Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2024/0646/З |
Дугаар | 221/МА2024/0705 |
Огноо | 2024-11-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0705
“Б т с” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Б.Г
Гомдлын шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г-ын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0049*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 746 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хариуцагч Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0646/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Б т с” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г-ын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0049*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 746 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б т с” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Б.Г-ын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0049*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“... Зөрчлийн хэрэгт шинжээчээр томилогдсон Туул голын сав газрын захиргааны менежер Б.Б-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/376 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн Хариулт: 1-д Бага тэнгэрийн горхины байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн эсэхийг газар дээр нь тодорхойлох боломжгүйгээр барилга барьсан байдалтай байгаа тул Google earth программын тусламжтай өмнөх жилүүдийн зургийг харьцуулж тодорхойлоход “Б т с” ХХК нь 2 байршил (1-р байршил 106°57'52", 47°52'54", 2-p байршил 106°57'51", 47°52'56")-д голдирол өөрчилсөн байна. 2009 оны 08-р сар болон 2020 оны зургаас харахад байгалийн голдирлоороо урсаж байгаа үеийг үзүүллээ. (Зураг 1) Харин 2021 оны 10-р сарын зургаас харахад 1-р байршилд буюу 106°57'52", 47°52'54" цэгт голдирлыг өөрчилж шулуутгасан бол (зураг 2), 2022 оны 09-р сард 2-р байршилд буюу 106°57'57", 47°52'56" цэгт голдирол өөрчилсөн байна (зураг 3). Бага тэнгэр горхины одоогийн урсаж байгаа байдал, хуучин голдирлыг шороогоор дарж "Бага тэнгэр" олон улсын сургуулийг барьсан байдлыг (зураг 4)-р харуулсан байна.
Шинжээчийн дүгнэлтээр Бага тэнгэр горхины голдирлыг 2021 оны 10-р сард өөрчилж сургуулийн барилга барьсныг тогтоосон, “Н т” ХХК /захиалагч/ болон “Ц с к” ХХК /гүйцэтгэгч/-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын үерийн ус зайлуулах даланг байгуулсан нь цаг хугацааны хувьд зөрчил нь 2021 оны 10 сард үйлдэгдсэн байна.
Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8-д “голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах”, 16 дугаар зүйлийн 161.4.10-д “голын голдирлыг өөрчлөх, урсац тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах, 27 дугаар зүйлийн 27.1-д “цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 240200*** дугаартай зөрчлийн хэрэг нээж 0049*** дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан, Бага тэнгэрийн голдирлыг 2021 оны 10 дугаар сард өөрчилж барилга барьсны улмаас 2023 онд үерийн эрсдэл үүссэн байж болзошгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 3.1.2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг тул дээрх зөрчил нь зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлээс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Дээрх үндэслэлээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 746 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Гомдол гаргагч “Б т с” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г-ын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0049*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... “Б т с” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага тэнгэрийн аманд байрлах Бага тэнгэрийн горхины байгалийн үндсэн голдирлыг хоёр байршилд өөрчилж, усны нөөцөд хохирол учруулж, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гол мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн” зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа “... 2023 онд Нийслэл Улаанбаатар хотод орсон их хэмжээний хур борооны улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдэн үерлэж, байгаль орчин, иргэн, хуулийн этгээдэд хохирол учирч, аюулт үзэгдэл болсон нийтэд илэрхий баримт, ... үерийн улмаас Хүүхдийн сургалт, хөгжлийн төвийн барилга байгууламжид суралцаж, ажиллаж байгаа сурагч, багш, ажилтнуудад хохирол учирсан тохиолдолд уг хохирол нь Бага тэнгэр горхины байгалийн үндсэн голдирлыг 2 байршилд өөрчилж, усны нөөцөд учруулсан хохирлоос илүү байх нь илэрхий” гэж дүгнэн гомдол гаргагчийн гаргасан зөрчлийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.3. Учир нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр гомдол гаргагч “Б т с” ХХК нь “... 2021 оны 10-р сарын зургаас харахад 1-р байршилд буюу 106°57ʹ52ʺ, 47°52ʹ54ʺ цэгт голдирлыг өөрчилж шулуутгасан бол (Зураг 2), 2022 оны 9-р сард 2-р байршилд буюу 106°57ʹ51ʺ, 47°52ʹ56ʺ цэгт голдирол өөрчилсөн” болох нь нэгэнт тогтоогдож байхад голдирол өөрчилсөн цаг хугацаанаас хойших буюу 2023 онд болсон үертэй холбон тайлбарлаж, Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлсөн байна.
2.4. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалт нь “тухайн цаг хугацаанд, зайлшгүй тулгарсан аюулыг өөр арга замаар арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэлгүй хийгдсэн” үйлдэлд хэрэглэх зохицуулалт болохоос бус ямар нэгэн аюул, гамшиг тулгараагүй, үер усны аюул бий болох эсэх нь тодорхойгүй байхад буюу 2021 болон 2022 онд горхины урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилснийг 2023 онд бий болсон үертэй холбон тайлбарлаж, шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамааруулан шийтгэлийг хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 746 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8, 161 дугаар зүйлийн 161.4.10, 22 дугаар зүйлийн 22.8, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Б т с” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г-д холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г-ын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0049*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН