Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 016

 

    К.Г-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Г-т холбогдох эрүүгийн 1913001580098 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, аймгийн Ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч К.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, ам бүл-7, хадам эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, урьд аймгийн Биеийн тамир спортын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, К.Г нь хуурамч диплом ашиглан хууль бус орлого олсон буюу хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолоор: “1. Шүүгдэгч К.Г-ыг “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Г-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “Шүүгдэгч К.Г миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/104 тоот шийтгэх тогтоол нь “Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр давж заалдаж гомдол гаргаж байна. Үүнд:

 

1. К.Г миний бие 2007 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөж “Эдийн засагч” мэргэжил эзэмшсэн гэх №0200715407 дугаартай хуурамч дипломыг найз К.Е-т 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг өгч худалдаж авсан бөгөөд, тухайн сургуулийг суралцаж төгсөөгүй. Уг хуурамч дипломыг ашиглаж Баян-Өлгий аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 жил 3 сар 15 хоног тасралтгүй ажиллаж нотлох баримтаар тогтоогдсон 40,765,976 /дөчин сая долоон зуун жаран таван мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийн цалин хөлс авсан. К.Г миний бие 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “ажилд томилох тухай” 36 тоот тушаалаар ажилд томилогдоход хуурамч диплом ашигласан гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.

 

2. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргах талаар:

 

а/ К.Г миний бие Монгол Улсын Их сургуулийг 2007 онд төгссөн гэх №0200715407 дугаартай хуурамч дипломыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ашиглаж, Баян-Өлгий аймгийн Соёл, Спорт аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 36 тоот тушаал гаргуулахад ганц удаа ашиглаж, ажилд томилогдсон бөгөөд энэ нь гэрч Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга X.Х-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, “Ажилд томилох тухай” 36 тоот тушаалын хуулбар, шүүгдэгч К.Г миний яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр батлагдаж байна. Энэ нь К.Г намайг №020071547 тоот хуурамч дипломыг 2013 оны 12 дугаар сарын 03-нд зөвхөн “ажилд томилогдох” мөчид ашигласан үйлдлийг нотлох бөгөөд тухайн үед Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг “бүрдэл төгссөн” гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч К.Г намайг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 36 тоот тушаал гарснаас 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 тоот тушаал гарах хүртэл “үргэлжилсэн үйлдлээр” гэмт хэрэг үйлдсэн, К.Г миний хуурамч диплом “ашиглах” гэмт хэрэг 2019 оны 3 дугаар сарын 15-ыг хүртэл “үргэлжилсэн” хэмээн дүгнэсэн нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” хэмээн үзэж гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Гэтэл К.Г миний хувьд №0200715407 тоот хуурамч дипломыг анх 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 36 тоот тушаал гаргах мөчид ганц удаа ашигласан гэмт үйлдэл хийсэн тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох” шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн 104 тоот шийтгэх тогтоолд “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж гомдол гаргаж байна.

 

б/ Шүүгдэгч К.Г миний хувьд хуурамч диплом ашиглаж, ажилд томилогдсон болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 36 тоот тушаал ёсоор ажилд томилогдсон тухайн үед үйлдэгдэж дууссан тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгох ёстой.

 

в/ Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж “давж заалдах гомдол” гаргаж байна. К.Г миний холбогдож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн хуулийн зохицуулалтад “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг” хураах, албадан гаргуулах талаар тусгай ангид огт заагаагүй тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол Улсад энэ хуулийн “тусгай ангид заасан” нөхцөлд хурааж албадан гаргуулах талаар хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж цалин хөлс болох 40.765.946 төгрөг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй'' гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна.

 

г/ К.Г миний 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд тохирсон цалин хөлс авсан явдлыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого хэмээн үзэж албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. К.Г би Биеийн тамир спортын газарт нягтлан бодогчоор ажилласан хугацаанд ажлын алдаа дутагдал гаргаагүй, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, жил бүр Төрийн аудитаас зөрчилгүй гэсэн дүгнэлтээр ажилласан, тухайн байгууллагын Санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийг хуулийн хүрээнд хөтөлж жил бүр ажлыг “хангалттай” гэж дүгнүүлж байсан. Гэтэл миний энэ хугацаанд ажилласан хөдөлмөр, бүтээл гэмт хэргийн үйлдэл болж, миний хөдөлмөрлөж олсон цалин хөлс гэмт хэргийн орлого болж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй байна.

 

д/ Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасанчлан К.Г би 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 5 жил 3 сар 15 хоног Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогчийн албан тушаалыг гүйцэтгэж, оюун ухаан, биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон “цалин хөлс”-ийг Хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр авсан тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэхгүй байна. 2013 онд анх ажилд ороход 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан тул уг хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн холбогдох заалтаар К.Г надад холбогдох хэргийг зүйлчлэн ангилж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “хэрэгсэхгүй болгох” журамтай гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж, шүүгдэгч К.Г-аас 40,765,946 /дөчин сая долоон зуун жаран таван мянган есөн зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр К.Г-т холбогдох эрүүгийн 1913001580098 дугаартай, 1 хавтаст хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Цагдаагийн байгууллага 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “К.Г нь Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогчоор ажилд орох үед бакалаврын хуурамч диплом ашигласан” гэх мэдээллийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор “Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн К.Г нь 2007 онд дээд сургууль төгссөн гэх хуурамч бакалаврын дипломыг ашиглан 2013 онд Биеийн тамир, спортын газарт ажилд орсон” гэсэн үндэслэлээр 191300158 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. 

 

            Энэхүү үйл баримт нь гэрч Х.Х-ын Миний бие 2013 онд аймгийн БТСГ-ын даргаар ажиллаж байх үед иргэн К.Г-ыг тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд анх томилж байсан болно. Тэр үед иргэн К.Г надад МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын бакалаврын диплом авч ирж үзүүлэн ажилд орж байсан. гэх,

 

- Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3019 дугаартай “Иргэн К.Г нь Монгол Улсын Их сургуулийг 2007 онд төгссөн мэдээлэл байхгүй байгаа тул төгссөн сургуулиас нь лавлана уу” гэх албан бичиг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

- Монгол Улсын Их сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1060 дугаартай “Иргэн К овогтой Г нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2007 онд эдийн засагч мэргэжлээр төгсөөгүй болохыг тодорхойлж байна. Жич: 0200715407 дугаартай диплом олгогдоогүй болно” гэх албан бичиг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

- К овогтой Г Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөж “эдийн засагч" мэргэжил эзэмшсэн гэх №0200715407 дугаартай хуурамч диплом болон уг дипломын хавсралтын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

- К.Г-ын төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

- К.Г-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /24-25 дугаар хуудас/,

- К.Г-аас Баян-Өлгий аймгийн Соёл, Спорт, аялал жуулчлалын газарт ажилд томилуулахаар гаргаж байсан хүсэлтүүд /хх-ийн 26-27, 30 дугаар хуудас/,

- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

 

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас гаргуулан авсан тус аймгийн Соёл, Спорт, аялал жуулчлалын газрын дарга Х.Х-ын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай К.Г-ыг мөн өдрөөс эхэлж тус байгууллагын нягтлан бодогчоор түр томилсон тушаалын хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас гаргуулан авсан тус аймгийн Соёл, Спорт, аялал жуулчлалын газрын дарга Х.Х-ын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай К.Г-ыг мөн өдрөөс эхэлж  тус байгууллагын нягтлан бодогчоор бүр орон тоонд авч ажиллуулахаар томилсон тушаалын хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

- Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Х-ын “К.Г-ыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас түр чөлөөлж, нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон тухай” 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 6/04 дугаартай тушаал /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

- К.Г 2013-2019 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа /хх-ийн 46-50 дугаар хуудас/,

 

- Аймгийн Биеийн тамир, спортын газраас гаргуулан авсан К.Г-ын 2013 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд авсан цалингийн тодорхойлолтын дэлгэрэнгүй мэдээлэл, уг мэдээллийг үндэслэн нийт авсан цалингийн тооцоог он, оноор нь нэгтгэж гаргасан мөрдөгчийн тэмдэглэл, хүснэгт /хх-ийн 116-124 дүгээр хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...К.Г хуурамч диплом ашиглан ажилд орсон тухай би мэдээгүй байсан, сүүлийн үед цагдаагийн байгууллагад шалгагдах явцад сонсож мэдсэн. ...К.Г-аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...манай байгууллагын зүгээс К.Г-ын гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус хангалттай тогтоогдсон байна.

           

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.Г-ыг 2007 онд дээд сургууль төгссөн гэх хуурамч бакалаврын дипломыг ашиглан 2013 онд Биеийн тамир, спортын газарт ажилд орсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар К.Г нь хуурамч бичиг баримт ашигласан үйлдэл нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдсон байна.

           

Учир нь: шүүгдэгчийн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн цаг хугацааг Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөж “эдийн засагч” мэргэжил эзэмшсэн гэх №0200715407 дугаартай хуурамч дипломыг ашиглан 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогчоор томилогдон ажилласнаар төгссөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар  шүүгдэгч К.Г 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогчоор анх ажилд орохдоо бакалаврын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан үйлдэл нь тогтоогдсон боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэжээ.

 

Шүүгдэгч К.Г-ын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуурамч бичиг баримт ашиглах гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1.-т зааснаар зүйлчлэхээр байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул К.Г-ын хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч К.Г нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт нягтлан бодогчоор ажилд орохдоо Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгссөн гэх №0200715407 дугаартай хуурамч дипломыг ашигласан гэмт хэрэг үйлдсэн, харин энэхүү үйлдэл нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр илэрсэн боловч Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй  төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчийн хуурамч баримт бичиг ашиглаж ажилд орсон 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг байгууллагаас цалин хөлс авч, үргэлжлүүлэн ажилласан хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт үйлдэл төгссөн үе гэж тооцох үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч К.Г нь дээд боловсрол эзэмшсэн гэх хуурамч дипломыг ашиглаж 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар нягтлан бодогчоор ажилд орсноор түүний гэмт үйлдэл төгссөн бөгөөд энэхүү гэмт үйлдлийг нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул тухайн гэмт хэргийг илрүүлэх хүртэлх хугацааг К.Г-ын гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулахгүй. Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинж нь хуурамч баримт бичиг ашигласнаар төгс үлдэгдсэнд тооцогддог бөгөөд заавал бодитой хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой. К.Г нь хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдэж, ажилд томилогдсон нь тогтоогдсон боловч түүний тухайн албан тушаалд ажиллаж, хөдөлмөрлөсний хөлсийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч К.Г нь ажилд орохын тулд хуурамч болохыг нь мэдсээр байж  2013 онд хуурамч диплом ашигласан нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан К.Г-т холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан К.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5.-дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД

                                                                        Д.КӨБЕШ

 

 

                                                                                                Д.МӨНХӨӨ