Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

2022      09         02                                                   2022/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Т-д холбогдох эрүүгийн 2239000000138 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн ... сумын .. дугаар баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай Б овогт П-ийн Т . 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Төгөлдөр" караоке, баарны гадна "томорч, дээрэлхэх гэлээ" гэх шалтгааны улмаас Г.И , Б.О  нартай муудалцаж улмаар хохирогч Г.И-ийн нүүр рүү нэг удаа цохиж унаган, хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгосон, гэмшиж байна.” гэв.

 

2239000000138 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаас дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн, тэр өдөр гэртээ байж байхад миний хуучин ажиллаж байсан "Сод Монгол" ШТС-ын ажилчид Төгөлдөр караокед сууж байна хальт хүрээд ирээч гэж дуудсан, тэгээд би 20 цагийн үед Төгөлдөр караокены нийтийн заал руу ороход манай ажлынхан ширээ нийлүүлчихсэн дуулаад сууж байсан, би тэр хэд дээр очоод 0.5 граммын лаазтай пиво захиалж уугаад хэсэг суусан, тэгээд жоохон сэрүүцэхээр караокеноос гарахад танихгүй 2 залуу караокены гадна намайг дуудахаар нь би хүрээд очсон чинь нэг махлаг залуу нь "намайг таних уу бацаанаа гээд" томроод над руу гараа далайхаар нь би түлхэж өөрөөсөө холдуулсан, тэгсэн хажууд нь байсан нэг туранхай залуу нь намайг цохих гээд над руу дайрахаар нь би баруун гараараа нөгөө залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохиж унагаагаад хөлөөрөө өшиглөчихөөд шууд тэндээс гэр лүүгээ яваад өгсөн. Тэр хоёр залуу тэндээ үлдсэн. Шалтгаан гээд байх зүйл байхгүй, тэр хоёр залуугийн махлаг залуу нь над руу томроод гараа далайх шиг болохоор нь би түлхээд өөрөөсөө холдуулсан, тэгсэн нөгөө залуу нь намайг цохих гээд дайрахаар нь би нүүр лүү нь цохиход нөгөө залуу газар унаад өгөхөөр нь би нүүр лүү нь нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн, тэр хоёр залуутай бол би маргалдаагүй, тэр хоёр залуу л намайг бацаанаа бид хоёрыг таних уу гэж томорсон юм. Би тэр хоёр залууг танихгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн надад цохиулсан гэх залууг гомдол саналгүй болгосон тул хэргийг маань нааштай талаас нь шийдэж өгнө үү. гэх мэдүүлэг. /хх-ийн 34-р хуудас/

Хохирогч Г.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд ахын эхнэрийн хамт аймгийн төв дээр ирсэн. Би ахын эхнэрээс үлдээд аймгийн төв дээр ирсэн болохоор найз Отэй утсаар ярьж уулзахаар болсон. О  манай ээжийн гэр болох Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх 5-28 тоотод 16 цагийн орчимд ганцаараа ирсэн. Бид хоёр Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс 0,75 граммын савлагаатай QUALY нэртэй 2 шил архи, даруулгны ундаа зэргийг аваад эргээд манай ээжийн гэрт орж архиа уусан. Тухайн үед манай ээж ажилтай гэрт нь хүнгүй байсан болохоор гэрт нь архи уусан юм. Ээжийн ажил тарах цаг дөхөж байсан болохоор О бид хоёр караокед оръё гэж ярилцаад гарсан. Бид хоёр 20 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Төгөлдөр караоке"-д орж нэг шил архи /нэрийг нь санахгүй/ авч нийтийн зааланд суусан. Би түүнээс хойш зарим зүйлсийг санахгүй байгаа юм. Архи их уусан болохоор тасраад юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд караокены гадна зодуулчихсан, хамраас цус гараад байж байхад сэргэсэн. Хэнд зодуулснаа мэдэхгүй байна. Тэгээд ээж дээр очиход манай эхнэр ирчихсэн байж таараад цагдаад дуудлага өгсөн юм.  Би архи их уусан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Тасарчихсан байсан. Би мэдэхгүй байна. Би хэн нэгэнтэй маргаж муудалцаагүй. ...Миний хамрын яс хугарсан. Зүүн талын нүд хөхөрсөн. Би гомдолтой байна. Намайг зодсон хүнийг олж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

Гэрч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 19 цагийн орчимд аймгийн төв дээр ирээд нөхөр лүгээ залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд хадам ээжийн гэр буюу Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5-28 тоотод хүлээгээд байж байхад орой 23 цагийн орчимд манай нөхөр зодуулчихсан хамраас цус гарчихсан байдалтай ирсэн. Би юу болсон, хэнд зодуулсан талаар асуухад найз О-тэйгээ хамт явж байгаад Төгөлдөр караокены гадна танихгүй хүнд зодуулсан талаараа хэлсэн. Тэгээд би цагдаагийн 102 дугаарын утсанд гомдол гаргасан юм. ... И-гийн зүүн талын нүд хөхөрсөн, хамар мурийсан, хамраас нь цус гарсан байсан. Манай нөхөр эрүүл мэндээрээ хохирсон байгаад би гомдолтой байна. Манай нөхрийг зодсон хүнийг олж өгч тусална уу” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд манай найз И  над руу утсаар залгаад аймгийн төвд ээжийнхээ гэрт ирсэн талаараа хэлсэн. Би найзтайгаа уулзаагүй удсан болохоор  уулзаж  ярьж суунгаа ганц нэг шил архи ууя гэсэн  бодолтой 16 цагт очсон. Намайг Хэрлэн сумын 5-28 тоотод очиход И  ганцаараа байсан  ба бид хоёр гарч ахлаад Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс 0,75 граммын савлагаатай  QUALY нэртэй 2 шил архи, ундаатай аваад эргээд И-гийн гэрт очиж дуусгасан. Тэгээд бид хоёр караокед орж дуулъя гэж ярилцаад “Төгөлдөр караоке”-д 20 цагийн орчимд орж нийтийн зааланд суусан. Бид хоёр нэг шил архи ууж захиалаад  дуулангаа уусан. Тэгээд орж гарч тамхи татаж байгаад согтчихсон байна лээ. Тэр үед  нэг танихгүй залуутай И маргалдаад зогсож байсан. Тэр залуу И-г цохиж хамраас нь цус гаргаад  зугтаагаад явчихсан. Би архи их уусан байсан болохоор зарим зүйлийг  санахгүй байна. Караокены гаднаас И бид хоёр салаад  гэр гэртээ харихаар явсан. Намайг харихад 22 цаг 30 минут болж байсан. Маргааш өглөө нь намайг унтаж байхад И утсаар залгаад  өчигдөр орой караокены гадаа хамраа хугалуулсан талаараа хэлсэн. ... Үгүй. Караокены гадаа И  танихгүй залуутай маргалдаад зогсож байсан. Би огт маргалдаж муудаагүй. Би И-г зодсон залууг танихгүй. Миний биед гэмтэл шарх учраагүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай

  1. Г.И-гийн биед хамар ясны хугарал, зүүн доод  зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх хамар ясны хугарал, зүүн доод  зовхинд цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-н 20-21-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Төгөлдөр" караоке, баарны гадна "томорч, дээрэлхэх гэлээ" гэх шалтгааны улмаас Г.И , Б.О  нартай муудалцаж улмаар хохирогч Г.И-гийн нүүр рүү нэг удаа цохиж унаган, хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Г.И-ийн “...Ээжийн ажил тарах цаг дөхөж байсан болохоор Обид хоёр караокед оръё гэж ярилцаад гарсан. Бид хоёр 20 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Төгөлдөр караоке"-д орж нэг шил архи /нэрийг нь санахгүй/ авч нийтийн зааланд суусан. Би түүнээс хойш зарим зүйлсийг санахгүй байгаа юм. Архи их уусан болохоор тасраад юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд караокены гадна зодуулчихсан, хамраас цус гараад байж байхад сэргэсэн. Хэнд зодуулснаа мэдэхгүй байна. Тэгээд ээж дээр очиход манай эхнэр ирчихсэн байж таараад цагдаад дуудлага өгсөн юм.  Би архи их уусан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна...." гэх мэдүүлэг,

Гэрч Б.О-ийн “...Тэгээд бид хоёр караокед орж дуулъя гэж ярилцаад “Төгөлдөр караоке”-д 20 цагийн орчимд орж нийтийн зааланд суусан. Бид хоёр нэг шил архи ууж захиалаад  дуулангаа уусан. Тэгээд орж гарч тамхи татаж байгаад согтчихсон байна лээ. Тэр үед  нэг танихгүй залуутай И маргалдаад зогсож байсан. Тэр залуу И-г цохиж хамраас нь цус гаргаад  зугтаагаад явчихсан. Би архи их уусан байсан болохоор зарим зүйлийг  санахгүй байна. Караокены гаднаас И бид хоёр салаад  гэр гэртээ харихаар явсан. Намайг харихад 22 цаг 30 минут болж байсан. Маргааш өглөө нь намайг унтаж байхад И  утсаар залгаад  өчигдөр орой караокены гадаа хамраа хугалуулсан талаараа хэлсэн...." гэх мэдүүлэг,

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Г.И-гийн нүүр рүү нэг удаа цохиж унаган, хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Г.И нь мөрдөн шалгах ажиллагаанд “Т хохирол барагдуулсан тул миний бие нь гомдолгүй хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” хэмээн нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна. 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч П.Т-гийн хувийн байдлын талаар гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “П.Т г танин, Т-тэй найзалж нөхөрлөөд хэдэн жил болж байна. Т  нь эмээтэйгээ Баянмөнхийн 2-01 тоотод амьдардаг, манай найз бол хүнд их тусархаг эелдэг зантай, хүмүүстэй харилцахдаа эвийг нь олоод харилцчихдаг, даруухан элдэв зан байдаггүй. Амьдралын төлөө л явдаг хүн. Ер нь бол амьдралын төлөө гэсэн бодолтой, хүнд их тусархуу, хүний үгнээс гараад байдаггүй, архи уугаад хүнтэй маргалдаж муудаж байхыг нь би хараагүй, ер нь бол их гарын дүүтэй, гагнуур, сийлбэр хийдэг, машин механизм засчихдаг юмхнаар юм хийчихдэг их гарын дүүтэй залуу байгаа юм. Би мөн өөрөө сийлбэр хийдэг болохоор манай найз надад туслаад бид хоёр хамт ажиллаж байгаа юм.гэх мэдүүлэг /хх-н 15-р хуу/,

Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “П.Т-г танина, Т тэй найз нөхдийн холбоотой байдаг. Т нь эмээтэйгээ Баянмөнхийн 2-01 тоотод амьдардаг, ер нь бол амьдралын төлөө гэсэн бодолтой, хүнд их тусархуу, хүний үгнээс гараад байдаггүй, архи уугаад хүнтэй маргалдаж муудаж байхыг нь би хараагүй, ер нь бол их  гарын дүүтэй, гагнуур хийдэг, мөн сийлбэр хийдэг, машин механизм засчихдаг юмхнаар юм хийчихдэг залуу байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-н 17-р хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч П.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1 сарын хугацаанд Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт П-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч П.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих байгууллагад даалгаж, шүүгдэгч П.Т-г Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс явахыг хориглосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАТБАЯР