| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 124/2017/0006/з |
| Дугаар | 190 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 190
Ч.Сундуйжавын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ч.Сундуйжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч П.Дашдорж, гуравдагч этгээд С.Дашдэмбэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0152 дугаар магадлалтай, Ч.Сундуйжавын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Сундуйжавын “Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудын С.Дашдэмбэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.Дашдэмбэрэлийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0152 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 11.9, 111 дүгээр зүйлийн 111.4, 113 дугаар зүйлийн 113.3, 113.6, 158 дугаар зүйлийн 158.12, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 160 дугаар зүйлийн 160.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ч.Сундуйжавын Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 01 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудын С.Дашдэмбэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Дашдэмбэрэлийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахыг Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хороонд даалгаж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захирганы хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0152 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч С.Дашдэмбэрэл нь МАН-аас сумын ИТХ-ын сонгуульд оролцохдоо 24 нас 11 сар 16 хоногтой байсан нь үнэн боловч иргэдийн итгэл хүлээн сонгогдоод анхдугаар хуралдаан болж бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөх үедээ 25 нас хүрсэн байсан.
Өөрөөр хэлбэл, 25 насанд хүрээгүй байхдаа сонгогдсон боловч ямар нэг үр дагавар бүхий эрхийн актанд гарын үсэг зураагүй, шийдвэр гаргаагүй болно. Хууль тогтоогч нь сонгогдох насны доод хязгаарыг 25 нас гэж тогтоосон нь хувь хүний төлөвшил, шийдвэр гаргах чадвар хөгжих, олон нийтийн дунд нэр хүнд олох зэрэг олон зүйлийг харсан байх, хэдийгээр өнгөн талаас нь харахад 25 насанд хүрээгүй байхдаа сонгогдсон нь хууль зөрчсөн мэт харагдаж байгаа боловч үүнээс үүдэн гарсан бодит гэм хор байхгүй бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж сумын ИТХ-ийн даргаар сонгогдохдоо хуулийн шаардлага хангасан байсан.
Нөгөө талаас харвал С.Дашдэмбэрэлийг нэр дэвшүүлсэн намын хорооны хурлын шийдвэрт нэхэмжлэгч Сундуйжав нь өөрөө гарын үсэг зурсан мөн нэр дэвшигчдийн материалыг бүрдүүлэхэд оролцсон зэргээс харахад Сундуйжав нь С.Дашдэмбэрэлийг насанд хүрээгүй гэдгийг мэдсэн атлаа улс төрийн ашиг хонжоо олох үүднээс нуун дарагдуулж байгаад өөрөө даргын сонгуульд ялагдмагц гаргаж ирж байна гэж хардах үндэс байна.
С.Дашдэмбэрэл нь төрийн байгууллага болох сонгуулийн хорооны шийдвэрт итгэн сонгуульд өрсөлдөж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулж ялалт байгуулсан хэрэв сонгуулийн хороо бүртгэж аваагүй бол өнөөдрийн байдалд хүрэхгүй байсан.
Өөрөөр хэлбэл, төрийн буруутай үйлдэлээс болж иргэн хүн хохирох ёсгүй юм. Мөн хуулийн нэг заалтаар шударга ёсыг зөрчиж болохгүй бөгөөд шударга өрсөлдөөнд ялагдсан этгээдэд улс төрийн ашиг хонжоо олох боломжийг шүүх олгож болохгүй иргэн хүн шүүхэд хандахдаа шударга ёсыг ирж ханддаг шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэл төгс байдаг.
Хэрэв С.Дашдэмбэрэлийг хууль зөрчсөн гээд ажил албан тушаалаас нь огцруулахад хүрвэл дөнгөж амьдралд хөл тавьж анхны албан тушаалаа аваад байгаа энэ залууд хэт хатуудсан шийдвэр болж сум орондоо амьдрах боломжгүй болох болно. Энэ шийдвэрээс хохирч байгаа өөр нэг тал нь сонгогчид юм. Тухайн тойрогт өрсөлдсөн 8 нэр дэвшигчээс хамгийн их итгэл хүлээсэн, хамгийн их санал авсан хүн нь Дашдэмбэрэл. Жирийн сонгогчийн хувьд эрх бүхий байгууллагаас мандатаа авсан бол нас нь хэд байх төдийлөн сонин биш биднийг төлөөлж чадна, зөв шударга, төлөв төвшин өсөж яваа залуу гэдэг талаас нь харж сонголтоо хийж байгаа гэтэл тухайн багт амьдардаггүй /багийн сонгогч биш/, хамт өрсөлдөөгүй хүний гомдлоор жирийн сонгогчдын эрх ашигт халдаж байгаа нь харамсалтай юм.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа “сонгуулийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас нэр дэвшигчээр бүртгэгдэх эрхгүй этгээд нэр дэвшигчээр бүртгэгдэж, төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хурлын даргад нэр дэвшин өрсөлдсөн нь Сундуйжавын сонгогдох эрхэд нөлөөлөөгүй гэж үзэх боломжгүй тул” гэж дүгнэсэн нь шүүх таамаглалд үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэс байна.
Мөн нэхэмжлэгч нь нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж, дахин сонгууль явуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэжээ гэтэл анхдугаар хуралдаан, түүнээс гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахгүйгээр С.Дашдэмбэрэлийг ИТХ-ийн даргаас өөрчлөх боломжгүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн гаргасан алдаа нь санаатай биш бөгөөд уг алдааны улмаас хэн нэгний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бодит хохирол, гэм хор учирсан зүйлгүй хэлбэрийн төдий алдаа бөгөөд цаг хугацааны хувьд энэ алдаа нь нэгэнт засагдсан байна.
Мөн нэг тойрогт хамт өрсөлдсөн өрсөлдөгч нарын зүгээс болон ялагдсан АН-ын зүгээс ямар нэг гомдол гараагүй байхад нэг намын ахмад гишүүн болох Сундуйжав нь миний ИТХ-ийн даргаар сонгогдох эрхэнд халдсан гэж гомдол гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Наранбулаг сумын ИТХ-ийн анхдугаар хуралдааны тэмдэглэлээс харахад хурлын даргад нэр дэвшин өрсөлдөх явцад хууль зөрчигдсөн ямар нэг зөрчил гараагүй нь харагдаж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Үндсэн хуулийн үзэл санаа болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдалтай тохироогүй дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Сундуйжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас Ч.Сундуйжавыг 1 дүгээр тойрогт, С.Дашдэмбэрэлийг 3 дугаар тойрогт тус тус нэр дэвшүүлснийг Увс аймгийн Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “нэр дэвшигч”-ээр бүртгэсэн, нэр дэвшигч Ч.Сундуйжав, С.Дашдэмбэрэл нар нь тус тусын тойрогт хамгийн олон санал авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоныг мөн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор “... нэрсийг ... баталж, түр үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх...”-ээр шийдвэрлэжээ.
Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойргоос ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ч.Сундуйжав нь “...С.Дашдэмбэрэлийг /3 дугаар тойрогт/ нэр дэвшигчээр бүртгэсэн болон ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож баталгаажуулсан нь хууль бус” гэж маргасан, “Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолуудын С.Дашдэмбэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай” нэхэмжлэл шүүхэд гаргасан үндэслэлээ “...С.Дашдэмбэрэл нь санал хураах өдөр 25 нас хүрээгүй байсан” гэжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн гуравдагч этгээд С.Дашдэмбэрэл нь сонгуулийн санал хураах өдөр 24 нас 11 сар, 16 хоногтой байсан, энэ нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “хорин таван нас хүрсэн ... иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй”, 11.9-д “энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн, эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно” гэж заасантай нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Гэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдлыг шүүх заавал шалган тогтоох ёстой.
Энэ агуулгын хүрээнд, маргаан бүхий Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 1, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудаар тус сумын сонгуулийн 3 дугаар тойрогт С.Дашдэмбэрэлийг нэр дэвшигчээр бүртгэсэн, сонгогдсонд тооцсон нь сонгуулийн 1 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдэж, сонгогдсонд тооцогдсон нэхэмжлэгч Ч.Сундуйжавын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, уг тогтоолуудыг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөндөгдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь тодорхой байх шаардлагатай юм.
Нэхэмжлэгчээс өөрийн зөрчигдсөн гэх эрхийн талаар “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын сонгуульд надтай өрсөлдөж, нэг саналын илүүгээр хууль бусаар ИТХ-ын даргаар сонгогдсон ... нь миний эрхийг зөрчсөн” гэх тайлбарыг шүүхэд гаргасан, Ч.Сундуйжавын “ИТХ-ын даргаар сонгогдох эрх” нь маргаан бүхий сумын Сонгуулийн хорооны “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай”, “Сонгуулийн дүн батлах тухай” тогтоолуудын улмаас зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхдээ Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4-т “сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд ... шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах эрхтэй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “... бүртгэгдэх эрхгүй этгээд ... бүртгэгдэж, төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хурлын даргад нэр дэвшин өрсөлдсөн нь ... нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэх /үндэслэлгүй/” гэж буруу дүгнэлт хийжээ.
Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4 дэх заалт нь аливаа этгээдээс өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан материаллаг хэм хэмжээ бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны үйл баримтуудад холбогдуулж, “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх”-д дүгнэлт хийхгүй орхих, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, сонгогчийн санал авах, санал тоолох, сонгуулийн үр дүнг баталгаажуулах, тэдгээртэй холбогдон эрх зүйн харилцаа нь Сонгуулийн тухай хууль тогтоомжоор, харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эрх зүйн байдал, түүнийг сонгохтой холбоотой харилцаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдах өөр тусдаа эрх зүйн харилцаа байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаараагүй нь буруу, “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдох эрх зөрчигдсөн” гэх гомдлоор гуравдагч этгээд С.Дашдэмбэрэлийг нэр дэвшигчээр бүртгэсэн болон Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож баталгаажуулсан Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 1, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” 06 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Захиргааны хэргийн шүүх захиргааны актын “хууль зөрчсөн” эсэхэд дүгнэлт өгөхөөс гадна нэхэмжлэгчийн “субьектив эрхийн зөрчил” нь уг актын шууд үр дагавар болсон эсэхэд хамтад нь дүгнэлт хийх учиртай, гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “...С.Дашдэмбэрэлийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг хөндөж буй нь тодорхойгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0152 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд С.Дашдэмбэрэлээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА