| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0000/Э |
| Дугаар | 015 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 015
Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 1835004460245 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, прокурор А.Турдыбек, цахим сүлжээгээр шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 13-10 тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдохоос өмнө Улаангом сумын Соёлын төвийн харуул ажилтай байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 905 тоотод байрлах иргэн Н.Ц-ы гэрт хохирогч Б.С-ын толгой тус хэсэгт гараараа зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор: “1. Зуутраг овогт Цэрэнгийн Б-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Миний үйлчлүүлэгч Ц.Б нь “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон бөгөөд Ц.Б-ы хувьд талийгаачийг цохисон гэдгээ мөн өөрийнх нь цохилт талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин талийгаачтай маргалдах болсон шалтгаан нь өөрийг нь хүндээр доромжилсноос болсон гэдгийг удаа дараа хэлсэн гэтэл шүүх бүрэлдэхүүн зөв дүгнэлт хийлгүй хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оноосон нь үндэслэл муутай болсон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхийн хэлэлцүүлгийн төгсгөлд өөрийн санаа бодлыг хэлэх боломж олгоогүй нь алдаатай болсон. Хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд А.Дауренбек даргалагч шүүгчээр оролцсон хууль бус гэж үзэж байна. Ерөнхий шүүгч А.Дауренбек нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай захирамжаараа яллагдагчийг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн тул тухайн хэрэгт шүүгчээр оролцох боломжгүй байсан. Шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг барьж хэргийн үнэн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 905 тоотод байрлах иргэн Н.Ц-ы гэрт хохирогч Б.С-ын биеийн толгой тус хэсэгт нь гараараа цохиж, зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.О-ын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “талийгаач Б.С нь “духны ясны баруун хэсгийн шугаман хугарал /шинэ/, суман заадсын салалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал, духны баруун хэсэг, баруун зулай орой хэсэгт хуйхан дор цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан. Дээрх гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины гэмтлүүд нь цөм нэг дор үүссэн, дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Шинээр үүссэн гэмтлүүд бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач Б.С-ын биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Б.С нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас, гавлын дотоод даралт ихэсч, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна” гэдгийг тогтоожээ.
Хэрэг явдал болсон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Н.Ц-ы гэрт О.Д, Н.Ц, Ц.О, Ц.Б нар байсан бөгөөд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь шүүгдэгч Ц.Б-ы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж байна. Үүнд:
Гэрч О.Дын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснээр “Ц-ы гэрт 0.75 литрийн Чингис нэртэй архи авсныг хувааж ууж байтал С, Б-тай маргалдаад С нь Б-д хандаж “Цэрэнгийн доён пизда би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлээд байсан. С архи ууж согтсон үедээ Б дандаа тэгж хэлдэг бөгөөд Б түүнд нь их дургүйцэж уурладаг байсан. Түүнээс болж тэр хоёр маргалдаад зэрэгцэж сууж байгаад босоод С- нь Б-ыг заамдаж аваад Б-ыг унагаасан. Б эргүүлээд түүний дээр гарч С-ыг нэг удаа цохисон. С буцаагаад Б-ы хамар руу цохисон бөгөөд Б-ы хамраас цус гарсан. Тэр хоёр хоёулаа газарт уначихсан зууралдаад байсан тул би Б-ыг татаж, О нь С-ыг татаж бид хоёр тэднийг салгасан юм. С-ыг Б нэг удаа, Б-ыг С нэг удаа тус тус цохисон.” гэх,
гэрч Н.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснээр “Уг архийг ууж байгаад би нэлээн согтсон бөгөөд Б, С нар маргалдаад нэг нэгнээ түлхээд байсан. Би тэр хооронд согтсон тул сайн санахгүй байна. Ямар ч байсан Б, С нар хоорондоо маргалдаад нэг нэгнээ түлхэж чичиж байсан. Тэгж байтал Эрдээ гэх залуу ирж 1 шил архи авч ирж өгөөд архинаас уухгүй байж байгаад С-ыг харина гэхэд нь би Эрдээд энэ хүнийг гаргаад хүргэж өг гэж хэлж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. С-ыг хэдэн цагт явсныг мэдэхгүй байна” гэх,
гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснээр “...манай гэрт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад би, Б, Д, С болон манай нөхөр Ц-тай тавуулаа ирсэн. ...Тэгээд байж байтал С Б руу “Аавын чинь нүхийг би ухаж байсан, оршуулгад нь оролцсон. Цэрэнгийн доён” гэж хэлж доромжлоод маргалдаж эхэлсэн. Тэгээд С, Б-ыг түлхэж орны дээр унагааж дээрээс нь гараараа Б-ы толгой хэсэг рүү цохисон. Хариуд нь Б, С-ыг буцааж төмөр орон дээр унагааж дээрээс цохиж байсан. Ямар ч байсан нэгнийгээ ээлжлээд цохиод байсан. Яг хаана нь цохиж байсныг тодорхой хараагүй. Уг хоёр хүн зодолдож байхад Б-ы хамраас цус гарсан. ...Чи одоо гэртээ харь гэж хэлэхэд С манай гэрээс гарч явсан” гэх,
гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснээр ”Анх үүссэн гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл байсан. Б.С-ын биед үүссэн гэмтэл комын байдалтай учир мэс засал хийх боломж хомс, мэс засал хийсэн ч амь насыг аврах боломж муутай. Учир нь үүссэн гэмтэл нь хүнд, комын байдалтай, амьдралын чухал төвүүд дарангуйлагдсан” гэх,
яллагдагч Ц.Б-ы: ...Б.С намайг цохих үед миний уур хүрч С-ыг түлхэж хойшоо болгож биеэсээ холдуулаад босоод гараараа цохисон. Хоёр удаа цохисон байх. Тухайн үед би уураа барьж хүн зодож болохгүй гэж бодсон” гэсэн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд заасан үндэслэл, журмаар үнэлсэн байна.
Шүүгдэгч Ц.Б-ы гэм буруутай байдал нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс талийгаач Б.С-д эмчилгээ хийгдсэн баримт болох нэгдсэн эмнэлгийн дуудлага хүлээн авсан бүртгэл, өвчтөн хүлээн авсан бүртгэл, эрэмбийн хуудас, өвчтөний түүхийн хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, гэрч О.Д, Ц.О, Н.Ц, Ч.Э нарын 24 гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.О-ын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Б-ийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 542 дугаартай дүгнэлт, хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 905 тоотод байрлах иргэн Н.Ц-ы гэрт архи ууж согтуурсан үедээ талийгаач Б.С “Цэрэнгийн доён пизда би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлснээс болж хоорондоо маргалдаж зэрэгцэж сууж байгаад талийгаач босоод Б-ыг заамдаж авч Б-ыг унагаасан үед Б эргүүлээд түүний дээр гарч С-ыг нэг удаа цохиж талийгаач Б.С-ын биед “духны ясны баруун хэсгийн шугаман хугарал /шинэ/, суман заадсын салалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал, духны баруун хэсэг, баруун зулай орой хэсэгт хуйхан дор цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт” зэрэг гэмтлийн улмаас гэртээ очсоноос хойш ухаан оролгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчимд амь нас нь хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Хохирогч Б.С- нь энэ үйл баримтаас өмнө нас барах хүртлээ бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Б- нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхдээ эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын шинжийг агуулаагүй бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохироосноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба энэ үед нас барсан шалтгаан шууд болсон буюу хэсэг хугацааны дараа нас барсан болох нь гэмт хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй.
Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаатай хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн асуудал тогтоогдсон учраас хөнгөрүүлэх талын нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа байдал, хохирлоо төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг нь дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 хэсэгт зааснаар ял халдааж өгөхийг хүсэж хөнгөрүүлэх байр сууринаас оролцжээ.
Анхан шатны шүүх Ц.Б-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-ын нас барсан шалтгаант холбоог зөв тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар буюу тухайн зүйл хэсгийн хорих ялын доод хэмжээг оногдуулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс Ц.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “...тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ... хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхээс тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ц.Б-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л-т 4.176.000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Б- төлж барагдуулсан, хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Б-аас талийгаач Б.С-ын цалингийн зээл болох 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ тухай нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л нь цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгснөөр нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдолд “ Талийгаачтай маргалдах болсон шалтгаан нь өөрийг нь хүндээр доромжилсноос болсон гэдгийг удаа дараа хэлсэн гэтэл шүүх бүрэлдэхүүн зөв дүгнэлт хийгээгүй, хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд А.Дауренбек даргалагч шүүгчээр оролцсон нь хууль бус, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 60 дугаартай захирамжаараа яллагдагчийг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн тул тухайн хэрэгт шүүгчээр оролцох боломжгүй байсан, хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь талийгаач Б.С- “Цэрэнгийн доён пизда би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлснээс болж хоорондоо маргалдаж, түүний улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэж үзсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хамааруулж ойлгох бөгөөд санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг алах санаа гэнэт хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд санаатай байдгаараа ялгагддаг байна.
Шүүгдэгч Ц.Б-ыг талийгаач “Цэрэнгийн доён пизда би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлснээс болж хоорондоо маргалдсаны улмаас зэрэгцэж сууж байгаад талийгаач босоод Б-ыг заамдаж авч Б-ыг унагаасан үед Б эргүүлээд түүний дээр гарч С-ыг нэг удаа цохиж талийгаач Б.С-ын биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Ц.Б гэрчээр анх мэдүүлэхдээ “Тэгж байтал Б.С над руу би аавыг чинь аваачиж оршуулж байсан. Цэрэнгийн доён гэж намайг доромжилсон. Тэгээд би уурласан. Тэгтэл С миний хоёр мөр лүү түлхэж намайг дээш харуулан галын дээд талын дэвсгэр дээр унагаасан, би доороос нь түлхэж босоод С-ыг дээш нь харуулж унагаагаад дээрээс нь хоёр удаа алгадсан. Тэгээд миний эхнэр болох Д, Ц-ы эхнэр О хоёр татаж салгаж байх үед Б.С гараа атгаж байгаад миний хамар луу цохиход, миний хамраас цус гарсан. Тэгээд О гоожуурт ус байгаа гэхээр нь хамраа угаасан.” Мөн яллагдагчаар Ц.Б нь: ...Б.С намайг цохих үед миний уур хүрч С-ыг түлхэж хойшоо болгож биеэсээ холдуулаад босоод гараараа цохисон. Хоёр удаа цохисон байх. Тухайн үед би уураа барьж хүн зодож болохгүй гэж бодсон” гэж тус тус мэдүүлж хэлсэн байдлаас дүгнэхэд зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх хуулийн үндэслэл байхгүй байна.
Анхан шатны шүүх хуралдааныг даргалагч Ерөнхий шүүгч А.Дауренбек нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 60 дугаартай захирамжаараа яллагдагчийг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин наймдугаар бүлэгт зааснаар таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлтийг шийдвэрлэх, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх талаар тус тус яллагдагчийг шүүхэд шилжүүлэх заалтаар шийдвэрлэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгч дахин оролцохгүй үндэслэлийг заасан бөгөөд даргалагч шүүгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүхээр хянан шийдвэрлээгүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шийдсэн тул анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед талуудаас хүсэлтийг шүүхэд гаргаж болох бөгөөд асуудлыг хэлэлцэх товыг мэдэгдэж шүүхийн хэлэлцүүлгийг хийгээгүй алдаа гаргажээ. Энэ нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы цагдан хоригдсон нийт 187 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ