Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 180/2022/0076/Э |
Дугаар | 2022/ШЦТ/65 |
Огноо | 2022-08-16 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/65
2022 08 16 2022/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Анхбаяр
Шүүгдэгч Ө.Б , Ц.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ө-ийн Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Н нарт холбогдох эрүүгийн 2239000000069 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗТ/19 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн .... сумын ... дугаар баг хөдөө хэсэг “...” гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай Д овогт Ө-ийн Б .
Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ..... сумын ... дугаар баг хөдөө хэсэг “...” гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай Б овогт -йн Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг “Хурхын гол” гэх газарт Т.Б-с итгэмжлэн хариуцуулж, хөлсөөр маллуулж байсан үхэр сүргээс 3 тооны бярууг 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Б.Д-д 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр зарж борлуулан, завшиж Т.Б-т 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Н нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурхын гол гэх газар иргэн Т.Б-аас итгэмжлэн хариуцуулж хөлсөөр маллуулж байсан үхэр сүргээс 3 тооны бярууг 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Б.Д-д зарж борлуулан завшиж, Т.Б-т 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт нөхөр Ө.Б-ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 3 тооны бярууг Г.Д-д зарж, борлуулан завшиж олсон мөнгө болох 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн хөдөө хэсэг “Хурхын гол” гэх газар байх гэртээ 2021 оны 12 дyraap сарын 29-ний өдөр 300.000 мянган төгрөгийг "Хаан банкны" 5951099386 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний дансаар цалин мөнгө ордог. Миний карт манай нөхөрт явдаг. Би гэртээ малаа хараад үлддэг. Тухайн үед 300,000 төгрөг орж ирснийг мэдээгүй. Сүүлд мэдээд асуухад ийм учиртай гэж хэлсэн. Сүүлд бяруугаа авах гэж байхад нь мэдсэн. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
2239000000069 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би эхнэр Н-ын хамт ... сумын . дугаар баг ... гэх газар Б-ын үхэр хонь малыг маллан амьдардаг юм. Тухайн үед Б-ын үхэр 170 гаран үхэр болж өссөн байсан. Хонь нь болохоор манай тариа бригадын ажилчдын хоолны хүнс болохоор хонь нь өсдөггүй. Тухайн үед 2021 оны 12 сарын 31-нд миний эхнэрийн төрсөн өдөр болдог учраас Б-ын үхрээс 3 тугалан бяруу дур мэдэн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн иргэн хэлгүй Г эхнэр нь болох Д нарт 2 бярууг нь 700,000 мянгаар 1 бярууг нь 300,000 мянгаар бодож нийт 1 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан. Мөнгийн бэлэн авсан. Би эхнэр Н хамт хэлгүй Ганаа, эхнэр нь болох Д нар байсан. Өөр хүн байгаагүй. Хэлгүй Ганаа өөрөө ачааны машинтай ирээд аваад явсан. Бонго-3 маркийн 41-75 ХЭҮ улсын дугаартай автомашин байсан. Би өөрөө санааг нь гаргасан юмаа. Миний эхнэр яах гээд байгаа юм гэж хэлсэн. Болж байгаа юм уу дараа нь асуудал гарна ш дээ гэсэн, эхнэрийн төрсөн өдөр болох гээд мөнгөний хэрэгцээ гараад л зарсан. Гурван бяруу зарсан талаараа хэлээгүй. Асуухад нь чоно нохой идсэн юм байхдаа хайгаад олохгүй байгаа гэж хэлсэн. ...Одоо тухайн гурван бяруу нь хэлгүй Г , Д нарынд байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 42-43 хуу/
Шүүгдэгч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Миний хувьд болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай эхнэр Н-н төрсөн өдөр болдог учраас би Б-ын эзэмшлийн итгэмжлэн хариуцаж авсан үхрээс 3 тугалан бярууг дур мэдэн Өмнөдэлгэр сумын Ганаа гэгчид 1,000,000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн. Би Б-ын малыг эхнэр Н-ын хамтаар одоогоос 2 жилийн өмнөөс эхлэн харж хариулж ирсэн юм л даа. Би эхлээд Г-тай уулзаж 3 үхрийн мөнгийг авсан байсан юм. Тэгээд дараа нь Г гэгч манай хөдөө гэрт очиж 3 үхрийг аваахаар ирэхээр нь эхнэр Н-д Ганаад Б-н 3 үхрийг зарж байгаа юм гэж хэлсэн. ...Би Б-ын хохирлыг барагдуулсан. Надад гомдолгүй гэж хэлсэн. Өөрөө ч тэрийгээ хэлэх байх. Тиймээ Г-ийн эхнэрийг Д гэдэг бөгөөд энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм байна лээ. Тухайн үед Ганаагийн эхнэр Д нь надад мөнгийг өгсөн юм.
...машиндаа сэлбэг ойр зуурын хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. ...Би тухайн үед Б.Д-тэй 3 бярууны наймаа хийсэн. Би хохирол барагдуулсан. Б , Д нар надад гомдол саналгүй гэж бичиг хийж өгсөн. Би ганцаараа л хэргийг үйлдсэн” гэх мэдүүлэг /хх-н 76-77, 161-162 хуу/
Шүүгдэгч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би нөхөр болон бага хүүхэд А нарын хамт ..сумын.. дугаар баг хурхын голд Т.Б гэх хүний үхэр малыг маллаж амьдарч байна. Ингээд 2021 оны 12 сарын 29-нд байхаа тэгж санаж байна. Миний нөхөр Б нь нэг хүнтэй утсаар бяруу авах хүн байна уу чи авахгүй юм уу гэж асууж байсан тэгээд удалгүй оройхон гэрт байж байхад Хурх тосгоны хэлгүй Г эхнэр Д-гээ ачааны цэнхэр өнгийн бонго-3 маркийн автомашинтай ирээд манай нөхөртэй гадаа уулзаад зогсож байгаад 3-н бяруу ачаад явсан. Тэгээд би Б-оос асуухад 3-н бяруу зарсан юмаа зүгээр би өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Би бол гаргаагүй ээ манай нөхөр л хэлгүй Г-д болон эхнэр Д нарт зарсан. Нарийн ширийн юмыг сайн мэдэхгүй байна. Тэрийг би мэдээгүй ээ хэлж мэдэхгүй байна Б надаас асуугаагүй манай нөхрөөс л асуусан байх. ...2 чих ац имтэй. Г , Д нар ачаад явсан болохоор тэднийд л байгаа байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-н 38-39 хуу/
Шүүгдэгч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Миний хувьд болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.Тухайн үед би нөхөр Ө.Б маань надад Өмнөдэлгэр сумын Г, түүний эхнэр Д нарт Б-ын үхрээс 3 тооны үхэр зарж борлуулъя гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөхөр Ө.Б-д хандан: Юу гэж хүний малыг бусдад зарж борлуулж байдаг юм бэ, хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө больсон юм болов уу гэж бодтол нөхөр маань Ганаа, Д нарт Б-ын үхрээс 3 тооны бярууг 1.000.000 төгрөгөөр зарсан мөнгийг нь урьдчилаад авчихсан байсан. Ингээд он сарыг нь сайн санахгүй байна Өмнөдэлгэр сумын Г , Д нар манай хөдөө гэрт ирээд дээрх 3 тооны бярууг аваад явсан. Тухайн үед би нөхөртөө хэрэггүй юм биш шүү гэж хэлж байсан боловч нөхөр маань тэр 2-т бярууг өгч явуулсан. Нөхөр бид 2 Б-ын 170 гаран тооны үхрийг маллалдаг. Мөн түүний үхрийг маллаад 2 жил гаран болж байна...
Би болсон асуудлын талаар урьд гэрчийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад дээр нь нэмж ярих зүйл байхгүй ээ. Би тухайн үед Д болон түүний нөхөр Г нарыг манайхаас үхэр авах гэж ирэхэд нь мэдсэн. Түүнээс урьд нь мэдээгүй байсан. Мөн би Д Г нарт үхэр зарсан мөнгөнөөс хувьдаа ашигласан асуудал байхгүй ээ.” гэх мэдүүлэг /хх-н 72-73, 173-174 хуу/
Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны хурхын голд тариалангийн компанийн бригадын дарга ажилтай хэдэн хүн хариуцаад ажилладаг. Мөн уг газарт миний хэдэн бод бог мал байдаг тэрийгээ Улаанбаатар хотын харьяат Ө.Б , Ц.Н гэх эхнэр нөхөр хүмүүсээр 600,000 төгрөгөөр цалингаа тохирч цалинжуулж хэдэн малаа харуулдаг. Миний ажил 11 сар гаргаад дуусчихдаг болохоор хот руу гэр лүүгээ явчихдаг хавар урь орохоор эргээд ажилдаа гардаг. Ингээд 2022 оны 01 сарын 10-даар санаж байна. Өмнөдэлгэр сум руу 2 малчин дээрээ болон мал дээрээ очиход манай малчин Б нь 3-н бяруу алдсан эрж хайгаад олдохгүй байгаа гэж ярьж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн үү гэж хэлэхэд үгүй таныг ирэхээр болъё гээд хэлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж гомдол гаргасан. Сартай хар бяруу, эрээн нүүртэй бяруу, улаан зүсмийн духан дээрээ сартай зэрэг тугалан гурван ширхэг бяруу алдсан. Им тамга нь 2 чих ац имтэй бяруунууд байгаа. ...би алдсан бяруунуудаа зах зээлийн ханшаар үнэлнэ. Хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Чоно нохой их байна чононд идүүлчих үү гэж байсан. Сэг зэм бол хайгаад олдохгүй гэж байсан.
...Би анхнаасаа л Б-д малаа маллуулахаар тохиролцож амаар гэрээ хэлцэл хийсэн. Ц.Н бол эхнэр нь байгаа юм. Ц.Н-тай бол гэрээ хэлцэл хийгээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ө.Б нь эхнэртэйгээ миний 3 үхрийг авчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ингээд 2021 оны 12 дугаар сарын сүүлээр санаж байна. Б гэх манайхтай ойр саахалт айл байсан ах миний утас руу залгаад танайх бяруу худалдаж авах уу гэж асуусан, тэгэхээр нь би нөхөр болох Л овогтой Г-д дохиогоор хэлээд авахаар болоод нөхрийн хамт өөрсдийнхөө автомашин болох Бонго-3 маркийн 41-75 ХЭҮ улсын дугаартай автомашинаар Б-д очоод гурван ширхэг тугалан бярууг ширхгийн 700,000, нөгөө бярууг 300,000 тохиролцож худалдаж аваад мөнгийг нь бэлэн өгөөд тэгээд бяруунуудаа ачаад гэр рүүгээ явсан. Миний нөхөр Гантулга нь төрөлхийн хэлгүй, дүлий хүн байдаг гарын дохиогоор харьцаж ойлголцдог. Үгүй ээ өөрсдийнх л бяруу гэж бодсон. Хүний үхэр зарж байна гэж бодоогүй. Би гурван бяруу худалдаж авсан 1,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна.
Өмнөх өдөр нь 700,000 төгрөгийг бэлнээр өгөөд маргааш нь нөхөртэйгөө очиж 3 үхрээ авахдаа үлдсэн 300,000 төгрөгийг эхнэр, нөхөр хоёрын нэгнийх нь данс руу хийсэн, хэний данс руу хийснийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 154-155-р хуудас/
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ө.Б , Ц.Н нарыг танина. Дээрх хүмүүс нь 2 жилийн өмнө Улаанбаатар хотоос манай хөдөө айлын туслах малчнаар ирж суурьшаад байгаа юм. Дээрх хүмүүс нь зан байдлын хувьд төлөв, даруухан, их ажилласаг, тохитой томоотой хүмүүс байдаг юм. Гэр нь манайхтай ойрхон нутагладаг. Ц.Н , Ө.Б нь хүүхдүүдийнхээ хамтаар Б гэх хүний малыг малладаг бас өөрсдөө цөөхөн хэдэн малтай байх” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48 хуу/
Гэрч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ө.Б , Ц.Н нарыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Ө.Б ах нь зан байдлын хувьд төлөв даруухан, мал сайн малладаг, үнэнч шударга, ажилсаг, ер нь тохитой илүү дутуу зан байхгүй, эхнэр хүүхэдтэйгээ мал маллаж амьдардаг. Манай суманд ирээд 2 жил бол байгаа хүн. Ц.Н нь Ө.Б ахын эхнэр бөгөөд хувийн зан байдлын хувьд мөн л даруухан ажилсаг, үнэнч шударга, сайн хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-н 51-52 хуу/
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШД-42 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/, Шүүгдэгч Ц.Н-ын дансанд 350,000 төгрөг орсон талаарх Хаан банкны дансны хуулга /хх-н 86 хуу/, Шүүгдэгч Ц.Н-ын оршин суух хаягийн лавлагаа /хх-н 79 хуу/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 80, 90 хуу/, Хохирогч Т.Б , иргэний нэхэмжлэгч Б.Д нарын гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-н 106, 109 хуу/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн 2239000000069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч Ө.Б нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг “Хурхын гол” гэх газарт Т.Б-аас итгэмжлэн хариуцуулж, хөлсөөр маллуулж байсан үхэр сүргээс 3 тооны бярууг 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Б.Д-д 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр зарж борлуулан, завшиж Т.Б-т 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Т.Б-ын “...2022 оны 01 сарын 10-даар санаж байна. Өмнөдэлгэр сум руу 2 малчин дээрээ болон мал дээрээ очиход манай малчин Б нь 3-н бяруу алдсан эрж хайгаад олдохгүй байгаа гэж ярьж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн үү гэж хэлэхэд үгүй таныг ирэхээр болъё гээд хэлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж гомдол гаргасан. Сартай хар бяруу, эрээн нүүртэй бяруу, улаан зүсмийн духан дээрээ сартай зэрэг тугалан гурван ширхэг бяруу алдсан. ...Би анхнаасаа л Б-д малаа маллуулахаар тохиролцож амаар гэрээ хэлцэл хийсэн. Ц.Н бол эхнэр нь байгаа юм. Ц.Н-тай бол гэрээ хэлцэл хийгээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ө.Б нь эхнэртэйгээ миний 3 үхрийг авчихсан байсан...” гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Б.Д-гийн “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр санаж байна. Б гэх манайхтай ойр саахалт айл байсан ах миний утас руу залгаад танайх бяруу худалдаж авах уу гэж асуусан, тэгэхээр нь би нөхөр болох Л овогтой Г-д дохиогоор хэлээд авахаар болоод нөхрийн хамт өөрсдийнхөө автомашин болох Бонго-3 маркийн 41-75 ХЭҮ улсын дугаартай автомашинаар Б-д очоод гурван ширхэг тугалан бярууг ширхгийн 700,000, нөгөө бярууг 300,000 тохиролцож худалдаж аваад мөнгийг нь бэлэн өгөөд тэгээд бяруунуудаа ачаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай гэмт хэрэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэжээ.
Шүүгдэгч Ө.Б-ын бусдын итгэмжлэн хариуцуулсан малаас гурван тооны бярууг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож ашигласан үйлдэл нь гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг, хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул энэ талаарх прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокуророос шүүгдэгч Ц.Н-ыг нөхөр Ө.Б-ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу үхэр сүргээс 3 тооны бярууг Г.Д-д зарж, борлуулан завшиж олсон мөнгө болох 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 300.000 мянган төгрөгийг "Хаан банкны" 5951099386 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Н-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэж буруутгаж, энэ нь хохирогч Т.Б-ын мэдүүлэг, гэрч Б.Д-гийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзжээ.
Аливаа этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэргийг бодитой үйлдсэн байх явдал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр үйлдэгдэнэ. Тэгвэл шүүгдэгч Ц.Н нь энэхүү гэмт хэрэгт хандсан сэтгэхүйн хандлага буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл нөхөр Ө.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө болох 1,000,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг дансаараа авснаар хууль бус эх үүсвэрийг хэрхэн нуун далдалсан, нийгэмд ямар хор аюул учруулсан, тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг яаж хангаж байгаа зэргийг нотолж чадаагүй байна. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд зарим нотлох баримтыг нэрлэн дурдсан боловч энэ нь гэмт хэргийн объектив, субъектив шинжүүдтэй хэрхэн, яаж уялдаж байгаа, шалтгаант холбоо зэргийг тогтоогоогүй тул шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах боломжгүй байна.
Мөн шүүгдэгч Ц.Н-ын шүүх хуралдаанд өгсөн “Миний дансаар цалин мөнгө ордог. Миний карт манай нөхөрт явдаг. Би гэртээ малаа хараад үлддэг. Тухайн үед 300,000 төгрөг орж ирснийг мэдээгүй. Сүүлд мэдээд асуухад ийм учиртай гэж хэлсэн. Сүүлд бяруугаа авах гэж байхад нь мэдсэн” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Д-гийн “300,000 төгрөгийг эхнэр, нөхөр хоёрын нэгнийх нь данс руу хийсэн хэний данс гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Т.Б, иргэний нэхэмжлэгч Б.Д нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Ө.Б-ыг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ө.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Ө.Б-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч нь эхнэрийн хамт хохирогч Т.Б-ын малыг маллаж амьжиргаагаа залгуулдаг тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан уг торгох ялыг 6 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР