Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

 

2022      09         09                                                  2022/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ын Г-д холбогдох 2239000000264 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын ...дүүрэг, .. дугаар хороо, .. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, .. регистрийн дугаартай Б овогт Х-ын Г . 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г  нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг "Марзын энгэр" гэх газарт Г.Н  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрх чөлөөнд халдаж  биед нь тархи доргилт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Г  шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр шалыг нь цутгах цемент дутсан. Тэгээд хэлсэн чинь уурласан. Би гэр лүүгээ оруулах гээд даахгүй чирсэн. Би хэрэлдээд байхаар нь хацар дундуур нь гурван удаа алгадсан. Би гараа зангидаж энэ тэнд нь балбаагүй. Харин уурандаа алгадсан” гэв.

 

2239000000264 тоот эрүүгийн хэргээс

 

Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ойролцоогоор 07-08 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Марзын энгэр гэх газарт өөрийн хадам ах болох Н-тай маргалдаж муудалцаж алгадаж зодож цохин биед нь гэмтэл шарх учруулсан, би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна, ахиж ийм асуудал гаргахгүй, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Н  ах бид хоёр цементийн мөнгө, төгрөгийн асуудлаас болж хоорондоо маргалдаж муудалцсан, тэгээд би Н ахтай маргалдаж муудалцаж байгаад уурандаа Н ахыг алгадаж зодож цохин биед нь гэмтэл шарх учруулчихсан юм, би ахиж ийм асуудал гаргахгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, мөн тухайн үед Н  ах ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн зүйл ашиглаагүй, би Н  ахын биед гараараа л гэмтэл шарх учруулсан. Тухайн үед би Н ахын толгой, цээж, мөр, гар, нуруу зэрэг биеийн хэсгүүд рүү нь гараараа ойролцоогоор 10 орчим удаа алгадаж цохиж биед нь гэмтэл шарх учруулсан. Би урьд зөрчлийн шатанд холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө Н  ахыг 2 удаа алгадсан гэж буруу зөрүү зүйл ярьчихсан байна, миний хувьд би урьд өмнө цагдаа сэргийлэхэд байцаагдаж байгаагүй учир айснаасаа болоод ингээд хэлчихсэн юм. Би тухайн үед Н  ахыг гараараа ойролцоогоор 10 орчим удаа алгадаж цохиж, зодон биед нь гэмтэл шарх учруулсан, би ахиж ийм асуудал гаргахгүй, надад холбогдох хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөөсэй гэж л хүсэж байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44-р хуудас/

 

Хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Марзын энгэр гэх газарт эхнэрийнхээ хамт оршин суудаг юм, тэгээд би гэрийнхээ хойд талд блокоор граш барихаар болоод Улаанбаатар хотод байсан өөрийн төрсөн дүү болох Ц-г хамтран амьдрагч Г  гэх хүнтэй нь хамт дуудан хөдөө гэртээ авчирч грашаа бариулж байсан юм, ингээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ойролцоогоор 07-08 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү болох Цэй хамтран амьдардаг Г  гэх хүн надад хандан грашийн барилгын материал буюу цемент дутаад байна, цемент авах хэрэгтэй байна, цементийн мөнгө хурдан гаргаж өг гэж хэлсэн, тэгэхээр нь би уг мөнгө, төгрөгийг нь гаргаж өгөлгүй бага зэрэг удчихсан юм, тэгэхэд Г  гэх хүн цементийн мөнгөө хурдан гаргаж өгсөнгүй гэж уурлаад бид хоёр хоорондоо бага зэрэг ам мурийсан, тэгтэл Г  гэх уурлаад уурандаа миний толгой, цээж, мөр, гар, хөл, нурууг маань гараараа цохиж биед маань гэмтэл шарх учруулсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон. Тухайн үед  Г гэх хүн намайг цементийн мөнгө, төгрөгийг хурдан гаргаж өгсөнгүй гэж уурлаад уурандаа намайг гараараа зодож цохин биед маань гэмтэл шарх учруулсан. Тухайн үед Г нь миний биед гараараа гэмтэл шарх учруулсан, тухайн үед Г нь миний толгой, цээж, мөр, гар, хөл, нуруу руу маань гараараа миний багцаагаар ойролцоогоор 10 гаран удаа цохиж зодон биед маань гэмтэл шарх учруулсан, гэхдээ би яг нарийн ширийн тоог нь бол сайн хэлж мэдэхгүй байна. ...тухайн үед Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Уг гэмтлийг Г гэх хүн учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй. Би гомдолтой байна эмчилгээтэй холбоотой гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21-р хуудас/

 

Гэрч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 06 дугаар сарын 08-нд хамтран амьдрагч Г-ын хамт өөрийн төрсөн ах болох Н-гийнд очсон юм. Манай хамтран амьдрагч Х.Г  бид 2 Н  ахынд 3, 4 хоног блокоор граж барьж өгсөн тэгээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө би гэрт Н эхнэр С гэх хүнтэй гэрт байж байтал Н ах гаднаас мөлхөөд орж ирсэн тэгэхээр юу болсон бэ гээд асуухад Н  ах танай тэнэг намайг зодчихлоо гэсэн тэгэхээр нь би юу болсон талаар нь хамтран амьдрагч Г-оос асуухад граж барьж байсан цемент дутсан тэрнийхээ мөнгийг өгчихөө Ц бид 2 яваад аваад ирье гэсэн чинь та нар худлаа хэлж мөнгө авах гээд байна гээд уурлахаар нь Н  ахыг та ямар сонин хүн бэ төрсөн дүүдээ итгэхгүй байхдаа яахав дээ та наад хүүхдүүдийнхээ үгэнд ороод гэр орондоо орооч дээ гадаа муухай хогон дээр суугаад байхын гээд хоёр гараараа суганаас нь өргөөд гэр рүү нь чирч байгаад Н  ах уурлаад хэрэлдээд байхаар нь хацар хэсэг рүү 2 удаа гараараа алгадаад орхисон гэж Г надад тэгж хэлсэн. Манай ах Н нь угийн жоохон бие муутай тэргэнцэртэй явдаг хөл, гар нь хугархай хүн юм аа. Тэгээд би Н  ахыг зодуулсан гэсэн өдрөөс хойш тэднийд гражаа барингаа 2 хоног цуг байсан тэр хугацаанд Н  ахын бие өвдөж хавдсан зүйл байхгүй байсан. Тухайн үед би яг хажууд нь байгаагүй болохоор зодсон цохисон зүйлийг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06-р сарын 14-ний өдрийн 14 цагийн үед хөдөө хадам ээж С  нь ундны ус байхгүй гээд дөхүүлж өгөх гээд гэрт нь орсон чинь хадам аав Г.Н  бие нь өвдөөд баруун орон дээр хэвтэж байсан. Тэгээд би та яасан юм бэ гээд асуусан чинь Ц-ийн нөхөр болох Г  нь намайг зодсон миний толгой тархи өвдөөд байна гэж хэлсэн тэгэхээр нь би хотод байдаг төрсөн охин Х , төрсөн хүү Б  нарт  хэлж цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байх. Ц-ийн охин Б  бид хоёр хадам аав Г.Н-г 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Марзын энгэр гэх газарт нөхрийнхөө хамт байнгын оршин суудаг юм, тэгээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ойролцоогоор 07-08 цагийн үед би нөхрийнхөө төрсөн дүү болох Ц-ийн хамт гэртээ байж байхад манай нөхөр болох Н нь мөлхөөд гэртээ орж ирээд надад хандан энэ нэг юм чинь намайг зодоод байна гэж Ц-тэй хамтран амьдардаг Г  гэх хүнийг хэлсэн, тухайн үед намайг нөхрийгөө харахад манай нөхрийн толгой нь хавдчихсан байдалтай харагдаж байсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон, миний мэдэх зүйл ийм л байна, надад өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн үед буюу энэ хэрэг асуудал болсон өдрөөс хэд хоногийн өмнө манай нөхрийн төрсөн дүү болох Ц  нь хамтран амьдардаг Г  гэх хүнийхээ хамт гэрт маань ирж граш барилцаж байсан юм. ...тухайн үед Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Уг гэмтлийг Г  гэх хүн учруулсан, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 437 дугаартай

  1. Г.Н-н биед тархи доргилт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-н 31-32-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Г  нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг "Марзын энгэр" гэх газарт Г.Н-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрх чөлөөнд халдан зодож биед нь тархи доргилт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Г.Н-гийн “...Г гэх хүн надад хандан грашийн барилгын материал буюу цемент дутаад байна, цемент авах хэрэгтэй байна, цементийн мөнгө хурдан гаргаж өг гэж хэлсэн, тэгэхээр нь би уг мөнгө, төгрөгийг нь гаргаж өгөлгүй бага зэрэг удчихсан юм, тэгэхэд Г  гэх хүн цементийн мөнгөө хурдан гаргаж өгсөнгүй гэж уурлаад бид хоёр хоорондоо бага зэрэг ам мурийсан, тэгтэл Г  гэх уурлаад уурандаа миний толгой, цээж, мөр, гар, хөл, нурууг маань гараараа цохиж биед маань гэмтэл шарх учруулсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон..." гэх мэдүүлэг,

Гэрч Г.Ц-ийн “...2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө би гэрт Н эхнэр С гэх хүнтэй гэрт байж байтал Н  ах гаднаас мөлхөөд орж ирсэн тэгэхээр юу болсон бэ гээд асуухад Н  ах танай тэнэг намайг зодчихлоо гэсэн..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Н  нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тэргэнцэр хэрэглэдэг болох нь гэрч Г.Ц-ийн “...Манай ах Н  нь угийн жоохон бие муутай тэргэнцэртэй явдаг хөл, гар нь хугархай хүн юм аа...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Х.Г  нь түүний энэ байдлыг мэдсээр байж, бие махбодод нь халдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч Х.Г  нь хохирогч Г.Н-ийн бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үйлдсэн  шинжийг бүрэн хангасан байна.

 

Хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд “Би гомдолтой байна эмчилгээтэй холбоотой гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нь бусадтай харилцах харилцааны доголдолтой, биеэ барих чадвар сул зэрэг байдал тус тус нөлөөлсөн байна. 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Х.Г  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51 хуу/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Г-ын хувийн байдлын талаар гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний төрсөн ах болох Г  нь зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөнтэй, хар бор ажил төрөл хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав  Г ахыг хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэдэг, гэхдээ тийм айхтар ихээр бол хэрэглээд байдаггүй, яахав хааяа нэг баяр ёслол, найз нөхөдтэйгөө уулзсан үедээ л архи согтууруулах ундааны зүйлийг тохируулаад хэрэглэчихдэг, тамхи татдаггүй, би лав Г  ахыг тамхи татаж байхыг нь бол харж байгаагүй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн албыг Дархан-Уул аймагт хаасан, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л зодоон цохионы хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, мал маллах сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд яг өөрийнх нь хүүхэд гэж байхгүй, Г  ах огт гэр бүл зохиолгүй явж байгаад одоогоос 10 гаран жилийн өмнөөс Ц  гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн, энэ хоёр дундаасаа ямар нэгэн хүүхэдгүй, ер нь Г  ах даруу төлөв, олон таван үггүй, үг дуу цөөнтэй, ажилсаг л хүн байгаа юм.гэх мэдүүлэг /хх-н 23-24-р хуу/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “Г  ax манай ээж Ц-тэй хамтран амьдраад ойролцоогоор 10 орчим жил богж байгаа байх гэж бодож байна, би энэ талаар нь яг сайн хэлж мэдэхгүй байна, манай ээж Ц , Г ах хоёр Улаанбаатар хотод байнгын оршин сууж амьдардаг юм. Г ах зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөнтэй, хар бор ажил төрөл хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодсон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйлийг хааяа нэг хэрэглэх нь хэрэглэчихдэг, гэхдээ байнгын бол хэрэглээд байдаггүй, тамхи татдаггүй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна, би энэ талаар нь Г  ахаас асууж байгаагүй юм байна, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л манай ээжийн төрсөн ах болох Н  ахыг зодож цохин биед нь гэмтэл шарх учруулсан гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, мал маллах сонирхолтой, гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд яг өөрийнх нь гэсэн үр хүүхэд байхгүй юм шиг байсан, мөн манай ээж, Г  ах хоёр дундаасаа хүүхэдгүй, ер нь Г  ах даруу төлөв, үг дуу цөөнтэй, ажилсаг л хүн байгаа юм.”  гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний одоо оршин суугаа гэх Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 32 дугаар хороо, 64-ийн задгай 1022 тоот хаягаас явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Х-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Х.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Х.Г-ыг оршин суух газар болох Улаанбаатар хотын ... дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягаас явахыг хориглосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.
  5. Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР