Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Б.Батбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч Г.Пүрэвжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Пүрэвжавт холбогдох эрүүгийн 201610010206 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 20-нд Говьсүмбэр аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Замын-Үүд сумын 1-р баг, 77-р байрны 01 тоотод оршин суух, Замын-Үүд депод илчит тэрэгний засварчин ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Гансүхийн Пүрэвжав /РД: ЕЙ92022013/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Пүрэвжав нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 116 дугаар байрны баруун талд албан үүргээ гүйцэтгэж явсан Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнхсүлдийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжилж хүч хэрэглэн эсэргүүцэж түүний нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Пүрэвжавын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: “Архи ууж дуусаад Цэндсугар, Отгонболд бид 3 архи авахаар дэлгүүр лүү гарч прокурорын хажуугаар засмал замаар алхаж байтал бидний хойно хөх өнгийн машин ирж зогссон машин дотроос Цэндсугарыг дуудаж уулзсан... цонхоороо Цэндсугарыг алгадчихсан юм тэгэхээр нь Отгонболд бид хоёр машин руу дөхөж очиход Мөнхсүлд байцаагч бууж ирсэн түүний машинд нь жоохон хүүхэд байсан өөр хүн байгаагүй... Мөнхсүлд байцаагч надтай та гурав надтай зодолдох, халзагнах уу гэхээр нь би тийм зүйл байхгүй гээд гараас нь барих гэтэл намайг хавирч газар унагаасан тэгээд босож ирээд яагаад байгаан гэтэл дахин хавирч унагаасан тэр үед нь би газраас босож ирээд нүүрлүү нь нэг удаа цохисон Мөнхсүлдийн хамарнаас жоохон цус гарсан тэгээд л муудалцахаа болиод Мөнхсүлд цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй, ойлгож гэмшиж байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/,

- Хохирогч Ж.Мөнхсүлд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажиллаж байгаад 17 цаг 30 минутаас Алтанхаргана цэцэрлэгээс хүүгээ аваад машинтайгаа явж байтал прокурорын газрын урдуур сэжигтэн Т.Цэндсугар болон түүний найз Отгонболд, Пүрэвжав нар согтуу байдалтай Баярбаатарын гэрээс гараад алхаж байсан урд 2 өдөр нь Отгонболд, Баярбаатар, Цэндсугар нарын ар гэрийн хүмүүстэй утсаар холбогдсон бөгөөд тухайн өдөр Отгонболд, Цэндсугар, Пүрэвжав нарыг сургуулийн ойн баяр тэмдэглээд явж байгаа холбоо барих утас байхгүй гэж байсан. Цэндсугарыг нэрээр нь дуудаад мөрдөн байцаалтанд ирэхгүй байгаа талаар нь тодруулж асуухад Отгонболд, Пүрэвжав 2 надруу басамжилсан байдалтай хараад байхаар нь та хоёр хэрэг гардаг өдөр байсан биздээ яагаад ирэхгүй байгаа юм бэ гэхэд Отгонболд би өчигдөр дуудахаар чинь Замын-Үүд суманд ирсэн ой төрсөн өдөр давхцаад 2 өдөр очиж чадалгүй архи уучихлаа маргааш Сайншанд сумруу буцна гэхээр нь за тэгвэл одоо ажил дээр хүрээд  ир гэж хэлсэн. Тухайн үед Цэндсугар миний талын хаалга буюу цонхон дээр гараараа тулчихаад ... цагдаа дээр очихгүй гэсэн хандлагатай үл тоосон байдалтай байсан ба хажуунаас нь Пүрэвжав чи миний гэрийг шатахад ингэж шалгаагүй байж зодооны хэрэг болохоор ингээд шалгаад байдаг хэн бэ гээд өдөөн хатгасан зүйл яриад байхаар нь Цэндсугарыг чи архи уухаараа ийм их зантай болчихдог юм уу гээд машинаасаа холдуулах санаатай нүүрлүү нь нэг удаа түлхсэн тэгсэн Пүрэвжав чи миний найзыг цохидог хэн бэ цагдаа гэхээрээ ингэдэг юм уу би цагдаа болчихоод та нарыг зодноо гээд дайрч давшилсан. Тухайн үед хүүхэд маань уйлаад байхаар нь машинаасаа буугаад та нар хүн зүгээр яриад байхад ойлгохгүй байна уу ... хүн өдөж хоргоогоод байдаг гэхэд 3 уулаа чи тэгээд яахын гээд байсан. ...Пүрэвжавыг чи одоо ингэж ярьдаг хэн бэ гээд шилэн хүзүүн дээрээс нь барьтал надруу дайрсан тэгээд би мэх хийж газар унагаасан чинь шууд босож ирээд нүүрлүү цохихоор нь биеээ хамгаалж түүнийг түлхэх маягтай өөрөөсөө холдуултал дахиж нүүрлүү цохиж газар унагаасан дээрээс нэмж цохих гэтэл гудамжинд явж байсан танихгүй залуу Пүрэвжавыг холдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч Т.Цагааннохой мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Тухайн өдөр цагдаагийн хэлтэст жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан 18 цагийн үед мөрдөн байцаагч Мөнхсүлд утсаар холбогдож 116 дугаар байрны гадна талд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Отгонболд, Цэндсугар, Пүрэвжав нарт хууль ёсны шаардлага тавих үед нүүрлүү цохиж гэмтээсэн талаар дуудлага өгсөн дуудлагын дагуу эдгээр хүмүүсийг саатуулан цагдаагийн хэлтэс дээр авчирсан...М.Цэндсугар, Л.Отгонболд, Г.Пүрэвжав нарын ил харагдах гэмтэл шарх, сорви гэхээр зүйл харагдаагүй харин Мөнхсүлдийн хамарнаас цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,

- Гэрч М.Цэндсугар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Архи ууж дууссаны дараа нэмж архи авахаар Пүрэвжав, Отгонболд бид гурав Баярбаатарын гэрээс гарч засмал зам дагуу хойш алхсан миний араас нэг хүн дуудсан эргээд харахад Мөнхсүлд байцаагч машинтайгаа ирчихсэн байхаар нь очоод яасан бэ гэж асуухад миний хацар луу алгадсан тэр үед Пүрэвжав очиж та яагаад манай найзыг алгадаж байгаа юм бэ гэхэд Мөнхсүлд байцаагч машинаасаа бууж ирээд Пүрэвжавыг хавирч унагаасан Пүрэвжав босож ирээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон юм... тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан гэдгийг мэдээгүй гэхдээ бидний холбогдсон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч гэдгийг мэдэж байгаа Мөнхсүлд байцаагчтай Пүрэвжаваас өөр хүн муудаж маргалдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Гэрч Л.Отгонболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Прокурорын урдуур засмал замаар алхаж байтал зам дээр машинтай хүн ирж зогссон эргэж харахад Мөнхсүлд мөрдөн байцаагч байсан тул эргэж очсон юм. Мөнхсүлд байцаагч Пүрэвжав бид хоёрыг өөр дээр нь шалгагдаж байгаа хэрэгт оролцсон уу гэж асуусан бид хоёр хамт байсан гэж хэлсэн. ... цагдаа дээр очиж өнөөдөр байцаалт өгчих гэж хэлсэн тэгэхээр нь Цэндсугар бид хоёр баяр болоод архи уучихсан байна дараа өгчихөж болохгүй юу гэж асуусан Цэндсугар түүний машин руу дөхөж очоод машины цонхон дээр нь гараа тавьчихаад түүнийг өдсөн маягтай яриад байсан. Мөнхсүлд байцаагч чи цагдаагийн байгууллагад шалгагдаж байж архи ууж болохгүй гээд зөөлхөн алгадсан юм. Түүний дараа Мөнхсүлд машинаасаа бууж ирсэн бөгөөд яг тэр үед Пүрэвжав түүнрүү ирж болилдоо яагаад байгаа юм бэ гэж хэлж байсан. ...би бага зэрэг холдоод утсаар ярьчихаад иртэл Мөнхсүлд Пүрэвжавыг газарт унагаачихсан байсан Пүрэвжав босож ирээд Мөнхсүлдийг хамарлуу нь цохиод цус гаргачихсан тэгээд л хоорондоо зууралдаад газарт унаж ноцолдоод байсан. Тэр үед нь гудамжаар явж байсан нэг ах ирээд салгасан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-27/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 390 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Мөнхсүлдийн биед уруулын дотор талд язарсан шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруу болон дээд уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлүүд нийлээд“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 44/,

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/,

- Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, саатуулах байр, консул, авто болон явган эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо /хх-ийн 79/,

- Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 60-61/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СD-г шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Пүрэвжавыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 116 дугаар байрны баруун талд албан үүргээ гүйцэтгэж явсан Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнхсүлдийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжилж хүч хэрэглэн эсэргүүцэж түүний нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.    

Шүүгдэгч Г.Пүрэвжав нь хохирогч Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнхсүлдийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжилон, хүч хэрэглэн зодож улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Ж.Мөнхсүлдийн  “...сэжигтэн Т.Цэндсугар болон түүний найз Отгонболд, Пүрэвжав нар согтуу байдалтай Баярбаатарын гэрээс гараад алхаж байсан. ...Цэндсугарыг нэрээр нь дуудаад мөрдөн байцаалтанд ирэхгүй байгаа талаар нь тодруулж асуухад Отгонболд, Пүрэвжав 2 надруу басамжилсан байдалтай хараад байхаар нь та хоёр хэрэг гардаг өдөр байсан биздээ яагаад ирэхгүй байгаа юм бэ гэхэд Отгонболд би өчигдөр дуудахаар чинь Замын-Үүд суманд ирсэн ой төрсөн өдөр давхцаад 2 өдөр очиж чадалгүй архи уучихлаа маргааш Сайншанд сумруу буцна гэхээр нь за тэгвэл одоо ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. ... Пүрэвжавыг чи одоо ингэж ярьдаг хэн бэ гээд шилэн хүзүүн дээрээс нь барьтал надруу дайрсан тэгээд би мэх хийж газар унагаасан чинь шууд босож ирээд нүүрлүү цохихоор нь биеээ хамгаалж түүнийг түлхэх маягтай өөрөөсөө холдуултал дахиж нүүрлүү цохиж газар унагаасан дээрээс нэмж цохих гэтэл гудамжинд явж байсан танихгүй залуу Пүрэвжавыг холдуулсан” гэсэн мэдүүлэг,  гэрч Т.Цагааннохойн “...Тухайн өдөр цагдаагийн хэлтэст жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан 18 цагийн үед мөрдөн байцаагч Мөнхсүлд утсаар холбогдож 116 дугаар байрны гадна талд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Отгонболд, Цэндсугар, Пүрэвжав нарт хууль ёсны шаардлага тавих үед нүүрлүү цохиж гэмтээсэн талаар дуудлага өгсөн дуудлагын дагуу эдгээр хүмүүсийг саатуулан цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Цэндсугар “...Архи ууж дууссаны дараа нэмж архи авахаар Пүрэвжав, Отгонболд бид гурав Баярбаатарын гэрээс гарч засмал зам дагуу хойш алхсан миний араас нэг хүн дуудсан эргээд харахад Мөнхсүлд байцаагч машинтайгаа ирчихсэн байхаар нь очоод яасан бэ гэж асуухад миний хацар луу алгадсан тэр үед Пүрэвжав очиж та яагаад манай найзыг алгадаж байгаа юм бэ гэхэд Мөнхсүлд байцаагч машинаасаа бууж ирээд Пүрэвжавыг хавирч унагаасан Пүрэвжав босож ирээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон юм... тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан гэдгийг мэдээгүй гэхдээ бидний холбогдсон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч гэдгийг мэдэж байгаа ...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Отгонболдын “...Прокурорын урдуур засмал замаар алхаж байтал зам дээр машинтай хүн ирж зогссон эргэж харахад Мөнхсүлд мөрдөн байцаагч байсан тул эргэж очсон юм. Мөнхсүлд байцаагч Пүрэвжав бид хоёрыг өөр дээр нь шалгагдаж байгаа хэрэгт оролцсон уу гэж асуусан бид хоёр хамт байсан гэж хэлсэн. ... цагдаа дээр очиж өнөөдөр байцаалт өгчих гэж хэлсэн ... Цэндсугар түүний машин руу дөхөж очоод машины цонхон дээр нь гараа тавьчихаад түүнийг өдсөн маягтай яриад байсан. Мөнхсүлд байцаагч чи цагдаагийн байгууллагад шалгагдаж байж архи ууж болохгүй гээд зөөлхөн алгадсан юм. ... Мөнхсүлд Пүрэвжавыг газарт унагаачихсан байсан Пүрэвжав босож ирээд Мөнхсүлдийг хамарлуу нь цохиод цус гаргачихсан тэгээд л хоорондоо зууралдаад газарт унаж ноцолдоод байсан. Тэр үед нь гудамжаар явж байсан нэг ах ирээд салгасан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 390 дугаар шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Пүрэвжавыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Пүрэвжавд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Пүрэвжав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Г.Пүрэвжавын Wbgo маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, Jaw маркийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн байх ба уг арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон гэж үзэж тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Пүрэвжавыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Пүрэвжавт 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Пүрэвжавт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Пүрэвжав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т  зааснаар шүүгдэгч Г.Пүрэвжавт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Пүрэвжавын Wbgo маркийн 2 хаалгатай хөргөгч, Jaw маркийн 32 инчийн зурагт зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пүрэвжавт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ