Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0421/Э |
Дугаар | 2022/ШЦТ/435 |
Огноо | 2022-10-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Р.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г овгийн Б А-д холбогдох эрүүгийн 2234005120439 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Бугантын 1-13 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, . дугаарын регистртэй, Г овогт Б. А,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанбулагийн хороолол хохирогч Ж.З-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, өгзөг тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.А нь:
... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234005120439 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанбулагийн хороолол хохирогч Ж.З-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, өгзөг тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
Хохирогч Ж.З-ын “...Би эхнэр Ууганцэцэгийн хамтаар найзууд дээрээ очоод Равжир гэх айлд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мах идээд нийлээд гэрт манай эхнэр Ууганцэцэг, найз А, Равжир, Улаанаа, Равжирын эхнэр бид зургаа 3 том савтай 2 литр айраг ууцгаагаад байж байсан. Тэгээд би гэрийн зүүн хойд талд суугаад миний хажуунаас А /баруун талаас/ ирж байх шиг харагдсан. Тэгээд би босоод зогстол зүүн өгзөг халуу дүүгээд ирэхээр нь гайхаад хартал цус гарч байсан. Тэгээд шууд эмнэлэг явсан. ...Яг юугаар гэдгийг нь хараагүй. А миний биед гэмтэл учруулсан. А сүүлд над руу яриад уучлалт гуйгаад тухайн үед их согтсон байна лээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/,
Яллагдагч Б.А-ын сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Заамар суманд наадам болж байхад найзууд болох З, Равжир хоёрын гэр бүлийнхэнтэй хамт Равжир бид бүгдээрээ хорхог хийж идээд 2,5 литрийн Сэрүүн нэртэй 3 сав пиво Заас Равжир, Ууганцэцэг, Хонгороо, Баасандулам бид нар бүгдээрээ хувааж уугаад би ганцаараа гэр рүүгээ яваад гэртээ унтаж байтал манай эхнэр Баасандулам орж ирээд “намайг З зодоод, үсдэж чирээд, хумс хугалаад хаячихлаа" гэхээр нь би Зтай уулзах гээд Равжирын гэрт очиход З гэрийн баганы хажууд газар сууж байхаар нь юу болоод яагаад манай зодсон юм бэ асуухад З урдаас шууд босч ирээд намайг заамдаж аваад түлхэхэд би хойшоо гэрийн хаяа руу газар унаад, З дээрээс дараад цамцны захаар миний хоолойг боогоод байхаар нь би амьсгалж чадахгүй болоод ирэхээр нь хажууд газар байсан нэг хуванцар юмыг баруун гараараа барьж аваад Зын ар, бөгс хэсэг рүү нь гараа саваад цохитол З босоод би ч шууд гэрээс гараад явсан. Би шар өнгийн цаасны хутгаар ирийг нь гарсан байсныг харалгүй Зыг цохиод цаасны хутганы ир нь Зын бөгсийг исгэсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ын “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр наадам болж байна гээд найзуудаараа дүү Равжирынд очиж архи уусан. Би Зтай мөнгөн дээрээс болж хэрүүл хийсэн. Тэгсэн чинь З намайг Равжирын гэрээс үсдээд чирч гаргаад үснээс ерөөсөө тавихгүй байхаар нь би хүмүүсээ цагдаа дуудаарай гэж хэлэхэд З хашаа даваад зугтсан. Тэгэхээр нь би гэр рүү хариад нөхөр унтаж байхаар нь сэрээгээд “танай З чинь намайг зодоод байна гэж хэлсэн” Тэгтэл манай нөхөр гарч яваад хэзээ орж ирснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Гэрч Л.У-н “...Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед манай нөхөр З, манай найз Болдоо, түүний эхнэр Улаанаа бид 4 Цагаан булаг гэх дэлгүүрээс 2,5 литрийн Сэрүүн бичигтэй 2 ширхэг пиво мөн хүүхдүүд нь ойр зуурын ундаа, чихэр жимс гэх зүйлүүдийг аваад Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багийн Цагаан булгын хороолол гэх газарт байдаг манай нөхрийн хуурай дүү болох Равжир, түүний эхнэр Хонгороо нарынд 20 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд ууж байхад Равжир, Хонгороо 2 гараад явчихсан байсан. Тэгээд 22 цагийн үед Улаанаа бид 2 гараад гэр гэрлүүгээ явсан. Тэгээд жоохон байж байгаад нөхөр Зыг авах гээд 23 цагийн үед ирэхэд биеийн зүүн талын өгзөг хэсэг рүү хутгалуулчихсан байсан. ...22 цагийн үед гэр лүүгээ явахад манай нөхөр З нь Болдоотой хамт үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-19 тал/,
Гэрч М.Р-ын: “ ... Тэрийг дуусгаад манай эхнэр 1 пиво авчихсан байсан тэрийг уугаад эхнэр дотор муухай оргиод байна гэхээр нь би авч гараад салхинд зогсож байгаад буцаад гэрт ороод ирэхэд Заяа ах бөгсөө дарчихсан цус гарсан байхаар нь эмнэлэг дуудаад эмч нар ирээд эмнэлэг авч явсан” гэх мэдүүлэг/хх-21 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10593 дугаартай шинжээчийн “...Ж.З-ын биед зүүн өгзөгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанбулагийн хороолол хохирогч Ж.З-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, өгзөг тус газар нь хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Р.Хэрлэнчимэг: “ ... шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.А:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.А-ын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.А-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.З-тай маргалдаж түүний зүүн өгзөгт хатгагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.З-ыг хутгалсаны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн өгзөг тус газар хутгалж хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Р.Хэрлэнчимэгээс: “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.А-оос:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.А-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Б.А-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.А-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Б.А-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ерэн/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Зын биед хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ж.З-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийн эмчилгээний зардалд 2000000/хоёр сая/ / төгрөгийг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Б.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234005120439 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г овогт Б А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г овогт Б А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Г овогт Б А-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234005120439 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ