Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар  2022/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           11               22                                               2022/ШЦТ/476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

  Шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г-н Г эд холбогдох эрүүгийн 2234000000429 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт .... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИЛ85073111 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г  нь 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч А Г  нь 2022 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг 5-1 тоот хашааны гадна байсан иргэн П.Д  өмчлөлийн 1 тооны бярууг авч 750 000 төгрөгийн хохирол,

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Баянбуурал" гэх газраас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ө.А ын өмчлөлийн 1 тооны "Алатау" үүлдрийн бор зүсмийн 3 настай хар хүзүүвчтэй шүдлэн гунж үхрийг авч 2 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000000429 дугаартай хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч Ө.А ын өгсөн: "Манай 13 тооны үхэр 2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө бэлчээрт гараад орой нь ирэхэд бор зүсмийн 3 настай Алатау үйлдвэрийн хар хүзүүвчтэй шүдлэн гунж үхэр дотроос алга болсон байсан. Би тэр өглөө нь хайж чадалгүй гэр бүлийн хамт Сөгнөгөр явж ээжийндээ очиж хоноод 28-ны өдөр гэртээ ирээд өнөөдрийг хүртэл 3 өдөр хайгаад олохгүй байна. Бор гунж Баянбуурлын Комын дэнж гэх газар руу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө бэлчээрт яваад орой нь эргэж ирээгүй. Бор гунж өмнө нь үхрээсээ салж байгаагүй. Тухайн үхэр нь манай өөрийн үнээнээс гарсан тугал байгаа юм. Хээлтэй 3 500 000 төгрөгийн үнэтэй зарагддаг үхэр. Би Ган-Очирын Г  гэх манай гэрийн ард байдаг хүнийг сэжиглэж байна. Г  хүний морь, мал удаа дараа хулгай хийж байгаад эзэнд баригдаж байсан гэсэн мөн манай үхэр алга болсны маргааш өглөө нь өөрийнхөө өвөлжөөнөөс цагаан өнгийн Приүс машинд үхэрийн мах зөөж ачиж байхыг дээд айлынх нь Мандаа гэх хүн харснаа манай ах Дамдиндоржид хэлсэн байна лээ. Манай эхнэр Г ийн өвөлжөөнд орж үзэхэд дотор нь малын гэдэг сэвс, болон цустай сав уяа зэрэг эд зүйл байсныг зургийг нь гар утсаараа авсан байна лээ. Мөн манай хажуу талын Батням, Мухамед, П.Д  гэх хүмүүс хэд хэдэн бяруунуудаа алдсан. Г  л хулгайлсан байх энэ хүнийг ирснээс хойш манай эндээс мал их алга болж байгаа." гэх мэдүүлэг /хх 11-12/,

Хохирогч П.Д  өгсөн: “Манай Алатау үйлдвэрийн бор зүсмийн эр бяруу 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймаг Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р баг 5-1 тоот хашааныхаа гаднаас алга болсон би болон манай нөхөр бид нар 20 орчим хоног тэр хавиараа болон Шатан, Дугана даваа гэх газруудаар хайгаад олдохгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан. Одоогоор манай суманд бяруу 500-600 мянган төгрөгөөр зарагдаж байгаа манай бяруу бие томтой учир 600 мянган төгрөгөөр үнэлж байна. Би манай гэрийн урд байдаг Г  гэх хүнийг сэжиглэж байна. Манай үхэр шөнө бэлчээд тэдний хашааны гадуур болон хажуу талынх нь эзэнгүй хашаанд байнга хонодог манай бяруу үхрээсээ хэзээ ч салж байгаагүй номхон занатай бяруу байсан. Зүүн чих ухам эмтэй баруун чихэндээ улаан давуу сүвлээтэй бор зүсмийн эр бяруу байсан.” гэх мэдүүлэг /хх 54-55/,

Гэрч Г.Санчирсүрэнгийн өгсөн: “Г  гэх хүн нь манай хамаатны хүн байгаа юм. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр байхаа би ажил дээрээ байж байсан чинь Г.Г  нь миний утас руу залгаад "бяруу авах хүн байна уу” гэж асуухаар нь би ажлын хүмүүсээсээ бяруу авах хүн байна уу гээд утсаар ярих зуураа асуусан чинь засвар хийдэг Лхагважав, Болдоо хоёр юун бяруу зарах гэж байгаа юм гэхээр нь Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч байгаа манай хамаатан зарна гэж байна гээд би Г ийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд тэд нар хоорондоо ярьсан холбогдсон эсэх талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

 Гэрч З.Ган-Эрдэнийн өгсөн: “Төв аймгийн Баянбуурал гэдэг газар амьдардаг Г ийг манай эхнэр Жавзандолгорын хамаатан гэж танина. Энэ зун 7 дугаар сарын 13-ны өдөр эхнэрийн хамаатнууд Баянбууралд Г ийнд очиж 2 хоносон. Тэрнээс хойш би утсаар хааяа ярьж "бороо орсон уу, гол ямар байна, голын өнгө ямар байна" гэж асуудаг болсон. Би загасанд явах дуртай учраас Г тэй голын өнгө асууж ярьдаг болсон. Би 2022 оны 8 дугаар сарын өглөө Г  рүү утасдаж "наагуур чинь гол усны өнгө ямар байна, дажгүй байвал очиж хонодог юм уу" гэж ярьсан чинь Г  "бяруу авах хүн байна уу" гэхээр нь би "хэдээр юм" гэж асуусан. Г  "дөрвөн зуун мянга, би өөрөө янзлаад өгнө" гэсэн. Би эхнэртэйгээ “бүтнээр нь авбал манай хөргөгчид багтахгүй юм байна, Шинээ эгчтэй хувааж авъя" гэж ярилцаад Г  рүү дахиж утасдаад “Би эхнэрийнхээ эгчтэй хувааж авахаар болсон шүү, замаараа Шинээ аниаг аваад очно" гэж хэлээд Батсүмбэр сумын Баянбуурал гэдэг газарт орой 16 цагийн үед Г ийнд очсон. Тэгсэн Г  бор шардуу өнгөтэй бярууг малын саравчиндаа янзлаад, би бярууны хөлийг барьж түшиж өгсөн. Манай эхнэр, Шинээ эгчтэй хамт үхрийн гэдсийг нь арилгасан. Гэдсийг нь сайн арилгаж чаддаггүй учраас усаар зайлаад элэг, бөөр, зүрхийг нь аваад жижиг гүзээг нь тэр чигээр нь үлдээсэн. Тэгээд махыг нь хувааж машиндаа ачаад бид нар буцаад хот руу явж оройдоо гэртээ ирсэн. Г  бяруугаа дөрвөн зуун мянга гэсэн. Үхрийг нь харсан чинь жижиг санагдаад "арай жижиг үү үгүй юу, гурван зуун тавин мянгад авчихъя" гэсэн чинь Г  "за за, тэг тэг" гэсэн. Мөнгийг нь манай эхнэр Жавзандолгор данснаасаа шилжүүлсэн. Эхлээд Г ийн данс руу нэг зуун мянган төгрөг шилжүүлээд, үлдсэн хоёр зуун тавин мянган төгрөгийг нь Г ийн эхнэрийн данс гэх данс руу тэр өдөрт нь шилжүүлсэн. Г  анх утсаар ярихдаа "чи авна гэвэл ирэхээс чинь өмнө би янзалчхаад байж байя" гээд байсан. Би тэгэхээр нь "Би одоохон очлоо очиж харж байгаад болъё" гэж хэлсэн. Г  бид нарт "манай үхэр" гэж хэлсэн. Би "танайх чинь хэдэн үхэртэй вэ" гэж асуухад Г  "манайх хүний өөрийн нийлсэн хориод үхэртэй, бяруугаа гаргаж байгаа юм, хүүхдийн форм авах гэсэн юм, утасны төлбөр өгөх гэсэн юм." гэж байсан. Би өөрийн эзэмшлийн 1343 УБМ улсын дугаартай саарал өнгийн Приүс-41 маркийн машинтай очсон. Би үхрийн арьс, толгойг авч яваагүй. Үхрийн арьс шийр нь тэндээ Г эд үлдсэн. Толгойг нь Шинээ эгч авсан. Үлдсэн гэдэг, сэвсийг нь би өөрөөр янзалчихна гэж Г  хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 57-58/,

Гэрч Х.Жавзандолгорын өгсөн: “Манай нөхөр Г тэй утсаар ярихад "хүүхдүүдийн хичээл сургууль орох дөхөж байна, манайх бяруу зарах гэж байгаа, танайх авах уу" гэж асуусан байсан. Тэгээд бярууг нь авна гээд Баянбууралд нөхөр хүүхдийн хамт, эгч Шинээгийн хамт очиж Г ийн худалдсан бярууг гурван зуун тавин мянган төгрөгөөр худалдаж авсан. Бид нарыг очиход бяруу нь хашаандаа байсан. Мөнгө шилжүүлсэн баримтаа үзэхэд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бид нар очиж бяруу авсан байна. Би нялх хүүхэдтэй учраас ойртоогүй, Г ийн гэрт нь байж байсан. Манай нөхөр үхэр гаргаж чадахгүй, Г  өөрөө бяруугаа гаргасан байх. Би яг очиж үхрийг нь хараагүй, малын хашаан дотор нь тугалнууд байхыг нь би харсан. Манай нөхөр бярууг харчхаад "жижиг юм байна, яах юм бэ. энэ тугалнуудаас арай том юм байна" гэсэн. Тэгээд "энэ холоос ирчхээд" гээд бярууг нь авсан. Мөнгийг нь миний данснаас шилжүүлсэн. Г  хүүхдийн хичээл сургуулийн юм авна гээд эхнэрийнхээ 152100000817 данс руу хоёр зуун тавин мянган төгрөг шилжүүлж авсан. Зуун мянган төгрөгийг нь Г  өөрийнхөө 5755061311 данс руу шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /хх 61-62/,

Гэрч Х.Шинэцэцэгийн өгсөн: “Манай холын төрөл байгаа юм би тухайн хүнтэй огт харилцаа байхгүй. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр над руу манай дүү Жавзандолгорын нөхөн болох Ган-Эрдэнэ нь утсаар залгаад эгч ээ хямдхан бяруу байна хоёулаа нийлээд худалдан авах уу гэхээр нь тухайн үед манайх махгүй болж байсан тул авахаар тохироод дүү Жавзандолгор нөхөр Ган-Эрдэнийн хамт машинтайгаа ирээд намайг ажил дээрээс аваад Төв аймаг Батсүмбэр сум руу манай хамаатан болох Г ийн гэрт очсон. Г  нь гэртээ ганцаараа байсан. Хашаандаа байсан нэг бярууг үзүүлээд тэгээд тухайн бярууг гаргаж янзлаад бид нар махыг нь хуваан аваад машиндаа ачаад явсан. Би малын өнгө зүс сайн мэдэхгүй учир сайн хараагүй. Хулгайн бяруу гэж мэдээгүй. Г  нь манай бяруу гэж хэлж байсан. Би тухайн бярууны тал маханд 175 000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх 65-66/,

Шүүгдэгч Г.Г ийн өгсөн: “Би Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбуурал гэдэг газар ээж Намсрайгийнд амьдарч байгаа юм. Би 2022 оны 8 дугаар сарын 27-нд бил үү, 28-ны өглөө үхэр саах гээд гэрээс гарсан чинь манай малын хашаанд манай үхрээс гадна бор зүсмийн хоёр үхэр ороод ирсэн байхаар нь нэг үхрийг нь тууж гаргаж, хүүхдүүд сургуульд орох гээд мөнгө хэрэг болоод байсан болохоор нэг үхрийг нь хашаандаа авч үлдсэн. Тэр үхрийг хашаанд авч үлдээд өөрийнхөө үхрүүдийг гаргаж явуулчхаад үхэр худалдаж авах хүн хайсан. Тэгээд таньдаг хүмүүс рүүгээ ярьж “ганц бяруу авах уу” гэж асуусан. Гэтэл Санчиртай ярьсан чинь Санчир “үхэр авах хүн олж өгье” гэсэн. Тэгээд удаагүй миний 89965031 гэсэн дугаар руу 89444175 гэсэн дугаараас залгаад “үхэр зарах гэж байгаа юм уу” гэсэн. Тэгээд би тэр хүнтэй ярьж байгаад “Баянбууралд хүрч ирээд ав” гэж хэлсэн. Санчирын таньдаг хүний нэрийг нь би мэдэхгүй байна, Бор хэн гэл ээ, Бортой л нэр хэлж байсан. Тэр хүн өдөр нь 12 цаг болох гэж байхад хар ногоондуу өнгөтэй Акуа гэдэг машинтай ирээд А ын үхрийг манай саравчинд нядалж аваад явсан. А ын үхэр нь Алатау үүлдрийн бор зүстэй гунж байсан. Би 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр худалдана гэсэн чинь “жаахан яриач” гээд тэгээд 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр худалдсан. Би өөрөө 250 000 / хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нь бэлэн аваад 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг Нандин-Эрдэнийн 152100000817 гэсэн данс руу хийлгэсэн. Би Нандин-Эрдэнэтэй 2020 онд Улаанбаатар хотод Урт цагаанд ажилладаг байхдаа танилцсан эмэгтэй байгаа юм. Хамт амьдрах гэж бодож ярьж байгаа. Үхрийн арьс шийр толгойг тэр хүн махтай нь хамт аваад явсан. Би өглөө тухайн үхрийг хараад хэний үхэр гэдгийг нь мэдээгүй. Хэд хоногийн дараа А ын үхэр байсан юм байна гэж мэдсэн. А  үхэр хайгаад явж байна гэж сонссон юм. Тэгээд дотроо А ын үхэр байсан байна даа гэж бодсон.

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа би тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бил үү 28-ны өдөр манай үхэрт бор зүмийн үхэрт бор зүсмийн үхэр байхаар нь хашаандаа оруулж байгаад хамаатан болох Санчир луу залгаад худалдан авах хүн байна уу гэсэн чинь удалгүй 89944175 гэх дугаартай хүн залгаад үхэр зарна гэсэн үү гээд манай гэрт хүрч ирээд авахаар болоод удалгүй манай хашаанд үл таних 2 залуу ирээд бид нар нийлж нядлаад ачаад аваад явсан. Би тухайн үхрийн мөнгө болох 450 000 төгрөгийг би өөрөө 250 000 төгрөгийг нь бэлнээр аваад үлдсэн 200 000 төгрөгийг хамтран амьдрагч Нандин-Эрдэнийн данс руу хийлгэсэн. Би А од тугалтай үнээ өгөөд хохирлоо барагдуулсан. Би бярууг худалдан борлуулсан мөнгөний 100 000 төгрөгөөр нь гар утасны төлбөр төлөөд үлдсэн мөнгө нь хэрэглээнд дууссан.

2022 оны 8 дугаар сарын 17, 18-ны үед өглөө үхэр саах гээд гэрээс гарахад манай малын хашаанд орж ирсэн нэг бярууг хүнд худалдсан. Намайг үхэр саах гээд гарч ирэхэд манай хашаан дотор бор зүсмийн бяруу ороод ирсэн юм. Би тэр бярууг барьж авч хашаандаа уяж үлдээсэн. Тэгээд үхэр авах хүн хайж байсан утасдаж байгаад хамаатан Догоо гэдэг хүүхэний нөхөртэй нь 88659097 энэ утас руу нь "хөгшин нь ганц бяруу зармаар байна, мөнгөний хэрэг байна" гэж ярьж байгаад бярууг зарж явуулсан. Догоо нөхөр хүүхэдтэйгээ, эгчтэйгээ өдөр нь ирсэн. Би тэр бярууг хашаан дотроо өөрөө гаргаж өгч явуулсан. Догоогийн нөхөр Ган-Эрдэнэ Приүс-20 гэдэг машинтай ирээд махыг нь авч явсан. Ган-Эрдэнэд өгсөн үхэр Алатау үүлдрийн бор зүстэй эр бяруу байсан.  Би 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр худалдана гэсэн чинь жижиг юм байна, жаахан яриач гээд тэгээд 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр худалдсан. Би өөрөө 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг нь 5755061311 данс руугаа хийлгэж аваад, 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нь Нандин-Эрдэнийн 152100000817 гэсэн данс руу хийлгэсэн. Нандин-Эрдэнэ энэ талаар мэдээгүй, би хэлээгүй. Хүүхдийн хичээл сургуулийн юм бэлд гэж л мөнгө шилжүүлсэн. Үхрийн арьс, шийр нь манай хашааны урд талын эзэнгүй хашааны 00-д байгаа, би тийшээ хаясан. Толгойг нь махтай нь хамт Ган-Эрдэнэ аваад явсан. Би хэний үхэр гэдгийг нь мэдээгүй. Ган-Эрдэнэд зарахдаа “өөрийнхөө үхрийг зарж байна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Сүхбаатар бяруу хайгаад надтай уулзахаар нь мэдсэн.

Би гэм буруугаа ойлгож байгаа. Би тухайн 1 тооны бярууны эзэн Сүхбаатарт оронд 1 тооны эр бяруу өгсөн.” гэх мэдүүлэг /хх 19-20, 34, 69, 86/,

DAMNO” ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №Т/22-131 дугаартай “Сүүний чиглэлийн Алатау үүдрийн, шүдлэн насны, эмэгтэй үхэр нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх 22-23/,

DAMNO” ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №Т/22-135 дугаартай “Сүүний чиглэлийн Алатау үүдрийн, бяруу насны, эрэгтэй үхэр нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх 71-72/,

Төрийн банкны 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх Цэндбатын Нандинцэцэгийн 152100000817 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 92-103/,

Хаан банкны Ган-Очирын Г ийн 5755061311 дугаартай депозит дансны 2022 оны 5-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 9-р сарын 02-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хх 55-56/, 

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г  нь 2022 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг 5-1 тоот хашааныхаа гадна байсан иргэн П.Д  өмчлөлийн 1 тооны бярууг хашаандаа тууж оруулан төхөөрч бусдад зарж борлуулан 750 000 төгрөгийн хохирол, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн 5-1 тоот хашааныхаа гадна байсан иргэн Ө.А ын өмчлөлийн 1 тооны "Алатау" үүлдрийн бор зүсмийн 3 настай хар хүзүүвчтэй шүдлэн гунж үхрийг хашаандаа тууж оруулан төхөөрч бусдад зарж борлуулан 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.   

 

Олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд  шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

 Иймд шүүгдэгч Г.Г ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг,

  шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс тусгайлан гаргах санал гаргаагүй байна.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна. Хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зүйл ангид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан оногдуулах хорих ялаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт хамаарахгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул  шүүгдэгч Г.Г эд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан түүнийг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт оногдуулбал зохих хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй гэж үзсэн.     

 

Шүүгдэгч Г.Г ийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцохыг, урьд шийтгэгдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

            Хохирогч Ө.А , П.Д  нар нь “Хохирол төлбөрөө авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх 164/ гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийн тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000429 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Г-н Г ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Г ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 2234000000429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Т.БАТЖАРГАЛ