Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/436

 


 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Л.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Л.П-д холбогдох эрүүгийн 2234005410433 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар баг Алтандорнодын задгай 701 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ....дугаарын регистртэй, Б овогт Л.П,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.П нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж найз Г.Бт “... хоёулаа 25 сая, 25 сая төгрөг нийлүүлээд 50 сая төгрөгөөр Заамарын “Эко Алтан заамар”ХХК-ийн ашигласан талбайн хаягдал шороо, шалаам руу орж тэр шороог угааж алт гаргая. Компанийн хүмүүстэй уулзаад хамт байж байна, одоо энэ хүмүүстэй хоолонд орох гээд байна надад мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 03 сард 1,300,000 төгрөг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын эхээр “нөгөө мөнгө чинь бүтэх нь үү хэрвээ бүтэхгүй бол “Бүрдэл Майнанг” ХХК-ийн хүмүүс өөр компани орууллаа гээд байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, нийт 26.300.000 төгрөгийг Хаан банкны 5029870238 тоот дансаар шилжүүлэн авч Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт захиран зарцуулж залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Л.П:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234005410433 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Л.П нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж найз Г.Бт “... хоёулаа 25 сая, 25 сая төгрөг нийлүүлээд 50 сая төгрөгөөр Заамарын “Эко Алтан заамар”ХХК-ийн ашигласан талбайн хаягдал шороо, шалаам руу орж тэр шороог угааж алт гаргая. Компанийн хүмүүстэй уулзаад хамт байж байна, одоо энэ хүмүүстэй хоолонд орох гээд байна надад мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 03 сард 1,300,000 төгрөг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын эхээр “нөгөө мөнгө чинь бүтэх нь үү хэрвээ бүтэхгүй бол “Бүрдэл Майнанг” ХХК-ийн хүмүүс өөр компани орууллаа гээд байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, нийт 26.300.000 төгрөгийг Хаан банкны 5029870238 тоот дансаар шилжүүлэн авч Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт захиран зарцуулж залилан авсан үйл баримт нь дараах

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-02 тал/, Г.Б Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хх-03 тал/ ,

          Хохирогч Г.Б: “... Би өөрийнхөө найз болох Төв аймгийн Заамар суманд ажиллаж амьдардаг Птэй 2022 оны 02 дугаар сард утсаар мөн фэйсбүүк мессенжер чатаар холбогдож амьдрал ахуй ойр зуурын ажил төрөл ярьж байсан. Тэгэхэд П надад ажлын санал тавьж “хоёулаа хорин тав, хорин таван сая төгрөг нийлүүлээд 50 сая төгрөгөөр Заамарын “Эко алтан Заамар” ХХК- ийн талбай буюу тэр компанийн хаягдал шороо, шалаам руу орж тэр шороог нь угааж алт гаргая” гэсэн санал тавьсан. Тэгээд би Пг ийм санал тавихаар нь Птэй утсаар залгаж яриад “яг үнэхээр тийм боломж байгаа юмуу” гэж асуухад өөдөөс “асуудалгүй ээ, би нөгөө “Эко Алтан Заамар”-ынхаа хүмүүстэй уулзаад хамт байж байна. Одоо энэ хүмүүстэй хоолонд орох гэж байна, надад мөнгө хэрэгтэй байна, ер нь бол ажил бүтчихсэн шүү, чи хөгшиндөө энэ хүмүүсийг хоолонд оруулах мөнгө явуулаач” гэж хэлэхээр нь би за за ажил бүтчихэж байгаа юм чинь хоолных нь мөнгийг явуулчихъя гэж бодоод хэдийг шилжүүлэх үү гэж асуухад нэг сая гурван зуун мянган төгрөг гэхээр нь тэр мөнгийг нь Пгийн 5029870238 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа Птэй утсаар ярьж “за хөгшөөн нөгөө ажил чинь хэзээ эхлэхээр байна” гэж асуухад П өөдөөс “хоёулаа мөнгөө өгчихвөл удахгүй эхэлнэ ээ” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед мөнгөгүй байсан болохоор тухайн үед нь 25 сая төгрөгөө явуулж чадаагүй тэгээд 2022 оны 04 дүгээр сарын эхээр П над руу байна байна залгаж “нөгөө мөнгө чинь бүтэх нь үү хэрвээ бүтэхгүй бол нөгөө Эко алтан Заамарын хүмүүс өөр компани орууллаа гэж байна шүү хө” гэхээр нь би таньдаг хүмүүсээсээ мөнгө асууж 25 сая төгрөг олоод 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Пгийн Хаан банкны 5029870238 дугаарын данс руу би өөрийнхөө Голомт банкны 5245102193 дугаарын данснаас 25,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа П рүү “за нөгөө ажил хэзээ эхлэх вэ” гэж асуухад “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай энд багийн хурал болно оо тэр үеэр хурлаас шалтгаалж ажил хэзээ эхлэх нь тодорхой болох байх аа” гэж хэлсэн. Тэгээд тэр цагаас хойш ажил нь яаж байна, ажил нь хэзээ эхлэх үү гэж Пгээс удаа дараа асуусан боловч Пгийн байгаа байдал нь надад худлаа санагдаж эхэлсэн. Тэгээд би Птэй утсаар ярьж “нөгөө ажил чинь бүтэхгүй бол мөнгөө буцааж авъя аа” гэж хэлсэн тэгтэл П надад хэлэхдээ “нөгөө ажил бүтэхээ байсан. Чиний надад өгсөн 25 сая төгрөгийг чинь нөгөө “Эко алтан Заамар”-ын хүмүүс рүү өгчихсөн тэр хүмүүсээс мөнгийг чинь авч чадахгүй байна, би чамаас мөнгийг чинь авсан юм чинь өөрөө л олж өгөхөөс” гэж хэлээд тэр цагаас хойш миний утсыг огт авахаа байсан. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас өөрийн биеэр Төв аймгийн Заамар сумын Сов дээр байдаг Пгийн гэрт нь ирж уулзсан. Тэгэхэд П надад “үнэхээр мөнгөгүй байна аа, чамд одоо өгчих мөнгө надад үнэндээ алга чи надад хугацаа олгооч ээ би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр чамаас авсан 25 сая төгрөгөө буцаагаад өгье” гэж хэлээд надад бичиг хийж өгсөн. Тэгэхээр нь би итгээд явж 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж 06 дугаар сарын 14-ний өдөр залгаж мөнгөө маргааш хийгээрэй гэж хэлэхэд “за дансаа явуулчих” гэж хэлсэн. Тэгээд тэр цагаас мөн л утсаа авахаа байсан. Би ер нь тэр цагаас хойш өдөр бүр П рүү залгахад утсаа огт авдаггүй байсан. Тэгээд 07 дугаар сарын 24-ний өдөр утсаа авсан. Тэгээд надад хэлэхдээ “би Хөвсгөл аймагт аялаад явж байна очиж байгаад мөнгийг чинь өгчихнө, дансаа явуулаарай” гэж хэлэхээр нь дансаа явуулсан боловч бас л мөнгөө хийгээгүй. Тэгээд өнөөдөр өглөө бас л Заамар сумын Сов дээр байдаг гэрт нь ирж өөрийн биеэр Птэй уулзахад урдны адилаар ахиад л хугацаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамайг одоо хүлээж чадахгүй ээ би чамд хангалттай хугацаа өгсөн, одоо чамайг цагдаад гомдол гаргалаа" гэхэд “өг, өг хамаагүй” гэж хэлсэн. Иймд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8-9 тал/,

          Яллагдагч Л.П-гийн гэрчээр өгсөн“...Би урд өмнө нь өөрийн найз Г.Бай байнгын харилцаа холбоотой байдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын дундуур шиг санагдаж байна Батсуурь нь надаас “чамд хамтраад хийчихээр ажил төрөл байна уу” гэж асуухад нь би түүнд “мөнгөтэй бол хамтраад хийчихээр ажил бол байна, 50 сая төгрөгтэй бол бичил уурхай ажиллуулах боломжтой байна, “Бүрдэл Майнинг” ХХК-ийн шалаам руу орох уу, чи 25 сая төгрөг гарга, би 25 сая төгрөг гаргая, тэгээд энд алтны газар шорооны ажил хийе” гэж хэлсэн. Тэгээд бид 2 ярилцаж тохиролцоод тус бүр 25 сая төгрөг гаргаад “Бүрдэл Майнинг” ХХК-ийн шалаам буюу ашигласан алттай шороог угаахаар ярилцаж би бичиг баримт, зөвшөөрөл авах талаар хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 11- ний өдөр Г.Бай утсаар ярьж байгаад 25,000,000 төгрөгөө хийгээрэй, би нөгөө ажпаа хөөцөлдөөдөхье гэж хэлээд би өөрийнхөө Хаан банкны 5029870238 дугаарын дансаар 25 сая төгрөг авсан. Тэгээд нөгөө ажил маань хойшлогдоод бүтэхээ байж эхэлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сараас хойш нөгөө “Бүрдэл Майнинг” ХХК-ийн шалаамны ажил бүтэхээ байсан. Би уул нь анхнаасаа нөхөрлөл байгуулаад “Бүрдэл Майнинг” ХХК-ийн шалаам руу орох санаатай байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сард нөхөрлөлөө байгуулсан боловч “Бүрдэл Майнинг” ХХК-ийн шалаам руу орох газар нь бүтээгүй. Тэгээд би Г.Б авсан 25 сая төгрөгөө өөртөө хувьдаа хэрэглэчихсэн юм. ...Би “Бүрдэл Майнинг” ХХК-ийн талбай руу яг орж ажиллах талаар ажил хэрэг болгох гэж тухайн компанийн хүмүүстэй ярилцаж тохиролцсон зүйл бол байхгүй. Би урьд өмнө 2019 онд нөхөрлөл байгуулаад “Бүрдэл Майнинг” ХХК-ийн шалаам руу орж байсан болохоор энэ жил бас тэр үе шигээ болчих байх гэж бодоод Г.Б 25 сая төгрөг авчихсан юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 11-12 тал/,

          Хохирогч Г.Б Л.Птэй холбогдсон гар утасны мессенжер чат /хх-ийн 14 тал/,

          “Бүрдэл Майнинг” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 305/22 дугаартай “Л овогтой П /ТА92013011/ болон “Баяндалай” нэртэй нөхөрлөл нь 2022 онд компанийн ашигласан талбайд ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг “Бүрдэл Майнинг” ХХК-нд ирүүлээгүй болно. Мөн “Бүрдэл майнинг” ХХК нь 2022 онд иргэн Л.П, “Баяндалай” нэртэй нөхөрлөл болон өөр бусад иргэн, нөхөрлөлтэй ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх гурвалсан гэрээ байгуулаагүй болно.” гэх албан бичиг /хх-ийн 20 тал/,

          Л.П-гийн Хаан банкны харилцах дансны хуулга /хх-ийн 22-24 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Л.П нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Л.П-г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Л.П нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж найз Г.Бт “... хоёулаа 25 сая, 25 сая төгрөг нийлүүлээд 50 сая төгрөгөөр Заамарын “Эко Алтан заамар”ХХК-ийн ашигласан талбайн хаягдал шороо, шалаам руу орж тэр шороог угааж алт гаргая. Компанийн хүмүүстэй уулзаад хамт байж байна, одоо энэ хүмүүстэй хоолонд орох гээд байна надад мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 03 сард 1,300,000 төгрөг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын эхээр “нөгөө мөнгө чинь бүтэх нь үү хэрвээ бүтэхгүй бол “Бүрдэл Майнанг” ХХК-ийн хүмүүс өөр компани орууллаа гээд байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, нийт 26.300.000 төгрөгийг Хаан банкны 5029870238 тоот дансаар шилжүүлэн авч Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт захиран зарцуулж залилан авсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

           

            Гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: “...Шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Л.П:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

            Шүүгдэгч Л.П нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Л.П-гийн Хаан банкны харилцах дансны хуулга /хх-ийн 22-24 тал/ болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Л.П дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Л.П нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж найз Г.Бт “... хоёулаа 25 сая, 25 сая төгрөг нийлүүлээд 50 сая төгрөгөөр Заамарын “Эко Алтан заамар”ХХК-ийн ашигласан талбайн хаягдал шороо, шалаам руу орж тэр шороог угааж алт гаргая. Компанийн хүмүүстэй уулзаад хамт байж байна, одоо энэ хүмүүстэй хоолонд орох гээд байна надад мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 03 сард 1,300,000 төгрөг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын эхээр “нөгөө мөнгө чинь бүтэх нь үү хэрвээ бүтэхгүй бол “Бүрдэл Майнанг” ХХК-ийн хүмүүс өөр компани орууллаа гээд байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 04 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, нийт 26.300.000 төгрөгийг Хаан банкны 5029870238 тоот дансаар шилжүүлэн авч Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт захиран зарцуулж залилан авсан үйл баримт нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван долдугаар бүлэгт хамаарч байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.

 

Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Үүний адил шүүгдэгч Л.П нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 сард 1,300,000 төгрөг, 2022 оны 04 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөгийг Г.Б урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5029870238 дансаар нийт 26.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна.

 

Дээрх залилсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа төгсдөг.

 

Тэрээр энэхүү бусдын эд хөрөнгийг хуурч, итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч буй үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан 26.300.000 төгрөгийн хохирол, хор уршиг нь санаатай үйлдэлтэй нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Л.П-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас:

            ... Шүүгдэгч Л.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Л.П-гээс:

            ...Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Л.П-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Л.П-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Л.П-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.П-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 26 300 000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. 

  

Шүүгдэгч Л.П нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 26300000 төгрөгийг бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэргийн 63 дугаар хуудаст авагдсан хохирогчийн хүсэлт, шүүгчийн туслахын хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж ярьсан тэмдэглэлээр зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.П-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234005410433 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Л.П-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Л.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б овгийн Л.П-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234005410433 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Л.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 26300000 төгрөг төлсөн, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Л Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

       

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ