Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 22

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалтай, 201612000134 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бичсэн 10 дугаар эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд бичсэн Дундговь аймгийн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 тоот эсэргүүцэлд “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэх үед гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно” гэж заасан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан байх ба анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар  “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулсан байхад “хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно” гэсэн өөрчлөлт ороогүй байдлаар дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шүүгдэгч Ц.Б хохиролтой холбоотой гомдол гаргасан үндэслэл нь хохирогч Р.П Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ тархины судасны гаж өөрчлөлт гэсэн оноштойгоор эмчлүүлсэн. Гэтэл удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тархины судасны гаж өөрчлөлтгүй гэдгийг тогтоосон. Анхан шатны шүүх тархины судасны гаж өөрчлөлттэй гэсэн онош тавьж эмчилсэн гэсэн байдлаар баримтын шаардлага хангахгүй, хохирогчийн болон эмчийн гарын үсэггүй, засвартай зарлагын баримт зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлалд аймгийн дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж, “хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийтгэх тогтоол гаргасан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд хохирогч Р.П-ын биед учирсан гэмтлийг 332 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...нурууны хатгагдсан шарх гэмтлийг хөнгөн зэрэг”-т, 160200357 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...бүсэлхийн 4 дүгээр нугалмын зүүн сэртэнгийн хугарсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг”-т, 160200470 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...бүсэлхийн L3 түвшинд зүүн талд том хэмжээний цүлхэн нь гэмтэлтэй шалтгаан хамааралгүй” гэж, 145 дугаар дүгнэлтэд “...L4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл” байгааг баталсан боловч гэмтлийн зэргийг тодорхойлоогүй байна.

Харин 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 771 дүгээр дүгнэлтээр “Р.П-ын биед бүсэлхийн нугалмын түвшинд зөөлөн эд, булчин, бүсэлхийн артерийн судас гэмтээсэн, бүсэлхийн 4 дүгээр нугалмын зүүн хөндлөнгийн сэртэн хугарсан үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл”-ийг тогтоосон боловч гэмтлийн зэргийг мөн тодорхойлоогүй болно. 

Хэрэг гарах үед үүссэн гэмтлийн гаралтай болох нь хожим тогтоогдсон бүсэлхийн нугалмын хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас бүсэлхийн артерийн судас гэмтэж бий болсон цүлхэн нь өмнө тодорхойлогдсон нурууны L4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарлын хамт гэмтлийн аль зэрэгт хамаарах нь тодорхойгүй байна.

Иймд энэхүү нөхцөл байдал нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг тогтоолгохоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг дээрх үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхисон болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН