Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0503

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0503

Улаанбаатар хот

 

Иргэн Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Н.Ариунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, 26.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр “Н.Ариунааг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгон, Н.Ариунааг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Ариунаагийн ажлаас халагдсан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 5224896 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Иргэн Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан эрхийн хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Н.Ариунаагийн нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримтыг хангалттай бүрдүүлэн өгч, шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн  тайлбарыг хангалттай хийсэн боловч шүүгч захиргааны хэргийн нотлох баримтуудыг дутуу үнэлж, хуулийг буруу хэрэглэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаал илт хууль бус гэж үзэн Н.Ариунаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

2. Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудсанд шүүгч “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, 40 дүгээр зүйлийн 40.3 дугаар зүйлийг баримтлан” гэж дүгнэсэн байгаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дугаар тушаалд үндэслээгүй зохицуулалт нэмсэн төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 гэсэн заалт Төрийн албаны тухай хуульд байхгүй зохицуулалтыг шүүгч нэмж оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

3. Анхан шатны шүүх “Ариунааг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зөрчсөн болохыг хангалттай тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Н.Ариунааг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зөрчсөнийг доорхи баримт нотолж байна. Үүнд:

а/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн асуудал эрхэлсэн, зөвлөлийн  2015 оны  10 дугаар сарын 10-ны өдрийн  хурлаас гаргасан шийдвэр 8/2002 тоот дүгнэлт,

б/ Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Гомдол шийдвэрлэх тухай” 28 дугаар тогтоол,

в/ Нийгмийн даатгалын ерөнхий газраас байгуулагдсан ажлын хэсгийн санал,

г/ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас хийсэн аудитын шалгалтын дүгнэлт, зөвлөмж,

д/ Н.Ариунаад үүрэг даалгавар өгсөн ННДГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах тухай” Б/75 дугаар тушаал, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/384 тоот албан бичиг,

е/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/2389 тоот албан бичиг;

ё/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 153 тоот албан бичиг,

ж/ Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Маргаан хянан шалгах комиссын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр зэрэг болно. Гэтэл Н.Ариунааг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдсон байгааг шүүгч анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Шүүгч шийдвэртээ “...хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг гаргахдаа үндэслэлээ дурдаагүйн дээр тухайн зөрчлийн шинж  байдал, зөрчлийг анх  буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах тухай хуульд заасан зохицуулалтыг харгалзаж үзээгүй” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалд “Ёс зүйн  зөрчил  гаргасан” гэж тодорхой дурдсан байгааг анхааран үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

5. Шүүхийн шийдвэрт “...Н.Ариунаа нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн  Б/72  дугаар  тушаалаар  өмнө  гаргасан,  албан  хаагчдыг сэлгүүлэн  ажиллуулах  тухай   Б/66  дугаар  тушаалыг хүчингүй  болгосон, түүнчлэн ажлын байран  дээр  дарамт  шахалт  үзүүлсэн нь хангалттай нотлогдохгүй байхад  Н.Ариунааг “ёс зүйн зөрчил гаргасан”   дүгнэж шийдвэрлэсэн нь буруу” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дарамт шахалт үзүүлсэн талаарх ажилчдын гаргасан гомдол, хэлтсийн хамт олны хурал дээр Н.Ариунаа нь  ажилчдаа загнаж, дарамталж байгаа тухай бичлэг зэргээр нотолсон байхад хурлын явцад бичлэгийг сонсоход шүүгч хэтэрхий их хугацаа шаардана гэж төвөгшөөж сонсоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

6. Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгож зөрчлөө арилгасан байхад энэ үйлдлийг түүний ёс зүйтэй холбож дүгнэсэн нь үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ажилчдыг дарамт шахалт үзүүлдэг, ёс зүйгүй аашилдаг тухайд ажилчдын гаргасан гомдол, иргэн Мөнх-Одын гомдол, Нийгмийн даатгалын ерөнхий  газрын дэргэдэх Ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцсон ажилчдын тайлбар болон Чингэлтэй дүүргийн хамт олны хурлын бичлэг зэргээр тогтоогдсон байхад зөвхөн Н.Ариунаа гаргасан тушаалаа залруулж, зөрчлөө арилгасан учраас ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үндэслэлгүй дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

7. Шүүхийн шийдвэрт “хариуцагч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/384 дүгээр албан бичгээр “үүрэг өгсөн боловч хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлийг дахин дурдаж Н.Ариунаад сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан байгааг хариуцагч тушаал гаргахдаа харгалзаж үзээгүй байна” гэсэн нь эрх зүйн үндэслэлгүй ойлгомжгүй хууль бус шаардлага бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д “...нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар  нэгжтэй  зөвшилцөн  тус тус томилж,  чөлөөлнө” гэсэн  заалтаар Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын албан бичгийг тушаалд үндэслэл болгох шаардлагагүйг нотлож байна .

8. Н.Ариунааг ёс зүйгүй зөрчил үйлдэл гаргасан гэж үзсэн хугацаа буюу ёс зүйн  зөрчлийг илрүүлснээс хойш 3 сар 21 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “..зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.

19. Н.Ариунааг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хугацаа буюу ёс зүйн зөрчлийг илрүүлсэнээс хойш 3 сар 21 хоногийн хугацаанд магадлан шалгах ажиллагааг шат   шатны байгууллага хийж байсан нь тухайн шалгалтын дүгнэлт, зөвлөмжүүдээр нотлогдож байгаа төдийгүй хөөн хэлэлцэх хугацаанд зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг тооцохгүй байх тухай Засгийн газрын  1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,  энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 7-д заасантай нийцэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

10. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д “Төрийн албаны тухай хуулийн   26   дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, 26.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүгч хуулийг буруу хэрэглэсэн нь уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26 дугаар зүйлийн 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар тус тус нотлогдож байна. Энэ мэтчилэн шүүгч шийдвэрийн ҮНДЭСЛЭХ болон ТОГТООХ хэсэгт хуулийг буруу хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг удаа дараалан зөрчсөн байна.

Иймд Төрийн албаны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох дээр дурдсан заалтыг зөрчсөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Жич: Шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Ариунаа “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Дүгнэлт ирүүлэх тухай” 107 дугаар албан бичгээр Н.Ариунаагийн ёс зүйтэй холбоотой асуудлаар дүгнэлт ирүүлэхийг Ниймгийн даатгалын Ёс зүйн хороонд мэдэгджээ. Үүний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 8/2002 дугаар албан бичгээр Н.Ариунаагийн үүрэгт ажлыг өөрчлөх саналыг хүргүүлсэн байна.

Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Гомдол шийдвэрлэх тухай” 28 дугаар тогтоол, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/384 дүгээр албан бичиг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаар албан бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хүргүүлсэн зэрэг нь тогтоогдож байна. Дээрх албан бичгүүдийг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Н.Ариунааг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэдийгээр Н.Ариунааг зөрчил, дутагдал огт гаргаагүй гэж дүгнэх боломжгүй ч хариуцагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Гомдол шийдвэрлэх тухай” 28 дугаар тогтоолоор Н.Ариунааг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзсэнээс хойш буюу зөрчлийг илрүүлснээс хойш 3 сар 21 хоногийн дараа, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дахь заалтыг зөрчсөн байна. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тодорхой заасан болно.

Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөний дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчимд нийцэхгүй байна. Эдгээр асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна маргаан бүхий актаар Н.Ариунааг ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР