Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/481

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

Шүүгдэгч Д.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овогт Д-н Д д холбогдох эрүүгийн 2234007240501 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Д-н Д , 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Манзушир ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч Д.Д  нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Ногоон довын даваа" гэх газарт Nissan Serena маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Б гийн эрүүл мэндэд хүнд, зорчигч У.Должинсүрэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234007240501  дугаартай хэрэгт авагдсан;

 

            Хохирогч Ц.Б гийн өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн  Зуунмод сумын нутагт байх хүү Д гийн гэрээс охин Мөнгөнхайч, эгч Должинсүрэн, хүргэн Д  нарын хамт Төв аймгийн Баянцагаан сум явахаар 17 цагийн орчим хүргэн Д гийн цагаан өнгийн машинтай гарсан. Тэгээд явсаар байгаад Төв аймгийн Баянцагаан суманд байх миний  өөрийн төрөл дүү дээрээ очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ны өглөө 10 цаг өнгөрч байхад буцаад Төв аймаг явахаар хүргэн Д гийн машинтай эгч Должинсүрэн, охин Мөнгөнхайч, хүргэн Д  бид дөрөв хамт явсан.  Би жолоочийн арын суудал дээр суугаад эгчтэйгээ юм яриад явж байсан. Манай машин гайгүй явж байсан. Би ухаан алдсан байх сайн санахгүй байгаа нэг мэдсэн түргэний машинтай эмч нар ирсэн миний биеийг үзээд тариа хийж байсан. Тэр түргэний машинаар Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Би болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Миний хүргэн Д.Д  жолоодож явсан. Бид нар дөрвүүлээ явж байсан. Эгч Должинсүрэн, охин Мөнгөнхайч, хүргэн Д  бид нар явж  байсан. Эгч бид хоёр суудлын бүс хэрэглээгүй. Миний охин Мөнгөнхайч, хүргэн Д.Д  нар суудлын бүс хэрэглэсэн байсан. Миний нуруу гэмтсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй." гэх мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/,

            Хохирогч У.Должинсүрэнгийн өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дүү Баярмаа түүний охин Мөнгөншагай хүргэн Д  нарын хамт 17 цагийн үед Зуунмод сумаас Баянцагаан сум руу хүргэн Д гийн машинтай явсан. Би цагийг нь санахгүй байна. Баянцагаан суманд харуй бүрий болж байхад миний төрсөн дүүгийн хүүхэд Бямбажавын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед цай унд уучхаад Д гийн машинтай Д , Мөнгөнхайч, Баярмаа бид дөрөв буцаад Зуунмод сум руу явсан. Бид нар явж байгаад машин маань миний сууж явсан тал руу хазайгаад онхолдсон. Машин дугуйн дээрээ зогссон байсан. Би өөрийгөө хартал суудал дээр дээшээ хараад хэвтэж байсан. Өвдөг хавдаж гэмтсэн зүйл байхгүй байхаар нь машинаас буух гэхэд миний баруун хөх суудлын голын хайрцаганд хавчуулагдсан байхаар нь хүргэн Д гээр салгуулаад машинаас буусны дараа бид нарын хойно явж байсан машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр ирж туслаад эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Ногоон даваа уруудаад осол болсон байна гэж хэлсэн. Миний баруун хөл дунд чөмөгний булуу цууралттай байна гэсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

            Гэрч А.Мөнгөнхайчийн өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би нөхөр Д , ээж Баярмаа, ээжийн эгч Должинсүрэн нарын хамт Төв аймгийн Баянцагаан сум руу хамаатны айл руу найранд явсан. Тэгээд очиж хоноод 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг руу буцаж яваад Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн аймаг руу буцаж яваад Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай замаар Төв аймгийн Зуунмод сум руу гэр рүүгээ явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Долоон даваа гэх газар осолд орсон. Замын хажуу руу машин ороод хөрвөөгөөд зогссон. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. " гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчим эхнэр, хадам ээж, хадам ээжийн эгч нарын хамт дөрвүүлээ Төв аймгийн Баянцагаан сумын Эрчүүд гэх газар руу эхнэрийн хамаатны найранд явсан юм. Найранд очоод хоноод 10 дугаар сарын 01-ний өглөө 11 цаг өнгөрөөгөөд Баянцагаан сумын  Эрчүүд гэх газар Төв аймгийн Зуунмод сум руу Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн засмал замаар Төв аймаг руу явж байгаад Ногоон довоос хойшоо өнгөрөөд явж байгаад дугуй хагараад руль булаагаад замын хажуу руу орж осолд орсон. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Тухайн тээврийн хэрэгсэл манай компани надад авч өгсөн юм. Компаний захирал Баттогтох гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэл ... улсын дугаартай Ниссан серена маркийн тээврийн хэрэгсэл." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ц.Б гийн биед L1-р /бүсэлхийн 1-р нугалам/ нугалмын их бие арагш шахагдсан, нугасны суваг руу шахсан хугарал, L3-р /бүсэлхийн 3-р нугалам/ нугалмын хөндлөн сэртэнгийн цууралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бүсэлхийн 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн цууралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 3. Ц.Б гийн биед учирсан гэмтэл нь ГССҮТ-ийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13968 дугаартай өвчний түүхийг үндэслэн үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр оношлогдсон байна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна." гэжээ /хх 43-45/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.У.Должинсүрэнгийн биед баруун дунд чөмөг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэжээ /хх 67-68/,

            “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн Ниссан Серена "Nissan Serena" маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыu 15 760 500 төгрөгөөр тооцсон үнэлгээний тайлан /хх 48-59/,

Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын

хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22/159 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.NISSAN Serena маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Д.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.NISSAN Serena маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Д.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. Нэмж тусгах саналгүй." гэжээ /хх 73-74/,      Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-14/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 15/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдсон гэж үзэв.

 

            Иймд шүүгдэгч Д.Д г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Д.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Д  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Д.Д д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Д.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Д гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б гийн эрүүл мэндэд хүнд, У.Должинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учисан байх бөгөөд дээрх хохирогч нар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

 мөн шүүгдэгчийн жолоодож явсан “Nissan Serena маркийн ..  улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ж.Баттогтох гэх хүний нэр дээр байх хэдий ч шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн "Тухайн тээврийн хэрэгсэл манай компани надад авч өгсөн юм. Компаний захирал Баттогтох гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм." гэх тайлбараар  түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь мөн хавтаст хэргийн 33-р хуудсанд авагдсан Ж.Баттогтохын өгсөн мэдүүлгээр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тухайн тээврийн хэрэгсэлд учирсан 15 760 500 төгрөгийг шүүгдэгч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн 2234007240501 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овогт Д-н Д г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Д гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

           

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Д гийн тэнссэн 8 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д д үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  7.Эрүүгийн 2234007240501 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАТЖАРГАЛ