Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 109/2024/0022/З |
Дугаар | 221/МА2024/0677 |
Огноо | 2024-10-23 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2024/0677
Н.Ч-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 109/2024/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ч-аас “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн 31.2.5, 31.2.9 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ч-аас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... анхан шатны шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 17 минутад татварын өр төлбөрийг төлж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тодорхойлолт авч Архангай аймгийн А намаас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр татварын өр төлбөрийг төлсөн талаар мэдэгдэж, холбогдох тодорхойлолтыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна...” гэсэн мөн “...Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг Доор дурдсан этгээд хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.6-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч”, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй байна...” гэсэн нь дутагдалтай дүгнэлт юм.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дэх хэсэгт “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” гэж тус тус зааж өгсөн байдаг билээ.
Дээрх зохицуулалтууд нь эрх зүйн хамгаалалт хүсэж буй нэхэмжлэгчийн эрх ашиг нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд чухал ач холбогдолтой юм.
Иймд анхан шатны шүүх нь шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бодит дүгнэлт өгөх, хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн няцааж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай билээ. Гэтэл дээрх нөхцөл байдлуудыг тогтоож чадалгүйгээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн дэвшүүлж болно...” гэж хуульчилж өгсөн. Мөн хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нөхөн нэр дэвшигчийн зөрчлийг арилгах хугацааг заж өгөөгүй байна.
Монгол Улс 1992 онд Шинэ Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд шилжин орсон. Ардчиллын гол зарчмуудын нэг нь “Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрөх”-д оршдог.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шаардагдах баримт бичгүүдийг Архангай аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлж, зөрчлөө 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр арилгасан байхад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зөрчил арилсан эсэхийг нягтал үзэлгүй “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус үйлдэл юм.
Нэгтгэн дүгнэхэд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно...” гэж хуульчилж өгсөн, мөн нөхөн нэр дэвшигчийн зөрчлийг арилгах хугацааг хуульд тодорхой зааж өгөөгүй байхад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байгаа нь нэхэмжлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэхээр байна. Хариуцагчийн зүгээс нэр дэвшигчийн зөрчил арилсан ба нэр дэвшигчээр бүртгүүлэхэд тавигдах баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад няцааж байгаагүй билээ.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Н.Ч-аас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Архангай аймгийн А намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 41 иргэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхээр аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байх ба Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор А намаас нэр дэвшүүлсэн 27 нэр дэвшигчийг бүртгэж, 14 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.3. Үүний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно”, 33.1.1-д “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан” бол нөхөн нэр дэвшүүлж болно гэж заасны дагуу Архангай аймгийн А намаас дээр дурдсан бүртгэхээс татгалзсан, зөрчилтэй байсан нэр дэвшигчдийн зөрчлийг арилгасан баримтын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 3, 7, 11, 12 дугаар тойргуудад 4 нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх нэрсийн жагсаалт холбогдох баримтын хамт хүргүүлсний дотор нэхэмжлэгч Н.Ч багтжээ.
2.4. Улмаар Архангай аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцдаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон аймгийн Татварын газраас холбогдох баримтуудыг шаардахад нэхэмжлэгч Н.Ч нь “Ф э” ХХК болон “Х х” ХХК-иудын 100 хувь үүсгэн байгуулагч, эзэмшигч төдийгүй түүний 100 хувь хувьцаа эзэмшдэг “Ф э” ХХК нь хувь хүний орлогын албан татварын 50 302 616 төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй гэх үйл баримт тогтоогдсон тул Архангай аймгийн Сонгуулийн хорооноос маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй, зөрчилтэй байгаа гэсэн үндэслэлээр А намаас нэр дэвшүүлсэн Н.Ч-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.5. Хэдийгээр нэхэмжлэгчээс “Ф э” ХХК-ийн хугацаа хэтэрсэн татварыг өрийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 19 минутад төлсөн болох нь тогтоогдож байх боловч энэ нь түүнийг нэр дэвшигчээр бүртгэх үндэслэл болохооргүй байна. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө хугацаа хэтэрсэн татварын өр төлбөрөө төлж, зөрчлийг арилгах талаар хуульд тодорхой заасан байхад нэхэмжлэгчээс уг хугацааг хэтрүүлэн төлөлт хийсэн байна.
2.6. Мөн түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж хуульчилсан байхад 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хугацаа хэтрүүлсэн татварын өрийг ийнхүү төлж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр татварыг өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг авч 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн нь уг хуулийн зохицуулалттай нийцэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.7. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Н.Ч нь нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахдаа үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй...” хэмээн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байх төдийгүй хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтуудыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2.5, 32 дугаар зүйлийн 32.1.2, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ч-аас Архангай аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ э.лхагвасүрэн
ШҮҮГЧ т.энхмаа
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН