Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 2022        09        14                                              2022/ШЦТ/91

 


                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэдийн төлөөлөгч Х.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А  овогт Б-ын Ж-т холбогдох эрүүгийн 2239000000192 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 2022/ШЗТ/19 дугаар тогтоолоор хэргийн харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1987 оны .. дугаар сарын ...-ний өдөр төрсөн, 35 настай, яс үндэс буриад, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн .. сумын ... дугаар баг ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А  овогт Б-рын Ж . Регистрийн дугаар:  ...

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж  нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн .. сумын .. дугаар баг ...д байх өөрийн гэртээ хохирогч Л.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж түүний хэвлий, цээж хэсэг рүү нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Л.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг 18-нд ирээрэй гэсэн. Би 18-ны орой 12 цагийн үед очсон чинь гэр нь гэрэлтэй, хаалга нь цоожтой байсан. Тэгээд утас руу нь залгасан чинь утсаа аваагүй. Манайх доошоо ойрхон байдаг. Тэгээд доошоо явж байхдаа залгасан чинь утсаа авахгүй болохоор нь цаашаа алхаж байхад мессеж ирсэн. Уучлаарай, хажуу талын айл цэргийн баяр, төрсөн өдөр хамт тэмдэглэж байна. Гэртээ ороод хэлье гэсэн. Би урд талд 4 хүнтэй 1 шил архи задлаад өнөө орой ажилтай гээд 3 хундага уугаад гэртээ ирсэн. Тэгээд шууд Ж-нд очсон. Тэгээд буцаад гэртээ орсон чинь тал шил архи байсан. Энэ ууж байгаа юм чинь би жаахан халамцуу очъё гээд тал шил архийг уусан. Цаг харсан чинь 2 цаг болж байсан. Тэгээд буцаад очсон. Тэгсэн чинь гэр нь гэрэлтэй, хаалга нь онгорхой байсан. Би куртикээ тайлаад эргэсэн чинь бага охин нь босоод суусан. Тэгээд би сандал аваад орных нь урд талд суугаад Ж-гийн хэлснээр гичий, янхан гээд алгадсан. Тэгээд босоод явахаар бодсон юм. Энэ ус уухаар явсан юм болов уу гэж бодсон. Би хэр согтуу байсныг мэдэхгүй. Би өөрөө уусан байсан. Тэгсэн араас цохих шиг болсон. Би орных нь баруун тийшээ харсан сууж байсан. Тэгээд эргээд харсан чинь гэдэс рүү цохисон. Би хутга барьсан гэж сэтгээгүй. Тэгээд яанаа, би таныг хутгалчихлаа шүү дээ гээд  гэнэт орилсноо гүйгээд гараад явсан. Хутгаа бариад гүйгээд гараад явсан гэж санаад байна. Хоёр охин нь бид хоёрыг нааш цааш гээд, намайг алгадаж байхад сэрээд уйлж байсан. Тэгээд нэг сэрэхэд ухаан алдсан байсан хүн дуугарах шиг болсон. Нэг хүн бага охиныг аваад гарсан. Би хэсэг зуур ухаан алдчихаад орон дээр нь дээш хараад цусан дотор хэвтэж байсан. Айлд үхэж болохгүй шүү гээд куртикээ аваад, тэрийгээ бас сайн мэдэхгүй байгаа юм. Өглөө 8 болоход сэрсэн орондоо цусандаа хутгалдсан хэвтэж байсан хүргэн рүү залгасан, ийм л зүйл болсон. ...Би мэдэж байсан. Би эхний мэдүүлэгтээ энийг бодоод өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд муудсан Би яг үнэнээр нь хэлсэн. ...Юу ч нэхэмжлэхгүй, би гомдолгүй байна” гэв.

 

Эрүүгийн 2239000000192 дугаартай хэргээс

 

1.Шүүгдэгч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Ч  гэх хүнтэй одоогоос 2 жилийн өмнө анх танилцсан, энэ Ч гэх хүн надтай харьцдаг холбоотой байх хугацаандаа намайг байнга янхан, банзал гэж хэлэх хэлэхгүй үгээр байнга доромжилдог, найзалж байгаа найзуудыг чинь ална шудна гэж байнга дарамталж сүрдүүлдэг байсан, энэнээс болж миний зүгээс цаашдаа тантай харьцах боломжгүй гэдгээ хэлсэн байсан. Тэгээд бид хоёр харьцахгүй нилээн удсан юм. Тэгээд намайг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ойролцоогоор 20 цагийн үед гэртээ байж байхад манай хажуу айлын Ж  гэх эмэгтэй над руу утсаар яриад надад хандан би нөхөр болон аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа юмаа, тэгэхдээ маргааш болох чиний төрсөн өдрийг хамт тэмдэглэе, гэр лүү ороод ир гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгье гээд Ж  гэх эмэгтэйгийн гэр лүү нь ороход Ж-ийн гэрт нь 2 том пиво, 2 шил архи байсан. Миний хувьд би архи ууж чаддаггүй учир архинаас нь огт уугаагүй, пивоноос нь жаахан л уусан, гэхдээ би согтоогүй. Тэгээд бид хэд ойр зуурын юм ярьж суусаар байгаад орой болсон бөгөөд тухайн үед намайг Ж  гэх эмэгтэйгийн гэрт байж байхад Ч нь над руу мессеж бичээд байсан, тэгэхээр нь би Ч руу хариу мессеж бичээд Ч-д гэртээ байхгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд би Ж гэх эмэгтэйгийнхээс гараад гэр лүүгээ ороод хоёр хүүхдийнхээ хамт гэртээ унтаж амраад байж байхад минь Ч гэрт маань ороод ирчихсэн байсан бөгөөд би Ч-ыг гэрт маань орж ирснийг нь мэдээгүй, тухайн үед ойролцоогоор 02 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна, яг цагийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна, тэгээд Ч нь надтай бэлгийн харьцаанд орох гээд дайраад байсан, тэгэхээр нь би татгалзаж, эсэргүүцээд Ч өөрөөсөө холдуулаад түлхсэн, тэгсэн Ч  нь надтай бэлгийн харьцаанд орох гээд надад хүч хэрэглэж, намайг янхан, гичий гэх зэргээр дуудсан, тэгээд Ч  нь намайг хэвтэж байхад шууд гараараа нүүр лүү маань цохиод авсан бөгөөд би Ч-д яг хэдэн удаа нүүр лүүгээ цохиулснаа сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан би маш олон удаа л Ч-д цохиулсан, тэгэхэд миний толгой дүүрээд, чих шуугиад, нүд харанхуйлсан бөгөөд би тухайн үед Ч-д хандан ёоё болиоч ээ, аллаа ш дээ гэж зөндөө хэлж орилсон, тэгэхэд хоёр охин маань сэрээд ээжээ гээд уйлж байсан, тэгээд хэсэг хугацаанд миний ухаан санаа балартсан байсан бөгөөд нэг ухаан ороход би гартаа хутга барьчихсан, орныхоо хажууд зогсож байсан, харин Ч  орон дээр маань сууж байсан, тэгээд би айж сандраад шууд гэрээсээ гарч гүйгээд хажуу айл болох Ц-д ороод хүн хутгалчихлаа гэж хэлээд уйлангаа Ц-д хандан би гэр лүүгээ орохоосоо айгаад байна, манай хүүхдүүдийг аваад ирээч гэж гуйсан, тэгэхэд Ц хүүхдүүдийг маань гэр лүү орж авчирсан бөгөөд би уг газартаа хүүхдүүдийнхээ хамт өглөө болтол байсан. Миний хувьд би хутга авсан, Ч-ыг хутгалсан үйлдлээ огт санахгүй байгаа, тухайн үед Ч  гэдсээ дараад байсан болохоор би болохдоо Ч-ын гэдсэнд нь хутгалчихсан байна гэж л бодсон, манай хутга гал тогооны шүүгээнд байдаг, намайг унтаж амрахаас өмнө ил хутга байгаагүй, тэгэхээр нь би шүүгээнээсээ л хутгаа авсан байх гэж бодоод байгаа, тухайн үед нэг ийм л асуудал болсон, миний санаж, мэдэж байгаа зүйл ийм л байна. Тухайн үед өглөө нь цагдаа ирээд намайг байцаасан, тэгэхээр нь би тухайн үед гэрт маань ил хутга байгаагүй болохоор би өөрөө бодохдоо л шүүгээнээс хутга авсан юм байна, Ч  гэдсээ дараад сууж байсан болохоор нь гэдсэнд нь хутгалсан юм байна гэж л бодсон юм, мөн тэгээд тухайн үед надаас өөр хүн байгаагүй учир би Ч-ыг хутгалсан л байж таараа гэж бодоод тухайн үед мэдүүлгээ тэгж өгсөн юм. Би Ч-ын суганд нь хутгалсан гэдгээ мэдээгүй, намайг байцааж байсан цагдаа та Ч-ын суганд нь хутгалсан байсан гэхээр нь л би Ч-ын суганд нь хутгалсан гэдгээ мэдсэн. ...Би тухайн үед Ч-тай унтахгүй гээд Ч-ыг эсэргүүцээд түлхсэн, тэгэхэд Ч уурандаа миний нүүр лүү маш хүчтэй гараараа цохисон, тэгэхээр нь би ёоё гээд бахираад орилсон, тэгэхэд хүүхдүүд маань сэрээд бүлтгэнээд ээжээ гээд уйлаад орилцгоосон, тэгээд хэсэг хугацаанд миний ухаан санаа маань балартсан бөгөөд нэг мэдэхэд би гартаа хутга бариад зогсож байсан, миний хувьд би хутга хаанаас авсан, яагаад Ч-ыг орон дээр суух болсон, миний гарт яагаад хутга байсан болохыг ерөөсөө санахгүй байгаа. Би хутга авсан үйлдэл болон Ч-ыг хутгалсан үйлдлээ сайн мэдэхгүй байгаа. Би тухайн үед согтуу байгаагүй, тухайн үед Ч миний толгой, нүүр рүү маань маш хүчтэй дэлсэж цохисон, тэгэхээр нь би Ч-ыг эсэргүүцэхэд Ч  дийлдэхгүй байсан, тухайн үед охидууд маань Ч-аас айгаад уйлаад байсан бөгөөд би охидуудынхаа уйлахыг нь хараад сэтгэл минь их өмөрч байсан, тэгээд би ухаан алдчихсан юм уу, хэсэг зуур болсон асуудлаа мэдэхгүй байгаа. ...Миний хувьд би зодуулж байснаа, охидуудынхаа уйлж байсныг л санаж байгаа, тэрнээс хойших үйлдлээ бол би огт санахгүй байгаа, нэг мэдэхэд л Ч нь гэдсээ дараад сууж байсан. ... Миний санаж мэдэж байгаагаар Ч нь давтамжтайгаар миний нүүр рүү олон удаа цохисон, би тоог нь бол хэлж мэдэхгүй байна, зодуулж байгаа хүн тэрийг тоолоод байж байна гэж юу байхав дээ, би тухайн үед айж сандраад Ч-ын гараас нь яаж мултрахав гэж л бодож байсан, тухайн үед Ч  намайг хэдэн удаа цохисон, мөн Ч- нь намайг цохиж зодсон үйлдлээ яг хэзээ зогсоосныг нь би мэдэхгүй байгаа, учир нь би өөрөө тэрхэн зуур болсон үйл явдлыг огт санахгүй байгаа, би нэг мэдэхэд л гартаа хутга барьчихсан зогсож байсан. тухайн үед Ч-д зодуулсны улмаас миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, баруун талын шанаа, зүүн талын хацар маань хавдсан, юм идэх гээд том ангайх болгонд шанаа маань хөндүүрлээд том ангайж болохгүй болчихсон байсан, мөн миний зүүн гарын бугалга маань хөхөрсөн байсан, өөрөөр миний биед ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл учраагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад нэмж ярих зүйл байна, би юу нэмж ярих гээд байна бэ гэвэл би хоёр охинтой, том охин маань 8 настай, бага охин маань 3 настай. Би амьдрал ахуйгаа өөрөө л авч явдаг, надад туслах ах дүү байхгүй, би өрх толгойлсон эмэгтэй, би ял аваад явбал миний хоёр хүүхэд асрамжийн газар хүргэгдэнэ, намайг өргөж авсан ээж, аав маань байгаа ч гэсэн надтай хөндий байдаг бөгөөд миний хүүхдүүдийг асарч авч, явж чадахгүй гэдгээ хэлсэн, миний хувьд би айлын өргөмөл ганц охин болохоор надад ах, эгч, дүү гэж байхгүй. Би хоёр охиноо л өрөвдөж, сэтгэл маань өвдөж байна, надаас хойш миний хүүхдүүдийг ямар амьдрал хүлээж байгаа бол гэхээс шөнө нойр ч хүрэхгүй, сэтгэлийн их дарамттай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 126-129 хуудас/

2.Хохирогч Л.Ч-ын 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие  ... сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, Биндэр сумын төвд ганц бие буюу ганцаараа амьдардаг юм. Ж  гэх эмэгтэйтэй заримдаа уулздаг, биологийн хэрэгцээгээ хангадаг холбоотой юм. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой 00 цагт бид хоёр Ж-ийн гэрт уулзахаар тохиролцсон юм. Тэгээд орой 00 цагт гэрт нь очиход гэр нь гаднаасаа цоожтой Ж  гэртээ байгаагүй тэгээд залгахад утсаа авахгүй болохоор нь буцаад гэр рүүгээ явж байтал над руу би хажуу айлдаа төрсөн өдөр тэмдэглээд байж байна, гэртээ очихоороо хэлье гэж мессеж бичсэн байсан. Тэгээд би хүргэн дүү Ц-ыг дуудаад хамтдаа А-ийн гэрт очсон тэнд байсан хүмүүс архи уусан байдалтай архи нь дуусчихсан байсан тэнд байсан Тулгаа надад хандан "надад мөнгө байна архи авмаар байна" гэхээр Т , Ц  бид 3 Алтантуяа эмчийнх рүү явж 40.000 төгрөгөөр 1 шил архи худалдаж авсан тэгээд буцаад А-ийнд ирээд 1 шил архиа хувааж уусан бөгөөд би тэр архинаас 2-3 хундагыг уусан тэгээд дүүгээрээ гэртээ хүргүүлээд дүүгээ явуулсан. Гэртээ ороод гэрт байсан тал шил архийг ганцаараа уугаад нэлээд согтсон тэгээд Ж-ийн гэрт очиход хаалга түгжээгүй орондоо орсон байсан. Би орных нь урд очоод суусан тэгээд юунаас болж хэрэлдсэнээ санахгүй байна ямар ч байсан би хардаад янхан гэж дуудаад байснаа нүүр рүү нь алгадаж байснаа санаж байна. Тэгээд Ж  уйлаад босоод явсан тэгээд миний мөрний доор цохичих шиг болсон тэгээд нэг хэсэг юу болсныг санахгүй нэг мэдэхэд би даараад тэдний орон дээр хэвтэж байсан, хүн дуугараад байх шиг байсан тэгээд ахиад ухаан алдаад дахин сэргэхэд ганцаараа тэдний орон дээр хэвтэж байсан босох гээд босож чадахгүй байсан, тэгээд ямар ч байсан гүрийж байгаад босоод гарсан тэгээд нэг мэдэхэд гэртээ ирчихсэн орон дээрээ даараад хэвтэж байсан тэгэхэд өглөө гэгээ орсон байсан тэгээд өндийгөөд галаа түлэх гэтэл чадахгүй гэдэс орчимд нил хөндүүр хөдөлж чадахгүй болохоор нь хүргэн дүү рүү залгаж дуудсанаа санаж байна тэгээд өөр юм санахгүй эмнэлэгт сэргэсэн. Эмнэлэгт хагалгааны өмнө юм уу хойно юм уу мэдэхгүй хүмүүс хутгалуулсан гэсэн ярианаас би ямар ч байсан хутгалуулсан юм байна гэж бодсон тэрнээс хаанаа ч хутгалуулсан гэдгээ мэдэхгүй байсан. Тэгээд сүүлд нь бодоод үзэхэд Ж  мөрний доор суганы хажууд цохих шиг болсон тэгэхэд л хутгалсан юм байна лээ. Би тухайн үед яг юунаас болж маргасан гэдгийг нь нарийн санахгүй байгаа тэгэхдээ зарим санаж байгаа юмаа нийлүүлээд бодоход би нэлээд согтуу байсан Ж бас согтуу байсан тэгээд би уулзана гэчхээд айлд архи ууж суулаа, мөн өөр хүнтэй хардаад байгаа бололтой юм яриад янхан гэж хэлээд алгадаж авснаа санаж байгаа тэрнээс болоод намайг хутгалсан байх гэж бодож байна. Ж бид хоёр ойролцоогоор 2 жилийн өмнө танилцаж дотно харьцаатай болсон, дунд нь Ж  нөхөртэй болоод нэг хэсэг холбоогүй байсан тэгээд 2021 оны 9 дүгээр сараас нөхрөөсөө салсан гээд эргээд холбоотой болсон. Бид хоёр 7 хоногт 1 юм уу 2 удаа л уулздаг тэрнээс гэр бүл эсхүл хамтран амьдардаг холбоо хамаарал байхгүй. Одоо миний биеийн байдал сайн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

3.Хохирогч Л.Ч-ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тийм ээ, надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна, би юу нэмж ярих гээд байна вэ гэвэл би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Ж-ийг бодоод Ж-аас юу гэж мэдүүлэг өгсөн талаар нь асууж тодруулж байгаад, асуудлыг нь хүндрүүлчих байх гэж бодсоны улмаас зарим зүйлсийнхээ талаар санахгүй байна гэж хэлж ярьж мэдүүлсэн, яг үнэндээ бол тухайн үед буюу 2022 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 02 цагийн үед намайг Ж-ийн гэрт нь очиход Ж-ийн байшингийнх нь хаалга цоожгүй байсан, тэгэхээр нь би уг хаалгыг нь татаж онгойлгоод байшин дотор ороход Ж  хоёр охиныхоо хамт орон дээрээ унтаж байсан бөгөөд намайг дөнгөж оронгуут Ж-гийн бага охин нь сэрээд орон дээрээ босоод суучихсан, тэгэхээр нь би Ж-гийг сэрээх гээд татаж чангаахад Ж  сэрэхгүй байсан, тэгэхээр нь би Ж-ийг сэрээх гээд хацар луу нь 2-3 удаа алгадсан, тэгэхэд Ж сэрсэн, тэгэхээр нь би Ж-т хандан би хүмүүсээс чиний талаар янз бүрийн юм сонслоо, чи ямар олон залуучуудтай явалддаг юм, муу янхан, банзал минь гэж хэлсэн, тухайн үед би Ж-ийг унтаж амарч байхад нь урьдын адил л хажуугаар нь орж хэвтэх гээд дээгүүрх цамц, подвалкаа тайлчихсан байсан юм, тэгэхэд Ж орилж хашгираад надад хандан та намайг янхан, банзал энэ тэр гэж доромжиллоо гээд миний нүүр, цээжний орчимд маань гараараа маажсан, тэгэхээр нь би Ж-ийг болиулах гээд Ж-ийн нүүр лүү нь 2-3 удаа алгадчихсан юм, тэгэхэд Ж  уйлаад хоолны шүүгээнийхээ чигтээ яваад өгсөн, тэгэхээр нь би тухайн үедээ Ж-ийг ус л уух гэж байгаа юм байх даа гэж бодоод нээх тоолгүй сандал дээр сууж байсан чинь Ж  миний ард ирснээ миний зүүн гарын суганы доод хэсэг орчимд маань нэг удаа цохих шиг болсон, тэгэхээр нь би Ж-т хандан юу болж байна аа гээд босоод эргэхэд Ж  нь дахиад миний гэдэсний орчимд нэг удаа цохих шиг болсон, тэгэхэд Ж-ийн хоёр охин нь уйлж л байх шиг байсан, тэгээд л би цааших үйл явдлаа дэн дун л санаад байгаа юм, тэгэхэд харин Ж нь намайг хоёр удаа цохих шиг болохдоо хоёр удаа хутгалчихсан байна, тухайн үед нэг ийм л асуудал болсон. ...Ж  бид хоёр хүмүүсээс харилцаагаа нууцлан хамтран амьдардаг байсан юм, иймд бид хоёр шөнө оройн цагаар бие, биенийхээ гэрээр орж гараад л явдаг, ерөнхийдөө байнгын харилцаа холбоотой байдаг байсан хүмүүс байгаа юм. ...би Ж-ийн гэрт нь очдог байсан бөгөөд би очоод л Ж-ийн хажуугаар нь ороод унтаж амардаг байсан, тэгээд би өглөөгүүр бусад хүмүүсийг сэрэхээс нь өмнө гэрээс нь гараад л явчихдаг байсан, тэгээд л би энэ жишгээрээ тухайн үед Ж-ийн гэрт ороод Ж-ийн хажуугаар нь орж унтаж амрах санаатай дээгүүрх цамц, подвалкоо тайлсан юм, тэгэхэд харин тухайн үед Ж-ийн бага охин нь сэрчихээр нь би Ж-ийг сэрээх гэж оролдсон. Би тухайн үед Ж-тай бэлгийн харьцаанд оръё гэж Ж-ийг оролдоогүй, тухайн үед ингэхээр ч нөхцөл байдал үүсээгүй. Би тухайн үед Ж-ийн хардсаны улмаас Ж-тай хэрүүл маргааныг үүсгэснээ бол хүлээн зөвшөөрч байна. ...Ж-ийг яг хэр согтолттой байсан болохыг нь бол сайн хэлж мэдэхгүй байна, гэхдээ тухайн үед Ж-ийг гаднаас нь харахад нилээн л согтуу юм шиг харагдаж байсан.

...би өөрийн эмчилгээний зардалдаа 5.773.000 төгрөгийг нэхэмжилж байна, харин миний гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулган дээрх мөнгө, төгрөг бол миний Ж-тай харилцаа холбоотой байсны минь л нотлох баримт нь байгаа юм, би энэ, мөнгө төгрөгөө бол нэхэмжлэхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуудас/

4.Гэрч У.Ц-ын 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч ах авчирсан архинаасаа 3 хундагыг уугаад тэгээд бид 2 гараад явсан тэгээд би гэрийнх нь гадаа буулгаад явсан тэгээд гэртээ ороод цаг харахад шөнийн 2 болж байсан. Тэгээд өглөө босоод утсаа харахад 7 цаг 52 минутад над руу 3 удаа залгасан байсан тэгээд би 7 цаг 55 минутад буцаж залгаад ярьсан чинь ах нь хутгалуулчихлаа яг үхлээ, ах нь даараад байна, гээд санаа алдахаар нь та тоглоод байгаа юм уу гэж асуутал хэнд ч хэлэлгүй ганцаараа давхиад ир гэхээр нь эхнэрийн хамт Ч  ахын гэрт очиход гэртээ сандал дээр суучихсан чичрээд хөлдөж үхлээ гал түлээрэй гэж хэлэхэд нь харахад гэдэснийх нь доод хэсэгт цамц нь аймар цус болоод нөжирчихсөн нүд халтирмаар болчихсон байсан тэгснээ хөнжлөөрөө ороогоод ор руу хэвтээд өгсөн тэгээд манай эхнэр эмнэлэг рүү залгаад тэр хоорондоо гал түлсэн би Ч  ахаас таныг хэн хутгалсан юм бэ гэж асуухад над руу сүүмийж харж байснаа манай эхнэр рүү харснаа санаа алдаад хэлэхээ больчихсон тэгээд үхлээ үхлээ гээд хэвтэж байтал удалгүй эмч ирсэн. Тэгээд бид нар түшиж байгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Би хэн хутгалсан, хаана хутгалсан, юу болсон талаар янз янзаар асууж үзсэн зүгээр яриад байгаа хэрнээ яг хутгалуулсан талаараа огт ярихгүй байсан тэгэхдээ яриан

дундаа арай гэж гэртээ ирсэн гэж хэлсэн тэгэхээр гэртээ биш өөр газар хутгалуулсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/

5.Гэрч Б.Ц-ийн 2022 оны 09 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрэгтэйчүүдийн баяр тэмдэглээд манай аав Ж , ээж Г , эхнэр Б , хажуу айлын Ж  нарын хамтаар хоол хийж идээд пиво ууцгаасан юм. Тэгээд ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад байхаа Ж  хүүхдүүдээ дагуулаад гэр рүүгээ орсон тэгээд унтаж байтал нэлээд шөнө цагийн багцаа алга байна хаалга нүдээд байхаар нь манай эхнэр Б  хаалга онгойлгохоор боссон би нойрмоглоод хэвтэж байсан чинь Ж миний орон дээр суучихсан би хүн алчихлаа гээд гараад урдаа дэлгээд сууж байсан тэгээд аав хажуунаас нь тайвшруулаад байхаар нь би эргээд унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхэд Ж гараад яваад өгсөн байсан. Ж  манайхаас гарахдаа нэлээд пиво уусан нэлээд согтсон тэгэхдээ биеэ удирдан авч явах чадвартай байсан. Ж манайхаас гарахдаа хүүхдүүдээ аваад гарсан орж ирэхдээ ганцаараа орж ирсэн байсан өглөө сэрэхэд хүүхдүүд нь манайд унтаж байсан хүүхдүүд нь яаж орж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Би өөрөө согтуу байсан бас нойрмог байсан учраас итгээгүй, нойрондоо унтаад өгчихсөн байсан. Ж-ийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, өдөр тааралдаад харахад нүднийх нь доогуур хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуу/

 

6.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  №256 тоот шинжээчийн

1.Л.Ч-ын биед хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээж,

нуруу, нүүр, чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь тус бүртээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, цээж, нуруу, нүүр, чихний ар хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

   5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 98-100 хуу/

 

7.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  №271 тоот шинжээчийн

1.Б.Ж-ийн биед зүүн доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын бугалга, 1-р хуруунд цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-н 98-100 хуу/

 

8.Хохирогч Л.Ч-ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-н 10-12 хуу/

9.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-17 хуу/

10.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 30-61 хуу/,

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 130 дугаар хуудас/,

12. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1 хх-ийн 135-136 дугаар хуудас/,

13. Шүүгдэгч Б.Ж-ийн ам бүл, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 132 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг буюу хутга хэрэглэн  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “Б.Ж-ийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан Б.Ж-ийн гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзвэл тухайн хэргийн нөхцөл байдал нь хохирогчийн хууль бус хүчирхийлэлд автсаны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүний биед хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч Б.Ж-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Тухайн өдөр болсон үйл баримтыг сэргээн тодруулбал 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө хохирогч Л.Ч  нь Хэнтий аймгийн .. сумын .. дугаар баг .. хороонд байх шүүгдэгч Б.Ж-н гэрт нь очиж “хардсан” гэх шалтгаанаар түүнийг “янхан, банзал” гэх зүй бус үг хэллэг хэрэглэн шүүгдэгч Б.Ж-н эрх чөлөөнд халдаж зодсон, дээрх шалтгааны улмаас шүүгдэгч нь хохирогч Л.Ч-н цээж болон хэвлийн тус газар хоёр удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Л.Ч-н “...Ж  сэрэхгүй байсан, тэгэхээр нь би Ж-ийг сэрээх гээд хацар луу нь 2-3 удаа алгадсан, тэгэхэд Ж  сэрсэн, тэгэхээр нь би Ж-т хандан би хүмүүсээс чиний талаар янз бүрийн юм сонслоо, чи ямар олон залуучуудтай явалддаг юм, муу янхан, банзал минь гэж хэлсэн, тухайн үед би Ж-ийг унтаж амарч байхад нь урьдын адил хажуугаар нь орж хэвтэх гээд дээгүүрх цамц, подвалкаа тайлчихсан байсан юм, тэгэхэд Ж  орилж хашгираад надад хандан та намайг янхан, банзал энэ тэр гэж доромжиллоо гээд миний нүүр, цээжний орчимд маань гараараа маажсан, тэгэхээр нь би Ж-йг болиулах гээд Ж-ийн нүүр лүү нь 2-3 удаа алгадчихсан юм...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Ж-ийн “...Ч  нь надтай бэлгийн харьцаанд орох гээд надад хүч хэрэглэж, намайг янхан, гичий гэх зэргээр дуудсан, тэгээд Ч  нь намайг хэвтэж байхад шууд гараараа нүүр лүү маань цохиод авсан бөгөөд би Ч-д яг хэдэн удаа нүүр лүүгээ цохиулснаа сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан би маш олон удаа л Ч-д цохиулсан, тэгэхэд миний толгой дүүрээд, чих шуугиад, нүд харанхуйлсан бөгөөд би тухайн үед Ч-д хандан ёоё болиоч ээ, аллаа ш дээ гэж зөндөө хэлж орилсон, тэгэхэд хоёр охин маань сэрээд ээжээ гээд уйлж байсан, тэгээд хэсэг хугацаанд миний ухаан санаа балартсан байсан бөгөөд нэг ухаан ороход би гартаа хутга барьчихсан, орныхоо хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хохирогчийн цээж, хэвлийн тус газар хутгалсан үйлдлийн улмаас хохирогч Л.Ч-ын биед “...хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх...” бүхий гэмтэл учирсан. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  №256 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Ч-ын хууль бус үйлдэл, сэтгэл санааны байнгын дарамт болон 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө бага насны хүүхдүүдийнх нь дэргэд гутаан доромжилсон, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас Б.Ж-ийн санаа сэтгэл гэнэтийн цочролд орж, улмаар Л.Ч-ыг хутгалж хүнд гэмтэл учруулсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Жавхлантунгалгийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус хадлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдаж байдаг.

Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.

Иймд шүүгдэгчийн үйлдлийн шинж хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч нь шүүгдэгчийн эрх чөлөөнд халдаж зодсон, зүй бус, хууль бус үг, үйлдлээс шалтгаалсан байх тул санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс үүдэлтэй тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ч-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, нийгэм, гэр бүлийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, дээрэнгүй байдал бусдыг үл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн байна гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “шүүгдэгч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь дээрх хуулийн заалтыг хэрэглэх шалгуур нь шүүгдэгч гурав хүртэлх насны хүүхэдтэй байх шаардлага тавигдана. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн охин Э.М  нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 3 нас 7 сартай тул энэ шалгуурыг хангаагүй гэж үзнэ.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй/, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын  ...нийгэмшүүлэх... зорилгод нийцнэ гэж үзлээ

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай, хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий  аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А  овогт Б-ын Ж-т холбогдох эрүүгийн 2239000000192 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

              2. Шүүгдэгч А овогт Б-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-т мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан  “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж  нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

              5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 см ажлын хэсэгтэй, 13 см бариултай, нийт 30 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий  аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

              6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ

                                                 ШҮҮГЧИД                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                              Р.БАТБАЯР