Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2019/00228

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2019/00228

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2-р хороолол, 6-р байр 29 тоот хаягт байрлах М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 24-р байр 70 тоотод оршин суух, Хөл аваачин овогт Г  Д  /РД:ТИ63012510/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 115 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 180 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А.К , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, хариуцагчийн төлөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д  манай компаниас 2012 оны 2 сарын 17-ны өдөр 35 000 000 төгрөг, 2012 оны 4 сарын 03-ны өдөр 70 000 000 төгрөг, урьд нь авч байсан зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг нийтдээ 115 000 000 төгрөгийг зээлээр аваад одоо болтол өгөхгүй элдэв шалтгаан тоочиж компанийг хохироож байна. Зээлийн гэрээ хийгээгүй ба банкнаас зээл авахад банкны хяналт байдаг тул зээлсэн мөнгийг материалын үнэ гэж шилжүүлсэн. Иймд Г.Д аас 115 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А.К  миний бие нь М энд В констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч нь захирал нь бөгөөд тухайн үед Г.Д ыг танидаг байсан. Г.Д  нь Эрдэнэт хотод барилгын захиалагчийн албаны дарга хийдэг байсан. 2012 оны 2 сарын 15-ны өдөр байр авах урьдчилгаа төлбөр яаралтай хэрэгтэй боллоо туслаач гээд 35 000 000 төгрөгийг, 2017 оын 4 сарын 3-ны өдөр граж болон байрны мөнгө хийх хэрэгтэй боллоо гээд 70 000 000 төгрөгийг авсан. Орхон аймагт амьдарч байхдаа байр худалдаж авахад мөнгө хэрэгтэй байна гээд 40 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд түүнээс 30 000 000 төгрөгийг буцааж төлж, зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг үлдсэн байдаг. Эдгээр зээлсэн мөнгийг шилжүүлсэн банкны хуулга хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Иймд нийт 115 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие М энд би констракшн ХХК-иас хэзээ ч зээл авч байгаагүй, бид Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт 63 айлын орон сууц барих төсөл хамтран хэрэгжүүлэхээр 2011 оны 9 сарын 24-ний өдөр 01 тоот гэрээ байгуулсан. М энд би констракшн ХХК-ийн захирал М.А.К  нь Хаан банкнаас авсан зээл, захиалагдчаас татан төвлөрүүлсэн мөнгийг зориулалтын бус зарцуулан 700-800 сая төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан нь барилга угсралтын ажил явуулахад материалын дутагдалд оруулан тус орон сууцыг гэрээний дагуу 2013 оны 1-р улиралд ашиглалтанд оруулж чадаагүй нь гол нөлөө үзүүлсэн. Миний бие Улаанбаатар хотод ажил шилжсэний улмаас өдөр тутмын хяналт тавьж чадахгүй болсон учир М.А.К  намайг банкны гүйлгээнд 2-р гарын үсэг зурдаг тул гарын үсгийн дардас хэвлүүлж аваад тайлангаа банкны хуулгын дагуу надад өгч байна гээд авсан боловч огт тайлагнаагүй. Мөн Алтансүх гэгчийн нэр дээр дуудлагын худалдааны мөнгө гээд 92 сая төгрөгийг 2012-4-06-ны өдөр шилжүүлсэн, мөн өөр зориулалтаар мөнгийг дуустал нь гаргасан байсан. Үүнийг би Хаан банкнаас хуулга авч мэдсэн. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу бол зөвхөн тус орон сууцны зориулалттай Хаан банкнаас авсан зээл захиалагчдаас татсан мөнгийг бидний гарын үсгийн баталгаатайгаар банкнаас гүйлгээ хийн зориулалтын дагуу ашиглаж гэрээний эцсийн дүнд холбогдох зардлыг тооцон цэвэр ашгийг тэнцүү хувааж авах гэрээний нөхцөлтэй. Иймд М.А.К ын намайг ор үндэслэлгүй гүтгэсэн, дарамталсан талаар зохин газарт нь хандах ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд орон сууц хамтран барихтай холбоотой байгуулсан 2011 оны 9 сарын 24-ний өдрийн 01 дугаартай гэрээ байгуулж, талуудын тэгш оролцоотойгоор Орхон аймгийн Баян-Өндөр суманд 63 айлын 9 давхар орон сууц барьж ашиглалт оруулсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдоогүй. Эсрэгээрээ орон сууц хамтран ажиллах гэрээ байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явагдсан. Хариуцагч нотлох баримтын дагуу тодорхой ашиг авах эрхтэй нь нотлогдож байгаа. Иймд зээлсэн гэх мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч Г.Д ы шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан орон сууц борлуулалтын цэвэр ашгийн 50 хувиар буюу 107 844 450 төгрөг болгон бууруулж байгаа бөгөөд 72 155 550 төгрөгөөс татгалзаж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд хооронд хамтын үйл ажиллагааа явуулахаар харилцан тохиролцсон нь нотлох баримтын шаардлагын хүрээнд батлагдсан. Орхон аймгийн Баян-Өндөр суманд 63 айлын 9 давхар орон сууц хамтран барих 2011 оны 9 сарын 24-ний өдрийн гэрээгээр нотлогдсон. Уг гэрээг нэхэмжлэгч нь хуурамч гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч хуурамч болох нь нотлогдоогүй. Уг гэрээг нотлох бусад баримт нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал Хаан банк ХХК-аас зээл авахад хариуцагч хоёрдугаар гарын үсэг зурж оролцож эхэлсэн. 63 айлын орон сууцыг баригдахад Үйлдвэрчний эвлэлтэй уулзсан уулзалт нь нэхэмжлэгчийн нэгэн адил үүрэг хүлээж оролцож байсан зэрэг оролцооноос нотлогдож байгаа. Үүнээс үзэхэд гэрээний 4.3-т талууд орон сууц барьснаас олох ашгийн 50 хувийг гэж заасны дагуу хариуцагчид 50 хувийг авах эрх үүсэж байна. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа учраас сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.Д тай тухайн үед найз нөхдүүд байсан бөгөөд барилга барихад тусалж дэмжих талаар ярилцаж байсан. Харин Орхон аймгийн Баян-Өндөр суманд 63 айлын 9 давхар орон сууц хамтран барих 2011 оны 9 сарын 24-ний өдөр гэрээ байгуулаагүй, би гарын үсэг зураагүй. Хаан банк зээл олгохдоо хамтран зээлдэгч нь заавал монгол хүн байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан тул Г.Д  гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний үүргийг манай компани биелүүлж байсан ба Н.Д  нь манай компанийн үйл ажиллагаатай ямарч хамааралгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2011 оны 9 сарын 24-ний өдөр 9 давхар 63 айлын орон сууц хамтран барих гэрээ байгуулагдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээтэй холбогдуулан бусад орлогоос олсон ашгаас 215 688 900 төгрөгийн 50 хувиар нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байна. Үүнийг үндэслэлгүйгээр нэхэмжлэл дахин гаргаж байна гэж үзэж байна. Аудитын дүгнэлтээр 71 551 900 төгрөгийн ашиг олсон болох нь Аудитын байгууллагын дүгнэлтээр нотлогддог. Үндсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон өнөөдрийнн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хийгдээгүй болох нь Нийслэлийн архивын газрын албан тоот хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн албан тоотоор Хан-Уул дүүргийн нотариатч С.Гэрэлийн орон сууц хамтран барих гэрээ нь архивын газарт хадгалагдаагүй, манайд уг гэрээ байхгүй гэж албан ёсны хариуг Нотариатчдын танхимаас ирсэн албан тоотод тус гэрээний эх хувь байхгүй, зөвхөн тухайн үед гэрээг баталсан бүртгэлийн дэвтэр дээр Г.Д  гэсэн гарын үсэгтэй бүртгэлийн хуулбар ирсэн. Энэ нь Нотариатын тухай хуулийн 21.3.2-т Баримт бичгийн хуулбарыг эх хувьтай тулгахгүй гэрчлэх, мөн 21.2.6 нотариатын үйлдэлд холбогдох баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг хуулийн байгууллагын шаардсаны дагуу гаргаж өгөх, 21.2.8 гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэхгэж тус тус заасан боловч энэ бүх үйл ажиллагааа тойргийн нотариатч С.Гэрэл нь хийгдсэн эсэх нь тухайн нотариатын бүртгэлд болон Монголын нотариатын танхимд тухайн гэрээний эх хувь хадгалагдаагүй байдаг. Мөн Нотариатын тухай хуулийн 26.1-т Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн даргааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ, 26.2-т Нотариатын бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэж тус тус заасан байдаг. С.Гэрэлийн бүртгэлийн дэвтэр дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гарын үсэг, оршин суугаа хаяг, регистрийн бүртгэл аль аль нь байдаггүй. Нотариатч нь гэрээ хэлцлийг бүртгэхдээ гэрээний талуудаар гарын үсэг зуруулах ёстой ба өөрийн гэрчилсэн баримтуудын үнэн зөвийг батлахын тулд нэг хувийг тамга тэмдэг дарган бүртгэлийн дугаарт хадгалан Нийслэлийн архивын газарт явуулах ёстой. Зөвхөн С.Гэрэлийн шүүхэд ирүүлсэн тайлбарт Баримт бичгийн хуулбарыг баталсан гэж бичсэн тайлбар нь анхнаасаа хуурамч бичиг баримт гэрчилсэн болох нь уг албан тоот тайлбаргаар батлагдаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэх зүйл дээр Марк К ын нэр байдаг боловч гарын үсэг тамга тэмдэг байдаггүй. Иймд талуудын хооронд 2011 оны 9 сарын 24-ний өдрийн орон сууц хамтран барих гэрээ гэж байхгүй. Хариуцагч талаас гэрээ гэх зүйлийг гаргаж ирээд зөвхөн хуулбарыг нотолсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харгагдаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 115 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг, хариуцагч эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээний үүрэгт 180 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 107 844 450 төгрөг болгож, үлдэх 72 155 550 төгрөгөөс татгалзсан байна.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2012 оны 2 сарын 15-ны өдөр байр авах урьдчилгаа төлбөр яаралтай хэрэгтэй боллоо туслаач гээд 35 000 000 төгрөгийг, 2017 оын 4 сарын 03-ны өдөр граж болон байрны мөнгө хийх хэрэгтэй боллоо гээд 70 000 000 төгрөгийг авсан. Орхон аймагт амьдарч байхдаа байр худалдаж авахад мөнгө хэрэгтэй байна гээд 40 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд түүнээс 30 000 000 төгрөгийг буцааж төлж, зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг үлдсэн байдаг. Эдгээр зээлсэн мөнгийг шилжүүлсэн банкны хуулга хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно... гэх тайлбарыг гаргаж хэрэгт дансны хуулгыг гаргаж ирүүлсэн гэж тайлбарлав.

Хариуцагч Г.Д  нь ... М ХХК-иас зээл авч байгаагүй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдоогүй. Эсрэгээрээ орон сууц хамтран ажиллах гэрээ байгуулж, бизнесийн үйл ажиллагаанд зориулж барилгын материал авах, зээлийн төлбөрийг төлж байсан. Иймд зээлсэн гэх мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна... гэх тайлбарыг гаргаж, сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

 

Хавтаст хэргийн /1-р/ 6-8 дугаар талд Хаан банкны зарлага, орлогын мэдүүлэг гэх 3 хуудас баримт авагдсан байх ба 2012 оны 2 сарын 17-ны өдөр М энд Б констранкшн ХХК-ийн данснаас 115 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, мөн өдөр Г.Д ы Хаан банкны дансанд орлого 70 000 000 төгрөгийг Г.Д , 2012 оны 4 сарын 03-ны өдөр тус дансанд материалын үнэ 35 000 000 төгрөгийг М ХХК-иас шилжүүлжээ.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагчийн дансанд нэхэмжлэгчээс 105 000 000 төгрөг шилжиж орсон эсэх асуудлаар хариуцагч маргаагүй хэдий ч тухайн үед талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, улмаар уг мөнгийг зээл байдлаар өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

М ХХК нь 2011 оны 6 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт баригдах 63 айлын 9 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг хариуцан хийж гүйцэтгэхээр Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Барилга угсралтын ажлын гэрээ-г байгуулсан байна.

Уг гэрээг талууд баталж, Орхон аймгийн ҮЭ Холбооны дарга М.Батцоож, М ХХК-ийг төлөөлж захирал М.А.К  нар гарын үсэг зурж, гэрээг гүйцэтгэгчийг төлөөлж М ХХК-ийн менежер Г.Д  гарын үсэг зурсан байна./1-р хх-ийн 207-211/

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн Хаан банктай 2011 оны 9 сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээ хэрэгт авагдсан байх ба уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Д  оролцож, үүрэг хүлээсэн байна. /2-р хх-ийн 16-22/

Түүчнлэн М ХХК-ийн захирал М.А.К , Тэнгэрийн өнгө ХХК-ийн захирал Г.Д  нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр №1 дугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт баригдах 63 айлын 9 давхар орон сууцыг хамтран барих гэрээ тус тус хэрэгт авагдсан байна./хх-ийн 18-20/

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт баригдах 63 айлын 9 давхар орон сууцыг барихад нэхэмжлэгч М ХХК-ийн захирал М.А.К , хариуцагч Г.Д  нар нь хамтран үүрэг хүлээж, захиалагчийн өмнө тодорхой үүрэг хүлээсэн гэдэг нь тогтоодож байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр №1 дугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт баригдах 63 айлын 9 давхар орон сууцыг хамтран барих гэрээгээр энэ байдал нь давхар нотлогдож байна. /1-р хх-ийн 18-20/

Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Талуудын байгуулсан гэрээний 4.3-т зааснаар бизнесийн үйл ажиллагаанд олсон ашгийг талууд тэнцүү хэмжээтэй хуваарилаж авна./50:50/ гэсний дагуу шаардаж байгаа гээд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан, ... нийт ашгийг 215 688 900 төгрөг /2-р хх-ийн 50-р тал/ гэж тогтоосон тул үүнийг 50 хувиар тооцож, нийт 107 844 450 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдаагүй, зөвшөөрөхгүй гэж тайлбарласан хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй байна.

 

Эдгээр байдлуудаас дүгнэхэд талууд 2011 оноос 2013 оны 5 сар хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хамтран ажиллаж байсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Харин талууд гэрээг дуусгавар болголгүйгээр буюу явцын дунд маргаан үүсч улмаар хариуцагч Г.Д  нь гэрээнээс гарсан гэх үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн олсон ашгаас ноогдол хувь гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээ бүрэн хэрэгжиж, улмаар гэрээний ашиг, алдагдлыг талууд тооцож гэрээгээ дүгнэснээр гэрээний 4.3-т заасан бизнесийн үйл ажиллагаанд олсон ашгийг талууд тэнцүү хэмжээтэй хуваарилаж авна./50:50/ гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Дээрхийг нэгтгээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Г.Д аас зээлийн гэрээний үүрэгт 115 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Д ы нэхэмжлэгч М ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүрэгт 107 844 450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Д  нь нэхэмжлэлийн шаардлагын 72 155 550 төгрөгөөс татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 777 905 төгрөгийн 732 950 төгрөгийг, хариуцагч Г.Д ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК-ийн илүү төлсөн 44 955 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603002523 данснаас буцаан гаргуулж олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ