Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0041/Э |
Дугаар | 2022/ШЦТ/468 |
Огноо | 2022-11-16 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/468
2022 11 16 2022/ШЦТ/468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын прокурор Г.Энхбат,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэг,
Иргэний нэхэмжлэгч У.Д , түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил
Шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н А од холбогдох эрүүгийн 2134001890411 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Б-н А , 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Төв аймаг Баян-Өнжүүл сум Цээл 2 дугаар багт хувиараа мал аж ахуй эрхлэн оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НУ81030111 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн нутаг "Гражийн энгэр" гэх газар шороон зам дээр 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр улсын дугааргүй Супер вени маркийн мотоциклыг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 11 дүгээр бүлгийн 11.1 "Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.a, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.", 3.1.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна.", 3.4.в "Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэсэн заалтуудыг зөрчиж У.Д ын жолоодож явсан Т.Приус 20 маркийн 80-64 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас А.Ж ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134001890411 дугаартай хэрэгт авагдсан
Насанд хүрээгүй хохирогч А.Ж ийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд хажууд нь бол байгаагүй болсон хэргийн дараа очсон. Намайг очих үед Д өөрөө надад хэлэхдээ Болдоо ахыг мөргөчихлөө л гэж байсан. Би харсангүй тоормос гишгэж амжсангүй, би 70 км/цагийн хурдтай л явж байсан гэсэн. Намайг очих үед манай хүү шоконд орчихсон хамаг бие нь салганачихсан байж байсан. Хүүхэд одоогоор гайгүй байгаа. Нэхэмжлэх зүйл, гомдол санал алга.” гэх мэдүүлэг /1 хх 36-37/,
Насанд хүрээгүй хохирогч А.Ж ийн өгсөн: “Аав бид хоёр Өлзийбаатар ахын мотоциклийг бариад би аавын ард талд суугаад айлаас мотоциклийн сэлбэг авах гээд явж байсан чинь Приус 20 маркийн машин ирж байсан. Тэгээд би ааваа Павга ах ирж байна гэсэн чинь аав мотоциклоо зогсоосон чинь тэр машин ирээд мөргөчихсөн. Тэгээд аавын хоёр хөл нь хугарчихсан байсан. Миний хоёр хөл янданд түлэгдсэн баруун талын толгой хагарсан. Одоо миний нүд улайгаад толгой эргээд байна. Манай аав нэг том пиво уусан байсан. Манай мотоцикл зогсож байсан чинь машин ирээд мөргөчихсөн.” гэх мэдүүлэг /1 хх 43-44/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Өлзийбаярын өгсөн: “Б.А ын унаж явсан мотоцикл миний мотоцикл байгаа юм. Б.А мотоцикл болохгүй болчихсон гээд сэлбэгэнд явчхаад ирнэ гээд аваад явсан. Уг мотоциклийг 2020 оны 5 дугаар сард худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /1 хх 50-55/,
Иргэний нэхэмжлэгч У.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим нөхөр бид хоёр өөрийн 6 настай хүү, 3 настай охин, найз Баясгалантжаргалын 4 настай хүүгийн хамт Баян-Өнжүүл сум орж шатахуун, хоол хүнс авах санаатай явж байсан. Дээд замаар явах гэж байгаад доод зам нь цагаан гэж манай нөхөр хэлээд замаасаа салаад осол болсон замд нийлээд 1 километр орчим явж байхад гэнэт өөдөөс хүүхэд хойноо сундалсан нэг мотоцикл гараад ирсэн. Тоормос гишгэсэн боловч тухайн мотоцикл тоормос гишгээд шарваад хөндлөн харж ирээд машины урд талаас мөргөөд явсан хүн нь салхины шилэн дээр үсэрч гарч ирээд унасан. Хүүхэд яасныг хараагүй. Тэгээд би болон манай нөхөр машинаас буугаад харахад хүүхэд босоод зогссон байдалтай аав нь машины хамраас хөл нь 40 см зайтай толгой нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байдалтай хөл хөл гээд орилж байсан. Хажууд нь мотоцикл хажуугаараа харсан байдалтай байсан. Тэгээд таны хөл зүгээр үү гэж асуухад хөл өвдөөд байна хугарсан байх гэж хэлсэн. Би эхнэрт нь утсаар болсон асуудлыг хэлээд дуудсан эхнэр нь ирээд Энхбаярынд байсан Туул гэх хүүхэн би сувилагч байсан чиг бариад бооё анхны тусламж үзүүлье гээд цусыг боогоод модоор чиг барьж боосон. Тэгээд Баян-Өнжүүл сумаас эмч, цагдаа ирээд аваад явсан. Тухайн өдөр нартай цэлмэг байсан гэхдээ замын хажуугийн бут сөөг өндөр ургасан байсан болохоор өөдөөс мотоцикл ирж байгаа нь харагдахгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин ах 2 пиво уугаад хөдөлсөн гэж байсан. Айлынх нь хүмүүс хэлж байсан тухайн айлд наргиж цэнгэсэн юм шиг байна лээ. Би осол юунаас болсон талаар мэдэхгүй байна. Ахын эмчилгээний зардалд өөрийн хэмжээгээр туслалцаа өгнө. Хүн гэмтчихээд байхад миний зөв түүний буруу гэж хэлэх арга алга байна хөл нь хугарсан гэж байсан. Би зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн мөн баруун гар тал руугаа шахсан осол болоход машин зогссон байсан эсэхийг мэдээгүй ямар ч байсан мотоцикл хөндлөнгөөрөө ирээд мөргөсөн. Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Зорчигч нар хэрэглээгүй байсан. Надад гомдол санал байхгүй. Үнэлгээгээр гарсан 1 273 000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ.” /1 хх 58-59, 2 хх 96-97/,
Гэрч Т.Баасанжаргалын өгсөн: “...гэнэт өөдөөс мотоцикл гарч ирээд манай эхнэр яанаа гэж орилоод баруун гар тал руугаа жаахан дараад тоормос гишгэсэн тухайн үед би урагшаа цонх мөргөөд буцаад сандал дээрээ суусан. Тухайн үед шилэн дээр мотоциклын жолооч унаад буцаад газарт унасан. Тэгээд бид хоёр буугаад очход хөл өвдөөд байна гээд орилоод байсан. Тухайн осол болох үед нартай цэлмэг байсан гэхдээ замын хажуугийн бут сөөг өндөр ургасан байсан мөн зам тойрог байсан өөдөөс ирж байгаа машин харагдахгүй байсан. Би осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. Болгоомжгүй байдлаас болсон байх.” гэх мэдүүлэг /1 хх 60-61/,
Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4-р баг Дошингийн булан гэх газраас гэрээсээ 13 цагийн орчим саахалт айл Бадам-Очир гэх айлаас мотоцикл авах гэж хүүхэдтэйгээ хоёулаа мотоциклтой явсан. 3 орчим километр явж байтал урдаас саарал өнгийн тээврийн хэрэгсэл ирж байхаар нь Бадам-Очир ахын мотоциклын севче дөхүүлж байгаа юм байна гэж бодоод тоормосоо гишгээд элсэнд шарваад зогстол тэр тээврийн хэрэгсэл урдаас ирээд бид хоёрын мөргөж би ухаан алдсан байсан. Сэрээд хартал нөхөр нь эхнэрээ загнаад байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирж Алтанбулаг сумын төв рүү явсан. Тэр Приүс маркийн машин 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Би тоормосоо гишгэтэл замын голд шарваад зогссон. Тэгээд бид хоёрыг ирж мөргөсөн. Тухайн өдөр цаг агаар нартай ямар нэгэн бороо орсон зүйл байхгүй байсан. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 30-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн. Баруун 2 хөлөнд буюу баруун хөлөнд шилбэ дунд чөмөг хадуулсан, зүүн хөлийн дунд чөмөгт төмөр хадах хагалгаанд орсон. Би тухайн өдөр өглөө 6-7 цагийн орчим гэртээ 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво Энхтөр гэдэг хүнтэй хоёулаа хувааж уусан байсан." гэх мэдүүлэг /1 хх 47-49/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №3367 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Батмөнх А НУ81030111” гэсэн хаягтай цуснаас 0,9 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 0,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /1 хх 72-73/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №296 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.А.Ж ийн биед дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн тавхайд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх /1 хх 123-124/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №295 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.А ын биед баруун шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.20-д зааснаар амь насанд арону салатай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх /1 хх 129-130/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хохирлын үнэлгээний №06/200 дугаартай үнэлгээний тайлан: “Улсын дугааргүй Beniy мотоциклын нийт хохирлын үнэлгээний дүн 455 000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөг.” гэх /1 хх 94-95/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хохирлын үнэлгээний №06/200 дугаартай тайлан: “8064 ТӨВ улсын дугаартай Prius-20 Маркийн тээврийн хэрэгслийн нийт хохирлын үнэлгээний дүн 1 273 000 /нэг сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөг болно.” гэх /1 хх 111-112/,
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/02 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт: “1.Жолооч У.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Мотоцикл жолоодож явсан Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ....эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.", 11.1. "...тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно." 3.1. а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна.", 3.4.в/ "мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 3.Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. 4.Мотоцикл жолоодож явсан Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ болон 11.1. заалтыг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн. Харин 3.4.в заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлнэ.” гэжээ /2 хх 12-13/,
“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн 22/104 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Beniy маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), б/Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна. в/.Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно:" а/.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." мөн дүрмийн 11.1."Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Prius-20 маркийн 80-64 ТӨВ улсын дугаартай автомашины жолооч У.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ /2 хх 89-90/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 16-24/, Супер вени маркийн улсын дугааргүй тээврийг хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 25-27/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 23-31/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2134001890411 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.А ыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Beniy маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ....эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.", 11.1. "...тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно." 3.1.а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас У.Д ын жолоодож явсан Т.Прусс-20 маркийн 80-64 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гарган мотоциклд зорчиж явсан өөрийн төрсөн хүү А.Ж ийн эрүүл мэндэд "дагз ясны хугарал, хатуу хальсан дээрх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн тавхайд сорви" бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.А ыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу үйлдэлдээ маргаагүй дурдаж дээрх зүйл ангиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг холбогдсон түүний гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан тул,
шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн зохицуулалтын дагуу түүний тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Ж ийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч У.Д ын 8064 ТӨВ улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн тээврийн хэрэгсэлд 1 273 000 /нэг сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийг хохирол, иргэний нэхэмжлэгч Т.Өлзийбаярын улсын дугааргүй Beniy маркийн мотоциклд 455 000 хохирол тус тус учирсан байх бөгөөд,
хохирогч А.Ж ийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэг “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг иргэний нэхэмжлэгч Т.Өлзийбаярын тээврийн хэрэгслийг засаж янзалж өгсөн талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Иргэний нэхэмжлэгч У.Д ын Prius-20 тээврийн хэрэгсэлд учирсан 1 273 000 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан талаар баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдав.
Эрүүгийн 2134001890411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-н А ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.А ын тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А од үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн 2134001890411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ