| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/03336/И |
| Дугаар | 183/ШШ2019/00449 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2019/00449
| 2019 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2019/00449 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийнтанхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: -д холбогдох
Гэрээнээс учирсан хохиролд 79 291 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, Ж.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* гэдэг хүн ******* дугаараас Д ХХК-аас Г ХХК-тай утсаар холбогдож, Олборлолтын гэрээ байгуулж, хамтран ажиллах санал тавьсан. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д ХХК-ны орчуудагч ******* гэгч Өвөр Монгол ******* дугаар утсаар залгаж, ******* ХХК-тай Олборлолтын гэрээ байгуулах талаар биечлэн уулзъя гээд ******* тоотод Д ХХК-ний Хятад захирлаа дагуулж ирж уулзсан. Тухайн үед манай компанийн талаар ярилцаад, хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцсон. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дахин залгаж, Д ХХК-ний захирлууд Г ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулахаар Хятадаас ирсэн байгаа тул яаралтай уулзах хэрэгтэй байна гээд 03 сарын 10-ны өдрөөс оффис дээр ирж уулзна уу гэсний дагуу манай компанийн захирал Э оффис дээр нь очиж уулзсан. Оффис дээр нь очиход ******* нь тус компанийн захирлуудын хамт сууж байсан. Хятад захирлууд нь бид танай компанийг маш сайн судалсан. Хамтран ажилламаар байна. 1 м куб-г ямар үнээр хийхээ бичгээр явуулаач гэсэн. Үүний дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөө дахин биечлэн уулзацгааж 1м кубийг нь 5 500 төгрөгөөр тохиролцоод, 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийг үндэслэн нэг талаас Д ХХК цаашид Захиалагч гэх түүнийг төлөөлж захиарл А.Т нөгөө талаас Г ХХК-ийг төлөөлж захирал Б.Э Ажил гүйцэтгэгч гэх, хамтад нь талууд харилца тохиролцож 1м кубийг 5 500 төгрөгөөр хөрс хуулах гэрээ бичгээр байгуулсан. Тухайн Олборлолтын гэрээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний гол зорилго нь ажил гүйцэтгэгч нь Өмнөговь аймаг, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт буй Нүүрсний уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг Уулын ажил гэх, өөрийн хүчин чадал бүхий техникүүдээр технологинй дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх ба хоёр тал гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсноор урьдчилгаа 40 000 000 төгрөг, техник тоног төхөөрөмж талбайд орж ирснээр 5 хоногт 160 000 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Ажлыг хурдан шуурхай эхлүүлэхийг шаардаж байсан учир гэрээг хүчин төгөлдөр болонгуут гэрээний дагуу бэлтгэл ажлыг эхэлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 79 291 000 төгрөгийн зардал гарсан. Гэрээнд тохирсон ёсоороо төлбөр мөнгөө хийгээгүй манай компанийг хохироож байна. Иймд Д ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан 79 291 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч А.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г ХХК-ийн захирал гэх Б.Э манай компанийн удирдлагатай уулзаж Олборлолтын гэрээ байгуулж хамтран ажиллахаар амаар харилцан тохиролцсон. Ингэж ярилцахдаа компанийн холбогдох тусгай зөвшөөрөл бүгд байгаа, энэ тал дээр ямар нэгэн асуудалгүй, мөн хүн хүч, техник хэрэгсэл бүгд манай компанид байгаа бүрэн техник хэрэгсэлтэй гэж ярьж танилцуулсан. Иймд гэрээ хийхээр тохиролцож 2018 оны 3 сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг Д ХХК-ийг төлөөлж А.Т би Г ХХК-ийг төлөөлж Б.Э бид байгуулсан. Гэрээ байгуулах үед Б.Э нь компанийхаа гэрчилгээ тэсэлгээ хийх тусгай зөвшөөрөл зэрэг бичиг баримтуудаа авчраагүй бөгөөд ямар ч асуудалгүй гэсэн тул итгэж би гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурсны дараа миний шаардсанаар Б.Э компанийн зарим бичиг баримтаа гэрээ хийснээс 2 цагийн дараа явуулсантай танилцахад Г ХХК-ийн тэсэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа 7 хоногийн дараа дуусахаар байсан. Иймд гэрээг цуцалья гэсэн саналаа би албан ёсоор хэлж танай зөвшөөрөл дуусах юм байна, тусгай зөвшөөрөл сунгагдах гэсээр байтал манай ажил зогсолтын байдалд орж магадгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нар тусгай зөвшөөрөл сунгагдаагүй тохиолдолд ажил хийлгэхгүй хүндрэл гарна. Иймээс гэрээг цуцаллаа гэдгээ албан ёсоор хэллээ шүү гэж утсаар ярьсан. Үүнийг ч Б.Э хүлээн зөвшөөрч 2018 оны 3 сарын 15-ны өдөр гэрээ цуцлах саналаа ирүүлнэ үү гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. Манай компани ч мөн гэрээг цуцлах талаарх албан бичгийг 2018 оны 3 сарын 16-ны өдөр тус компанид хүргэж өгсөн. Иймд Г ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан ...гэрээг хүчин төгөлдөр болонгуут гэрээний дагуу бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэдэг нь ор үндэсгүй, 2 цагийн хугацаанд гэрээнд заасан ажил хийх бэлтгэл ажлыг хийж 79 сая төгрөг зарцуулсан гэдэг нь үндэслэлгүй гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан олборлолтын гэрээний бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан 79 291 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Олборлолтын гэрээнд үндэслэж, талуудын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу манай компани зээл авч кемп тохижилт, үйлчилгээ, техникүүдийг уурхай авч явахад зарцуулсан түлш, шатахуун, тоног төхөөрөмж татах трейллерүүдийг түрээслэх зэрэг бэлтгэл ажлыг хийхэд зарцуулагдсан 79 291 000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгуулж өгнө үү гэснийг хариуцагч тал ...Гэрээ байгуулах үед Б.Э нь компанийхаа гэрчилгээ тэсэлгээ хийх тусгай зөвшөөрөл зэрэг бичиг баримтуудаа авчраагүй бөгөөд ямар ч асуудалгүй гэсэн тул итгэж би гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурсны дараа миний шаардсанаар Б.Э компанийн зарим бичиг баримтаа гэрээ хийснээс 2 цагийн дараа явуулсантай танилцахад Г ХХК-ийн тэсэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа 7 хоногийн дараа дуусахаар байсан. Иймд гэрээг цуцалья гэсэн саналаа би албан ёсоор хэлж танай зөвшөөрөл дуусах юм байна, тусгай зөвшөөрөл сунгагдах гэсээр байтал манай ажил зогсолтын байдалд орж магадгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нар тусгай зөвшөөрөл сунгагдаагүй тохиолдолд ажил хийлгэхгүй хүндрэл гарна. Иймээс гэрээг цуцаллаа гэдгээ албан ёсоор хэллээ шүү гэж утсаар ярьсан. Үүнийг ч Б.Э хүлээн зөвшөөрч 2018 оны 3 сарын 15-ны өдөр гэрээ цуцлах саналаа ирүүлнэ үү гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. Манай компани ч мөн гэрээг цуцлах талаарх албан бичгийг 2018 оны 3 сарын 16-ны өдөр тус компанид хүргэж өгсөн... гэх тайлбарыг гаргаж, маргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд бичгийн хэлбэрээр 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Олборлолтын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд талуудын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаж, компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулжээ. /хх-ийн 15-19/
Уг гэрээгээр хариуцагч Г ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт буй Нүүрсний уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг өөрийн хүчин чадал бүхий техникүүдээр, технологийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Д ХХК нь ажлыг хүлээн авч, нэг куб.метр ажлын үнийг 5 500 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөгийг төлж, техник тоног төхөөрөмж талбайд орж ирснээр 5 хоногт 160 000 000 төгрөгийг төлнө. гэж тохиролцсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хэдийгээр талуудын хооронд гэрээ байгуулагдаж, улмаар бэлтгэл ажлыг хийх үед хариуцагч Д ХХК нь гэрээнээс татгалзаж байгаагаа, 2018 оны 3 сарын 14-ний өдөр утсаар мэдэгдэж, түүнчлэн энэ талаараа 2018 оны 3 сарын 16-ны өдрийн албан тоотоор хүргүүлснийг нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд энэ асуудлаар хариуцагчид 2018 оны 3 сарын 16-ны өдрийн 2018/13 дугаар албан тоот хүргүүлснээ нотлох баримтаар ирүүлсэн байна./хх-ийн 80/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсний дагуу хариуцагч Д ХХК гэрээг цуцлах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэнийг нэхэмжлэгч Г ХХК-ийг хүлээн авсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6-д Хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна., мөн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч гэрээ хэрэгжиж эхлэх явцад хариуцагч тал гэрээнээс татгалзснаар гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болж, улмаар нэхэмжлэгч тал уг гэрээтэй холбогдуулан гаргасан зардлаа шаардсныг буруутгах боломжгүй байна.
Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 20-68 дугаар талд ирүүлсэн баримтуудаар хэн хаанаас ямар зорилгоор худалдан авалт хийж, юунд зарцуулсан нь тодорхойгүй, түүнчлэн ирүүлсэн техник түрээсийн гэрээ, зээлийн гэрээний дагуу зээл авсан зэрэг нь тодорхойгүй зэргээс нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э ыг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхд эргэлзэж байгаа талаараа өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж байсан ба нэхэмжлэгч Г ХХК нь 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч, компанийн Ерөнхий захирал нь Б.Э болох нь тус компанийн дүрмээр тогтоогдож байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж шүүх дүгнэв.
2019 оны 02 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Д.Отгонбат баримтад гарын үсэг зурж, хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдох олборлолтын гэрээний бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан 79 291 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 405 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ