Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/475

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           11              21                                                 2022/ШЦТ/475

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

Шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овогт Ц-н Б д холбогдох эрүүгийн 2234005140475  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ц-н Б , 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, 2 ах, 3 эгч нарын  хамт ... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УУ92102077 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч Ц.Б  нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Полигон гэх газарт Тоёота Прадо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3 "Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" гэснийг зөрчиж морьтой явж байсан Т.М ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

           Энэ нь эрүүгийн 2234005140475  дугаартай хэрэгт авагдсан

           

Хохирогч Т.М ийн өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нэргүй гэдэг хүний даагыг тавьж өгчхөөд Тулгат бид хоёр Даваадалай гэх уяач ахындаа очихоор явж байсан. Тэгээд би тухайн өдөр яагаад осолд орсноо санахгүй байна. Би нэг сэрээд ухаан ороход эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Мөн өөрийн аав, ээж, эгч, найз нөхдөө танихгүй байсан. Тэгээд 8, 9 хоносны дараа дотнын хүмүүсээ таних болсон. Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог үндэсний төв эмнэлгээс гарч, эгч Уянгынд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Би тухайн өдөр осол болсон шалтгаан, яагаад яаж явж байгаад ийм юм болсныг ч санахгүй байна. Би хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй. Бид бүгд эвтэй нэгнээ ойлгож харьцдаг. Би ослын үеийг санахгүй байна. Би дүү Тулгатаас осол болсон шалтгааныг асуухад “Би таны урд зөөлхөн хойшоо хараад явж байсан. Тэгэхэд та хойноос дуу дуулаад дагаад явж байсан” гэж хэлсэн. Надад гомдол, санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх  мэдүүлэг /хх 21/,

            Гэрч Э.Тулгатын өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нэргүй гэдэг хүний даагыг тавьж өгчхөөд М  бид хоёр Ганбатын Даваадалай гэх уяач ахындаа очиж амьдардаг болохоор тийшээ явж байсан. Тэгээд замдаа явж байтал ах Мөнх-Эрдэнийн морь ертөнцийн зүгээр хойшоо давхиж явж байгаад баруун тийш морь далихад ардаас ирж байсан машин хурдтай ирээд мориныхоо цээжин хэсгийг машины хойд талын гупер хэсгээр мөргөлдөж осол гарсан. Би тухайн осол болох үед урд нь хараад явж байсан юм. Би тухайн үед ах Мөнх-Эрдэнийн урд морьтой давхиж явсан бөгөөд давхиж явахдаа хойшоогоо хараад явж байсан болохоор ослыг харсан юм. Бид хоёр 30-40 км/цагийн хурдтай морьтой давхиж явсан. Хурдтай давхиж явсан шалтгаан нь тавьж өгсөн даагаа очиж авах гэж байсан. Тухайн үед хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй. Би хэн нь буруутай гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний харснаар ах Мөнх-Эрдэнийн морь баруун тийшээ алсуур дальж явсан юм. Тэгээд дальж явахад араас нь хурдтай цагаан өнгийн машин ороод ирсэн. Машин ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байсан байх. Тэгээд машин морийг хараад баруун тийш дарахад морины цээж хэсэг машины хойд гупер хэсгээр мөргөлдөж осол гараад морины толгой зүүн тийшээ гулдчин бүтэн эргээд унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

            Гэрч Ө.Энхбатын өгсөн: “Өчигдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орой 17 цагийн үед “Хүй Мандал” галын даага насны морьдоо сунгасан юм. Би тухайн  даагаа эргүүлж тавихаар морьтой газар луу явсан. Тэгээд даагаа гаргаж өгчхөөд сургаж авсан морио хамт явсан хүнд хөтлүүлээд өөрөө манай уяач ах Баагий гэдэг ахын 70-89 дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэлд сууж, бид хоёр хамгийн сүүлд хөдлөөд дааганы араас явсан. Тэгээд замдаа явж байтал урд М  хээр морь унасан, нэлээн урд зайтайхан, Тулгаа цоохор морьтой хамгийн ард давхиж явсан. Тэгээд Баагий ах дунджаар 60-80 км/цагийн хурдтай, М тэй зөрөхөөр ойртож явтал М  жолоогоо татаад мориныхоо амыг дийлэхгүй байгаа бололтой даялаад баруун тал руугаа шахаад ирсэн. Тэр үед  Баагий ах тойрохоор баруун тийш дартал яах ийхийн зуургүй зүүн талаас орж ирээд машины зүүн хоёр толийг мөргөчихсөн. Би тухайн үед урд нь сууж явсан бөгөөд “тул” гэсэн чимээг сонссон. Би яаж мөргөж унасан талаар харж амжаагүй. Мөргөөд л тул гээд дуу гарч Баагий ах “өө пизда” гээд тэр дороо зогсоод буугаад очиход М  газар зүүн талаараа хэвтчихсэн гар нь татаад ухаан алдсан байсан. Баагий ах сандраад очоод уруул дээр нь эрхий хуруугаараа дарж байсан. Тэр үед Тулгаа буцаж, ирээд юу болов оо гэж байсан. Мөнх-Эрдэнийн унаж явсан морь нь давхиад явчихсан. Баагий ах, Тулгаа, М , бид нар л хамгийн сүүлд явж байсан, сүүлд Тулгаагийн морийг нэг нь ирж авч байсан. Хол гэдгийг нь санахгүй байна. Тэгээд Баагий ах Тулгаа бид хоёрыг үлдээгээд Мөнх-Эрдэнийг шууд аваад Багахангай дүүргийн эмнэлэгт үзүүлэхээр авч явсан.” гэх мэдүүлэг /хх 25-27/,

            Гэрч Т.Эрдэнэчимэгийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сард миний хүү М  Төв аймгийн Баян сум Өгөөмөр 2 дугаар баг гэх газар луу Далай гээд ахынх руугаа туслах уяач хийнэ гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд өдөр болгон над руу ярьж энэ сүлжээгүй газар шүү гээд ярьдаг байсан. Дараа нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед Тулгатын ээж Энхбүрэн над руу залгаад “Мөнх-Эрдэнийн регистрийн дугаар хэд юм бэ” гэж асуухаар би хэлж өгсөн. Магадгүй энэ үед миний хүү М  гэмтэж бэртсэн байх. Тэгээд 20 цагийн үед Тулгатын ээж Энхбүрэн рүү залгаж Мөнх-Эрдэнийн регистрийн дугаарыг би буруу хэлсэн байна гээд засаад хэлсэн. Дараа нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед Энхбүрэн над руу залгаад “эгчээ та наанаасаа гараа М  гэмтээд Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн би одоо сахиж байна” гэхээр нь би “яав юу болов” гэхэд хүүхэд чинь мориноос унасан байна” гэж хэлэхээр би шууд хот руу гэмтлийн эмнэлэг рүү очсон. Миний хүү М  2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ярихдаа “Сумын баяр гоё болж байна уу?” гэж асууж байсан. Харин хэн нэгэнтэй муудалцаж маргалдсан гэж хэлж байгаагүй. Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү М тэй уулзахад намайг танихгүй ёолоод байсан. Тэгээд эмчээс асуухад эмч “Таны хүүгийн биеийн байдал хүнд байна. Гэхдээ эмчилгээ сайн хийж байгаа” гэж хэлсэн. Миний хүү М  нь толгойдоо цус хуралттай, харвалттай, толгойн яс цуурсан, бас няцралттай, хугаралтай гэж гэмтлийн эмч хэлсэн. Тэгээд одоо ухаан орсон боловч намайг танихгүй, ганц хоёр үг хэлээд ухаан нь орж гараад байх шиг байна лээ. Би Ц.Б  гэх хүнийг танихгүй. Манай хүү таньдаг байж магадгүй. Би бол мэдэхгүй юм байна. Би гомдолтой байна. Би Ц.Б  гэх миний хүүг мөргөсөн хүн. Бас миний хүүг дуудаж ажиллуулсан Далай гэх хүнд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх  29-30/,

            Гэрч Т.Уянгын өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед ээж Эрдэнэчимэг над руу залгаад “дүү М  чинь гэмтэлд хэвтсэн байна, яваад оч би сая л мэдлээ” гэж хэлсэн. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний дүү Т.М э нь толгойн баруун зулай хэсэгт цөмөрч хугарсан, толгойн яс цуурч нүдний ухархай руу дайрсан, тархиндаа цус харвалттай, зөөлөн эд бяцарсан гэж гэмтлийн эмч хэлсэн. Тэгээд одоо ухаан санаа нь орж гараад дэмийрэлтэй. Би гомдолтой байна. Өөрийн төрсөн дүү Т.М ийн мөргөсөн жолоо Ц.Б д гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 32/,

            Шүүгдэгч Ц.Б-н  өгсөн: “Би Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Полигон гэдэг газарт морь уяж сунгаан хийж яваад зам тээврийн осол гарсан хэрэгт мэдүүлэг өгөхөөр ирсэн. Өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг болж байхад манай “Хүй Мандал” гал Даага насны 30 гаран тооны адууг их сунгаанд уралдуулсан. Тэгээд даага гараанаас гарсан. Би ард нь үлдээд Энхбат гэдэг манай галын дүүг машиндаа суулгаад араас нь хөдөлсөн. Тэгээд араас нь 2 орчим км яваад хамгийн сүүлийн даагыг гүйцэх гэж байхад даага зам дээгүүр уралдаж байсан учир замаасаа зүүн гар тал руугаа гараад 200-300 метр явж байхад миний урд явсан М  хээр морьтой гэнэт урдуур баруун гар тал руугаа даялаад мориныхоо амыг дийлэхгүй ороод ирсэн. Тэр үед нь би баруун гар тал руугаа дараад хажуугаар өнгөрсөн бөгөөд араар гарчих байх гэж бодтол гарч амжилгүй миний унаж явсан Прадо-150 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд гупер, кузовыг морь нь мөргөөд ойчсон. Тэгээд би тэр дороо зогсоод машинаасаа буугаад гүйгээд очтол М  ухаан алдаад сэрэхгүй байсан. Тэгээд би хэсэг хөдлөхгүй 10 орчим минут харсан, сэргэсэн. Тэгэхээр нь машинд хэвтүүлээд шууд Багахангай дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн юм. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд Инвескор гэдэг нэртэй банк бусын нэр дээр байдаг юм, зээлийн төлөлт дуусаагүй байгаа. Би тээврийн хэрэгсэл жолоодох B ангилалтай. Би ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. Би 50 орчим км/цагийн хурдтай л явж байсан юм. Зам бага зэргийн чийгтэй, үзэгдэх орчин бага зэрэг тоос боссон нар зүүн талаас тусаж байсан. Би М тэй зүгээр л хэвийн харилцаатай, таарахаараа мэнд устай л байдаг юм. Гэнэт л даялаад ороод ирсэн. Хэтэрхий ойрхон ирсэн бөгөөд би тэр үед баруун гар тал руугаа дарсан тулдаа л урдуураа мөргөөгүй өнгөрөөд араар зөрж амжилгүй мөргөчихсөн юм.

            Би 2022 оны 10 сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаа. Би зүйл ангийг хүлээн дугаар сарын 07-ны өдөр жолоо барьж байгаад анхаарал болгоомжгүй үүднээс ийм хэрэг үйлдсэн.” гэх мэдүүлэг /хх 34-35, 96/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 9902 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Т.М ийн биед баруун зулай ясны ар хэсэгт лямбда заадас дайрсан цөмөрсөн хугарал, уг хугарлаас урагш зулай, чамархайн заадас дайрч ясны сэлтэрхий үүсгэж баруун нүдний ухархайн гадна хана, дээд ханаар дамжин этмойд хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, дух, чамархайн баруун дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, чамархайн зүүн дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, дух, хамар, хацар, хөхлөг сэртэн, баруун шилбэ, тавхайд цус хуралт, дух, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэжээ /хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 2230 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн эмээл шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн эмээлэнд гөлөмний нүхэнд урагдалт, ганзага суранд тасралт, дөрөө холбоос уяа тасарсан, дөрөөний ирмэг хэлбэр дүрсээ алдсан байна. Уг гэмтлүүд нь шинээр үүссэн байна. 3.Уг гэмтлүүд нь шинээр үүссэн байх тул ослын улмаас үүссэн байж болно.” гэх дүгнэлт /хх 56-57/,

"ЦАГААН ШОНХОРЫН ЖИГҮҮР" НҮТББ-ын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22/144 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Хэргийн материалд байгаа зам тээврийн осол хэргийн газарт авсан гэрэл зургийн үзүүлэлт, "А" цэгийн байрлалтай танилцахад Toyota Prado-150 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ц.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3. "Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Морь унаж явсан Төрбаярын Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4.Энэхүү дүгнэлтийн 3 дугаар хариултаар хариулсан. 5.Уг зам тээврийн осол нь Toyota Prado-150 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ц.Б  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3 дэх заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна.” гэжээ /хх 62-63/,

            Хохирогч Т.М ийн ГССҮТ-д эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх 67-84/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6-9, 18/, 7089 УБН улсын дугаартай Toyota Prado 150 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх15-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234005140475  дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

 

            Шүүгдэгчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Полигон гэх газарт Тоёота Прадо маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.3 "Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" гэснийг зөрчиж морьтой явж байсан Т.М ийг мөргөж, эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т заасан заасан баруун зулай ясны ар хэсэгт лямбда заадас дайрсан цөмөрсөн хугарал, уг хугарлаас урагш зулай, чамархайн заадас дайрч ясны сэлтэрхий үүсгэж баруун нүдний ухархайн гадна хана, дээд ханаар дамжин этмойд хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, дух, чамархайн баруун дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, чамархайн зүүн дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхи, дух, хамар, хацар, хөхлөг сэртэн, баруун шилбэ, тавхайд цус хуралт, дух, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхийн амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Ц.Б-н  дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ц.Б д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч Ц.Б-н  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.М ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 4 сая төгрөгийг сайн дураараа төлсөн, хохирогч гомдол саналгүй /хх 122/ гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж,

гэмт хэргийн улмаас хохирогч Т.М э нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ц-н Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Б-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Б-н  тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Хохирогч Т.М э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  8.Эрүүгийн 2234005140475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй тус тус дурдсугай.

 

  9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ