байсныг очиж авсан. Машин ослын дараа дээшээ харсан байдалтай, хоёр дугуй нь салаад унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2513 дугаартай шинжээч С.Эрдэнэзаяагийн: ...1. Шинжилгээнд ирүүлсэн Nissan Note маркийн, 20-73 УБҮ улсын дугаартай, автомашин шинжилгээнд тэнцэнэ. 2. Nissan Note маркийн, 20-73 УБҮ улсын дугаартай автомашин ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул ослын өмнө бүрэн бүтэн байсан байна. 3. Nissan Note маркийн, 20-73 УБҮ улсын дугаартай автомашин ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул осолд нөлөөлөхгүй. 4. Ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул тоормосны ажиллагааг шалгах боломжгүй. 5. Ослын үед зүүн урд дугуй салсан байна. Ослын дараа хүний хүчин зүйлээр баруун хойд дугуй, эргэх булыг тайлж авсан байна гэх дүгнэлт /хх-ийн 69-71 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дугаартай шинжээч Л.Бямбатуяагийн: “...1. Э.Оюунчулууны биед баруун шуу, богтос ясны хөндлөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөр алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/,

Зам тээврийн шалтгаан нөхцөлийг тодорхойлсон Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Р.Цогтоогийн: “...1. Nissan Note маркийн 20-73 УБҮ улсын дугаартай автомашины жолооч М.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 11.2. “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Nissan Note маркийн 20-73 УБҮ улсын дугаартай автомашины жолооч М.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.2 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 132-133 дугаар тал/,

Яллагдагч М.Ггийн өгсөн: “...Осол миний буруутай үйлдлийн улмаас болж гарсан, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 145 дугаар тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13, 14-18 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20, 21-24 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-н үнэлгээний тайлан /хх-43-56 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-148 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-58 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 149 дүгээр тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 150 дугаар тал/, Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 151 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 152 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-154 дүгээр тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Г гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Оюунчулууны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч М.Г нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Улаанбаатар хот Баянгол дүүрэгт ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, одоо 36 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

 

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч М.Г нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Гг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч _____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш  15 хоногийн дотор цагаатгах,  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Гд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах  тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.