Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0669

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ц.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч А.Дорж

Гомдлын шаардлага: 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0177305 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Миний бие Б нь Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуульд Сонгуульд нэр дэвшсэн юм.

Гэтэл 2020 оны 12 сарын 21-ний өдөр №0177305 дугаартай шийдвэрээр Сонгуулийн зардлын данс, банкны нэрийг Үндэсний Аудитын газар бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр 10,000 нэгж буюу 10,000,000 арван сая төгрөгөөр шийтгэл оногдуулахаар шийдвэр гаргасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгэр зүйлийн 17.1.21 - д "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Гэтэл би тухайн үед хаан банканд 5003339034 дугаартай сонгуулийн зардлын данс нээж сонгуулийн үйл ажиллагаандаа ашиглан, түүнийгээ нэгтгэж тооцоо гарган Үндэсний Аудитын газарт тайлагнасан бөгөөд нэг дансанд сонгуулийн зардлын мөнгөн дүнг төвлөрүүлж байсан. Иймд 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 0177305 дугаартай " Зөрчилд шийтгэл оногдуулах тухай "Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Улсын байцаагч А.Доржийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дорж би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар албан бичгээр ирүүлсэн зөрчил шийдвэрлүүлэх тухай гомдол мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч , 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2009001905 дугаартай зөрчлийн хэргийг Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээллийн дагуу иргэн Ц.Б холбогдуулан зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 21 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сонгуулийн менежер ажилтай иргэн Бадамсүрэн овогтой Ариунаагаас авсан гэрчийн мэдүүлгээр зардлын тайлангаа үндэсний аудитын газар хүргүүлсэн эсэхийг тодруулахад аудитын газар өгсөн эсэхээ санахгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн . 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Холбогдогч иргэн Ц овогтой Б авсан холбогдогчийн мэдүүлэгт сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр аудитын газар санал авах өдрөөс 20-оос доошгүй өдрийн өмнө бүртгүүлсэн үү? гэсэн асуултад аудитын газар хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, 2020 оны 06 дугаар сарын 22-нд явцын тайлангаа өгөхдөө бүртгүүлсэн гэсэн мэдүүлэг өгсөн. Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/3287 тоот Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Б Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 -д "Нам , эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар , банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт холбогдох мэдээллээ ирүүлээгүй болохыг мэдэгдэж байна гэсэн болон мөн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулаагүй сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлангуудаар нотлогдож байна. 2020 оны 12 дугаар сарын 21-нд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан зөрчлийн хэрэг танилцуулахаар 88110159 тоот утсаар холбогдоход Ковид-19 өвчний улмаас шинжилгээ өгч, эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай тул хэргийн материалтай танилцах боломжгүй гэсэн тул иргэн Ц.Б-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Монгол шуудан 46 дугаар салбараар шийтгэлийн хуудсыг 2020 оны 12 дугаар сарын 21-нд болон 2021 оны 01 дүгээр сарын 08-нд тус тус Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 10 дугаар байр 209 тоот хаягаар илгээснийг 2021 оны 01 дугаар сарын 14-ны өдрийн 9 цагт иргэн Б.Ариунаа гардан авсан байна. Иймд иргэн Ц.Б-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 0177305 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Гомдол гаргагч Ц.Б  нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №0177305 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0177305 тоот шийтгэлийн хуудсаар Ц.Б нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг хуульд заасан хугацаанд мэдэгдэж бүртгүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан байна.

Дээрх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн буюу сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацаанд төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг Ц.Б гаргасан болох нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар албан бичгийн нэгдүгээр хавсралт, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/3287 дугаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогч Ц.Б-ийн болон гэрч Б.А-ийн  мэдүүлэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримуудаар нотлогдож байна.

Мөн түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Сонгуулийн зардлын явцын тайлангаа төрийн аудитын байгууллагад 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгөхдөө сонгуулийн зардлын дансны дугаараа бүртгүүлсэн, тус өдөр сонгуулийн зардлын дансны дугаараа бүртгүүлж, мэдэгдсэнтэй маргахгүй гэсэн агуулгаар тайлбарласан болно.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэр дэвшигч Ц.Б нь өөрийн ашигладаг байсан Хаан банкны хуучин дансаа хандивын данс болгон ашигласан учир уг хуучин дансыг төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй, харин шинэ данс нээсэн бол бүртгүүлнэ гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба сонгуулийн зардлын данс шинээр нээсэн эсэх, хуучин дансаа ашиглаж байсан эсэх нь энэ маргаанд хамааралгүй бөгөөд энэ нь гомдол гаргагчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгч нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж байдал, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх ёстой, гомдол гаргагчид 10.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн, энэ нь шударга зарчимд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт ... хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж торгох шийтгэлийн хэмжээг сонгох боломжгүйгээр, шууд тодорхой заасан байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0177305 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч Ц.Б-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ