Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Хохирогч Б.Р/цахимаар/,

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Г-д холбогдох 2234000000368 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Ногоон талбай 5-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ял шийтгэлгүй, ......  регистрийн дугаартай, М. овогт Э.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь “Лангуу тавиур” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас иргэн Б.Р-тай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк мессенжэрээр холбогдож лангуу хийж өгнө гэж хуурч өөрийн Хаан банкны 5009224743 дугаартай дансаар 5000000/таван сая/ төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр лангууныхаа шилнүүдийг авч чадахгүй байна, мөнгө дутаад байна гэж 1000 000/нэг сая/ төгрөгийг нийт 6000 000/зургаан сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Г: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.Р: “ ... Өмнө нь миний хань байхдаа нэг газраар лангуу хийлгэж байсан.  Миний ханийн өмнө лангуу хийлгэж байсан газартай харьцаж байсан чат байсан. Өмнө нь лангуу хийлгэж байсан газар мөн үгүй асуусан мөн лангуу хийж байгаа гэхээр нь мөн гэж бодсон. Надад найдвартай долоо хонгийн дараа хийж өгнө гэж хэлсэн. Та эхлээд урьдчилгаа мөнгө өгчих гэхээр нь урьдчилгаа мөнгийн өгөөд  захиалсан. Өмнө нь лангуу хийлгэсэн хүн мөн гэж бодож мөнгийн өгсөн. Өгсөн 6.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Э.Г нь “Лангуу тавиур” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас иргэн Б.Ртай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк мессенжэрээр холбогдож лангуу хийж өгнө гэж хуурч өөрийн Хаан банкны 5009224743 дугаартай дансаар 5000000/таван сая/ төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр лангууныхаа шилнүүдийг авч чадахгүй байна, мөнгө дутаад байна гэж 1000 000/нэг сая/ төгрөгийг нийт 6000 000/зургаан сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон

Энэ нь эрүүгийн 2234000000368 дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Б.Р-гийн “... 2022 оны 04 дүгээр сарын 24-нд Төв аймгийн Баян-Өнжүүл сум дахь гэртээ байж байгаад фэйсбүүкээс лангуу тавиур гэх нэртэй фэйсбүүк хаяг руу би чатаар лангуу тавиур хийж байгаа юу гэж асуухад хийж байгаа гээд бид 2 чатлаад над руу лангууны зурагнууд явуулаад байсан. Тэгээд өдөр болгон лангууны талаар яриа өрнүүлж чатлаж байгаад 05 дугаар 10-нд хийлгэхээр болоод тохироод урьчилгаа 5000 000 төгрөг Хаан банкны 5009247443 Энхбат Г гэдэг данс руу 17 цагийн үед өөрийн гэртээ байхдаа 5731069090 Бямбасүрэн Р Хаан банк өөрийн данснаас мөнгө хийсэн. Тэгээд чатаар танайх руу очих гэсэн чинь лангууныхаа шилнүүдийг авч чадахгүй байна мөнгө дутаад байна гэхээр нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр лангууны шилний мөнгө гэж 1000 000 төгрөг мөн тоот данс руу хийсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа 88092881 дугаар луу залгахад утсаа авахгүй байсан, мессеж бичихээр ямар нэгэн шалтаг хэлээд зугтаад байсан... 05 дугаар сарын 17-нд 1,000,000 төгрөг авах хүртлээ утсаар яриад, чат бичээд холбоотой байсан, 1 сая төгрөг авсны дараагаас утсаа авахгүй, мессежээр шалтаг хэлээд байсан. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мессенжер чатаар холбогдоод би ирэхгүй байгаа учраас шүүхэд хандана гэтэл миний өөдөөс ажил дээр эвдрэл гарсан байна гэж шалтаг хэлээд тэрнээс хойш дахиж огт холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 6 дугаар хуудас/,

Э.Г сэжигтнээр өгсөн “...Хаан банкны данс руу 5,000,000 төгрөг явуулсан, тухайн мөнгийг өсгөх гээд 5,000,000 төгрөгөө бүгдийг нь онлайнаар покер тоглоод бүх мөнгөө алдчихсан. Бас би өмнө нь янз бүрийн аппилкейшн болон утасны зээл гээд янз бүрийн өртэй байсан, тэгээд би 2-3 хоногийн дараа мөнгөгүй болчихоод нэмж 1,000,000 төгрөг авсан. Тухайн мөнгөө адилхан онлайнаар покер тоглоод алдчихсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/,

Хохирогч Б.Р-гийн гар утасны мессенжер чатанд үзлэг хийсэн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 23- 24 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Р, сэжигтэн Э.Г Хаан банкны харилцах дансны хуулга, /хх-ийн 17-18,39-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Э.Г нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн  үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Р-д 6000000 төгрөгийн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч Э.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Ногоон талбай 5-25 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тэмдэглэгдсэн, одоо 37 настай баримт сэлт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Г нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 100 цагийн нийтэд тустай ажил хийх ял, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг тус тус эдлээгүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил зорчих эрх хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 100 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэн 1 жил 12 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Харин Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаа тус тогтоолоор тогтоосон хугацаанд биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Р-д 6 000 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Э.Г нь хохирол төлбөр барагдуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Г-с 6000000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Р-д олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2234000000368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Э Г бусдыг хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э Г 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 100 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэн 1/нэг/ жил 12/арван хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жил 12/арван хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч Э.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-с 6000000 төгрөг гаргуулж хохирогч Б.Р-д олгож, шүүгдэгч Э.Г 8/найм/ сарын хугацаанд хохирогчид хохирлыг төлж барагдуулахыг даалгасугай.

 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Г-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ